Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2022/02331

 

 

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2022/02331

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** байрлах, ***ХХК-ийн /РД:***/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч:***-д байрлах, *** ХХК-д /РД:***/ холбогдох,

Гэрээг цуцалж, хохиролд 23,200,000 /хорин гурван сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *** ХХК нь 2017 оны 11 сард интернэтийн хурдаа нэмэгдүүлж, интернэт үйлчилгээг 37% хөнгөлөлттэйгөөр сар бүр 550,000 төгрөгийн үнэтэй /НӨАТ орсон/ үйлчилгээ авахаар *** өдөр гэрээгээр баталгаажуулсан. Хариуцагчийн ***-ны өдрөөс ***-ны өдрийг хүртэлх үйлчилгээний төлбөр 15,950,000 төгрөгийг анх үүсэх цагаас нь удаа дараа төлөх шаардлага тавьж, үйлчилгээг зогсоох хүртэл арга хэмжээ авч өнөөдрийг хүртэл хүлээсэн ба хариуцагч үйлчилгээг зогсоох бүрт гар өргөдөл болон утсаар хүсэлт гаргаж интернэтийн үйлчилгээгээ нээлгэж байсан. Хорио цээр, цар тахлын үеэр орлого муу байна, удахгүй төлнө шүүх, хяналтын байгууллага оролгүйгээр асуудлыг дуусгая гэж хойшлуулж, тавьж буй хүсэлтээ албан бичгээр ирүүлвэл асуудлыг шийдэх боломжтой гэхэд одоохон явуудья гээд удаа дараа алга болчихдог, оффис дээр нь очиход захирал нь байдаггүй, утсаа авдаггүй. ***-ны өдөр үүссэн өр төлбөрөө барагдуулах тухай лавлахад танайхаас үйлчилгээ авахгүй, өртэй байх ёсгүй гэж утсаа салгасан тул ***-ний өдрийн дотор барагдуулах албан бичиг хүргүүлсэн тул ***-ны өдрөөр гэрээг дуусгавар болгож, өр төлбөр 15,950,000 төгрөгийг /НӨАТ орсон/, хохирол 7,250,000 төгрөгийн хамт гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргах учир юуны өмнө нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх тайлбар, татгалзал, нотлох баримт, хүсэлтээ гарган өгөх болно. Дээрх нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч хөлсөлж амжаагүй байгаа тул хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ авсны дараа хариу тайлбар гаргахаар ажиллаж байна гэжээ.

 

Шүүхэд нэхэмжлэгчээс *** ХХК-ийн албан бичгүүд, Өр төлбөрийн тооцоо, Төлбөр төлсөн баримт, Нэхэмжлэх, ***-ны өдрийн болон ***-ны өдрийн Интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хавсралтын хамт/, *** ХХК-ийн Интернэт хэрэглээний зураг баримтыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

***ХХК нь *** ХХК-д холбогдуулан гэрээг цуцалж, хохиролд 23,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул гэрээг дуусгавар болгож, төлбөрийг хохирлын хамт гаргуулна гэж тайлбарлав.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигч ***-ны өдөр Интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулан, сар бүр 500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.

***ХХК нь *** ХХК-тай 2020.10.28-ны өдөр Интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээг дахин байгуулж, сарын суурь хураамж нь 763,000 төгрөгийн үнэтэй үйлчилгээг 37% хөнгөлөлттэй, сар бүр 500,000 төгрөгөөр үзүүлэхээр тохиролцсон ба суурь хуураамжид НӨАТ орсноор сар бүр 550,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэг хүлээсэн байна.

Гэрээний нөхцөл агуулгаас дүгнэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах эрх зүйн харилцаа үүсэн байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийн зохицуулалт үйлчлэх юм.

Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон Интернэтийн үйлчилгээг гэрээний хугацаанд үзүүлэх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Хариуцагчийн өмнө нь төлсөн төлбөр нь 2017.11.17-ны өдрийн гэрээний төлбөрт суутгагдсан, үйлчилгээний төлбөрт 15,950,000 төгрөгийг төлөөгүй нь хэргийн үйл баримтаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ.

Талууд гэрээний 5.11 дэх заалтаар гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн тохиолдолд хугацаанаас нь өмнө гэрээг цуцлахаар тохиролцсон, 2019.08.27-ны өдрөөс 2022.01.27-ны өдрийг хүртэл төлбөр төлөх үүргээ хариуцагч зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалж төлбөрийг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан ба тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь дээрх хугацаанд үзүүлсэн үйлчилгээнийхээ 37% хөнгөлөлтийг хохиролд тооцон шаардаж байгааг буруутгах боломжгүй юм.

 

Иймд хариуцагчаас үлдэгдэл төлбөр 15,950,000 төгрөгийг хохирол 7,250,000 төгрөгийн хамт гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 277,525 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 277,525 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Хариуцагч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан /РД:***/ *** ХХК-иас 23,200,000 /хорин гурван сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан, ***ХХК-д /РД:***/ олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 277,525 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 277,525 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ