Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 551

 

 

 

 

 

 

 

 

 

“Л”ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.И даргалж, шүүгч Б.Н, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/00246 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Л”ХХК-ийн хариуцагч Ц.Л-д холбогдуулан гаргасан 13 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ц.Л , хариуцагчийн өмгөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Л  нь 2008 оноос нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 05/02-13 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Гэтэл тухайн үедээ компанийн санхүүгийн баримт бичиг болон тамга тэмдгийг дур мэдэн зөвшөөрөлгүйгээр авч хууль бусаар ашиглаж компанийн эзэмшлийн Голомт банк дахь 1601411550 тоот данснаас 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 1 700 000 төгрөг, 2013 ны 7 дугаар сарын 09-ний өдөр 4 000 000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 7 500 000 төгрөг, нийт 13 200 000 төгрөгийг чекээр авсныг 2016 онд цагдаад зээлсэн мөнгөнийхөө талаар мэдэгдэх үед би компанийнхаа дансыг шалгахдаа мэдсэн. Учир нь 2012 оны 12 сард 30 000 000 төгрөг зээлсэн төлбөртөө авна гэж Н.Б тай ирж гарын үсэг зуруулж авч байсан. Зарлагадсан баримтад би өөрөө нэгдүгээр гарын үсэг зурсан. Хоёрдугаар гарын үсгийг нь Н.Б  зурсан эсэхийг би мэдэхгүй. Тухайн үед өр зээлээс суутгаарай гэж хэлсэн боловч 2017 онд Н.Б  бид хоёрыг хариуцагчаар татсан шүүх хуралд тус бүр 29 500 000 төгрөгийг гаргуулахаар шийдсэн тул 13 200 000 төгрөгийг гаргуулна гэжээ.  

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тушаалаар дээрх 13 200 000 төгрөгийг Голомт банкны данснаас чекээр гаргуулан авч, тухай бүрт нь Б.Б-т өгсөн. Хэрэв авсан мөнгөө Б.Б-т өгөөгүй бол дараа дараагийн мөнгийг надаар авахуулахгүй, улмаар цагдаад хандах байсан. Б.Б  нь банкнаас уг мөнгийг намайг 13 200 000 төгрөг авч завшсан гэсэн нь үндэслэлгүй. 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/02-13 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн гэжээ. Намайг 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гаргаагүй бөгөөд бие Лэнд мэжор ХХК болон Б.Б , Н.Б  нарт холбогдуулан 83 588 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэгч тал 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн гэх 05/02-13 тоот тушаалыг шүүхэд ирүүлж, 13 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Өөрөөр хэлбэл би 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/02-13 тоот тушаалыг анх 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Л”ХХК-иас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад олж мэдсэн, дээрх тушаалыг надад танилцуулж байгаагүй. Б.Б ийн дүүтэй найз байсан тул 2013, 2014 оны санхүүгийн болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн тайланг гаргаж нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байсан. Хэрэв 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлсөн бол надаар тайлан тооцоо гаргуулж байсан нь ойлгомжгүй. “Л”ХХК-иас 83 588 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/02185 дугаар шийдвэрээр Б.Б , Н.Б  нараас нийт 58 500 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00017 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Одоогоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Уг ажиллагаанд Ц.Л  миний бие төлбөр авагч, Б.Б , Н.Б  нар төлбөр төлөгчөөр оролцож байгаа. Б.Б ,Н.Б  нар нь “Л”ХХК-ийн хувьцаа эзэмшигч тул Ц.Л  надад төлөх ёстой 58 500 000 төгрөгийн төлбөрөөс 13 200 000 төгрөгийг хасуулах зорилгоор үндэслэлгүй нэхэмжлэлийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхгүй, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Шүүх 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 1 700 000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 4 000 000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 7 500 000 төгрөг нийт 13 200 000 төгрөгийг Ц.Л  нь авсан болох нь Голомт банкны 1601411550 тоот депозит дансны хуулгаар тогтоогдож байгааг тодорхойлсон атлаа шүүх нь “...Ц.Л  “Л”ХХК-н чекээр Голомт банкнаас бэлэн мөнгө авсан байх бөгөөд уг мөнгийг нэхэмжлэгч компанийн захирал Б.Б-т өгөөгүй гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй”, “нэгэнт ажлаас халагдсан иргэнд бэлэн мөнгө олгохоор гарын үсэг зурж өгсөн гэх байдал үндэслэлгүй” гэж дүгнэжээ. Энэ талаарх баримт болох гэрчийн мэдүүлэг болон хариуцагчийн энэ байдлаа үгүйсгээгүй байхад нотлох баримтуудыг үнэлээгүйд гомдолтой байна. “Л”ХХК-ийн захирал Б.Б  хоёрдугаар гарын үсэг зурах эрхийг болон дуусгавар болгохыг шийдвэрлэх эрхтэй бөгөөд Ц.Л тэй 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон бол хоёрдугаар гарын үсэг зурах эрхийг дуусгавар болгох боломжтой байсан. Иймд Ц.Л  нь 13 200 000 төгрөгийг хувьдаа ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх байдал тогтоогдохгүй байгаа тул “Л”ХХК-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна”, “Ц.Л тэй 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон бол хоёрдугаар гарын үсэг зурах эрхийг дуусгавар болгох боломжтой байсан. Тиймээс хоёрдугаар гарын үсэг зурах эрхийг дуусгавар болгоогүй нь Ц.Л г буруутгах боломжийг ашиглан дураар эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох юм гэж бусдын үндэслэлгүй хөрөнгөжиж байгааг зөвтгөж байгаа мэт дүгнэлт болсон. Ц.Л  нь “Л”ХХК-д хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэй этгээд биш гэдгийг шүүх анзааралгүй дүгнэсэн.Ц.Л  нь хоёрдугаар гарын үсэг зурж аваагүй, бэлэн чек ашиглаж мөнгө авсан. Чекэн дээрх хоёрдугаар гарын үсэг өөрийнх нь биш хуурамч гэдгийг захирал Д.Б гэрчилсэн. Шүүх “уг мөнгийг Ц.Л  нь нэхэмжлэгч компанийн захирал Б.Б-т өгөөгүй гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон атлаа Ц.Л  нь уг мөнгийг банкнаас авсан баримт байгаа. Харин “Л”ХХК-д хүлээлгэн өгсөн баримт хэрэгт авагдаагүй. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой атал хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байх тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Л”ХХК нь хариуцагч Ц.Л-д холбогдуулан 13 200 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ банкнаас авсан мөнгийг тухай бүрт нь Б.Б-т өгч байсан, хэрвээ мөнгийг өгөөгүй байсан бол дараа дараагийн мөнгийг надаар авахуулахгүй байсан гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            “Л”ХХК-ийн Голомт банк дахь 1601411550 дугаар данснаас 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 7 500 000 төгрөг /хх183/, 2013 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 4 000 000 төгрөг /хх184/, 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 1 700 000 төгрөгийг /хх185/ гаргуулсан талаарх баримт хэрэгт авагдсан байх бөгөөд хариуцагч уг мөнгийг Б.Б-т өгсөн гэж тайлбарлажээ.

            Харин Ц.Л г 2013 оны 2 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлсөн байхад компанийн санхүүгийн баримт, тэмдгийг авч явж, дур мэдэн мөнгө гаргаж авсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч хэргийн 89 дүгээр талд авагдсан цалингийн тодорхойлолтыг 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр гаргаж 1 000 000 төгрөгийн цалинтай гэсэн, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод /хх77/ 2014 оны 1 дүгээр сарыг дуустал “Л”ХХК-иас 1 000 000 төгрөгөөс тооцож 220 000 төгрөгийн шимтгэл төлсөн байгаа зэргээс үзвэл хариуцагчийг ажлаас чөлөөлөгдсөн үедээ компанийн санхүүгийн баримт, тэмдгийг дур мэдэн авч явж мөнгө завшиж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.

 

            Нэхэмжлэгч тал нь шүүхэд Ц.Л г ажлаас чөлөөлсөн 2013 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/02-13 тоот тушаалыг баримтаар гаргасан боловч тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн ийм тушаал гаргаагүй, сүүлд 2016 онд шүүхэд нэхэмжлэл гаргахад нөхөж бүрдүүлсэн гэж хариуцагч Ц.Л  үгүйсгэжээ.

 

            Түүнчлэн мөнгөний чекэд компанийн эрх бүхий албан тушаалтны 1,2 дугаар гарын үсэг зурагдсанаас үзвэл уг мөнгийг данснаас гаргахыг эрх бүхий этгээдүүд зөвшөөрсөн гэж үзэхээр байхаас гадна ажил олгогч нь нягтлан бодогч Ц.Л г ажлаас чөлөөлсөн бол бэлэн мөнгийг компанийн данснаас авах эрхийг нь дуусгавар болгох боломжтой байжээ.

 

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй бөгөөд мөнгийг хариуцагчаас нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн баримтгүй гэх түүний тайлбар, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймээс шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/00246 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.И

 

                                    ШҮҮГЧИД                                           Б.Н

 

                                                                                                А.О