Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01882

 

 

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01882

 

“БГА” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01331 дугаар шийдвэртэй,

 

“БГА” ХХК нэхэмжлэлтэй

Э.Д-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,384,562 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Чулуунцэцэг, хариуцагч Э.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хариуцагч Э.Д- нь “БГА” ХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн фермийн үхэрчнээр ажилд орсон.

1.2. Манай компани 2019 оны 09 сард Бүгд Найрамдах Чех улсаас, 100 хувь цэвэр цусны Симменталь үүлдрийн, сүүний чиглэлийн, 3 настай, 90 толгой гунжин үнээ импортоор оруулж ирсэн. Бид үхрийг худалдаж авсан үнэ, тээврийн хөлс, хил гаальд төлсөн татвар зэрэг зардлуудыг оруулж, саалийн үнээг 10,500,000 төгрөгийн өөрийн өртөгтэйгөөр данс бүртгэлд тусгасан.

1.3. Үнээг авч ирснээс хойш үхэрчин Э.Д- хариуцан маллаж байсан.   Түүний хүсэлт болон өөрийнх нь сонголтоор 366076 чиптэй, сүүний гарц, тарга хүч сайтай үнээг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу түүнд шилжүүлсэн. Уг үнээ нь зохиомол хээлтүүлгээр хээл авсан. Мөн Э.Д- нь өөрөө санаачлан үнээг шилжүүлэн авахдаа малын эмчид үзүүлж эрүүл болохыг бидэнд хэлсэн.

1.4. Улмаар Э.Д- нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх график хуваарийг компанид гаргаж өгсөн. Гэвч түүнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй. 

1.5. Иймд Э.Д-гаас гэрээний үлдэгдэл төлбөр болох 5,384,562 төгрөгийг  гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Э.Д- нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “БГА" ХХК-ийн Төв аймгийн Баянчандмань суманд байх фермерээс нь Симменталь үүлдрийн улаан халзан сүүний чиглэлийн нэг үнээг 10,500,000 төгрөгөөр худалдан авахаар болсон. Урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг өгсөн. Худалдан авсан үхрээ ачаад Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Шар хад гэх газарт маллаж байсан.

2.2. Худалдан авсан үхэр нь суурь өвчтэй байсан байна. Уушигны хатгаанаас болоод 2021 оны 09 дүгээр сард үнээ үхсэн. Малын эмчээс дүгнэлт гаргасан. Энэ талаар нь “БГА” ХХК-д мэдэгдсэн. Э.Д- нь эрүүл үхэр авч яваад үхүүлээгүй, харин өөрөөс нь хамаарахгүй байдлаар ужиг өвчтэй байсан үнээ нь үхсэн тул урьдчилгаанд 4,0 сая төгрөг төлж хохирсон байна. Суурь өвчтэй үхэр хүлээж авсан учраас энэ төлбөрийг төлөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.Д-гаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,214,948 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “БГА” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “БГА” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 99,510 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д-гаас улсын тэмдэгтийн хураамжид 98,389 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “БГА” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Э.Д- нь “БГА” ХХК-ийн фермд ажиллаж байсан бөгөөд   366076 чиптэй үхрийг 10,500,000 төгрөгөөр авахаар болж, урьдчилгаанд 4,000,000 төгрөг өгч, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр үхрээ Улаанбаатар хотын 22 дугаар хороо /Партизан/-нд аваачиж малласан.

4.2. Тухайн үхрээ “БГА” ХХК-аас 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр худалдан авсан боловч худалдан авснаас хойш 10 орчим хоногийн дараа Төв аймгийн Баянчандмань сум дахь ферм дээр ирж гэрээг уншилгүй гарын үсэг зурсан. Э.Д- багаасаа хөдөө амьдарч, үхэр, мал малладаг байсан учир мал маллах арга ухааныг сайн эзэмшсэн.

4.3. “БГА” ХХК-ийн Э.Д-д өгсөн үхэр суурь өвчтэй байсан, худалдаж авснаас хойш 2 сарын дараа уушигны хатгалгаагаар үхсэн гэдэг оношийг малын эмч тавьсан. Үхэр үхсэний маргааш “БГА” ХХК-ийн менежерт хэлсэн.

4.4. Э.Д-г ажлаас гарахад 1 дүгээр сард 1,0 сая төгрөг, 2 дугаар сард 1,0 сая төгрөг, 3 дугаар сард 1,0 сая төгрөг, 4 дүгээр сард 1,0 сая төгрөг, 5 сард тус тус төлүүлэхээр өөрсдөө хэлж бичүүлсэн бөгөөд бичихгүй гэхээр ажилгүйдлийг оруулж өгөхгүй гээд байхаар нь аргагүйн эрхэнд бичиж өгсөн. Энэ гэрээнд албан шахалтаар гарын үсэг зурсан бөгөөд нэхэмжлэгч суурь өвчтэй малаа хариуцагчид зарсан.

4.5. Нэхэмжилсэн 5,384,562 төгрөгийг төлөх үндэслэлгүй байхад шүүх Э.Д-гаас гаргуулахаар шийдсэнд гомдолтой байна. Тухайн үед хуулийн зөвлөгөө авч чадаагүй шүүх хуралд орсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Э.Д- нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр урьдчилгаа 4,000,000 төгрөг шилжүүлж, тус өдөр үхрийг ачиж авч явсан. Үхрийг ачиж авч явснаас хойш 2 сарын дараа үнээ үхсэн гэдгийг манай байгууллагад мэдэгдсэн.

5.2.Манай компани мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг учир малын эмчтэй. Тухайн үхэр үхсэн даруйд манай байгууллагад хандаж, задлан дээр нь манай байгууллагын малын эмчийг байлцуулаагүй. Хариуцагч нь тухайн газарт байдаг малын эмч И.З-аар задлан хийлгэсэн. Анхан шатны шүүхэд гэрч И.З- “Уушигны усан хаван буюу хатгаа өвчнөөр тус үхэр үхсэн. Хатгаа өвчтэй үхрийг гаднаас нь харахад өвчтэй гэдэг нь мэдэгдэх боломжгүй” гэж мэдүүлсэн.

5.3. Иймд “БГА” ХХК нь өвчтэй үхэр шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү. Тухайн үхрийг зарах, авах, зээлээр гэрээ байгуулах саналыг Э.Д- өөрөө гаргасан атлаа гэрээнд албан шахалтаар гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “БГА” ХХК нь хариуцагч Э.Д-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,384,562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. “БГА” ХХК болон Э.Д- нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч нь симменталь үүлдрийн 366076 чиптэй үнээг худалдан авагчид шилжүүлэн өгөх, худалдан авагч нь гэрээний үнэд 10,500,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Талууд гэрээний үнийг хувааж төлөхөөр тохиролцсон байх ба ийнхүү төлбөр төлөхдөө хүүгийн талаар тохиролцоогүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Талууд гэрээг Зээлээр худалдах, худалдан авах гэж нэрлэснийг үндэслэн тэдгээрийн хооронд уг гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэхгүй юм. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 

4. Хариуцагч Э.Д- нь гэрээний зүйл болох үнээг хүлээн авсан, гэрээний үнэд 10,500,000 төгрөг төлөхөөс 5,285,052 төгрөг төлж, үлдэх 5,214,948 төгрөгийг төлөөгүй, үнээ 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үхсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

5. Хариуцагч Э.Д- нь гэрээний зүйл болох үнээ нь өвчтэй байсан буюу худалдагч худалдан авагчийн өмчлөлд доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж маргасан боловч түүний тайлбар баримтаар тогтоогдоогүй байна.

 

6. Эмгэг анатомийн задлангийн протоколд малын эмч И.З- үнээ үхсэн шалтгааныг уушигны усан хаван гэж тодорхойлсон, түүний гэрчээр өгсөн мэдүүлэгт: “Үхэр үхсэн шалтгаан нь уушигны усан хаван өвчнөөс болсон. Ер нь өвчин нь далд үедээ явагдаж байсан. Тэрнээс биш гэнэт тэр үхэр үхнэ гэж байхгүй. Уушигны усан хаван өвчин нь тугал байх үеэсээ далд хэлбэртэй явагдсан байх боломжтой. ... Яг хугацааг нарийн тодорхойлох боломжгүй” гэсэн байдлыг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэвэл худалдагчийг өвчтэй үнээ худалдан авагчид шилжүүлсэн гэж дүгнэхгүй юм. Иймд худалдагчийг суурь өвчтэй үнээ шилжүүлсэн гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

7. Анхан шатны шүүх хариуцагч Э.Д-гаас 5,384,562 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “БГА” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, заалтыг заана гэсэн нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон хуулийг заахыг ойлгоно. Үүнд үүрэг гүйцэтгэх зарчим тодорхойлсон Иргэний хуулийн 206 дугаар зүйл хамаарахгүй юм. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгийг буруу баримталсан байгааг залруулах нь зүйтэй байна.

 

8. Анхан шатны шүүх хариуцагч Э.Д-д 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийн талаар тайлбарласан, түүний хүсэлтээр шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хойшлуулсан, хэргийг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна. Энэ хугацаанд хариуцагч Э.Д- нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй, анхан шатны шүүх хариуцагчид хуулийн зөвлөгөө авах боломжоор хангаагүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01331 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “262 дугаар зүйлийн 262.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт тус тус” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,103 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ч.ЦЭНД

 

  ШҮҮГЧИД                                            Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА