Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2022/01331

 

            

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, 4 давхарт байрлах, Б ХХК /РД:00000000 /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 313 тоотод оршин суух, Б овогт Э Д /РД:00000000 /-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 384 562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч,

Хариуцагч Э.Д,

Гэрч И.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч БХХК нь хариуцагч Э.Дд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 384 562 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хариуцагч Э.Д нь БХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн фермийн үхэрчинээр ажилд орсон. Манай компани 2019 оны 09 сард Бүгд найрамдах Чех улсаас, 100 хувь цэвэр цусны Симменталь үүлдрийн, сүүний чиглэлийн, 3 настай, 90 толгой гунжин үнээ импортоор оруулж ирсэн. Бид үхэрийг худалдаж авсан үнэ, тээврийн хөлс, хил гаальд төлсөн татвар зэрэг зардлуудыг оруулж, саалийн үнээг 10,500,000 төгрөгийн өөрийн өртөгтэйгөөр данс бүртгэлд тусгасан. Үнээг авч ирснээс хойш үхэрчин Э.Д хариуцан маллаж байсан. Манай үхэрнүүдээс 2, 3 үнээ бэлчээрт бусад үнээг хөхдөг байсан. Тэдний нэг болох 366076 чиптэй сүүний гарц, тарга хүч сайтай үнээг хариуцагч Э.Дгийн хүсэлт, өөрийнх нь сонголтоор 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу үнээг түүнд шилжүүлсэн. Уг үнээ нь зохиомол хээлтүүлгээр хээл авсан. Мөн Э.Д нь өөрөө санаачлан үнээг шилжүүлэн авахдаа малын эмчид үзүүлж “Эрүүл” болохыг тодорхойлуулсан байсан. Үнээг авч явсанаас хойш 2 сарын дараа үнээг үхсэн гэж бидэнд хэлсэн. Улмаар  Д нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөх график хуваарийг компанид гаргаж өгсөн. Гэвч түүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй, бид удаа дараа боломжоороо төлөхийг нэхэж, шаардсан боловч утсаа авахгүй, шүүхээрээ шийдүүлээрэй гэж мессэж бичиж үлдээсэн. Иймд Э.Дгаас манай компанид төлөх ёстой үнээний үлдэгдэл төлбөр болох 5,384,562  төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 99,510 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэсэн.

 

2.Хариуцагч Э.Д хариу тайлбартаа: Э.Д миний бие 2021 оны 7 дугаар 01-ний өдөр “Бат ган агро” ХХК-ийн аймгийн Баянчандмана суманд байх фермерээс нь семинтал үүлдэрийн улаан халзан сүүний чиглэлийн нэг үнээг нийт 10,500,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Урьдчилгаа болгоод 4.000.000 төгрөгийг өгсөн. Худалдан авсан үхрээ ачаад Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Шар хад гэх газарт маллаж байсан. Худалдан авсан үхэр маань суурь өвчтэй үхэр байсан байна. Уушигний хатгаанаас болоод 2021 оны 9 дүгээр сард үнээ үхсэн. Малын эмчээс дүгнэлт гаргасан. Энэ талаар нь БХХК-д мэдэгдсэн. Надаас хамаарахгүй байдлаар ужиг  өвчтэй байсан үнээ нь үхсэн тул би энэ төлбөрийг төлөхгүй. Урьдчилгаанд би 4 сая төгрөг төлж би ч гэсэн хохироод байна. Би эрүүл үхэр авч яваад над дээр ирээд үхээгүй. Суурь өвчтэй үхэр хүлээж авсан учраас энэ төлбөрийг төлөхгүй  гэв.

 

3.Нэхэмжлэгчээс БХХК-иас Т.Чт олгосон итгэмжлэл, Э.Дгийн иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Э.Дгийн гаргасан өргөдөл, БХХК-ийн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, БХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, БХХК-ийн дүрэм, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн БХХК болон Э.Д нарын хооронд байгуулагдсан №20/15 тоот Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн №21/07 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн баримтууд, бараа материалын зарлагын падаан, 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн гадаад шилжүүлгийн баримт, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн гадаад гуйвуулгын баримтууд,/хх-ийн 3-24-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, үхрийг авч байх үеийн гэрэл зургууд, 2021 оны 8 дугаар сарын 23-ын өдрийн Эмгэг анатомийн задлалтын протокол, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 34, 39-54-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч БХХК нь хариуцагч Э.Дгаас зээлээр худалдан авсан үхрийн үлдэгдэл төлбөр болох 5 384 562 төгрөгийг гаргуулахаар шаардсан.  

3.Хариуцагч Э.Д нь худалдан авсан үхэр нь суурь өвчтэй, уушигний хатгалгаанаас болоод 2021 оны 9 дүгээр сард үхсэн тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч БХХК нь хариуцагч Э.Дтай 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр №21/07 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй Бүгд найрамдах Чех улсаас импортлон оруулж ирсэн, 100 хувь цэвэр цусны мах болон сүүний холимог чиглэлийн симменталь үүлдрийн 366076 чиптэй үнээг худалдан авагчид хүлээлгэн өгөх, худалдан авагч нь тохирсон хугацаанд төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-д “366076 чиптэй үнээ нь ижилссэн сүрэг дотроо үнээ гувшдаг болохыг худалдан авагч мэдэж, маш сайн ойлгож байгаа бөгөөд худалдан авагч Э.Д нь тус үнээг худалдан авах саналыг гаргаж, худалдагч тал зөвшөөрсний дагуу энэхүү гэрээ байгуулагдаж байгаа болно” гэжээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь доголдолтой эд хөрөнгө худалдсан талаар байна, гэрээ байгуулсан, үнээг хүлээн авсан, үнээний үнэд 5 285 052 төгрөгийг төлсөн талаар маргаагүй байна.

 

6.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Гэрээний 2.1-д “366076 кодтой үнээг худалдах үнэ 10 500 000 төгрөг байна”, 2.2-д “худалдан авагч нь 4 000 000 төгрөгийг 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлснээр үнээг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрх үүснэ, үлдэгдэл төлбөр болох 6 500 000 төгрөгийг сар бүрийн 16-нд 500 000 төгрөгөөр 13 сарын турш төлж улмаар 2022 оны 8 дугаар сарын 16-ны үлдэгдэл тооцоог дуусгавар болгоно” гэж харилцан тохиролцсон, хариуцагч нь үнээг хүлээн авсан боловч суурь өвчтэй байсан тул үнийг төлөхгүй гэж маргасан тул нэхэмжлэгч нь үнээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь худалдан авсан 366076 кодтой үнээ нь уушигний хатгалгаатай буюу суурь өвчтэй байсны улмаас үхсэн болох нь эмгэг анатомийн задлалтын проктотол болон малын эмч гэрч И.З ын мэдүүлгээр нотлогдоно гэсэн.

Хэрэгт авагдсан Эмгэг анатомийн задлалтын протоколд “...өвчний онош уушигний усан хаван, үхэр улаан халзан 366076, араг яс ясны бат бөх байдал хэвийн гэмтэлгүй, Эмгэг анатомийн онош нь уушигний усан хаван” гэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Д нь манай фермийн үхэрчнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан, өөрөө үнээгээ сонгоод авсан, мөн манай малын эмчид үзүүлээгүй, үнээг авахдаа малын эмчид үзүүлээд “эрүүл” гээд авсан, “уушигний усан хаван” нь ил мэдэгдэх өвчин биш учраас мэдэх боломжгүй, өөрийнх нь арчилгаа маллагаанаас болж үхсэн, үнээг ачиж явахдаа гэмтэл учруулсан байж болзошгүй гэж мэтгэлцсэн.

Талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.2.1-д “худалдан авагч нь 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн дотор өөрийн зардлаар үнээг аюулгүй тээвэрлэн авч явах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй талаар нотлох баримтгүй, хариуцагч нь үнээг аюулгүй тээвэрлэн авч явсан гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан Эмгэг анатомийн задлалтын протоколын “...араг яс ясны бат бөх байдал хэвийн гэмтэлгүй” гэсэн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд үнээг тээвэрлэн авч явахдаа учруулсан гэмтлийн улмаас үхсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.4-д “366076 кодтой үнээ нь дэлэнгийн үрэвсэл болон өөр ямар нэгэн мэдэгдэх өвчлөл байхгүй, эрүүл мэнд болон сүүний гарцын хувьд маш сайн болно” гэж заажээ.

Мөн шүүх хуралдаанд гэрч И.З т мэдүүлэхдээ “...үнээний уушигний усан хаванг гаднаас нь харахад мэдэгдэх боломжгүй, өвчний үндсэн шалтгаан нь цаг, агаар, маллагаа арчилгаанаас болсон. Уушигний усан хаван нь гадаадаас ирсэн учраас цаг агаар, байгалийн нөхцөл байдал нөлөөлнө, багаасаа буюу тугалнаас үүссэн байж бас болно” гэсэн тул үнээний уушгийг усан хавантай эсэх талаар зохигч талууд хэн аль нь мэдэх боломжгүй тул хариуцагчийн нэхэмжлэгчийг суурь өвчтэй буюу доголдолтой үнээ шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь өвчний онош нь “уушигний усан хаван” гэснийг манай эмч задлангийн зургийг хараад зөвшөөрөөгүй гэсэн боловч “онош гэдэг нь өвчтэй мал амьтны өвчний явц мөн чанарын эмгэг зүйн нэр томьёогоор илэрхийлсэн эмчийн дүгнэлт”-ийг хэлэх бөгөөд оношийг тавихдаа задлан шинжилгээ хийх замаар мал, амьтныг үхсэн хойно нь задлаж задалгааны онош тавьсан, уг онош тавьсан малын эмч нь шүүх хуралдаанд гэрчээр хууль сануулан мэдүүлэг өгсөн тул түүний мэдүүлэг болон эмгэг анатомийн задлалтын проктоколыг нотлох баримтаар шүүх үнэлсэн болно.

 

Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэж заасан байх бөгөөд зохигч талуудын  хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.1-д “гэрээний зүйл болох үнээг худалдан авагчид шилжүүлснээс хойш гэмтэж бэртэж, үхэж хорогдсоны эрсдэл худалдан авагчид шилжинэ” гэж харилцан тохиролцсон байх тул хариуцагчийн үнээ үхсэн тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч нь худалдан авсан үнээний үнийг төлөх үүрэгтэй тул үнээний үлдэгдэл төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайланд “БХХК Баянчандмань фермийн 366076 дугаартай семменталь үнээ 10 500 000 төгрөг, эхний үлдэгдэл 5 285 052 төгрөг төлсөн, үлдэгдэл нь 5 214 948 төгрөг” гэсэн байх бөгөөд хариуцагч нь үнээний үнэ болох 10 500 000 төгрөгнөөс 5 285 052 /4 000 000+500 000+785 052=5 285 052/ төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй, үлдэгдэл 5 214 948 төгрөгийг төлөөгүй байгаа болох нь хариуцагчийн БХХК-нд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан өргөдөл, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаар нотлогдож байх тул хариуцагч Э.Дгаас үнээний үлдэгдэл төлбөр 5 214 948 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БХХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

7.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 99 510 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 98 389 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 206 дугаар зүйлийн 206.1-д тус тус зааснаар хариуцагч Э.Дгаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 214 948 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 99 510 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид 98 389 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                Д.ХУЛАН