Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2022/00666

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 15 өдөр              Дугаар 183/ШШ2022/00666                  Улаанбаатар хот

 

           

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С  дүүрэг, өөрийн байранд байрлах, Х ХХК /РД:2635534/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, 45 тоотод оршин суух, Б овогт Б М /РД:00000000 /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 113 289 948.55 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Хариуцагч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нямжав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 113 289 948.55 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

З.М нь Хтай 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр №ЗГ/RCC20140110-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулан 112 006 000 төгрөгийг орон сууцны зориулалтаар жилийн 12 хувийн хүүтэйгээр, 180 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр №ЗГ/RCC20140110-1 тоот  “Орон сууцны зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Б.Мын өмчлөлийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №БГ-RCC2014011-1-2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний дагуу Нийслэлийн Х дүүргийн 2 өрөө орон сууцны зориулалттай барилгыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно.

Зээлдэгч Б.М нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/6775 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдлийг Худалдаа, хөгжлийн төв банкны төв байранд уулзаж, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 6/729 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдлийг зээлдэгчийн оршин суугаа гэрийн хаягаар биечлэн очиж, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 6/1023 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” мэдэгдлийг баталгаат шуудангийн үйлчилгээгээр хүргүүлэн зээлийн зөрчлийн талаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу зөрчлийг удаа дараа урьдчилан мэдэгдэж үүргээ гүйцэтгэх 14 хоногийн хугацаатай бодит боломжийг олгосон боловч ямар нэгэн үр дагавар гараагүй байна. Зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүйгээс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 83 259 497.64 төгрөг, зээлийн үндсэн хүү 30 008 814.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 136.85 төгрөг, нийт 113 277 448.55 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Хнаас 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр №ЗГ/RCC20140110-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №БГ-RCC2014011-1-2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүдийн үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардалд нийт 113 289 948.55 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөрийн хамт гаргуулж, Х ХХК-д олгож өгнө үү.

Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр №БГ-RCC2014011-1-2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл барьцаа болгож барьцаалсан иргэн Б.Мын өмчлөлийн Хдүүргийн  45 тоот хаягт байрлах 62,13 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай байрыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээл, зээлийн хүү, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардлыг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэсэн.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа, манайхаас 12 хувийн хүүтэй зээл авсныг 8 хувийн зээл рүү шилжүүлэх боломжгүй гэж үзсэн. Энэ зээлийн талаар захирлуудад танилцуулсан боловч зээлийг шилжүүлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Мөн зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2021 оны 07 дугаар сараас хойш дахиж сунгах боломжгүй гэж үзээд зээлийн зөрчлийг сунгаагүй байсан гэв.

 

Хариуцагч Б.М хариу тайлбартаа: Би 2014 оны 01 дүгээр сард банкнаас 112 000 000 төгрөгийн зээл авсан ба нийт 93 965 301 төгрөг байгаа. Банк өнөөдөр надаас гэрээгээ цуцалъя гээд 113 289 948.55 төгрөгийг нэхэмжилсэн. Анх энэ зээлийг авахдаа 8 хувь руу шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан, эхний ээлжид 12 хувийн хүүтэй авсан ба 2017 оны 11 дүгээр сард би ажлын байрны цомхотголоос болж ажлаасаа гарсан. Үүнээс үүдэн төлөлт нь зөрчигдөж эхэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй, үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэх хүсэлттэй байна. Би орон сууцаа худалдаж авахдаа 50 000 000 төгрөгийн урьдчилгааг  байгууллагаасаа гаргуулж, 112 006 000 төгрөгийн зээлийг Хнаас жилийн 12 хувийн хүүтэйгээр, 62.41 м.кв 2 өрөө орон сууцыг авч байсан. Тухайн үед ипотекийн зээлнүүд 8 хувийн зээлд шилжээд зээл төлөгдөх явцад 8 хувийн зээл рүү шилжүүлэх талаар хүсэлт тавьж байсан. Өмнө нь төлж болж байсан боловч 2017 оны 10 дугаар сард ажлын байрны цомхотголоор ажлаасаа гарчихаад 8 хувийн зээл рүү зээлээ шилжүүлэх хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч зөрчлөө арилгаад хэдэн төгрөг төлчих тэгвэл хурлаа оруулъя гэж хэлдэг байсан. Би тэгэхлээр нь хичээгээд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өөрийн ах, дүү, хамаатнуудаасаа 10 000 000 төгрөг зээлж байгаад тухайн үед төлөх ёстой байсан мөнгөө хийсэн боловч 8 хувь руу шилжүүлж өгөөгүй. Энэ нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасны дагуу би 10 000 000 төгрөгийг үндсэн хүүгээсээ хасуулъя гэсэн хүсэлт тавьсан боловч банкны зүгээс 1 556 691 төгрөгийн үндсэн зээл төлүүлээд, хүүд 8 443 309 төгрөгийг төлүүлсэн. Гэвч хуримтлагдсан хүүгээ төлж, зөрчлөө арилгаж байгаа болохоор 8 хувь руу шилжүүлэх байх гэтэл хүсэлтийг минь хэлэлцэхгүй байсан. 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар зээл сунгах хүсэлтийг хүлээж авч сунгаж өгсөн. Дахин сунгуулах хүсэлтээ 2021 оны 07 дугаар сард онлайнаар өсгөн ба 6 сараас сунгуулах хүсэлт гаргасан боловч хариу нь 2021 оны 12 дугаар сард ирсэн. Би энэ хугацаанд миний зээлийн хугацаагаа сунгах хүсэлтийг хүлээж аваад зээлийг сунгагдсан гэж бодсон. 2022 оны 12 дугаар сард мэдэгдэл өгснөөсөө хойш удаа дараа  тусгай активын ажилтан нь залгаад байхаар нь зээлийн хугацаагаа сунгагдсан гэж ойлгосон талаараа хэлэхэд наад асуудал чинь манайд хамааралгүй, та зээлийн эдийн засагчтайгаа учраа ол гэж хэлсэн. Би эдийн засагчтай холбогдож, зээлийн хугацаа сунгагдаагүй талаар хариу мэдэгдэнэ үү гэсэн мэйл явуулсан боловч надад ямар нэгэн хариу ирүүлээгүй. Би 2 хүүхэдтэй, нөхрөөсөө салсан өрх толгойлсон эмэгтэй. Банкны эдийн засагч гэр бүлгүй залуу хүүхдүүд хүний зовлонг ойлгодоггүй юм билээ. Би 112 000 000 төгрөгийн зээл аваад 93 000 000 төгрөгийг төлсөн байгаа. Одоо би үндсэн төлбөр 80 000 000 гаруй төгрөгийг нь төлье гэж байна. Гэтэл надаас 2029 онд дуусах 30 000 000 төгрөгийн хүүг нэхэмжилж байгаа би хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-т Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжид авах үүрэгтэй. Иргэний хуулийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан, тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээгээ сунгагдсан гэж бодоод явж байсан гэв. 

 

Нэхэмжлэгчээс Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х ХХК-ийнх 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3/930 тоот Ц.Г олгосон итгэмжлэл, Х ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 5/1449 тоот Б.Цд олгосон итгэмжлэл, Б.Мын орон сууцны зээлийн өргөдөл, С.Бийн орон сууцны зээлийн өргөдөл, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, гэрээний хавсралт буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууцны зээлийн нэмэлт гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, Б.Мын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №11-3326 тоот барьцаалбар, Х ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/6775 тоот Мэдэгдэл, Х ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6/6775 тоот Мэдэгдэл, Х ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 6/1023 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай, Х ХХК-ийн дугтуй, Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн зээл, зээлийн хүүгийн тооцоолол, Х ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-4, 5, 6, 7-8, 9-10, 11-14, 15, 16-17, 18, 19, 20, 21, 22, 23, 24-25, 26-27, 28,29-30, 31-р хуудас/ зэрэг баримтуудыг,

хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Х ХХК-ийн [email protected] мейл хаягаас [email protected] хаяг руу илгээсэн Зээлийн хүсэлтийн хариу гэх мейлийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Х ХХК-ийн [email protected] мейл хаягаас [email protected] хаяг руу илгээсэн Зээлийн хүсэлтийн хариу гэх мейлийн хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээний хуулбар, Б.М-ын эзэмшлийн 499220334 тоот дансны хуулга /хэргийн 42, 43, 44-48, 49-53-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Х ХХК нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-хариуцагч нь зээлийн гэрээг удаа дараа зөрчсөн, зөрчлөө арилгах боломж олгож мэдэгдэл хүргүүлсэн боловч ямар нэгэн үр дүн гараагүй тул 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн Орон сууцны зээлийн гэрээг цуцлаж,

-зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 83 259 497,64 төгрөг, зээлийн үндсэн хүү 30 008 814,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 136,85 төгрөг, нийт 113 277 448,55 төгрөг гаргуулах,

-үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Х дүүргийн 45 тоот хаягтай, 62,31 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

-зээлийн гэрээний хугацаа дуусаагүй, зээлийн гэрээний төлөлтийг сунгах талаар санал хүргүүлсэн, зээлийн гэрээний зөрчил үүсэхэд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байсан,

-зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 83 259 497,64 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, гэрээний хугацаа дуусаагүй байхад хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсаныг зөвшөөрөхгүй,

-үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй, гэрээний хугацаа дуусаагүй байхад барьцаа хөрөнгөөр хангуулахгүй гэж үгүйсгэсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б.М, хамтран зээлдэгч С.Б нартай 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр №ЗГ/RCC20140110-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, 112 006 000 төгрөгийг жилийн 12 хувь, сарын 1 хувийн хүүтэйгээр 15 жил буюу 180 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зорилгоор зээлж, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №БГ-RCC2014011-1-2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-гээр Б.Мын өмчлөлийн Нийслэлийн Х дүүргийн 45 тоот хаягт байрлах 62,13 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай орон сууцыг барьцаалсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан №ЗГ/RCC20140110001-1 тоот Зээлийн гэрээ, №БГ-RCC20140110-1-2 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, №11-332 тоот Барьцаалбарын хуулбараар тус тус тогтоогдож байна. /хэргийн 11-19-р хуудас/

Мөн 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн №ЗГ-RCС2015030-1 тоот Орон сууцны зээлийн нэмэлт гэрээгээр талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан үндсэн гэрээний хамтран зээлдэгчийг өөрчилж, хамтран зээлдэгч С.Бийг хамтран зээлдэгчээс хасахаар, үндсэн гэрээний бусад заалтууд нь урьдын адил хүчин төгөлдөр хэвээр үйлчлэхээр харилцан тохиролцжээ.

 

Талуудын маргааны зүйл нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар байх бөгөөд гэрээ байгуулсан талаар маргаагүй. 

Зохигч талууд зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул Х ХХК болон Б.М нарын хооронд хийсэн гэрээнүүд нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”-ний хугацаа нь 15 жил буюу 180 сар байх бөгөөд 2029 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр дуусах боловч нэхэмжлэгч хугацаанаас өмнө гэрээг цуцлах шаардлагыг гаргажээ.      

 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр  хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан бөгөөд хариуцагчид 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 6/6775 тоот, 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 6/729 тоот, 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 6/1023 тоот мэдэгдлүүдийг тус тус хүргүүлж байсан, зээлийн төлөлтийг хойшлуулах талаарх  хүсэлтийг хүлээн аваагүй, энэ талаар харилцан тохиролцоогүй гэсэн.

Хариуцагч нь мэдэгдлүүдийг хүлээн аваагүй, цар тахалтай холбоотойгоор зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг илгээсэн, зээлийн гэрээний төлөлтийг сунгасан гэж бодсон, мөн орон сууцны зээлийн гэрээг 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд шилжүүлэхээр удаа дараа хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүйгээс гэрээний үүрэг зөрчигдсөн гэж маргасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээнд 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс зөрчил үүссэн буюу зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа төлөөгүй гэсэн боловч энэ талаар хариуцагчид мэдэгдэж байсан талаарх баримтгүй, мөн 2020 оны 10 сарын 05-наас зөрчил үүссэн, зээлийн эргэн төлөлтийг 6 сарын хугацаагаар зөрчил болон хуримтлагдсан төлбөрийг төлөхгүйгээр хойшлуулж, 2021 оны 7 дугаар сарын 27-ноос зээлийг хэвийн төлөх боломжийг олгосон гэж тайлбарласан боловч хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн мэдэгдлүүд нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгахын өмнөх мэдэгдлүүд байх тул нэмэлт хугацааг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Мөн хариуцагчаас зээлийн гэрээний төлөлтийг хойшлуулж, хугацаа сунгах талаар хүсэлтийг хүргүүлж байсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээг харилцан тохиролцож байгуулаагүй гэсэн боловч хариуцагч нь зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах талаар санал гаргаж байсан болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нь 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн зээл 28 746 503 төгрөг, хүүнд 65 077 996 төгрөг, нийт 93 824 493 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй бөгөөд гэрээний үүрэг зөрчигдөхөд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байсан цаашид зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа тул зээлийн гэрээний үүргийг төлнө гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын 2.1.2-д “Орон сууцны ипотекийн зээлийн хүү 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө олгосон зээлд жилийн 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш олгох зээлд жилийн 6 хувь”  байхаар заасан байх бөгөөд хариуцагч зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах зээлийн хүүг 8 хувьд шилжүүлэх талаар хүсэлт гаргасан гэж тайлбарласныг нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн боловч уг журамд хамрагдах боломжтой эсэх талаар, эсхүл хамрагдах боломжгүй эсэх талаар ямар нэгэн хариуг өгөөгүй байна.

Хууль зүйн мэдээллийн нэгдсэн системд байрлах “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №183 тоот Монгол улсын Засгийн газрын тогтоолын 7-д “төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэн хойшлуулах” талаар, 8-д “банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Л), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Б)-д тус тус зөвлөсүгэй” гэж заасан байх бөгөөд зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлттэй холбогдуулан зээл төлөлтийг хойшлуулахаар гэрээнд өөрчлөлт оруулах талаарх хариуцагчийн хүсэлтэд хариу өгсөн эсэх, энэ талаар ямар арга хэмжээ авсан талаар баримтыг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлээгүй болно.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн бол талууд гэрээнээс татгалзах буюу цуцлах боломжгүй бөгөөд хариуцагч нь орон сууц худалдан авах зорилгоор зээл авч, зориулалтын дагуу ашигласан байх бөгөөд гэрээний хугацаанд нийт 244 171 876 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ба эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн гэрээний үүрэгт нийт 93 824 493 төгрөгийг төлсөн, 225 дугаар зүйлийн 225.4.3-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай бол мөн гэрээнээс татгалзаж болохгүй гэж заажээ.

Иймд улс орон даяар үүссэн цар тахалын нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооноос орон сууцны болон хэрэглээний зээлийн хугацаа хэтрэлттэй холбогдох асуудлыг улс орон даяар нэгдсэн арга хэмжээ авч зээлдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нөхцөл байдал бүрдсэн байх бөгөөд иргэдийн зээлийн төлөлтийн хугацааг сунгах боломжийг банкууд болон зээлдэгчдэд олгохоор шийдвэрлэсэн байгааг шүүх анхаарах нь зүйтэй гэж үзэв.

Дээрх тогтоол болон бусад холбогдох журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчилсан журмыг нэхэмжлэгч Х ХХК нь баталсан эсэх талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй, зээлдэгч буюу хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг 1 удаа сунгасан, дахин сунгах боломжгүй байсан эсэх талаарх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Б.Мтай байгуулсан 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн “Орон сууцны зээлийн гэрээ”-ний хугацаа дуусаагүй, хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцлах үндэслэлгүй байна гэж үзэж, нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 113 289 948.55 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 794 599.8  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон    

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар 225.1, 225.4.1, 225.4.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн хариуцагч Б.Мд холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 113 289 948 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 794 599.8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ХУЛАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар ипотек, цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлийн хувьд хуваарийн дагуу эргэн төлөлт хийлгүй 15 хоногоос хэтэрсэн тохиолдолд зээлийн чанарыг бууруулж байсныг 90 хоног хүртэл сунгах шийдвэрийг гаргасан бол Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 4-р сарын 13-ны хуралдаанаар хэрэглээний зээлд мөрдөгдөх өр, орлогын харьцаа (60%)-ны болон хугацаа (30 сар)-ны дээд хязгаараас шалтгаалан нөхцөл өөрчлөх боломжгүй байгаа, эргэн төлөлтийн хүндрэлд орчихсон байгаа хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар 1 удаа сунгах боломжийг банкууд болон зээлдэгчдэд олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Дээрх журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчилсан журмыг Голомт банк баталсан эсэх талаар аливаа баримт хэрэгт авагдаагүй байх тул ийм журам тогтоосон, түүнийг зээлдэгч зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр тооцсон 907,339 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.