Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01810

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01810

 

 

НС ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01322 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч НС ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч В ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 920,381,000, алданги 332,400,000 төгрөг, нийт 1,252,781,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Б.Г, Т.Х, хариуцагчийн өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

НС ХХК нь В ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт байрлах Б-Зочид буудал болон үйлчилгээний цогцолбор барих ажлыг гүйцэтгүүлэхээр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж санхүүжилтийг шилжүүлсэн.

Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар В ХХК нь манай компанитай нийт 9 удаагийн Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 12 удаа Ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж инженерийн тодорхойлолт акт үйлдэж, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрээнд заасан ажпыг хугацаандаа хийж гүйцэтгэх талаар албан бичгийг тус тус хүргүүлж, 5 удаа В ХХК-ийн захирал болон менежертэй уулзалт хийж гэрээний биелэлт хангалтгүй байгаа, заасан хугацаанд ажлыг чанартай хийж дуусгах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй төдийгүй чанаргүй, доголтой барилгын ажлыг гүйцэтгэж улмаар компанид их хэмжээний хохирол учруулаад байна. Энэ талаар удаа дараа мэдэгдсэн болно.

Гэвч В ХХК нь гэрээнд заасан 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэрээнд заасан хугацаанд ажлыг 100 хувь хийж захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, улмаар барилгын ажлыг орхиж явсны улмаас чанаргүй дээврээс борооны ус орж барилгын дотор заслын чанарыг алдагдуулж дахин хийх хэмжээнд хүргэсэн болно.

Иймд В ХХК-аас 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт байрлах Б-зочид буудал, кино театрын барилгын чанаргүй ажлын доголдол арилгах зардал 920,381,000 төгрөг, Ажил гүйцэтгэх гэрээний алданги 332,400,000 төгрөг, нийт 1,252,781,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 6,421,855 төгрөгийн хамт гаргуулж НС ХХК-д олгож өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Манай компани нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч байгууллагатай 17-1039 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх болон өр авлага барагдуулах, санхүүжилтийн талаар хамтран ажиллах ерөнхий гэрээ болон Эрдэнэт өргөө кино театрын 17-1041 тоот гэрээ, Дархан өргөө цогцолборын 17-1040 гэрээг тус тус байгуулагдсан.

Манай комппанийн зүгээс өөрийн хөрөнгөөр ажлаа эхлүүлэн нэхэмжлэгч байгууллагын шилжүүлсэн бартерыг борлуулан барилгын ажил гүйцэтгэж ирсэн бөгөөд нэхэмжлэгч байгууллагын толгой компани болох Сод монгол групп ХХК-ийн удирдлагуудын удаа дараагийн шийдвэр болох, барилгын ажлын хийц болон загвар, материалын өнгөний сонголт өөрчлөх, дуусгавар болсон өмнөх гэрээний санхүүжилтийн үлдэгдлийг олгоогүй зэргээс шалтгаалан тухайн ажлын цаг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй байдал удаа дараа үүсч байсан. Энэ талаар нэхэмжлэгч байгууллагын удирдлагад албан бичгээр удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд дээрх бартерт өгсөн бараа материалыг зах зээлийн үнээс хямд борлуулж бид мөн их хэмжээний алдагдал хүлээж байна.

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өр, авлагын хувьд хоёр байгууллага тооцоо нийлсэн. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар ажлын явц 94,6%-тай байна гэж талууд дүгнэснээр манай компанийн авлага 263,884,444,87 төгрөг болж байна. Нэхэмжлэгч үлдэгдэл санхүүжилтыг шийдвэрлэсэн тохиолдолд үлдэх 5,4%-ийн ажлыг хийж гүйцэтгэх бүрэн боломж бидэнд байсан.

Нэхэмжлэлд дурдсан чанаргүй ажлын доголдол арилгах зардал 920,381,000 төгрөг болон гэрээний алданги 332,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн барилгын дээвэр болон гадна фасаданд гарсан эвдрэл гэмтлийг тухайн эвдэрсэн хэсэгт нь шинэчлэн засварлах боломжтой өөрөөр хэлбэл дээвэр фасадыг бүхэлд нь солих шаардлагагүй. Гэрээт ажил нийтдээ 2 тэрбум гаруй төгрөг байсан бөгөөд тухайн барилгад гарсан жижиг хэмжээний гэмтлийг нийт ажил гүйцэтгэсэн төсөвт өртгийн 50%-тай тэнцэх хэмжээний мөнгөөр засварлана гэх шаардлага нь бодит байдалд нийцэхгүй.

Нийт гүйцэтгэсэн ажлыг 94,6%-тай гэж талууд хүлээн зөвшөөрч тухайн тооцоо нийлсэн гэрээнд алданги төлөхөөр тохиролцоогүй, хугацаа алдсан шалтгаан ажил гүйцэтгэгчээс болоогүй. Энэхүү үлдэгдэл төлбөрийг барагдуулсан тохиолдолд бид ажлаа гүйцээж хийх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар В ХХК-иас 1,022,524,000 /нэг тэрбум хорин хоёр сая таван зуун хорин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж НС ХХК-д олгож, нэхэмжлэлээс 230,257,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан хариуцагч В ХХК-аас 3,264,000 /гурван сая хоёр зуун жаран дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж НС ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар НС ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,421,855 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч В ХХК-иас 5,270,570 /таван сая хоёр зуун далан мянга таван зуун далан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч НС ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Манай компани нь НС ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Анх гэрээний хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэж тохирсон боловч захиалагч талын зургийн өөрчлөлт, материалын сонголт өөрчлөгдөх зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан талууд харилцан тохиролцож 2019 оны 09 дүгээр сарьн 25-ны өдөр хүртэл үе шаттай сунгаж гэрээнд өөрчлөлт оруулсан.

Бид захиалагчид хүсэлт тавьж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр болсон. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр талууд гэрээгээ дүгнэсэн бөгөөд нийт хийж гүйцэтгэсэн ажил 94,6 хувь байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэлд дурдсан гадна шилэн болон метал фассадны ажил 93,4-97,3 хувьтай гүйцэттэсэн байсан. Талууд санхүүгийн хувьд өр авлагаа 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дүгнэсэн бөгөөд манай компани 388,387,108 төгрөгийн авлагатай гарсан. Энэхүү тооцоо нийлсэн гэрээ болон ажил хүлээлцсэн гэрээнд талууд алданги төлөхөөр тохироогүй.

Захиалагч үлдэгдэл төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгөөгүй учир бид ажлаа зогсоож 94,6 хувийн гүйцэтгэлтэйгээр захиалагчид ажлыг нь хүлээлгэн өгөөд явсан. Гэтэл захиалагч манай компанид холбогдуулан ажлын доголтой холбогдуулан 1 тэрбум 200 сая гаруй төгрөг нэхэмжилж шүүхэд хандсан. Захиалагч тал өөрийн хүсэлтээр хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчин Д.Э-д мөнгө төлж ямар ч үндэслэлгүй 920,381,000 төгрөгийн зардал гаргаж доголдлыг арилгана гэх утгатай үнэлгээ хийлгэсэн байсан.

2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр болсон анхан шатны шүүх хуралдаанд нэг талын хүсэл зоригоор хийгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбараа өгч анхан шатны шүүх хөндлөнгийн шинжээчээр хохирол учирсан эсэхэд үнэлгээ хийлгүүлэхээр болсон. Гэтэл анх үнэлгээ хийсэн хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээчин Л.Оюунзул дүгнэлт гаргасан боловч өмнөх үнэлгээ гаргасан Д.Э-гийн үнэлгээг бараг хуулаад тавьчихсан байсан. Хариуцагч байгууллагын өмгөөлөгч 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан эхлэх үед шинжээч Л.Оюунзулыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулж дээрх хууль зөрчсөн үйлдлийнх талаар асуух шаардлагатай гэж хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж авалгүй гомдол гаргах эрхгүй гэж захирамж гарган шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хөндлөнгийн шинжээч томилж үнэхээр доголдол байгаа эсэх, тухайн доголдол үүссэн цаг хугацааг тогтоох боломжтой эсэх, талууд ажил дүгнэх акт үйлдэх үед тухайн доголдолыг илрүүлэх боломжтой байсан эсэх, тухайн доголдол захиалагч гүйцэтгэгч нарын хэн буруутайг тогтоолгож хариуцах хариуцлагын хэмжээг югтоолгож шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Мөн дээрх барилгуудыг улсын комисс хүлээн авсан нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч тал ажлаа хугацаанд нь хийж гүйцэтгээгүй учраас гэрээний хугацааг удаа дараа сунгаж, алданги тооцсон. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр барилга байгууламж ашиглалт комиссын дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд 3 блок барилгын зөвхөн 2,3 давхар буюу А, С блокыг ашиглалтад оруулахыг хүлээн зөвшөөрсөн. Үндсэн 8 блок барилгыг өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй. Хариуцагч компани гэрээнд заасан ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн бол нэхэмжлэгч компани үйл ажиллагаа явуулж ашиг орлого олох боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч НС ХХК нь хариуцагч В ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохиролд 920,381,000 төгрөг, алдангид 332,400,000 төгрөг, нийт 1,252,781,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлын гүйцэтгэл 94,6 хувь гэж талууд хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн, гэрээнд алданги төлөхөөр тохиролцоогүй, үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэсэн тохиолдолд үлдэх 5,4%-ийн ажлыг хийж гүйцэтгэх боломжтой гэж маргажээ.

 

2. Нэхэмжлэгч НС ХХК, хариуцагч В ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч В ХХК нь захиалагчийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р багт баригдаж буй Дарханы Өргөө палас нэртэй кинотеатр бүхий худалдаа, үйлчилгээний цогцолбор барилгын гэрээний 2.1-д заасан 27 нэр төрлийн ажлыг хийж гүйцэтгэн 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, захиалагч нь гүйцэтгэгчид 2,300,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон байна./1хх 6-11, 52-57/

 

2.а. Талууд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дээрх ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ №1-ээр барилгын фасадыг зургийн дагуу 470,000,000 төгрөгийн хөлсөөр хийж гүйцэтгэх, гэрээний дуусах хугацааг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байхаар, гэрээний №2-т нэмэлтээр хоёр барилгын хооронд сендвичен дээвэр хийх, үүдний хэсгийн орон зайн хучилт, дээврийн усны хаялга хийх, дотор өрлөгийн ажил зэргийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх, гэрээний хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байхаар тус тус тохиролцжээ./1хх12-14/

2.б. Хариуцагч нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор гэрээгээр тохиролцсон ажлуудыг хийж гүйцэтгэн нэхэмжлэгчид актаар хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байх ба 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар нийт ажлын 94.6 хувийг гүйцэтгэсэн болохыг нэхэмжлэгч НС ХХК-ийн VH&B ХХК-ийн гэрээ дүгнэх инженерийн тодорхойлолт актаар баталгаажуулжээ./1хх 58-60/

3. Нэхэмжлэгч нь дээрх 94,6 хувийн ажлын гүйцэтгэл барилгын дээвэр болон гадна фасадад гарсан гэмтлийг оруулан тооцсон гэж тайлбарласан атлаа доголдлыг арилгах зардалд 920,381,000 төгрөг нэхэмжилсэн байна.

3.а. Хариуцагчийн хийж гүйцэтгэсэн барилгын А болон С блокыг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт-аар тухайн барилга байгууламжийг барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн байх ба, маргаж буй доголдол барилгын С блокт хамаарна гэж талууд тайлбарлаж байна./2хх65-69/

3.б. Мөн зохигчид уг барилгын дээврийн доголдлыг өөр компаниар 45,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн талаар тайлбарлаж байх ба, энэ талаар холбогдох нотлох баримтгүй байна. Эдгээрээс үзэхэд ажлыг хэрэв өөр компаниар гүйцэтгүүлсэн гэж үзвэл одоо нэхэмжилж буй доголдол аль компанийн гүйцэтгэсэн ажлаас үүссэн болох нь тодорхойгүй гэж үзэхээр байна.

4. Хөрөнгийн үнэлгээчин Д.Э-ийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Б-кинотеатрын барилгын чанаргүй ажлын доголдол арилгуулах зардлыг тооцсон бичгийн баримтыг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байх ба, шүүхээс шинжээчээр томилогдсон ХҮТ ХХК нь Д.Э-гийн хийгдэх ажлын тоо хэмжээг үндэслэн дүгнэлтийг гаргасан байх тул шинжээч хараат бусаар бие даан дүгнэлтийг гаргасан гэж үзэх боломжгүй. ХҮТ ХХК буюу төсөвчин Л.О нь барилгын ажлын доголдолтой эсэхийг тогтоож, доголдлыг арилгах зардлыг тогтоох тусгай зөвшөөрөл бүхий этгээд мөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. /хх 16-36, 143-197/

5. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ барилгын ажилтай холбоотой нийт 9 удаа гэрээ байгуулсан гэх боловч хэрэгт дээр дурдсан 3 гэрээг авагдсан, бусад гэрээнүүд нь тухайн нэхэмжлэлд хамааралтай эсэх нь тодорхойгүй, гэрээгээр тохиролцсон ажлаас аль хэсэг нь доголдолтой талаар талууд мэтгэлцээгүй, барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн өөр этгээд байсан эсэх, өөр этгээдээр ажлыг гүйцэтгүүлсэн бол улсын комисс барилгын зарим хэсгийг хүлээж авахаас өмнө эсхүл хойно ямар цаг хугацаанд гүйцэтгэсэн болох, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад гэрээгээр тохиролцсон ажлын дутуу 5,4 хувь хамаарч байгаа эсэх зэрэг асуудлууд тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан үндэслэл, шаардлагад холбогдох хамааралтай асуудлаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагаа явагдаагүй гэж үзэхээр байна.

Дээрх ажиллагаануудыг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01322 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,270,570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

  ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ