Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2022/02061

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ..................... тоотод оршин суух, Б овогтой Б Г /РД:................/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:............................, өөрийн байранд байрлах, Ш холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага:Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

1.Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Н-д холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Б ХХК-ийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох шаардлага гаргасан байна.

 

1.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаарх тайлбартаа: Б ХХК нь ................................. бүхий хоёр өрөө орон сууцны зориулалттай газрын үнэлгээг 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үнэлж үнийн дүнг 129,726,243.24 төгрөгөөр бүхэлчилвэл 129,726,000 төгрөг гэж үнэлүүлсэн. Гэтэл unegui.mn зарын сайт дээр Алтай хотхонд 29 дүгээр байранд 47 м.кв байрыг 130,000,000 төгрөг, 48 м.кв байрыг 135,000,000 төгрөг гэж үнэлэгдсэн байна. Мөн уг байрыг анх шинээр аваад одоог хүртэл манай гэр бүлийнхнээс өөр хүмүүс амьдарч байгаагүй, дотор засал сайн. Иймд уг үнэлгээ нь зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, хэт багаар үнэлсэн гэж үзэж байна. 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ................ дугаартай Б ХХК-ийн гүйцэтгэсэн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Н нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ......... дугаар захирамжаар Б.Г , Л.Д нараас 33,264,095 төгрөгийг гаргуулж Т  ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Б.Г , Л.Д нарын барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ............................... дугаартай ....................... тоот хаягт байрлах 51.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21250665/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ............. дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж үнийн санал авахад төлбөр төлөгч Б.Г , Л.Д нараас үнийн санал авахад 300,000,000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч Т ББСБ ХХК-иас үнийн санал авахад төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрөөгүй бөгөөд зах зээлийн бодит үнэлгээ тогтоолгох санал гаргасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д заасны дагуу Б ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 129,726,000 төгрөгөөр тогтоосон. Төлбөр төлөгч Б.Г , Л.Д болон төлбөр авагч Т ББСБ ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4-171/4329, 4-171/4330 тоотоор тус тус мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний үнэмлэх, Б ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ...................Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүгэх тухай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хариуцагч нь шүүхийн гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ................... дугаар захирамж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай, эд хөрөнгө хураах тухай тогтоол, Б.Г , Л.Д нарын гаргасан үнийн санал, Т ББСБ ХХК-ийн үнэлгээ тогтоолгох хүсэлт, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3/51 дугаар шинжээч томилох тухай тогтоол, Б ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.Г , Л.Д нарт хүргүүлсэн мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтыг гаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх хариуцагч Н-д холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Г ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Н-д холбогдуулан Б ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хөрөнгийн үнэлгээг хэт доогуур үнэлж байгаа нь үндэслэлгүй, шинжээч томилохдоо эрх үүрэг тайлбарлаагүй, шинжээч дүгнэлтээ тогтоолд заасан хугацаанд гаргаагүй гэжээ.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзлаа ...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, шинжээч дүгнэлт бүрэн бодитой гарсан. Шинжээчид эрх үүрэг, хууль сануулж гарын үсэг зуруулсан. Нэхэмжлэгч шинжээч томилсон ажиллагаатай холбоотой гомдол гараагүй тул энэ талаар тайлбар, баримт гаргаагүй. Хувийн хэрэгт баримт нь байна. гэж тайлбарласан.

 

................... газраас хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг нэхэмжлэгч Б.Г т 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр................. тоот албан бичгээр мэдэгдэж, нэхэмжлэгч нь шүүхэд үнэлгээний талаарх гомдлоо 2022 оны 03 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

 

7.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн .......... дугаар захирамжаар Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Г , Л.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32.871.587 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын нийт үнийн дүн болох 32.871.587 төгрөгөөс 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн дотор 500,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор 500,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн дотор 871,587 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дотор үлдэгдэл 31,000,000 төгрөгийг төлөх, гэрээнд заасан төлбөр төлөх графикийг зөрчсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ..................... тоот хаягт байрлалтай, 51.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулахаар харилцан тохирсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

8.Дээрх шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүйгээс 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ................ дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Н шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

 

9.Шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгө болох ................. тоот хаягт байрлалтай, 51.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, төлбөр төлөх хугацааг тогтоосон боловч төлбөр төлөөгүй учир Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгчөөс хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн талаар санал авахад төлбөр төлөгч шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ...... дугаар тогтоолоор Б ХХК-ийг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээч Б ХХК нь хөрөнгийг 129,726,000 төгрөгөөр үнэлжээ.

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.

 

Хариуцагч нь шинжээч томилсон 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3/51 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт шинжээчид эрх, үүрэг танилцуулж, 3 дахь хэсэгт хууль сануулан гарын үсэг зуруулан байна. Мөн шинжээч дүгнэлтээ тогтоолд заасны дагуу 2022 оны 03 дугаар сарын 04-ний дотор үнэлгээг ирүүлээгүй нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Мөн шинжээч Б ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийн тайланд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа өртгийн, орлогын, зах зээлийн хандлагын аргуудыг хослуулан хийсэн болох нь тусгагдсан байна. Үнэлж буй хөрөнгийг өөр хөрөнгөтэй харьцуулан жишиж, хөрөнгийн байршил, засвар тохижилт, талбай зэрэгт тохируулга хийсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл хөрөнгийн үнэлгээний дүгнэлт хууль бус үндэслэлгүй гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд Н ХХК 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3/51 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын дагуу шинжээчээр томилогдсон Б ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Г ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

19.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан .........газрын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн ........... дугаар Шинжээч томилох тухай тогтоолын дагуу шинжээч Б ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Г ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР