Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2022/01812

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .............................. тоотод оршин суух, С ургийн овогтой Б А /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .өөрийн байранд байрлах, Н ХХК-д холбогдох,

 

Гуравдагч этгээд: өөрийн байранд байрлах, “Х” ХХК /РД:/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Д” ХХК, “Х” ХХК, “Б” ХХК-ийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч Б.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. Г, Ц.О, өмгөөлөгч П.С,

Гэрч Г.Б, С.М, Ц.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

1.Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Н ХХК газарт холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Д” ХХК, “Х” ХХК, “Б” ХХК-ийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох шаардлага гаргасан байна.

 

1.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаарх тайлбартаа: 2022 оны 01 сарын 13-ны өдөр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн ................ дүгээр захирамжаар “А” ХХК болон Б.А нараас төлбөр гаргуулж “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгө болох нэхэмжлэгчийн өмчлөлийн ......... тоот хаягт байрлалтай,......................, ..................., .......................... улсын бүртгэлийн дугаартай 134,92м.кв, 89,39м.кв, 108,43м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус битүүмжилж хураан авсан. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Б.Агийн өмчлөлийн дээр дурдсан 3 эд хөрөнгийг Н ХХК газраас 2021 оны 12 сарын 24-ний өдрийн ............ тоот тогтоолын дагуу “Д” ХХК, “Б” ХХК, “Х” ХХК-ийг тус тус шинжээчээр томилуулж үнэлүүлсэн. 2022 оны 01 сарын 05-ны өдрийн .............. дүгээр мэдэгдлийг төлөөлөгч Б.Ц 2022 оны 01 сарын 06-ны өдөр хүлээн авсан байдаг. Хөрөнгийн үнэлгээ хийсэн 3 тайлангийн 4 дэх хэсгийн 4.3-т  зах зээлийн хандлага аргаар үнэлсэн үнэ цэнэ 501 тоотод байрлалтай 134,92м.кв талбайг 1,318,363,279 төгрөгөөр, 502 тоотод байрлалтай 89,39м.кв талбайг 873,469,000 төгрөгөөр, 503 тоотод байрлалтай  108,43м.кв талбайг 1,059,470,000 төгрөгөөр тогтоосон байна. Зах зээлийн үнэ ханшийн мэдээллийг нягтлан шалгаж, жишиг хөрөнгийн үнэлгээнүүдийг харахад 1 м.кв-д ноогдох үнэ нь 8,5- 15,6 сая төгрөг байгаа юм. Гэтэл нэхэмжлэгчийн хөрөнгүүдийг үнэлэхдээ дээрх үнэлж буй барилгаас өмнө баригдсан, зориулалт нь өөр харьцуулах боломжгүй хямд байруудтай харьцуулсан байгаа. Мөн тухайн барилга дотор байх ижил метр квадраттай адил байруудад Н ХХК газраа томилогдсон 2 шинжээч 2020 онд үнэлгээ хийсэн бөгөөд үнэлэхдээ 1 м.кв 10,4 сая төгрөгөөр тооцож үнэлсэн. 2020 оноос 2022 оны хооронд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 50 орчим хувиар нэмэгдээд байхад байрны үнэлгээг хэт багаар үнэлж байна. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу шударга байх, хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтлан ажиллах ёстой ба хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т Хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3-т Хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэн зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэсэн шаардлагад нийцсэн байх байтал огт шаардлага хангаагүй бөгөөд ямар нэг судалгаагүйгээр шууд үнийг тогтоож, хэт доогуур үнэлж байгаа нь үндэслэлгүй байна. Бидний зүгээс үнэлгээний тайланг хүлээн авмагц шүүхэд гомдол гаргах хугацаа тоологдож шинжээч болон шийдвэр гүйцэтгэгч нарт хандаж хүсэлт гаргах боломж байгаагүй бөгөөд хариуцагч дүгнэлтийн талаар тайлбараа шүүхэд гаргах боломжтой гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэгч Б.А гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 хороо, Соёл амралтын /14240/ Жамъян гүний гудамж 22-р барилгын тоот хаягт байрлалтай, ......................, ..................., .......................... улсын бүртгэлийн дугаартай 134,92м.кв, 89,39м.кв, 108,43м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийсэн “Д” ХХК, “Б” ХХК, “Х” ХХК нарын үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Н ХХК газар хариу тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 1334 захирамжаар “А” ХХК болон Б.А нараас 2 тэрбум 46,197,541 төгрөгийг гаргуулж “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан .................................. тоот хаягт байрлалтай, 134,92м.кв, 89,39м.кв, 108,43м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж хураасан. Хуульд заасны дагуу төлбөр төлөгч нараас үл хөдлөх хөрөнгүүдийн үнийн санал авахад тэдгээрийн төлөөлөгч Ц хөрөнгийн үнийг төлбөр авагч талтай харилцан тохиролцох боломжгүй хөндлөнгийн шинжээч томилуулж, үнэлгээ гаргуулахаар албан бичгээр хариу өгсөн. Мөн төлбөр авагч Аны зүгээс хөрөнгийн үнэлгээ дээр харилцан тохиролцох боломжгүй барьцаа хөрөнгөн дээр шинжээч томилуулан зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох хүсэлт ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул “Д” ХХК, “Б” ХХК, “Х” ХХК-иар хөрөнгийн үнэлгээг тогтоолгож хуулийн хугацаанд талуудад мэдэгдэж, хуульд зааснаар бие даан худалдан борлуулах талаар анхааруулж тайлбарлаж өгсөн. Үнэлгээ тогтоосон хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд 2022 оны 02 сарын 15-ны өдөр оруулахыг талуудад мэдэгдэж нийтэд зарласан боловч тус шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Гуравдагч этгээд “А” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийг дэмжсэн байр суурьтай оролцож байгаа. Нэхэмжлэгч Б.Агийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд өмнө нь “М ” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2021 оны 02 сарын 01-ний өдөр гаргаж нэхэмжлэгчийн зүгээс өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах, хэрэгт үзлэг хийлгэж, шинжээч томилуулъя гэх зэрэг хүсэлтүүдийг тавьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулснаар 2021 оны 09 сарын 23-ны өдрийн тус дүүргийн шүүхийн 02384 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч Б.А нь дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдсэн “Д” ХХК, “Б” ХХК, “Х” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлангуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д зааснаар шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж зааснаар нэхэмжлэгчийн зүгээс дахин нэхэмжлэл гаргах эрх нь хаагдсан гэж үзэж байна. Түүнчлэн үнэлгээ хүчингүй болгуулах шаардлагаа дээр дурдсан үнэлгээний тайлангуудад барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэдэг боловч энэхүү үйл баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т зааснаар өөрсдөө нотлоогүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулж удаа дараа ажиллагааг түдгэлзүүлж цаг хугацаа авч байна. Үнэлэгдсэн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн бол өөрсдөө тухайн эд хөрөнгөө худалдан борлуулах нь нээлттэй байгаа. Өөрсдөө ямар ч санал санаачилга гаргаагүй байдаг. Мөн шүүхийн шийдвэр гараад 2 жил өнгөрч байгаа боловч төлбөрөөс нэг ч төгрөгийг төлбөр авагч талд төлөөгүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх хариуцагч Н ХХК газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Н ХХК газарт холбогдуулан “Д” ХХК, “Х” ХХК, “Б” ХХК-ийн  2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэн зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэсэн шаардлагад нийцсэн байх байтал огт шаардлага хангаагүй бөгөөд ямар нэг судалгаагүйгээр шууд үнийг тогтоож, хэт доогуур үнэлж байгаа нь үндэслэлгүй, шинжээч томилсон тогтоолоор 3 биш 6 шинжээч томилсон, тусгай зөвшөөрөл бүхий этгээд дүгнэлт гаргаагүй, шинжээчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байна” гэжээ.

           

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзлаа “...Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, шинжээч дүгнэлт бүрэн бодитой гарсан” гэж тайлбарласан.

 

5.Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа “...Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд өмнө нь “М ” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2021 оны 02 сарын 01-ний өдөр гаргаж нэхэмжлэгчийн зүгээс өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах, хэрэгт үзлэг хийлгэж, шинжээч томилуулъя гэх зэрэг хүсэлтүүдийг тавьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулснаар 2021 оны 09 сарын 23-ны өдрийн тус дүүргийн шүүхийн 02384 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган шийдвэрлэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч Б.А нь дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдсэн “Д” ХХК, “Б” ХХК, “Х” ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлангуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д зааснаар шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж зааснаар нэхэмжлэгчийн зүгээс дахин нэхэмжлэл гаргах эрх нь хаагдсан гэж үзэж байна. Түүнчлэн үнэлгээ хүчингүй болгуулах шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т зааснаар өөрсдөө нотлоогүй байна.” гэжээ.

 

6.Н ХХК газраас хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг нэхэмжлэгч Б.Ад 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 4-141/241 тоот албан бичгээр мэдэгдэж, нэхэмжлэгч нь шүүхэд үнэлгээний талаарх гомдлоо 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн  55.7-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

 

7.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ................ дугаар захирамжаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага 2,046,197,541.28 төгрөгийг хариуцагч “А” ХХК, Б.А нар төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох .............................. тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-ийн 42-43/

 

8.Дээрх шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүйгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрий................ дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ................ дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Н ХХК газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. /хх-ийн 40-41/

 

9.Шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгө болох .................... тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, төлбөр төлөх хугацааг тогтоосон боловч төлбөр төлөөгүй учир Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгчөөс хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн талаар санал авахад харилцан тохиролцоогүй байна. Иймээс шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “М ” ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-ийн 55-60/

 

10.Шинжээч “М ” ХХК нь хөрөнгийг нийт 2,190,325.1 мянган төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч Б.А эс зөвшөөрч, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ..................... дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Агийн нэхэмжлэлийг хангаж, шинжээч “М ” ХХК нь 2,190,325.1 мянган төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 117-120/

 

11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж заасан. Хуулийн уг зохицуулалтын дагуу дахин хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагаатай холбоотой гомдол гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

 

12.Дахин хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр .............. тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Х” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь .......................... тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн .......................... дугаарт бүртгэлтэй, 108.43м.кв талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1,059,470,000 төгрөгөөр, 12/381 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Б” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Жамъян гүний гудамж, 22 дугаар барилгын 502 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ................... дугаарт бүртгэлтэй, 89.39 м.кв талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 873,469,000 төгрөгөөр, 12/382 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолоор “Д” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь ................. тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ...................... дугаарт бүртгэлтэй, 134.92м.кв квадрат талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 1,318,363,279 төгрөгөөр тогтоолгосон байна. /хх-ийн 129-170/

 

13.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болох бөгөөд мөн зүйлийн 42.2-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "үнэлгээчин" гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг” гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар ”шинжээч” гэж шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээдийг хэлнэ гэж тус тус заасан.

 

14.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шинжээч томилсон тогтоолд шинжээчээр томилсон байгууллагыг, тогтоолын 3 дахь хэсэгт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дагуур зүйлд заасан үндэслэлээс бусад шалтгаанаар буюу үндэслэлгүйгээр дүгнэлт гаргахаас зайлс хийх, татгалзсан бол хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг тусгай зөвшөөрөл бүхий этгээдүүдэд сануулжээ.

 

15.Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээг үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор заасан.

 

16.Шинжээч “Б” ХХК нь үнэлгээг өртгийн болон жиших хандлагаар хийж, зах зээлийн үнийн хандлагын аргаар хийсэн дүгнэлтийг гаргасан байна. “Х” ХХК нь өртгийн болон зах зээлийн хандлагын аргачлалаар хийж, зах зээлийн үнэлгээг, “Д” ХХК нь орлогын, зах зээлийн, өртгийн хандлагын аргуудыг хослуулан хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тус тус тогтоосон байна.

 

17.Ийнхүү шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гаргахдаа хэн аль нь ойролцоо байршлын, ижил шинж чанарын 3-аас багагүй хөрөнгөтэй харьцуулан, хөрөнгийн талбай, нэгж талбайн үнэ, байршил, өмчлөх эрх, хэлцлийн нөхцөл, борлогдох магадлал, насжилт, хөрөнгийн биет байдал, хийц, бүтээц, инженерийн дэд бүтэц, гадна засал тохижилт, дотор засал, тохижилт зэрэгт тохируулга хийсэн байна. Дээрх хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

18.Иймд газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ....................... тоот “Шинжээч томилох тухай” тогтоолын дагуу шинжээчээр томилогдсон “Д” ХХК, “Х” ХХК, “Б” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Агийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

19.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан  газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/380, 12/381, 12/382 тоот “Шинжээч томилох тухай” тогтоолын дагуу “Д” ХХК, “Х” ХХК, “Б” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Агаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР