Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/ма2022/01382

 

 

 

 

 

 

2022 07 25 210/МА2022/01382

 

 

Б.А гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13ы өдрийн 102/ШШ2022/01812 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А гийн хариуцагч Н т холбогдуулан гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Д ХХК , Х ХХК , Б ХХК К-ийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, түүний өмгөөлөгч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01334 дүгээр захирамжаар А ХХК болон Б.А нараас төлбөр гаргуулж А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгө болох Б.А гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Жамъян гүний гудамж, 22 дугаар барилгын тоот хаягт байрлалтай, Ү-2203036336, Ү-2203036351, Ү-2203036344 улсын бүртгэлийн дугаартай 134,92 м.кв, 89,39 м.кв, 108,43 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус битүүмжлэн хураасан. Дээр дурдсан хөрөнгүүдийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №12/380 тоот тогтоолын дагуу Д ХХК , Б ХХК К, Х ХХК -ийг тус тус шинжээчээр томилуулж үнэлүүлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04-141/241 дүгээр мэдэгдэл хүлээн авсан. Хөрөнгийн үнэлгээ хийсэн 3 тайлангийн 4 дэх хэсгийн 4.3-т зах зээлийн хандлага аргаар үнэлсэн үнэ цэнэ 501 тоотод байрлалтай 134,92 м.кв талбайг 1,318,363,279 төгрөгөөр, 502 тоотод байрлалтай 89,39 м.кв талбайг 873,469,000 төгрөгөөр, 503 тоотод байрлалтай 108,43 м.кв талбайг 1,059,470,000 төгрөгөөр тогтоосон. Зах зээлийн үнэлгээгээр 1 м.кв талбайн үнийг 8,500,000-15,600,000 төгрөг байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн хөрөнгүүдийг үнэлэхдээ өмнө баригдсан, зориулалт нь өөр харьцуулах боломжгүй байруудтай харьцуулсан. Мөн шинжээч 1 м.кв талбайг 10,400,000 төгрөгөөр тооцож үнэлсэн. 2020 оноос хойш зах зээлийн үнэ ханш өссөн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйл, 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан шаардлагыг хангаагүй байхад багаар үнэлсэн нь үндэслэлгүй. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1334 дугаар захирамжаар А ХХК, Б.А нараас 2,346,197,541 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Жамъян гүний гудамж, 22 дугаар барилгын тоот хаягт байрлалтай, байрлалтай, Ү-2203036336, Ү-2203036351, Ү-2203036344 улсын бүртгэлийн дугаартай 134,92 м.кв, 89,39 м.кв, 108,43 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж хураасан. Хуульд заасны дагуу төлбөр төлөгч нараас үнийн санал авч, харилцан тохиролцоогүй учраас шинжээч томилуулж, Д ХХК , Б ХХК К, Х ХХК -аар хөрөнгийн үнэлгээг тогтоолгож хуулийн хугацаанд талуудад мэдэгдсэн. Уг хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр оруулахыг талуудад мэдэгдэж нийтэд зарласан боловч тус шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ариг банк ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагчийг дэмжсэн байр суурьтай оролцож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд өмнө нь М " ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус дүүргийн шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 02384 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч Б.А нь дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгдсэн Д" ХХК, Б ХХК К, Х ХХК -ийн гаргасан үнэлгээний тайлангуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. Түүнчлэн, хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар рзүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/380, 12/381, 12/382 тоот шинжээч томилох тухай тогтоолын дагуу Д ХХК , Х ХХК , Б ХХК К-ийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.А гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хөрөнгийн үнэлгээ хийсэн 3 тайлангийн 4 дэх хэсгийн 4.3-т зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн үнэ цэнэ 501 тоотод байрлалтай 134,92 м.кв талбайг 1,318,363,279 төгрөгөөр, 502 тоотод байрлалтай 89,39 м.кв талбайг 873,469,000 төгрөгөөр, 503 тоотод байрлалтай 108,43 м.кв талбайг 1,059,470,000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл зах зээлийн үнэлгээгээр 1 м.кв талбайн үнийг 8,500,000-15,600,000 төгрөг байхад нэхэмжлэгчийн хөрөнгүүдийг үнэлэхдээ өмнө баригдсан, зориулалт нь өөр харьцуулах боломжгүй байруудтай харьцуулсан. Мөн шинжээч 1 м.кв талбайг 10,400,000 төгрөгөөр тооцож үнэлсэн. 2020 оноос хойш зах зээлийн үнэ ханш өссөн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйл, 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3-т заасан шаардлагыг хангаагүй байхад хэт багаар үнэлсэн нь үндэслэлгүй. Хөрөнгийг харьцуулсан барилгын талаар мэдээлэл байхгүй зөвхөн шинжээч өөрийн төсөөлөл дээр үндэслэн зөвхөн хариуцагч талд ашигтай нотлох баримтуудыг үнэлж, хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг үнэлээгүй орхигдуулсан. Д ХХК -ийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан, үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй байхад дүгнэлт гаргасан зэрэг баримтуудыг хянаж үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

7. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгч нарт өр төлбөрийг төлж барагдуулахыг мэдэгдээд төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт дурдагдсан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураан авч талуудаас үнийн санал авах ажиллагааг явуулж шинжээч томилон барьцаа хөрөнгүүдийг нийт 2,190,325,100 төгрөгөөр үнэлснийг Б.А гийн зүгээс эс зөвшөөрч хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байсан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дахин барьцаа хөрөнгүүдийг хураан авч талуудаас үнийн санал авах ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний компаниудыг шинжээчээр томилж барьцаа хөрөнгийг үнэлүүлж, нийт үнийн дүн 3,251,302,279 төгрөг буюу өмнөх хийгдсэн үнэлгээнээс 1,060,000,000 төгрөгөөр илүү үнэлсэн. Гэтэл төлбөр төлөгч Б.А гийн зүгээс үнэлгээг дахин эс зөвшөөрч барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.1.2, мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт тодорхой заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэг удаа гомдол гаргахаар зохицуулсан учраас нэхэмжлэгч нь дахиад гомдол гаргаж иргэний хэрэг үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь төлбөр төлөхөөс зайлсхийх арга гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Н т холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Д ХХК , Х ХХК , Б ХХК К-ийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01334 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ариг банк ХХК нь 2,046,197,541.28 төгрөгийг хариуцагч Айсинэт ХХК, Б.А нар төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Б.А гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Жамъян гүний гудамж, 22 дугаар барилгын тоот хаягт байрлалтай, байрлалтай, Ү-2203036336, Ү-2203036351, Ү-2203036344 улсын бүртгэлийн дугаартай 134,92 м.кв, 89,39 м.кв, 108,43 м.кв талбайтай үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх42-43/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх учиртай.

4. Хариуцагч байгууллага нь дээрх шийдвэр болон гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж, үнийн санал авах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54 дүгээр зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулсан болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол, үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх40-61/

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Д ХХК , Б ХХК К, Х ХХК -иудыг шинжээчээр томилж, шинжээч Д ХХК нь төлбөрт хураагдсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын /14240/ Жамъян гүний гудамж, 22 дугаар барилгын 501 тоотод байрлалтай 134,92 м.кв талбайг 1,318,363,279 төгрөг, шинжээч Б ХХК К нь мөн барилгын 502 тоотод байрлалтай 89,39 м.кв талбайг 873,469,000 төгрөг, шинжээч Х ХХК нь дээрх барилгын 503 тоотод байрлалтай 108,43 м.кв талбайг 1,059,470,000 төгрөгөөр тус тус үнэлж, Н т ирүүлжээ. /хх129-145, 146-156, 157-169/ Мөн дээрх үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

6. Хариуцагч Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч Б.А д 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн 4-141/241 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар /хх-9, 172/ тогтоогдож байна.

Д ХХК үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний орлогын, зах зээлийн, өртгийн хандлагын аргаар, Б ХХК К нь үнэлгээг зах зээлийн үнийн хандлагын аргаар хийж, Х ХХК нь өртгийн болон зах зээлийн хандлагын аргыг тус тус ашиглан ойролцоо байршилд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, өмнө баригдсан, зориулалт нь өөр харьцуулах боломжгүй байруудтай харьцуулсан гэж тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зрүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Д ХХК -ийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. Д ХХК -аас Ц.Түвшинцэнгэлд хөрөнгийн үнэлгээ хийх итгэмжлэл олгосон, мөн түүнд Сангийн сайдаас хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий 140600033 дугаартай гэрчилгээ олгосон, уг зөвшөөрлийн хугацааг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар сунгасан баримт хэрэгт авагдсан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. /хх-129-130/

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2022/01812 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ЦОГТСАЙХАН