Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0434

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А********** ХХК /РД:********/

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, Монгол Улсын Засгийн газар нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаа байсныг тогтоолгох, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.З*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д*********, Р.Э********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Шүүх А********** ХХК-иас гаргасан А********** ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хамгаалалтад авах замаар тусгай хэрэгцээнд авсан тул XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгох, Ашигт малтмалын хайгуулын XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасан талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт заасны дагуу гаргахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, холбогдох шийдвэрүүд гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэсэн.

1.2. Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, А********** ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хамгаалалтад авах замаар тусгай хэрэгцээнд авсан тул XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгох, Ашигт малтмалын хайгуулын XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасан талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын хариу хууль бус болохыг тогтоож, А********** ХХК-ийн дүйцүүлэн тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газар болон Монгол Улсын Засгийн газарт даалгах тухай болгон өөрчилж, маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч А********** ХХК нь Говь-Алтай аймгийн Төгрөг, Бугат сумын нутагт байрлах ашигт малтмалын хайгуулын XV-016656 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан.

2.2. Тус тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2006 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр Илчит эрдэс ХХК-д олгож, Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 981 тоот шийдвэрээр Эрин говь ХХК-д шилжүүлсэн.[1]

2.3. Нэхэмжлэгч А********** ХХК нь дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 533 тоот шийдвэрээр Эрин говь ХХК-иас шилжүүлэн авсан.

2.4. Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 68 дугаар тогтоол гаргасан.[2]

2.5. Улмаар дээрх тогтоолын дагуу XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хамгаалалтад оруулах замаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан.

2.6. Мөн Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/1334 дугаартай албан тоотоор[3] Ашигт малтмал, газрын тосны газарт ... тусгай хамгаалалтад авсан талбай нь А********** ХХК-ийн XV-016656 тоот тусгай зөвшөөрөлтэй бүхлээрээ давхцаж байгаа тул тус хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэсэн хүсэлтийг өгч байсан.

2.7. А********** ХХК-ийн зүгээс Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан.[4]

2.8. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 112/ШШ2019/0031 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь хуулийн хүчин төгөлдөр болсон.[5]

2.9. Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай тогтоолыг дахин гаргасан.[6]

2.10. Энэхүү тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбай нь нэхэмжлэгч А********** ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайтай мөн бүхэлдээ давхцалтай.

2.11. Нэхэмжлэгчээс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А-21/01 тоот албан бичгээр Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хандан хүсэлт гаргасан[7] байх бөгөөд тус хүсэлтийн агуулга нь ... талбайг тусгай хэрэгцээнд авсан үндэслэлээр манай компани өөрийн үйл ажиллагаанаас хамаарахгүй шалтгаанаар XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэх агуулгатай.

2.12. Дээрх хүсэлтэд Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/109 дугаартай албан тоотоор[8] ... Орон нутгийн 2021 оны төсөвт танай компанид нөхөх олговор олгох зардал тусгагдаагүй, энэ төрлийн зардлыг орон нутгаас гаргах боломжгүй тул хүсэлтийн дагуу нөхөх олговор олгох боломжгүй байна. Иймд Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу дүйцүүлэн тусгай зөвшөөрөл авах асуудлаа ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн.

2.13. Мөн нэхэмжлэгчээс 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А-21/02 тоот албан бичгээр[9] Ашигт малтмал, газрын тосны газарт хандан хүсэлт гаргасанд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 8/2553 тоот албан бичгээр ... газрын нөхөх олговрыг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэхээр зохицуулсан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт ... зааснаар тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно гэж заасан байгааг уламжилж байна гэсэн хариу өгсөн.[10]

2.14. Нэхэмжлэгч А********** ХХК-иас 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 0301 дугаартай албан бичгээр[11] Монгол Улсын Засгийн газарт хандан ... Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.13 дахь заалтад заасны дагуу тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэх агуулгатай хүсэлт гаргасан.

2.15. Дээрх хүсэлтийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ХЭГ/590 дугаартай албан тоотоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлсэн.[12]

2.16. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/844 тоот албан бичгээр тус хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад шилжүүлсэн.[13]

2.17. Нэхэмжлэгчийн зүгээс ... манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-016656 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайг Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар тогтоол, мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор бүхэлд нь тусгай хамгаалалтад авсны улмаас манай компани талбайдаа хайгуул хийх, улмаар тухайн талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Ийм харилцаа байсныг тогтоолгох зайлшгүй шаардлагатай. Мөн үүнээс болж манай компани үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-т заасан талбайгаас дүйцүүлэн тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар болон Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан боловч уг хүсэлтийг хариуцагч нар нь шийдвэрлэхээс зайлсхийж, манай компанийн нөхөх олговор авах эрхийг зөрчиж байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар шүүхэд хандан маргаж байна ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.18. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар болон хамтран хариуцагч Монгол Улсын Засгийн газрын зүгээс ... Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас А********** ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-016656 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 3 удаа сунгаж, 12 жилийн буюу уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа тус газрын УУККСистемд 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл байсан бөгөөд энэ хугацаагаар тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу тус компани нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаандаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй. Тус компанийн ХV-016656 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-т тус тус заасан нөхөх олговор авах зохицуулалт хамаарахгүй буюу тус компани нь нөхөх олговор авах эрх үүсэх хууль зүйн боломжгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор албан ёсоор тайлбарласан. Тус тайлбарт хуулийн 9.1.13-т заасан тусгай хэрэгцээнд авах гэдгийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тохиолдлыг хамааруулахгүй гэж тайлбарласан тул тус компани Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын дагуу дүйцүүлэн талбай шаардах эрхгүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... А********** ХХК нь Говь Алтай аймгийн Төгрөг, Булган сумын нутагт байрлах ашигт малтмалын хайгуулын XV-016656 тоот тусгай зөвшөөрлийг 2011 оноос хойш эзэмшиж байгаа бөгөөд Ашигт малтмалын тухай хуулиар хүлээсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлж тусгай зөвшөөрлийн төлбөрөө хууль тогтоомжийн дагуу төлсөн. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой хайгуулын ажлын тайлан төлөвлөгөө, байгаль орчны менежментийн төлөвлөгөө хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд А********** ХХК нь уг зөвшөөрлийн төлбөр болон хайгуулын ажилд нийт 3,158,129,000 төгрөгийг зарцуулсан. А********** ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ үүргийг биелүүлж, тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул хийж ашигт малтмалын орд нээн илрүүлэх зорилгоор олон жил ажилласан.

2017 оноос Говь-Алтай аймгийн Төгрөг сумын иргэдээс тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажил хийх боломжгүй болгож, улмаар Төгрөг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 68 дугаар тогтоол, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 14 дүгээр тогтоол гарч тусгай зөвшөөрлийн талбай тусгай хамгаалалтад авах тухай шийдвэрт бүхэлдээ давхцалтай болсон. Тусгай зөвшөөрлийн талбайд цаашид үргэлжлүүлж орон нутгаас байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулах, хайгуулын ажил явуулах, зөвшөөрөл авах боломжгүй байдал үүссэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т Тусгай хэрэгцээний газар гэж Газрын тухай хуулийн 17,18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг хэлнэ. Үүний дагуу Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус компанийн тусгай зөвшөөрлийн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан тусгай зөвшөөрөл олгож болно гэсэн хуулийн зохицуулалттай. Орон нутгаас тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсантай холбоотойгоор Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн мэдээллийн санд тусгай зөвшөөрлийн тусгай хэрэгцээнд авсан үлдэгдлийн мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээлэл бүртгэгдсэнтэй холбоотой манай компанийн нөхөн олговрыг нэг жилийн дотор шийдвэрлэх ёстой. Нөхөн олговрыг хэрхэн олгох талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Нөхөх олговрыг дүйцүүлэн тусгай зөвшөөрөл олгох замаар шийдвэрлэж байгаа учраас дүйцүүлэн тусгай зөвшөөрөл олгох хүсэлтээ Ашигт малтмал, газрын тосны Геологи уул уул уурхайн кадастрын хэлтэс болон хуулиар бүрэн эрх олгогдсон Засгийн газарт гаргасан. Дүйцүүлэн тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлээгүй. Төрийн захиргааны байгууллагын шийдвэрээс үндэслэж тухайн талбайг тусгай хэрэгцээнд авсан учраас тусгай зөвшөөрлийн талбайд үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон эрх зүйн харилцаа үүссэн. Эрх зүйг харилцааг тогтоолгох хүсэлттэй байна. Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл заалтын дагуу тусгай зөвшөөрлийн нөхөх олговрыг Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан дүйцүүлэн талбай олгохоор тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс болон хариуцагч Засгийн газарт даалгаж шийдвэрлэж өгнө үү...

Манай компанийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байна. Орон нутагт тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан. Нөхөн олговор авъя гэхэд орон нутаг санхүүгийн хувьд шийдэх боломжгүй. Орон нутгийн төсөв нь хайгуул хийсэн хэмжээний төсөвтэй учраас энэ төрлийн зардлыг орон нутгаас гаргах боломжгүй. Тус талбайд дүйцүүлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан. Дүйцүүлэх тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах эрх нь Засгийн газар болон Ашигт малтмал, газрын тосны газарт байгаа учраас хариуцагч байгууллагуудыг татаж маргаанд оролцуулсан. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө орон нутгийн тусгай хэрэгцээнд авснаар тус компани үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгох зүй ёсны шаардлага байна. Орон нутагт нөхөх олговрын асуудлыг тохиролцож чадахгүй бол төрийн захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ гэсэн хуулийн заалтыг хэрэглэх асуудал гарч ирнэ. Төрийн захиргааны байгууллага нь үйл ажиллагааны чиглэл нь тодорхойгүй тул ямар захиргааны байгууллагад хандах нь тодорхойгүй. Үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан эрх зүйн харилцаа байсан гэдгийг шүүхээр тогтоолгох, Ашигт малтмал газрын тосны газар нөхөх олговор олгохоос татгалзаад байгаа нь хууль бус байна. Хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж хариу өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү. гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бичгээр гаргасан тайлбараа бүрэн дэмжиж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Орон нутагт газрыг тусгай хэрэгцээнд авсан эрх зүйн зохицуулалтыг зохицуулж өгсөн. Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж заасан. Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан учир Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу орон нутаг нь нэг жилийн дотор нөхөн төлбөр олгох боломжтой байсан. Нэг жилийн дотор нөхөн олговор аваагүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа Ашигт малтмалын тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах бүрэн эрхтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж заасан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай хэрэгцээнд авсан байгууллагатайгаа нөхөн олговрыг хэрхэн барагдуулах талаар харилцан тохиролцох үүрэгтэй. Тус үүргээ хэрэгжүүлсэн эсэх нь тодорхой биш байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно гэж заасан. Өнөөдрийг хүртэл төрийн захиргааны байгууллагаар нөхөн олговрын хэмжээгээр тогтоолгох хүсэлтийг нэхэмжлэгч компани гаргаагүй. Иймд дүйцүүлэх талбай олгох асуудал хууль зүйн үндэслэлгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэж заасан. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...

Нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан харилцааг тогтоолгох нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй гэж хэлж байгаа боловч үйл ажиллагаа явуулаагүй болохыг нотолсон баримт хавтаст хэрэг байхгүй байна. Нөхөн олговор авах, хариу өгч шийдвэрлэхийг даалгуулах талаар төрийн захиргааны байгууллагад хандаагүй байж ямар хариу авах вэ? Тусгай зөвшөөрлийг анх 2006 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Илчит-Эрдэс ХХК-д олгосон. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн 12 жил эзэмших эрхтэй. Дунд нь нэг жил яасан нь мэдэгдэхгүй тасраад 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон. Тусгай зөвшөөрөл дуусгавар болохоос 6 хоногийн өмнө Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тусгай хэрэгцээнд авсан үйл баримтыг яриад нөхөн олговор авах ёстой гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. 12 жилийн хугацаанд үр дүнг баталгаажуулаад ашиглалтын өргөдөл гаргах, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө батлуулах боломжтой байсан. Нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хавтас хэрэгт цугларсан баримтаар ямар ч баримт нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл гэдэг нь тодорхой хэмжээний эрдсийн хуримтлал бүхий талбайд эрж хайж олоход чиглэгдсэн үйл ажиллагаа байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг анх 3 жилийн хугацаагаар олгож 3 удаа сунгадаг. Нэхэмжлэгч хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч компани 12 дахь жилийн хугацаа нь 2019 оны 09 дүгээр сард дууссан. Энэ хугацаанаас өмнө хайгуулын ажлын үр дүнгийн тайлан боловсруулаад Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулаад А лиценз авах, орд нөөц тогтоох бүрэн боломж байсан. Тус ажиллагаа явагдаагүй.

Хайгуулын хүчин төгөлдөр хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Ашигт малтмал газрын тосны газрын чиг үүргийн зааж өгсөн байдаг. 11.8-д Тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хөтлөх гэж заасан. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой шилжилт хөдөлгөөн, хязгаарласан, хориглосон талбай, орон нутгийн болон улсын тусгай хэрэгцээний газруудыг бүртгэдэг. Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан бол авч байгаа байгууллага нь ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлж шаардлага хангавал зураг зүйн бүртгэлд бүртгэдэг зохицуулалттай. Тусгай зөвшөөрлийн талбайг кадастрын зураг зүйн шүүлтээр шүүж үзэхэд 2020 оны 14 дүгээр тогтоол бүртгэгдсэн. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсноос хойш 1 жилийн дараа орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байсныг бүртгэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно гэж заасан нь хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хувьд яригдах ёстой. Монгол Улсын дээд шүүх 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасныг тайлбарласан. Улсын тусгай хэрэгцээнд авах зорилгоор гэдгийг тайлбарлахдаа Газрын тухай хуулиар Улсын Их хурал болон Засгийн газарт онцгойлон өгөх бүрэн эрх олгосон улсын тусгай хэрэгцээнд авч байгаа тохиолдлуудыг ойлгоно. Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр орон нутгийн хэрэгцээнд авч байгаа тохиолдлыг уг заалт хамаарахгүй гэж тайлбарласан. Орон нутгийн тусгай хэрэгцээнд хамаарагдахгүй. Хүчин төгөлдөр хугацаа нь дууссаны дараа орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан бол ямар нэгэн эрх ашиг хөндөгдөхгүй. Хүчин төгөлдөр байхад нь тусгай хэрэгцээнд авч хүчин төгөлдөр бүртгэгдсэн бол орон нутагт тусгай хэрэгцээнд авсан байгууллагатай нөхөн олговрыг ярих ёстой. Нэг жилийн хугацаанд олговрыг тохиролцох ёстой. Талууд гаргасан зардлаа холбогдох санхүүгийн болон геологийн тайланд туссан зардлаа Татварын ерөнхий газар болон Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт баталгаажсан санхүүгийн болон геологийн тайлангаар зардлаа гаргаж ирээд талууд тохиролцож орон нутгийн төсөвт суулгаж нөхөн олговроо төлөх ёстой. Нэг жилийн хугацаа өнгөрсөн байвал үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах эрхтэй. Нэг жилийн хугацаанд тохиролцоонд хүрч чадахгүй бол төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргаад хөндлөнгийн этгээд буюу гуравдагч этгээдээр гарсан зардлыг тооцуулаад төрийн захиргааны байгууллага тушаал гаргаж албажуулаад орон нутаг төсөвтөө суулгадаг зохицуулалттай. А********** ХХК-ийн хувьд 12 дахь жилийн хугацаа дууссан учир нөхөн олговрын асуудал яригдахгүй. Нөхөн олговор эрх зүйн хувьд боломжгүй. Засгийн газарт холбогдуулан нөхөн олговрын асуудлаар дүйцүүлэн авах хэлбэрээр шийдвэрлэхийг даалгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...

Засгийн газар болон Улсын Их Хурал тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гаргаагүй. Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан зүйл заалтыг тайлбарласан тайлбараас харагдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. А********** ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хамгаалалтад авах замаар тусгай хэрэгцээнд авсан тул XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгох шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгч А********** ХХК нь хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хамгаалалтад авах замаар тусгай хэрэгцээнд авсан тул XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгохыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

1.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: гээд мөн зүйлийн 106.3.5 дахь заалтад эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх; гэж заажээ.

1.3. Шүүхээс хуулийн дээр дурдсан хэм хэмжээний дагуу эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоохын тулд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь заалтад зааснаар ... эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг тодруулах учиртай.

1.4. Нэхэмжлэгч А********** ХХК-ийн гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгосноор Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт зааснаар нөхөх олговор авах эрх үүснэ гэх байдлаар тайлбарлаж байна.

1.5. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө. гэж заажээ.

1.6. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд талбайг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах мөчид хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа хүчин төгөлдөр байх, мөн талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон нөхцөл байдал тогтоогдсон байхыг шаардаж байна.

1.7. Хариуцагчийн зүгээс шүүхэд өгсөн хариу тайлбарт А********** ХХК-ийн XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсныг дурдах бөгөөд энэ үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй.

1.8. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр буюу нэхэмжлэгчийн XV-016656 тоот тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 68 дугаар тогтоол гаргаж, XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хамгаалалтад оруулах замаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ: гэж заасны дагуу Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зүгээс дээрх 68 дугаартай тогтоолоо Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.

1.9. Говь-Алтай аймгийн Засаг даргаас 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1/1334 дугаартай албан тоотоор Ашигт малтмал, газрын тосны газарт ... тусгай хамгаалалтад авсан талбай нь А********** ХХК-ийн XV-016656 тоот тусгай зөвшөөрөлтэй бүхлээрээ давхцаж байгаа тул тус хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж өгнө үү гэсэн хүсэлтийг өгч байсан байх боловч хууль зүйн утгаараа үүнийг эрх бүхий байгууллагаас тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авсан шийдвэрээ Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсэн байна гэж үзэхгүй.

1.10. Мөн А********** ХХК-ийн зүгээс Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гаргаж, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 7/6450 дугаартай албан тоотоор[14] ... шүүгчийн захиргааны хэрэг үүсгэх тухай захирамжийг хүлээн авч, Говь-Алтай аймгийн Төгрөг, Бугат сумдын нутагт байрлах Асгат улаан уул нэртэй XV-016656 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болох хөдөлгөөнийг түр түдгэлзүүлснийг мэдэгдье гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлж байжээ.

1.11. Түүнчлэн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 112/ШШ2019/0031 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

1.12. Дээрх үйл баримтуудаас нэгтгэн авч үзвэл ХV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хамгаалалтад авах тухай Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 2019 оны 68 дугаартай тогтоолоо Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлээгүй, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 112/ШЗ2019/0144 дугаартай Захиргааны хэрэг үүсгэх захирамж-ийг Ашигт малтмал, газрын тосны газар хүлээн авч А********** ХХК-ийн XV-016656 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болох хөдөлгөөнийг түр түдгэлзүүлсэн, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 112/ШШ2019/0031 дугаартай шийдвэрээр Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан ... тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон ... нөхцөл байдал үүсээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

1.13. Өөрөөр хэлбэл, А********** ХХК нь Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар тогтоол шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсны дараа холбогдох төрийн захиргааны байгууллагад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэн өргөдөл гаргах хууль зүйн боломжтой байсан байх тул тус компанийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хамгаалалтад авах замаар тусгай хэрэгцээнд авсан тул XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон харилцаа байсан гэж үзэх боломжгүй байна.

1.14. Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай тогтоол нь цаг хугацааны хувьд XV-016656 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсны дараа гарсан байх тул шүүх тухайлан эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

1.15. Иймд нэхэмжлэгчийн гаргасан А********** ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хамгаалалтад авах замаар тусгай хэрэгцээнд авсан тул XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр. Ашигт малтмалын хайгуулын XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасан талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын хариу хууль бус болохыг тогтоож, А********** ХХК-ийн дүйцүүлэн тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газар болон Монгол Улсын Засгийн газарт даалгах шаардлагын тухайд:

2.1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: гээд мөн зүйлийн 9.1.13 дахь заалтад ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно. гэж заажээ.

2.2. Хуулийн дээрх хэм хэмжээг хэрэглэх талаар Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаартай тогтоол гарсан байх бөгөөд тус тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна.

2.3. Дээрх тогтоолын Тайлбарлах нь хэсгийн 1-д ... Энэ заалтын "тусгай хэрэгцээнд авах" гэдгийг Газрын тухай хуульд заасан газрын нэгдмэл сангийн ангиллын газрыг Улсын Их Хурал болон Засгийн газраас уг хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд улсын тусгай хэрэгцээнд авч, тухайн газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглох үйл ажиллагааг ойлгоно.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Газрын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, хуульд заасан зориулалтаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тохиолдлыг энэ заалтын "тусгай хэрэгцээнд авах" гэдэгт хамааруулан ойлгохгүй ... гэж тайлбарлажээ.

2.4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14 дугаартай Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай тогтоол нь Газрын тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан, орон нутгийн тусгай хэрэгцээнд авах зориулалттай байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтад заасан мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасан талбайгаас тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгох зохицуулалтад хамаарахгүй байна.

2.5. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 112/ШШ2019/0031 дугаартай шийдвэрээр хүчингүй болсон Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 68 дугаар тогтоол нь мөн Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13 дугаартай тогтоолд тайлбарласанчлан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын үйлчлэх хүрээнд хамаарахгүй байсныг дурдах нь зүйтэй.

2.6. Шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан ... тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон ... нөхцөл байдал үүсээгүй гэдгийг энэ шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1-д дүгнэлт өгсөн болохыг тэмдэглэж байна.

2.7. Тиймээс ашигт малтмалын хайгуулын XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасан талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын хариу хууль бус болохыг тогтоож, А********** ХХК-ийн дүйцүүлэн тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газар болон Монгол Улсын Засгийн газарт даалгах боломжгүй гэж үзэж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 9.1.13 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А********** ХХК-иас гаргасан А********** ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хамгаалалтад авах замаар тусгай хэрэгцээнд авсан тул XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоолгох, Ашигт малтмалын хайгуулын XV-016656 тоот тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсны нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасан талбайгаас дүйцүүлэн олгох шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын хариу хууль бус болохыг тогтоож, А********** ХХК-ийн дүйцүүлэн тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газар болон Монгол Улсын Засгийн газарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ