Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2022/01322

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2022/01322

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  байрлах, НТС ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  байрлах, ВЭЭБ ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 920 381 000, алданги 332 400 000 төгрөг, нийт 1 252 781 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Т.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, түүний өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч НТС ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Д.Б Т.Х нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НТС ХХК нь ВЭЭБ ХХК -тай 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт байрлах Бурхант Өргөө Зочид буудал болон үйлчилгээний цогцолбор барих ажлыг гүйцэтгүүлэхээр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж компаний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж санхүүжилтийг шилжүүлсэн.

Гэтэл 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар ВЭЭБ ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй төдийгүй чанаргүй, доголтой барилгын ажлыг гүйцэтгэж улмаар компанид их хэмжээний хохирол учруулаад байна.

НТС ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ВЭЭБ ХХК -тай нийт 9 удаагийн Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 12 удаа Ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж инженерийн тодорхойлолт акт үйлдэж, 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр гэрээнд заасан ажпыг хугацаандаа хийж гүйцэтгэх талаар албан бичгийг тус тус хүргүүлж, 5 удаа ВЭЭБ ХХК -ний захирал болон менежертэй уулзалт хийж гэрээний биелэлт хангалтгүй байгаа, заасан хугацаанд ажлыг чанартай хийж дуусгах талаар гэрээнд зааснаар удаа дараа мэдэгдсэн билээ.

Гэвч ВЭЭБ ХХК нь гэрээнд заасан 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээнд заасан хугацаанд ажлыг 100 хувь хийж захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, улмаар барилгын ажлыг орхиж явсаны улмаас чанаргүй дээврээс борооны ус орж барилгын дотор заслыг чанарыг алдагдуулж дахин хийх хэмжээнд хүргэсэн болно.

Иймд ВЭЭБ ХХК -иас 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт байрлах Бурхант Өргөө зочид буудал, кино театрын барилгын чанаргүй ажлын доголдол арилгах зардал 920,381,000 төгрөг, Ажил гүйцэтгэх гэрээний алданги 332,400,000 төгрөг, нийт 1,252,781,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 6,421,855 төгрөгийн хамт гаргуулж НТС ХХК-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ВЭЭБ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, өмгөөлөгч П.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь НТС ХХК-тай 2015 оноос эхлэн хамтран ажилласан бөгөөд Эрдэнэт хот дахь Өргөө кино театрын барилгын ажил, Дархан-Уул аймгийн Дархан Өргөө кино театрын барилгын ажлыг гүйцэтгэсэн. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч байгууллагатай 17-1039 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх болон өр авлага барагдуулах, санхүүжилтийн талаар хамтран ажиллах ерөнхий гэрээ болон Эрдэнэт өргөө кино театрын 17-1041 тоот гэрээ, Дархан өргөө цогцолборын 17-1040 гэрээг тус тус байгуулагдсан. Энэхүү гэрээний 3.3 дахь заалтаар нэхэмжлэгч НТС ХХК-ийн толгой компани болох Сод монгол групп ХХК-ийн Дархан төмөрлөг ТӨХК-аас авах авлага болох 1 867 989 300 төгрөгийн авлагыг шилжүүлэн тооцохоор ажлын санхүүжилтэд зарцуулахаар тохирсон. Ингээд 2017 оны 01 сарын 18-ны өдрийн 17-1040 тоот гэрээгээр гүйцэтгэх ажлын зурагт өөрчлөлт орж нэмэлт ажил хийх шаардлагатай болсон учир дээрх гэрээг талууд хааж, 2018 оны 04 сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх 18-1900 тоот гэрээг байгуулсан.

Энэхүү гэрээгээр гүйцэтгэх ажлын үнэ 2 300 000 000 төгрөг байхаар тохирсон бөгөөд энэхүү төлбөрийн 1 867 989 300 төгрөгт Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороонд байрлах, Хаппи таун хотхон-д 18 ширхэг орон сууцыг 2017 оны 05 дугаар сард шилжүүлэн өгсөн. Гэрээний хугацааг 2018 оны 09 сарын 30-ны өдөр гэж талууд тохирсон боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас талууд харилцан тохиролцож хугацааг сунгаж 2019 оны 09 сарын 25-ны өдөр болгон өөрчилсөн.

Манай комппанийн зүгээс өөрийн хөрөнгөөр ажлаа эхлүүлэн нэхэмжлэгч байгууллагын шилжүүлсэн бартерыг борлуулан барилгын ажил гүйцэтгэж ирсэн бөгөөд нэхэмжлэгч байгууллагын толгой компани болох Сод монгол групп ХХК-ийн удирдлагуудын удаа дараагийн шийдвэр болох, барилгын ажлын хийц болон загвар, материалын өнгөний сонголт өөрчлөх, дуусгавар болсон өмнөх гэрээний санхүүжилтийн үлдэгдлийг олгоогүй зэргээс шалтгаалан тухайн ажлын цаг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй байдал удаа дараа үүсч байсан. Энэ талаар нэхэмжлэгч байгууллагын удирдлагад албан бичгээр удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд дээрх бартерт өгсөн бараа материалыг зах зээлийн үнээс хямд борлуулж бид мөн их хэмжээний алдагдал хүлээж байна.

Мөн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17/1041 тоот Ажил гүйцэтгэх гэрээгээр Эрдэнэт өргөө кино театрын барилгын ажлыг гүйцэтгэж 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Гэрээ дүгнэх инженерийн тодорхойлолтоор 100% гэж дүгнэн дуусгавар болгон ашиглалтанд оруулсан. Уг ажлын үлдэгдэл төлбөрийг байнга хойшлуулах болон удаашралтайгаар шийдвэрлэж байсан бөгөөд одоогийн байдлаар ВЭЭБ ХХК нь 388 387 108 төгрөгийн авлагатай гарсан.

2020 оны 04 сарын 17-ны өдөр өр, авлагын хувьд хоёр байгууллага тооцоо нийлсэн. 2018 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн 18-1900 тоот Ажил гүйцэтгэх гэрээний Дархан өргөө цогцолбор барилгын урьдчилгаа төлбөр болгон Баянзүрх дүүргийн 5-р хороонд байрлах, Хаппи таун хотхонд 18 ширхэг орон сууцыг 1 867 989 300 төгрөгт тооцон өгсөн нь үе шатны явцын ажлын гүйцэтгэлээр хаагдсан.

2020 оны 03 сарын 09-ний өдрийн байдлаар ажлын явц 94,6%-тай байна гэж талууд дүгнэснээр манай компанийн авлага 263 884 444,87 төгрөг болж байна.

Ингэснээр НТС ХХК-ийн захиалгаар Эрдэнэт өргөө кино театр болон Дархан өргөө цогцолборын барилгуудын гэрээт ажлуудын авлага 652 271 552,87 төгрөг болсон байна. Гэвч энэхүү авлага нь шийдэгдэхгүй компанийн бусад санхүүгийн эх үүсвэр хүндрэлтэй болсноос хугацаа хэтэрч одоогийн байдал үүсээд байна. Бид үлдэгдэл санхүүжилтээ шийдэх хүсэлт удаа дараа гаргасан бөгөөд НТС ХХК нь энэ асуудлыг шийдвэрлээгүй өдийг хүрсэн. Нэхэмжлэгч үлдэгдэл санхүүжилтыг шийдвэрлэсэн тохиолдолд үлдэх 5,4%-ийн ажлыг хийж гүйцэтгэх бүрэн боломж бидэнд байсан.

Нэхэмжлэлд дурдсан чанаргүй ажлын доголдол арилгах зардал 920 381 000 төгрөг болон гэрээний алданги 332 400 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь тухайн барилгын дээвэр болон гадна фасаданд гарсан эвдрэл гэмтэлийг тухайн эвдэрсэн хэсэгт нь шинэчлэн засварлах боломжтой өөрөөр хэлбэл дээвэр фасадыг бүхэлд нь солих шаардлагагүй. Гэрээт ажил нийтдээ 2 тэрбум гаруй төгрөг байсан бөгөөд тухайн барилгад гарсан жижиг хэмжээний гэмтлийг нийт ажил гүйцэтгэсэн төсөвт өртгийн 50%-тай тэнцэх хэмжээний мөнгөөр засварлана гэх шаардлага нь бодит байдалд нийцэхгүй.

Ер нь ажил хугацаандаа дуусаагүй шалтгаан нь НТС ХХК ажил гүйцэтгэх төлбөрөө хугацаанд нь өгөөгүй байдлаас болсон, мөн бид хийсэн ажлаа дүгнэж тооцоо нийлсэн бөгөөд нийт гүйцэтгэсэн ажлыг 94,6%-тай гэж талууд хүлээн зөвшөөрч тухайн тооцоо нийлсэн гэрээнд алданги төлөхөөр тохиролцоогүй, хугацаа алдсан шалтгаан ажил гүйцэтгэгчээс болоогүй. Энэхүү үлдэгдэл төлбөрийг барагдуулсан тохиолдолд бид ажлаа гүйцээж хийх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас НТС ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.04.30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2018.05.02-ний өдрийн 18-1900 тоот Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ №1, №2, Үнэлгээчин Д.Энхтуяагийн 2020.07.29-ний өдрийн 02 дугаар Хөрөнгө үнэлсэн тухай албан бичиг, Хөрөнгө үнэлсэн тухай тайлан, Нью тур сафарис ХХК-ийн VH&B ХХК-ийн гэрээ дүгнэх инженерийн тодорхойлолт акт, Дархан өргөө синема-6, Бурхант өргөө барилгын түрээслэгч нарын гомдол, түрээслэгч нартай байгуулсан Түрээсийн гэрээ, 2020.02.21-ний өдрийн 04/2020-Д дугаар Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2017.05.24-ний өдрийн Гэрээ дүгнэж, үүрэг харилцан дуусгавар болгох акт, орон сууц хүлээлгэх акт, 2017.06.02-ны өдрийн Орлогын падаан, 2019.02.20-ны өдрийн Тооцоо нийлсэн акт, 2020.05.04-ний өдрийн Протокол, Нью тур сафарис ХХК-ийн 2020.01.06-ны өдрийн А/333 дугаар Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2019.05.07-ны өдөрийн 02/218-19 дугаар Шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, Барилга угсралтын ажил гүйцэтгэсэн тэмдэглэл зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч талаас ВЭЭБ ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017.01.18-ны өдрийн 17-1039 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх болон өр авлага барагдуулах, санхүүжилтийн талаар хамтран ажилах ерөнхий гэрээ, 2018.04.30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, НТС ХХК-ийн гэрээ дүгнэх, инженерийн тодорхойлолт алданги тооцох, Тооцооны үлдэгдэлийн баталгаа, Авлага өглөгийн тооцоо 2х, ВЭЭБ ХХК -ийн 2018.05.14-ний өдрийн 18/07, 2018.07.18-ны өдрийн 18/40, 2018.08.06-ны өдрийн 18121, 2018.08.13-ны өдрийн 18/123, 2018.08.29-ний өдрийн 18/132, 2018.09.12-ны өдрийн 18/40, 2018.12.18-ны өдрийн 18/198, 2019.02.25-ны өдрийн 19/35, 2019.05.06-ны өдрийн 19/60, 2019.07.04-ний өдрийн 19/96, 2020.01.17-ны өдрийн 20/05, 2020.5.04-ны өдрийн 20/29, 2020.05.04-ний өдрийн 20/30, 2020.05.11-ний өдрийн 20/45 дугаар албан бичгүүд зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021.12.01-ний өдрийн 524 дугаар Барилгад чанаргүй хийсэн ажил ба ашиглалтын явцад гаргасан доголдолын хэмжээг тодорхойлсон тухай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч НТС ХХК нь хариуцагч ВЭЭБ ХХК -д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 920 381 000 төгрөг, алданги 332,400,000 төгрөг, нийт 1,252,781,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

Нэхэмжлэгч НТС ХХК нь ажил гүйцэтгэгч ВЭЭБ ХХК -ийг барилгын ажлыг хугацаанд нь 100% гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй орхиж явсан, чанаргүй, доголдолтой гүйцэтгэсэн гэх үндэслэлээр доголдлыг арилгахад гарах зардал 920,381,000 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 332,400,000 төгрөг тус тус шаардсаныг, хариуцагч ВЭЭБ ХХК эс зөвшөөрч, санхүүжилтыг хугацаанд нь өгөөгүйгээс өр авлага үүсч хугацаа хэтэрсэн, нийт гүйцэтгэсэн ажлыг 94,6%-тай гэж талууд хүлээн зөвшөөрч тухайн тооцоо нийлсэн гэрээнд алданги төлөхөөр тохиролцоогүй, үлдэгдэл санхүүжилтыг шийдвэрлэсэн тохиолдолд үлдэх 5,4%-ийн ажлыг хийж гүйцэтгэх боломжтой, тухайн барилгын дээвэр болон гадна фасаданд гарсан эвдрэл гэмтлийг тухайн эвдэрсэн хэсэгт нь шинэчлэн засварлах боломжтой, дээвэр, фасадыг бүхэлд нь солих шаардлагагүй гэж маргаж байна.

 

НТС ХХК нь ВЭЭБ ХХК -тай /2018.04.30/ 2018.05.02-ны өдрийн 18-1900 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч ВЭЭБ ХХК нь захиалагчийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багт баригдаж буй Дарханы Өргөө-палас нэртэй кинотеатр бүхий худалдаа, үйлчилгээний цогцолбор барилгын гэрээнд заасан 27 ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн захиалагчид актаар 2018.09.30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, захиалагч нь гүйцэтгэгчид гэрээгээр тохиролцсон үнэ 2,300,000,000 /хоёр тэрбум гурван зуун сая/ төгрөгийг төлөхөөр тохиролцож, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. /хавтаст хэргийн 6-11, 52-57 хуудас/

Талууд 2018.05.02-ны өдрийн 18-1900 тоот Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ №1-ээр барилгын фасадыг зургийн дагуу хийж гүйцэтгэх, ажлын хөлс 470,0 сая төгрөг байх, гэрээний хугацааг 2019.05.01-ний өдөр байхаар тогтоосон, №2-оор нэмэлтээр хоёр барилгын хоорондын сендичен дээвэр хийх, үүдний хэсгийн орон зайн хучилт хийх, дээврийн усны хаялга хийх, дотор өрлөгийн ажил зэргийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх, гэрээний хугацааг 2019.09.25-ны өдөр байхаар тогтоосон байна. /хавтаст хэргийн 12-14 хуудас/

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Дээрхи гэрээнүүдийн дагуу ажил гүйцэтгэгч ВЭЭБ ХХК нь гэрээгээр тохиролцсон бүхий л ажлыг 2019.09.25-ны өдрийн дотор гүйцэтгэж захиалагч НТС ХХК-д актаар хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч 2020.03.09-ний өдрийн байдлаар нийт ажлын 94.6%-ийг гүйцэтгэсэн болохыг НТС ХХК-ийн VH&B ХХК-ийн гэрээ дүгнэх инженерийн тодорхойлолт актаар баталгаажуулсан байна. /хавтаст хэргийн 58-60 хуудас/

Ажил гүйцэтгэгч ВЭЭБ ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлын 5.4%-ийг гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

2018.05.02-ны өдрийн 18-1900 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.1, 3.4-д зааснаар санхүүжилт 2,300,000,000 төгрөгийн урьдчилгаа 1,867,989,300 төгрөгийг захиалагчийн толгой компани болох СМГ ХХК-иас 2017.01.18-ны өдрийн 17/1039 тоот гэрээний 3.3-т зааснаар 2017.08.09-ний өдөр 3 талын орон сууц хүлээлцэх актаар бүрэн төлж дуусгасан. /2-р хх-70-73х/ Үлдэгдлийг ажлын Гүйцэтгэлийг баталгаажсан акт дүнгээр тооцож төлөхөөр, мөн 2018.05.02-ны өдрийн 18-1900 тоот Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ №1-ээр барилгын фасадны ажлын хөлс 470,0 сая төгрөгийг Дархан өргөө кино театрын барилгын талбайгаас үнийн дүнд дүйцэх талбайг өгөхөөр тохиролцжээ.

Иймээс нийт санхүүжилтын 2,337,989,300 төгрөгийн төлбөрийг бартераар төлж, үлдэгдэл 432,010,700 төгрөгийг мөнгөөр буюу ажлын Гүйцэтгэлийг баталгаажсан акт дүнгээр тооцож төлөхөөр тохиролцсон байх бөгөөд ийнхүү тохиролцсон нь Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасантай нийцсэн байна.

 Талууд ажлын гүйцэтгэлийг 2 удаа актаар баталгаажуулсан байна. Үүнд:

а/. 2019.01.30-ны өдөр байдлаар ажлын явц 74%-тайг баталгаажуулж, нэмэлт гэрээгээр гадна фасаданд нэмэлт ажил орж ирснээр гүйцэтгэгч тал нэмэлт фасадны материал татан авах санхүүжилт гаргах зорилгоор 4-н /№ 6, 7, 17, 21/ нэр төрлийн ажлын гүйцэтгэлийг 2019.05.01-нээс өмнө хийж гүйцэтгэнэ гэж хоёр талын захирал шийдвэрлэснийг үндэслэж 20-н нэр төрлийн ажлаар гүйцэтгэлийг тооцоход 89% гарсныг НТС ХХК-ийн VH&B ХХК-ийн гэрээ дүгнэх инженерийн тодорхойлолт актаар баталгаажуулсан байна. /хавтаст хэргийн 91-93 хуудас/

б/. 2020.03.09-ний өдрийн байдлаар нийт ажлын 94.6%-ийг гүйцэтгэсэн болохыг НТС ХХК-ийн VH&B ХХК-ийн гэрээ дүгнэх инженерийн тодорхойлолт актаар баталгаажуулжээ. /хавтаст хэргийн 58-60 хуудас/

 2019.01.30-ны өдөр ажлын явцыг баталгаажуулсны дараа хоёр байгууллагын нягтлан бодогч нар 2019.02.20-ны өдрийг дуустал хугацаанд тооцоо нийлж, 741,727,908 төгрөгнөөс 350,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 391,727,908 төгрөгийн тооцоотой гарсныг баталгаажуулан Тооцооны үлдэгдлийн баталгаа-г үйлджээ. /2-р хавтаст хэргийн 74 хуудас/

Иймээс нэхэмжлэгч НТС ХХК-ийг хариуцагч ВЭЭБ ХХК -д санхүүжилтын үлдэгдлийг ажлын Гүйцэтгэлийг баталгаажсан акт дүнгээр тооцож төлөхөөр тохиролцсны дагуу 350 000 000 төгрөгийн санхүүжилтийг олгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин 2020.03.09-ний өдөр ажлын явцыг баталгаажуулахад гэрээний хугацаа дууссан байсан бөгөөд хариуцагч ВЭЭБ ХХК нь ажлын Гүйцэтгэлийг баталгаажсан акт дүнгээр санхүүжилтын үлдэгдлийг олгох үүрэгтэй байсан гэдгийг баримтаар нотлоогүй.

Хоёр байгууллагын нягтлан бодогч нар 2020.04.17-ны өдрийг дуустал хугацаанд тооцоо нийлж 388,387,108 төгрөгийн тооцоотой гарсныг баталгаажуулан Тооцооны үлдэгдлийн баталгаа-г үйлдсэн боловч бусад гэрээт ажлууд /Эрдэнэт өргөө - 830,000,000 төгрөг, гэрээ 19-1522 тоот -60,420,000 төгрөг гэх мэт/-ын төлбөр тооцоог оруулан нийт үлдэгдлийг 388,387,108 төгрөгөөр тогтоосон байна. /хавтаст хэргийн 61-62 хуудас/

Иймээс энэхүү тооцооны үлдэгдэл 388,387,108 төгрөгийг талуудын 2018.05.02-ны өдрийн 18-1900 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний ажлын хөлсний үлдэгдэл төлбөр гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч ВЭЭБ ХХК -ийн 2020.05.04-ны өдрийн 20/29 тоот Гэрээ дүгнүүлэх хүсэлт хүргүүлэх тухай албан бичигт 2018.05.02-ны өдрийн 18-1900 тоот гэрээний төлбөр тооцоог хавсаргав гэсэн байх боловч хариуцагч талаас хавсралтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн 2020.05.04-ний өдрийн 20/30, 2020.05.11-ний өдрийн 20/45 дугаар албан бичгүүдээр санхүүжилтын үлдэгдэл шаардаагүй байна.

Эдгээр үндэслэлээр хариуцагч ВЭЭБ ХХК -ийн санхүүжилтыг хугацаанд нь өгөөгүйгээс өр авлага үүсч хугацаа хэтэрсэн, үлдэгдэл санхүүжилтыг шийдвэрлэсэн тохиолдолд үлдэх 5,4%-ийн ажлыг хийж гүйцэтгэх боломжтой гэх тайлбарыг үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг. Ажил гүйцэтгэгч ВЭЭБ ХХК нь гэрээгээр тохиролцсон бүхий л ажлыг 2019.09.25-ны өдрийн дотор гүйцэтгэж захиалагч Нью тур сафарис ХХК-д актаар хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч 2020.03.09-ний өдрийн байдлаар нийт ажлын 94.6%-ийг гүйцэтгэсэн болохыг НТС ХХК-ийн VH&B ХХК-ийн гэрээ дүгнэх инженерийн тодорхойлолт актаар баталгаажуулсан байна. /хавтаст хэргийн 58-60 хуудас/

Талуудын 2018.05.02-ны өдрийн 18-1900 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний 5.1-д Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй, графикт хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гэрээт ажлын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3%-ийн алданги төлнө. Захиалагчийн санаачлагаар албан ёсоор бичгээр ажил зогсоосон нөхцөлд тухайн хугацаанд алданги тооцохгүй гэж анзын талаар тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй. Ажил гүйцэтгэгч ВЭЭБ ХХК нь 2020.03.09-ний өдрийн байдлаар нийт ажлын 94.6%-ийг гүйцэтгэж, санхүүжилт хийгдээгүй гэх үндэслэлээр 2020.07 сард ажлын талбайг орхисон гэж тайлбарлаж байх тул мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д зааснаар ажил гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

НТС ХХК-ийн VH&B ХХК-ийн гэрээ дүгнэх инженерийн тодорхойлолт акт /хх-91-93, 58-60х/-уудыг үндэслэн хариуцагч ВЭЭБ ХХК -ийн ажлын гүйцэтгэлийг 2019.09.25-ны өдрийн байдлаар 89%-тай, 2020.03.09-ний өдрийн байдлаар 94.6%-тай байсан гэж үзэн, нийт ажлын дүн 2,300,000,000 төгрөгнөөс 89%-ийн гүйцэтгэлийн дүн 2,047,000,000 төгрөгийг хасч зөрүү 128,800,000 төгрөгийн 0,3%-иар 2019.09.25-ны өдрөөс 2020.03.09-ний өдрийг хүртэл 5 ар 13 хоног буюу 163 хоногоор алданги тооцоход 62,983,200 төгрөг /128,800,000 х 0,3% = 386,400 төгрөг х 163 хоног = 62,983,200 төгрөг/, мөн нийт ажлын дүн 2,300,000,000 төгрөгнөөс 94,6%-ийн гүйцэтгэлийн дүн 2,175,800,000 төгрөгийг хасч, зөрүү 124,200,000 төгрөгийн 0,3%-иар 2020.03.10-ны өдрөөс 2020.06.30-ний өдрийг хүртэл 113 хоногоор алданги тооцоход 42,103,800 төгрөг /124,200,000 х 0,3% = 372,600 төгрөг х 113 хоног = 42,103,800 төгрөг/ байх тул 62,983,200 төгрөг + 42,103,800 төгрөг = 105,087,000 төгрөг байна.

Иймд хариуцагч ВЭЭБ ХХК -иас алданги 105,087,000 төгрөгийг гаргуулж НТС ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэлийн Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 920,381,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

Хариуцагч ВЭЭБ ХХК нь 2018.05.02-ны өдрийн 18-1900 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний 1.2, 4.2.3-д зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багт баригдаж буй Дарханы Өргөө-палас нэртэй кинотеатр бүхий худалдаа, үйлчилгээний цогцолбор барилгын ажлыг Барилгын норм ба дүрэм, ажлын зураг, стандартын хүрээнд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2.Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж заасан бөгөөд ажил гүйцэтгэгч ВЭЭБ ХХК нь нийт ажлын 94.6%-ийг гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлын барилгын дээвэр болон гадна фасаданд бага зэргийн эвдрэл гэмтэл гарсан талаар маргаагүй. Харин засварлахад гарах зардлын хэмжээний талаар маргаж байна.

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан гомдлын шаардлага гаргах хугацаанд нэхэмжлэгч НТС ХХК нь 2020.01.06-ны өдөр ВЭЭБ ХХК -д гэрээт ажлын гүйцэтгэл дутуу, хүлээлгэж өгөөгүй байгаатай холбогдуулан шаардлага хүргүүлж, ажлын үр дүнг хүлээлгэж өгөх нэмэлт хугацаа тогтоосон. Мөн 2020.05.04-ны өдрийн Протокол-оор барилгын ажлыг дуусгах, дээврээс борооны ус дуслаад байгааг засварлах талаар шаардлага тавьсан байна. /хавтаст хэргийн 75-77 хуудас/

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх-ээр шаардах эрхтэй гэж заасны дагуу НТС ХХК нь доголдлыг арилгах зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

 

Ажил гүйцэтгэгч ВЭЭБ ХХК -ийн 2018.05.02-ны өдрийн 18-1900 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэсэн Дархан-Уул аймгийн Дархан хотод байрлалтай, Бурхант өргөө, Дарханы өргөө палас нэртэй кино театрын барилгын Гадна металл фасадны болон Шилэн фасад, Дээврийн ажил доголдолтой, барилгын дээврээс ус алдсаны улмаас барилгын дотор засалд гэмтэл учирсан бөгөөд чанаргүй хийсэн ажил, ашиглалтын үед чанаргүй ажлаас болж гарсан хохирлыг арилгах зардал 917,437,000 төгрөг болох нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хохирлын тайлан, үнэлгээчин Д.Энхтуяагийн Хөрөнгө үнэлсэн тухай тайлан, түрээслэгч нарын гомдол, барилга угсаралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /1-р хх-16-36, 137-197, 227-250, 2-р хх-1-51, 81-133х/

Хариуцагч ВЭЭБ ХХК нь гадна металл фасадны болон шилэн фасад, дээврийн ажлын доголдлыг арилгахад бага хэмжээний зардал гарах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар баримт шүүхэд гаргаагүй болно.

 

Шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь барилгатай очиж танилцсан бөгөөд дүгнэлтэд барилгын ажлын зургийг талуудаас гаргаж өгөөгүйн улмаас хийгдэх ажлын тоо хэмжээг үнэлгээчин Д.Энхтуяагийн тооцсон хэмжээг үндэслэсэн буюу уг тоо хэмжээг үндэслэлтэй гэж үзсэн нь дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

Иймд хариуцагч ВЭЭБ ХХК -иас ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад гарах зардал 917,437,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шинжээчийн ажлын зардлын тухайд,

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2197 дугаар захирамжаар шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилсон. Шинжээч нь ажлын хөлс 4,000,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд 2021.12.07-ны өдөр Нэхэмжлэх № ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 143 урд талын хуудас/

Шинжээчийн зардлыг хариуцагч нэхэмжлэгч НТС ХХК-иар урьдчилан төлүүлсэн, Нью тур сафарис ХХК нь шинжээчийн зардлыг хуульд заасны дагуу гаргуулахаар шаардаж байна. /хавтаст хэргийн 224-225 хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1Шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ: 53.1.1.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэлийн шаардлагын 81,6%-ийг хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн зардал 4,000,000 төгрөгийн 81,6%-ийг буюу 3,264,000 төгрөгийг хариуцагч ВЭЭБ ХХК -д хариуцуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар ВЭЭБ ХХК -иас 1,022,524,000 /нэг тэрбум хорин хоёр сая таван зуун хорин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж НТС ХХК-д олгож, нэхэмжлэлээс 230,257,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан хариуцагч ВЭЭБ ХХК -иас 3,264,000 /гурван сая хоёр зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж НТС ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар НТС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,421,855 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ВЭЭБ ХХК -иас 5,270,570 /таван сая хоёр зуун далан мянга таван зуун далан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НТС ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА