Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01709

 

 

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01709

 

 

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/02061 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээгээр Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/, Энгельсийн гудамж, 14 дүгээр байр 00 тоот, 51.7 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны зориулалттай обьктыг 129,726,243.24 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас доогуур байх ба unegui.mn зарын сайт дээр тус хотхонд 47 м.кв талбай бүхий орон сууц 130,000,000 төгрөг, 48 м.кв талбай бүхий орон сууц 135,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх тул Б ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03379 дугаар захирамжаар Б.Г-, Л.Д- нараас 33,264,095 төгрөгийг гаргуулж ТК ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Б.Г-, Л.Д- нарын барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/, Энгельсийн гудамж, 14 дүгээр байр 00 тоот хаягт байрлах 51.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21250665/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02/21250665 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, үнийн санал авахад төлбөр төлөгч болон төлбөр авагч нар үнийн саналын талаар тохиролцоогүй. Иймд Б ХХК-ийг шинжээчээр томилж, 129,726,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон. Төлбөр төлөгч болон төлбөр авагчид 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4-171/4329, 4-171/4330 тоотоор тус тус мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3/51 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын дагуу шинжээч Баян модот ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Г-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь заалтуудыг баримтлаагүй, шинжээчид хуульд заасан эрх, үүргийг нь сануулаагүй бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Мөн шинжээч нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3/51 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолд заасан хугацаанд дүгнэлтээ гаргаагүй байх тул шинжээч нь үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй. Хариуцагч байгууллага нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02/21250665 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдэхдээ төлбөр төлөгч Б.Даваажаргалыг байлцуулаагүй. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан үнийн дүн нь зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур үнээр үнэлсэн байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/03379 дугаар захирамжаар Б.Г-, Л.Д- нараас 33,264,095 төгрөгийг гаргуулж ТК ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байх ба төлбөр авагчаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны дагуу 202 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 21250665 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна./хх 27-29/

 

4.а. Барьцааны зүйл болох Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон /16030/, Энгельсийн гудамж, 14 дүгээр байр 00 тоот хаягт байрлах 51.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 21250665/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02/21250665 дугаартай тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх туахй хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлийн зохицуулалтад тус тус нийцжээ. /хх31-33/

 

4.б. Дээрх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 02/21250665 дугаартай тогтоолоор хураан авахдаа төлбөр төлөгч Б.Г-ийг байлцуулсан баримт хэрэгт авагдсан байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4-т төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авахад эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах талаар заасан тул төлбөр авагч Л.Д-ыг оролцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй болно./хх 32/

 

5.а. Төлбөр төлөгч Б.Г-, Л.Д- нараас дээрх эд хөрөнгийн үнийн саналыг авахад 300,000,000 төгрөгөөр үнэлснийг, төлбөр авагч ТК ББСБ ХХК-иас зөвшөөрөөгүй байх бөгөөд зах зээлийн бодит үнэлгээ тогтоолгох тухай санал гаргасан байна. /хх 34-35/

 

5.б. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3/51 дугаар тогтоолоор тус орон сууцны зах зээлийн үнэлгээг Б ХХК-аар тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т заасантай нийцжээ./хх 36/

 

5.в. Хариуцагч байгууллага нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх 071200051 дугаар тусгай зөвшөөрөл бүхий Б ХХК-ийн үнэлгээчин С.Ц-ыг шинжээчээр томилсон байх ба түүнд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэх, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг тодруулан эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулсан байхаас гадна шинжээч томилох тогтоолын 3 дахь заалтад шинжээч санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулсан байх тул уг ажиллагааг зохих ёсоор хийгээгүй, хөрөнгийн үнэлгээний тайланг тогтоосон хугацаанд гаргаагүй гэх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй./хх 36/

 

5.г. Шийдвэр гүйцэтгэгчээс тус орон сууцыг шинжээч Б ХХК нь 129,726,000 төгрөгөөр үнэлсэн талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч эд хөрөнгийг шинжээчийн үнэлгээнээс багагүй үнээр нэг сарын хугацаанд худалдан борлуулах саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэр гүйцэтгэгчид гаргах эрхтэй талаарх 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4-171/4329 тоот мэдэгдлийг тухайн өдөр төлбөр төлөгч Б.Г-т гардуулан өгч, гарын үсэг зуруулсан байна. /хх 47/

 

6.а. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч орон сууцны үнийг өртгийн, орлогын болон зах зээлийн хандлагын аргаар тус тус тооцоолохдоо www.unegui.mn /үнэгүй.мн/ зарын сайт дээр худалдахаар зарлагдсан тухайн үнэлэгдэх хөрөнгөтэй аль болох ойр байршилтай, шинж чанарын хувьд ижил төстэй, зах зээлд худалдан борлуулагдахаар санал болгосон хөрөнгүүдийг харьцуулах замаар хөрөнгийн үнэ цэнийг тогтоожээ. Иймд уг орон сууцны зах зээлийн үнэлгээг 129,726,000 төгрөг гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

6.б. Дээрх үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

 

7. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/02061 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ