Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01555

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01555

 

2022.08.22 №1555 Магадлал

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/02331 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Э ХХК

Хариуцагч: Д ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээг цуцалж, хохиролд 23,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д ХХК нь 2017 оны 11 дүгээр сард интернэтийн хурдаа нэмэгдүүлж, интернэт үйлчилгээг 37 хувийн хөнгөлөлттэйгөөр, сар бүр 550,000 төгрөгийн үнэтэй /НӨАТ орсон/ үйлчилгээ авахаар 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гэрээг баталгаажуулсан. Хариуцагч 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх үйлчилгээний төлбөр 15,950,000 төгрөг төлөөгүй тул 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор барагдуулах албан бичиг хүргүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөр гэрээг дуусгавар болгосон. Иймд төлбөр 15,950,000 төгрөг /НӨАТ орсон/, хохирол 7,250,000 төгрөг, нийт 23,200,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй талаарх тайлбар, татгалзал, нотлох баримт, хүсэлтээ шүүхэд гаргах болно. Дээрх нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч хөлсөлж амжаагүй байгаа тул хуулийн зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ авсны дараа хариу тайлбар гаргахаар ажиллаж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д ХХК-иас 23,200,000 төгрөг гаргуулан, Э ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 277,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 277,525 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу хурлын тов мэдэгдээгүй. Энэхүү хэргийн шүүх хуралдаан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт товлогдсон талаар хариуцагчийн өмгөөлөгч нарт мэдэгдэхгүйгээр шүүх хуралдаан хийсэн. Тодруулбал, уг хэргийн өнгөрсөн удаагийн хуралдаанаар өмгөөлөгч бид хурал давхардсан үндэслэлээр хүсэлт өгсөн байсан тул хуралд оролцож чадаагүй бөгөөд шүүхээс бидний хүсэлтийг хангасан. Хэргийн шүүх хуралдааныг хэдний өдөр болгож хойшлуулсан талаар мэдээлэл авч чадаагүй. Улмаар хуралдааны нарийн бичгээс тов асуухад 09:00 цагт хуралтай гэж тус өдрийн 08.40-д хэлсэн. Гэвч хариуцагчийн өмгөөлөгч нар нь мөн өдрийн 09:30 цагт Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хуралтай байсан тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг 09:00 цаг гэхэд Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхэд туслах ажилтнаараа хүргүүлсэн. Нарийн бичгийн дарга хариуцагчийн төлөөлөгчид тов мэдэгдсэн баримт дээр өмгөөлөгчид дамжуулна гэсэн үгийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өөрөө гараараа бичсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76, 77 дугаар зүйлд заасны дагуу шүүхээс дээр дурдсаны аль ч хэлбэрээр өмгөөлөгч бидэнд мэдэгдэх оролдлого хийгээгүйн дээр өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны товыг асуухад ч хурлын товыг мэдэхгүй гээд хэлж өгөөгүй.

4.2 Түүнчлэн, өмгөөлөгч нарын зүгээс дээрх нөхцөл байдлыг тайлбарлаж, өмгөөлөгч нарт мэдэгдсэн буюу давхардсан өөр хуралтай тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт явуулсан боловч уг хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэхээр хурал завсарлаагүй, хүсэлт шийдвэрлээгүй үндэслэлийг тодорхойлсон захирамж гараагүйн дээр хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэнтэй холбоотой үйл баримт мөн өдрийн хурлын тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байна.

4.3. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогддоггүй. Тухайлбал, талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр СО/INT/201006 дугаартай Интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ гэрээний Батлав хэсэгт Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Пунсанцогвоо гэх нэрийн дор гарын үсэг зурсан хүн нь Г.Пунсанцогвоо биш төдийгүй хэний гарын үсэг болох нь тодорхойгүй. Мөн гэрээнд Д ХХК-ийг төлөөлж менежер Г.Батжаргал гарын үсэг зурж гэрээ байгуулсан байгаа боловч тус компаниас Г.Батжаргалд гэрээ байгуулах эрх олгож байгаагүй. СО/INT/201006 дугаартай Интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний 5.3-д сарын интернэтийн үйлчилгээний төлбөрийг сард 500,000 төгрөг байхаар тусгасан боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ сард 550,000 төгрөгийн гэрээтэй гэж нэхэмжилсний дээр шүүхээс ч нэхэмжлэлийн шаардлагыг холбогдох баримтыг үндэслэхгүйгээр хангасан байна. Э ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн СО/INT/201002 дугаартай интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ нотлох баримтын шаардлага хангагдаагүйн дээр тус гэрээг Э ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал Ч.Энхтөр байгуулсан болох нь тодорхой харагддаг. Мөн Э ХХК-ийг үйлчилгээний төлбөр гэж 2021 оны 06 дугаар сарын хүртэл өгч байсан нь хэрэгт авагдсан. Гэтэл Э ХХК болон Д ХХК нь тус тусдаа бие даасан хуулийн этгээдүүд бөгөөд харилцан хамааралгүй байхад энэ компанитай байгуулсан гэрээг үндэслэж, үргэлжлүүлэн төлбөр тооцооны асуудал үүсгэж, хэрэгт баримтаар гаргаж өгсөн нь тодорхойгүй байна.

4.4 Нэхэмжлэгч Д ХХК нь 2017 оны 11 дүгээр сараас эхлэн интернэтийн хурдаа нэмэгдүүлж 8mbps хурдтай интернэт үйлчилгээг 37 хувийн хөнгөлөлттэйгөөр сар бүр 550,000 төгрөгийн үнэтэй авах болсон мэтээр нэхэмжлэл гаргаж холбогдох баримтыг өгсөн байдаг. Гэвч хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн СО/INT/171107 дугаартай Интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-д зөвхөн нэхэмжлэгч компани гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан боловч Д ХХК-аас төлөөлж гарын үсэг зурсан, тамга тэмдэг дарсан зүйл огт байхгүй. Д ХХК нь тус компанийн интернэт үйлчилгээг тодорхой хугацаанд ашиглаж байсан боловч нэхэмжлэгч нь харилцан тохиролцсон хурд, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхгүй байсан. 2021 оноос эхэлсэн ковид-19 цар тахлын улмаас зочид буудлын үйл ажиллагааг хязгаарласан тул Д ХХК нь нэхэмжлэгчийн шаардлага гаргасан хугацаанд үйл ажиллагаа явуулаагүйн дээр энэ үед интернэт үйлчилгээг ашиглаагүй ба тийнхүү ашиглах боломж байгаагүй. Интернэтийн үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн талаар шаардлага хангасан баримт байхгүйгээр, эрх бүхий этгээдийн байгуулаагүй гэрээг барьж ийнхүү нэхэмжлэл гаргасан үндэслэлгүй бөгөөд талууд энэ талаар мэтгэлцэх шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Шүүх хуралдааны товыг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагт гэдгийг өмгөөлөгч Б.Батбаярт мэдэгдсэн болохыг дурдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүх хуралдааны товыг мэдсэн, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байдлыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Гэтэл хариуцагчийн зүгээс манайх 2 өмгөөлөгч оролцуулна гэх хүсэлтийг шүүхэд албан бичгээр ирүүлсэн. Мэдэгдсэн өдрөөс хойш хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй, хэргийн материалтай танилцаагүй. Зөвхөн 05 дугаар сарын 30-ны өдөр, 06 дугаар сарын 15-ны өдөр, 20-ны өдрийн хурлуудад Б.Батбаяр өмгөөлөгч өөр шүүхэд шүүх хуралтай байна гэх байдлаар шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Эдгээр хүсэлтүүдийн дагуу шүүх хуралдаан хариуцагч талын өмгөөлөгч авах, оролцуулах боломжийг хангана гэх байдлаар хойшилж байснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд албан ёсоор оролцож байсан өмгөөлөгч биш юм.

5.1 Мөн шүүхэд холбоо барих утасны дугаарыг өгөөгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлөөгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэл болон нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Д ХХК нь Э ХХК-тай 2012 оноос интернэтийн үйл ажиллагааг нэхэмжлэгч байгууллагаас авсан. 2017 онд Э ХХК гэх нэрийг сольж Д ХХК-аар гэрээ байгуулсан. Хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Д ХХК-тай байгуулсан интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ авагдсан. Уг гэрээ нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулагдсан. Талууд гэрээний хугацаа дуусгавар болохоос 30 хоногийн өмнө мэдэгдэл гаргаагүй бол 1 жилээр сунгагдана гэсэн тохиролцоотой гэрээ юм. Уг гэрээний үндсэн төлбөр 500,000 төгрөг, НӨАТ нэмэгдэж 550,000 төгрөг болсон. Нэхэмжлэлийн хамрах хугацаа 2019 оны 08 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэл нийт 29 сарын интернэтийн төлбөр төлөгдөөгүй гэж нэхэмжилсэн. Хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс өмнөх байгуулагдсан гэрээнд хариуцагч талаас гарын үсэг зурж батлаагүй байдаг.

5.2 Батлаагүй хувилбарыг бид нотлох баримтаар өгсөн. Гэхдээ хэрэгт Д ХХК нь 2019 оны 06 дугаар сараас 2020 оны 06 дугаар сар хүртэл 6,600,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гэдгийг хүлээн зөвшөөрч албан бичгээр хүргүүлж байсан. Худалдах, худалдан авах гэрээ заавал бичгээр байгуулах хуулийн шаардлагагүй. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар өр төлбөр үүссэн гэдгийг нотолж байгаа үйл баримт юм. Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж, төлөгдөөгүй төлбөрийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргаж байгаа хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой нөлөөлсөн гэдэг тайлбар нь үндэслэлгүй учир гомдлыг хүлээн авахгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан гэрээг цуцалж, хохиролд 23,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагчийн өмгөөлөгч нар 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна. /хх 72-73/

3.а. Шүүхээс хариуцагчийн төлөөлөгчид 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр мэдэгдсэн байна. Иймд шүүх хуралдааны тов мэдэгдэх талаарх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзэхгүй. /хх 69/ Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлөөлөгч өөрийн өмгөөлөгчид тов мэдэгдэнэ гэснийг нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаст тусгасан байна. Иймд өмгөөлөгчид мэдэгдээгүй хурал хийсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

4. Харин анхан шатны шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч нарын шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байна. Тодруулбал, анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийг шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг захирамж гарган шийдвэрлэх ёстой байсан. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэснийг зөрчсөн.

5. Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан гэх 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн CO/INT/71107 дугаар, эсхүл 2012 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн СО/INT/201006 дугаар гэрээний дагуу харилцан үүрэг үүссэн эсэх, мөн хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн болон 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн албан бичигт дурдагдсан төлбөр нь аль гэрээний үлдэх үүрэг болох, уг төлбөрийн үлдэгдэл нь аль гэрээний үүрэгт хамааралтай эсэх, хариуцагч нь тухайн үүргийг бусдаас шилжүүлж авсан эсэх зэрэг нөхцөл байдал тодорхойгүй байна.

6. Дээрх байдлаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй болсон.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/02331 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,525 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН