Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2022/01495

 

                

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Ц.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, дүгээр хороо,   төв байранд байрлах, Ж ХХК

/РД: *********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, дүгээр хороо, гудамж, байрлах, Г ХХК

/РД:**********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд нийт 6 346 000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Я.Э,  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

Иргэдийн төлөөлөгч Б.Д нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй, зохигч талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд нийт 24 895 960 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 6 346 000 төгрөг гаргуулахаар багасгасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ж ХХК-ийн Улаанбаатар-Багахангай нягтруулгын секц хоорондын олон улсын 0-652 ангиллыг 24 корын шилэн кабельд 4 удаа тасалдал үүсгэсэн. Үүнээс 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэмтээсэн шилэн кабель тасалдлыг сэргээн засварлах зардлыг барагдуулсан. 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 06 минутаас 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 25 минут хүртэл 4 цаг 12 минут тасалдал үүсгэсний улмаас сэргээн засварлахад 1 692 000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 32 минутаас 2021 оны 6 дугаар сарын 22-ны 00 цаг 41 минут хүртэл 8 цаг 9 минут үүсгэсний улмаас сэргээн засварлахад 2 820 000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 26-ны 15 цаг 36 минутаас 2021 оны 10 дугаар сарын 27-ны 16 цаг 53 минут хүртэл 25 цаг 17 минут тасалдал үүсгэсний улмаас сэргээн засварлахад 1 852 000 төгрөг, шилэн кабелийн 3 удаагийн дээрх гэмтлүүдийн тасалдлыг сэргээн засварласан зардал нийт 6 346 000 төгрөгийг, олон Улсын 0-652 ангиллын 24 корын шилэн кабельд 4 удаагийн тасралт үүссэнтэй холбоотой кабель дээр 5 ширхэг залгаа орсон тул кабелийн найдвартай ажиллагааг хангахад зарцуулагдах зардал 18 549 960 төгрөг, нийт 24 895 960 төгрөгийг нэхэмжилж байна.

Ж ХХК нь Монгол Улсын урд хилээс хойд хил хүртэл 1199 км урттай шилэн кабелийн дамжуулах сүлжээтэй ба тус сүлжээгээр дамжуулан Ази-Европыг холбосон А зэрэглэлийн олон улсын транзит мэдээллийн урсгалыг дамжин өнгөрүүлж байна. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос олгосон сүлжээ байгуулах бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Мэдээлэл Холбооны Сүлжээний стандартын дагуу суурилуулагдсан Ж ХХК ХХК-ийн энэхүү Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл байрлах шилэн кабелийн сүлжээ нь дамжин өнгөрч буй орон нутгййн газрын албаны мэдээллийн санд болон кадастрын албанд зохих журмын дагуу бүртгэгдсэн болно. Монгол улсын  “Харилцаа холбооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4 заалтуудыг зөрчин, манай компанид урьдчилан мэдэгдэлгүйгээр шилэн кабелийн хамгаалалтын зурвас газарт Барилгын газар шорооны ажил гүйцэтгэхдээ шилэн кабельд удаа дараа тасалдал үүсгэх бүрт Г ХХК-иас шилэн кабель дахин тасалдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, хоёр тал хоорондоо мэдээлэл солилцож хамтран ажиллах талаар болон шилэн кабель сэргээсэн зардлыг төлж барагдуудахыг удаа дараа албан бичгээр болон холбогдох албан тушаалтанд /Барилга хариуцсан захирал Б.Д, Гүйцэтгэгч компани болох      Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М нарт/ утсаар мэдэгдэж шаардсан боловч манай компанид учруулсан хохирлыг барагдуулаагүй байна. Иймд Г ХХК-иас гэм хорын хохиролд 24 895 960 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн боловч тус шаардлагаас кабелийн найдвартай ажиллагааг хангахад зарцуулагдах зардал 18 549 960 төгрөгнөөс татгалзаж, кабелийн гэмтлийг сэргээн засварлахад гарсан зардал болох 6 346 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэсэн.  

 

2.Хариуцагч Г ХХКийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А хариу тайлбартаа:

Тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани нь Монголын Хүдэр хамгаалах сантай орчны тохижилтын ажил хийх гэрээ байгуулж ажил гүйцэтгэж байх явцдаа бидний ажилд саад болж байсан Ж ХХК-ийн шилэн кабелыг тус компанид төлбөрийг нь бүрэн шилжүүлж уг кабелыг шилжүүлэх ажлыг гүйцэтгүүлж байсан. Харин ямар нэгэн өр төлбөр байхгүй болно. Хэрэгт авагдсан материалтай танилцахад Монголын Хүдэр хамгаалах сантай гэрээ байгуулан ажиллаж буй Б ХХК барилгын ажил гүйцэтгэх явцдаа Ж ХХК-ийн шилэн кабелыг гэмтээсэн байж магадгүй байна. Мөн нэхэмжлэлд дурдсан Б. Д гэх захирал манай компанид ажиллаж байгаагүй болно. Иймд манай компанид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийг шилэн кабель тасалдуулснаас хойш нийт 3 удаа тасалдсан байна. Тухайн 3 удаа тасалдсан нь манай компани биш Б ХХК хамааралтай гэж үзэж байна. Н.Д, Н.М, Н.М нар нь Б ХХК-ийн ажилчид учраас манай компани уг кабелийн тасалдлыг хариуцах үндэслэлгүй. Монголын Хүдэр хамгаалах сан уг газар нь газар эзэмшдэг, бид уг газарт үйл ажиллагаа явуулж байгаа нь үнэн, гэхдээ манайх кабель таслаагүй, газар шорооны ажил хийж байгаа Б гэдэг компани тасалсан байх магадлалтай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Ж ХХК-иас Я.Э-т олгосон итгэмжлэл, Ж ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №********* тоот Харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 04/02/516, №515, №514 тоот  Шугам сүлжээний гүйцэтгэлийн зураглалыг шалгаж хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авсан актууд, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 21/165 тоот Ж ХХК-ийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Ж ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай хохирлын акт, 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн  Ж ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай акт, Улаанбаатар-Багахангай хоорондох 2-р шилэн кабелийн 2021.5.22-ны өдрийн гэмтлийн зургууд, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Ж ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай хохирлын акт, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Ж ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай акт, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, Бэлэн мөнгөний зарлагын баримт, Улаанбаатар-Багахангай хоорондох 2-р шилэн кабелийн 2021.7.05-ны өдрийн гэмтлийн зургууд, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Ж ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай хохирлын акт, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Ж ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай акт, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримт, Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, Улаанбаатар-Багахангай хоорондох 2-р шилэн кабелийн 2021.7.21-ний гэмтлийн зургууд, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Ж ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай хохирлын акт, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Ж ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай акт, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, Бэлэн мөнгөний зарлагын баримт, Улаанбаатар-Багахангай хоорондох 2-р шилэн кабелийн 2021.10.26-ны гэмтлийн зургууд, Ж ХХК-ийн шилэн кабель таарч 4 удаагийн тасралт үүссэнтэй холбоотой кабелийн найдвартай ажиллагааг хангах ажлыг гүйцэтгэхэд гарах материалын зардлын тооцоо, кабелийн тасалдлын зургууд, Ж ХХК-ийн 173/21 тоот нэхэмжлэх, 2021 оны 8 дугаар сарын 11-ний 21/75 дугаар Г ХХК-ийн Техникийн нөхцөл хүсэх тухай албан бичиг, №********* тоот Газар эзэмших эрхийн гэрчилгээ, хавсралт /хэргийн 3-78, 113-р хуудас/ гэсэн баримтуудыг, 

хариуцагчаас Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22/09 дугаар Г ХХК-иас Б.Г-д олгосон итгэмжлэл, 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 22/15 тоот Г ХХК-иас С.Чинзоригт олгосон итгэмжлэл, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 22/15 тоот Г ХХК-иас Б.Г-д олгосон итгэмжлэл, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 22/116 тоот Г ХХК-иас Г.Б-т олгосон итгэмжлэл, Г ХХК-ийн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, Ж ХХК-ийн №173/21 тоот нэхэмжлэх, ХААН банк ХХК-ийн Л.А-н депозит дансны хуулга, Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 83-84, 89-95, 106, 114-115, 127-130-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Г ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг /хх-ийн 124-125/ шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Г ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас шилэн кабельд тасалдал үүсгэснээс сэргээн засварласан зардал нийт 6 346 000 төгрөг гарсан тул хохирлыг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч Г ХХК нь Монголын Хүдэр хамгаалах сантай орчны тохижилтын ажил хийх гэрээ байгуулж ажил гүйцэтгэж байх явцдаа бидний ажилд саад болж байсан нэхэмжлэгч Ж ХХК-ийн шилэн кабелыг тасалсан боловч төлбөрийг нь бүрэн шилжүүлсэн, бусад кабелийг таслаагүй тул гэм хор учруулаагүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ж ХХК нь харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Харилцаа холбооны зохицуулах хорооны №************ дугаартай “А” ангиллын тусгай зөвшөөрлөөр тогтоогдож байх бөгөөд Монгол улсын урд хилээс хойд хил хүртлэх 1199 км урттай шилэн кабель дамжуулах сүлжээтэй бөгөөд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртлэх байрлах шилэн кабелийн сүлжээг эзэмшиж, түүний ашиглалт үйлчилгээг эрхэлдэг болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг дээрх харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ болох шилэн кабелийг эзэмшиж, ашиглалт үйлчилгээг нь эрхэлдэг болох талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгчийн Улаанбаатар Багахангай нягтруулгын секц хоорондын олон улсын G-652 ангиллын 24 корын шилэн кабелийн сүлжээнд 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус тус тасалдал үүссэн болох нь 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Ж ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай хохирлын акт, 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Ж ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай акт, 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Ж ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай хохирлын акт, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Ж ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай акт, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Ж ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай хохирлын акт, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Ж ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай акт, Улаанбаатар-Багахангай хоорондох 2-р шилэн кабелийн 2021 оны 7 дугаар сарын 05, 2021 оны 7 дугаар сарын 21, 2021.10.26-ны өдрийн гэмтлийн зургуудаар тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч нь хариуцагч Г ХХК-ийн гэм буруутай үйлдлийн улмаас тасалдсан шилэн кабельд засвар хийж эд хөрөнгөд хохирол учирсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

6.Талууд шилэн кабель тасалдсан үйл баримтын талаар маргаагүй боловч гэм хорын хохирлыг хэн хариуцах талаар маргаж байна.

 

7.Хариуцагч нь Ж ХХК-ийн шилэн кабельд нь 2021 оны 5 дугаар сарын 22-нд тасалдал үүсгэж, хохирол учруулсан боловч уг хохирлыг төлж барагдуулсан, дахин 2021 оны 7 дугаар сарын 05, 2021 оны 7 дугаар сарын 21, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилэн кабелийн тасалдлыг манайх үүсгээгүй, хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлээгүй, манайхаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан бөгөөд хариуцагчид энэ үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Оптик шилэн кабель тасалсан тухай хохирлын актад “...2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 06 минутад Ж ХХК-ийн сүлжээний хяналт дээр Улаанбаатар Багахангай нягтруулгын секц хооронд 27 900-р км-т оптик шилэн кабель тасарсан дохиолол өгөгдсөн. Гэмтлийн шалтгаан: Г ХХК-ийн Б.Д ахлуулсан ажилчид зам тавих зорилгоор газар шорооны ажил гүйцэтгэх явцдаа тасалсан” гэсэн байх бөгөөд Отпик шилэн кабель тасалсан тухай 2021 оны 7 сарын 05-ны өдрийн актанд Б ХХК талбайн инженер Төрбат гэсэн гарын үсэг зурагджээ.

2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Оптик шилэн кабель тасалсан тухай хохирлын актад “...2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 32 минутад Ж ХХК-ийн сүлжээний хяналт дээр Улаанбаатар Багахангай нягтруулгын секц хооронд 27,877 км-т 1-р оптик шилэн кабель тасарсан дохиолол өгөгдсөн. Гэмтлийн шалтгаан: Б ХХК инженер Мишээлээр ахлуулсан ажилчид зөвшөөрөлгүй шилжүүлэх газар шорооны ажил гүйцэтгэх явцдаа тасалсан”, Оптик шилэн кабель тасалсан тухай 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн актанд Б ХХК Мишээл гэж гарын үсэг зурсан байна.

Мөн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Оптик шилэн кабель тасалсан тухай хохирлын актад “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 36 минутад Ж ХХК-ийн сүлжээний хяналт дээр Улаанбаатар Багахангай нягтруулгын секц хооронд 27 367-р км-т 2-р оптик шилэн кабель тасарсан дохиолол өгөгдсөн. Гэмтлийн шалтгаан: Г ХХК-ийн захиалгаар иргэн Б.М-р ахлуулсан ажилчид бохирын шугам хийх газар шорооны ажил хийх явцдаа тасалсан”, Оптик шилэн кабель тасалсан тухай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн актад Г ХХК гэж гарын үсэг зурагджээ.

Хариуцагч нь уг шилэн кабелийн тасалдал нь манай компанийн буруугаас үүсээгүй, ослын актанд гарын үсэг зурсан этгээдүүд нь манай компанид ажилладагүй гэсэн боловч энэ талаар баримтаар нотлоогүй, гэм буруугүй гэдгийг нотлох нотлогооны үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэв.

Хариуцагчаас манай компанийн буруутай үйл ажиллагаа байхгүй, Б ХХК нь газар шорооны ажил гүйцэтгэх явцдаа гэм хор учруулсан гэж маргасан боловч хэрэгт авагдсан 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 21/75 дугаартай Гловал Инвест ХХК-ийн Ж ХХК-д хүргүүлсэн “Техникийн нөхцөл хүсэх тухай” албан бичигт “...тус компанийн хөрөнгө оруулалт хийж буй Монголын хүдэр хамгаалах сан ТББ-ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний гол орчмын газрыг 2011 оноос хойш манай компани эзэмшиж байна. Уг газар дээгүүр танай компанийн өмчлөлд байдаг шилэн кабель явж байна. Тус компанийн төлөвлөж буй амины орон сууцны хотхоны гадна тохижилтын талбай дээрх шилэн кабель дайрч байгаа тул уг кабелийг зөөх, ашиглах техникийн нөхцөл олгож өгнө үү” гэсэн байх бөгөөд уг газарт хөрөнгө оруулалт хийж, амины орон сууцны хотхон барихаар ажил гүйцэтгэж байгаа талаараа маргаагүй болно.

 

 

Хэрэгт авагдсан Хүдэр хамгаалах сан ТББ нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 185986 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг, уг газарт нь хариуцагч хөрөнгө оруулалт хийсэн, амины орон сууцны барилгын ажлыг тохижилтын ажлыг гүйцэтгүүлж байгаа гэж тайлбарласан тул хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд буюу шилэн кабельд гэм хор учирсан байна гэж дүгнэв.

Учир нь Харилцаа холбооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “инженерийн шугам, сүлжээний хайгуул хийх, барилга байгууламж барих, шугам, сүлжээ байгуулахдаа үйлчлэгчээс зөвшөөрөл авах, түүнийг шилжүүлэх шаардлагатай бол уг ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх”-ээр заасан байх бөгөөд 27.1.4-д “нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээний хэвийн ажиллах нөхцөлийг хангах” үүрэгтэй юм.

Иймд хариуцагч Г ХХК нь барилга байгууламж барихдаа нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах бөгөөд харилцаа холбооны сүлжээний хэвийн ажиллах нөхцөлийг хангах үүргээ биелүүлээгүй байх тул гэм хорын хохирлыг буюу шилэн кабелийн сүлжээний тасалдлыг сэргээн засварласны зардлыг төлөх үндэслэлтэй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч нь шилэн кабелийн тасалдлыг засварласан зардалд нийт 6 346 000 төгрөгийг  нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Ж ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай хохирлын акт, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, бэлэн мөнгөний зарлагын баримтаар нотлогдож байна.

Иймээс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 06 минутаас 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 25 минут хүртэл 4 цаг 12 минут тасалдал үүсгэсний улмаас сэргээн засварлахад гарсан зардал 1 692 000 төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 32 минутаас 2021 оны 6 дугаар сарын 22-ны 00 цаг 41 минут хүртэл 8 цаг 9 минут үүсгэсний улмаас сэргээн засварлахад гарсан зардал 2 820 000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 26-ны 15 цаг 36 минутаас 2021 оны 10 дугаар сарын 27-ны 16 цаг 53 минут хүртэл 25 цаг 17 минут тасалдал үүсгэсний улмаас сэргээн засварлахад гарсан зардал 1 852 000 төгрөг, нийт 6 364 000 төгрөгийг харицагч Г ХХК-иас гаргуулах үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 6 346 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан тул хариуцагч Г ХХК-иас 6 346 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

8.Иргэдийн төлөөлөгч Б.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдсэн, тов мэдэгдсэн баримтад гарын үсгээ зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, өвчтэй гэсэн боловч баримтаа ирүүлээгүй бөгөөд зохигч талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан тул тэдний зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.  

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282 429  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 116 486 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г ХХК-иас гэм хорын хохиролд 6 346 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 429.80 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 116 486 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Ж ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН

 

                                              ШҮҮГЧИД                          Б.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                      Ц.ОЮУНБИЛЭГ