Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01474

 

 

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01474

 

 

 

Ж- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/01495 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г- ХХК-д холбогдох,

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 6,346,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэмбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Ж- ХХК-ийн Улаанбаатар-Багахангай нягтруулгын секц хоорондын олон улсын 0-652 ангиллыг 24 корын шилэн кабельд 4 удаа тасалдал үүссэнээс

1.1. 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 06 минутаас 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 25 минут хүртэл 4 цаг 12 минут тасалдал үүсгэхэд сэргээн засварласан зардал 1,692,000 төгрөг,

1.2. 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 32 минутаас 2021 оны 06 дугаар сарын 22-ны 00 цаг 41 минут хүртэл 8 цаг 9 минут тасалдал үүсгэснийг сэргээн засварласан зардал 2 820 000 төгрөг,

1.3. 2021 оны 10 дугаар сарын 26-ны 15 цаг 36 минутаас 2021 оны 10 дугаар сарын 27-ны 16 цаг 53 минут хүртэл 25 цаг 17 минут тасалдал үүсгэснийг сэргээн засварласан зардал 1,852,000 төгрөг, нийт 6,346,000 төгрөг гаргуулна.

Ж- ХХК-ийн Улаанбаатар-Багахангай нягтруулгын секц хоорондын олон улсын 0-652 ангиллыг 24 корын шилэн кабельд 4 удаа тасалдал үүссэн. Шилэн кабелийн 3 удаагийн гэмтлүүдийн тасалдлыг сэргээн засварлахад 6,346,000 төгрөгийн зардал гарсан.

Ж- ХХК нь Монгол Улсын урд хилээ хойд хил хүртэл 1,199 км урттай шилэн кабелийн дамжуулах сүлжээтэй ба тус сүлжээгээр дамжуулан Ази-Европыг холбосон А зэрэглэлийн олон улсын транзит мэдээллийн урсгалыг дамжин өнгөрүүлж байна.

Харилцаа Холбооны Зохицуулах хорооноос олгосон сүлжээ байгуулах бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Мэдээлэл холбооны сүлжээний стандартын дагуу суурилуулагдсан Ж- ХХК-ийн энэхүү Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл байрлах шилэн кабелийн сүлжээ нь дамжин өнгөрч буй орон нутгийн газрын албаны мэдээллийн санд болон кадастрын албанд зохих журмын дагуу бүртгэгдсэн болно.

Харилцаа холбооны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4 заалтуудыг зөрчин, манай компанид урьдчилан мэдэгдэлгүйгээр шилэн кабелийн хамгаалалтын зурвас газарт барилгын газар шорооны ажил гүйцэтгэхдээ шилэн кабельд удаа дараа тасалдал үүсгэх бүрт Г- ХХК-аас шилэн кабель дахин тасалдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, хоёр тал хоорондоо мэдээлэл солилцож хамтран ажиллах талаар болон шилэн кабель сэргээсэн зардлыг төлж барагдуудахыг удаа дараа албан бичгээр болон холбогдох албан тушаалтанд /Барилга хариуцсан захирал Б.Д-, гүйцэтгэгч компани болох Б- ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М- нарт/ утсаар мэдэгдэж шаардсан боловч манай компанид учруулсан хохирлыг барагдуулаагүй тул гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбарын агуулга:

М- ТББ-тай гэрээ байгуулан ажиллаж буй Б- ХХК барилгын ажил гүйцэтгэх явцдаа Ж- ХХК-ийн шилэн кабелыг гэмтээсэн байж магадгүй байна. Мөн нэхэмжлэлд дурдсан Б.Д- гэх захирал манай компанид ажиллаж байгаагүй.

Дээрх гэмтлүүдээс манай компанид хамаарах нь эхний гэмтэл гэх шилэн кабель шилжүүлсэн ажлын зардал 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1,852,000 төгрөг ба нэмүү өртгийн албан татвар оролцуулан 2,037,200 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Г- ХХК-аас Хаан банкаар Ж- ХХК-ийн дансанд шилжүүлж төлбөр тооцоо дууссан байна.

2, 3 ,4 дэх шилэн кабелийн гэмтлүүд бүгд М- ТББ-тай гэрээтэй ажиллаж буй Б- ХХК-ийн гаргасан байж болзошгүй гэмтлүүд байна.

3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцоогүй болно.

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г- ХХК-аас гэм хорын хохиролд 6,346,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,429 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 116,486 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж- ХХК-д олгож шийдвэрлэжсэн байна.

5. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй бөгөөд хэрэг цугларсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэн зөв үнэлээгүй.

Г- ХХК нь газар шорооны ажил хийх, шилэн кабель нийлүүлэх тусгай зөвшөөрөлгүй. Манай компани шилэн кабель зөөвөрлөх ажиллагааг тусгай зөвшөөрлийг үндэслэн гүйцэтгэх ёстой байсан. Гэвч шүүхээс энэ байдлыг тодруулаагүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж нотлох баримт цуглуулах эрхтэй байсан. Гэтэл Б- ХХК шилэн кабел тасалсан эсэх асуудал ойлгомжгүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримтад дурьдаж байгаа шилэн кабель тасалсан тухай акт дээр Б- ХХК-ийг төлөөлж н.М- болон н.М- гэх хүн гарын үсэг зурсан гэдэг нь нотлогдож байхад хохиролыг Г- ХХК-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Хэргийн 27 дугаар талд авагдсан баримтад ...Б-" ХХК-ийн инженер н.М-ээр ахлуулсан ажилчид зөвшөөрөлгүй шилжүүлэх газар шорооны ажил гүйцэтгэх явцдаа тасалсан гэж дурдсан атал Б-" ХХК-ийг хариуцагчаар татахгүй манай компанийг хариуцагчаар татсан.

Харилцаа холбооны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу гэрээ байгуулсан гуравдагч этгээдийн хариуцлагагүй ажилснаас үүссэн зардлыг бид хариуцахгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 дугаар талын 2 дахь догол мөрд байгаа үндэслэл хууль бус юм. Нотлох баримтууд зөвхөн нэг талын баримтууд бөгөөд тоног төхөөрөмжийн үнийг мэдэхгүй, үүрэг хүлээхгүй учраас акт болон гаргаж өгсөн зарлагын баримттай маргаагүй.

Зарлагын баримт бэлнээр байгаа бөгөөд тухайн зардал гарсан эсэх нь тодорхойгүй. Учир нь шилэн кабель нь ихэнхдээ хураасан, акталсан шилэн кабель байх боломжтой тул бодитоор энэ зардал гарсан эсэхийг мэдэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 66 дугаар зүйлийн 66.4, 66.5, 66.6, 66.7 дах хэсэгт тус тус заасны дагуу хэргийг бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэх тохиолдолд иргэдийн төлөөлөгчийг зайлшгүй оролцуулах ёстой. Харин хэргийн оролцогч нараас иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх эсэх талаар асууж хэргийг шийдвэрлэнэ гэсэн ойлголт биш. Иргэдийн төлөөлөгчийг зайлшгүй оролцуулж шийдвэрт дүгнэлтийг заавал тусгахаар заасан. Гэтэл дээрх байдлаар дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Тухайн үед кабель тасалсан гэх Б- ХХК-тай манай компанийн инженерүүд очиж уулзахад ...бид мэдэхгүй, Г- ХХК хариуцах ёстой гэх хариу өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж- ХХК нь хариуцагч Г- ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд

1. 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 06 минутаас 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 25 минут хүртэл 4 цаг 12 минут тасалдал үүсгэхэд сэргээн засварласан зардал 1,692,000 төгрөг,

2. 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 32 минутаас 2021 оны 06 дугаар сарын 22-ны 00 цаг 41 минут хүртэл 8 цаг 9 минут тасалдал үүсгэснийг сэргээн засварласан зардал 2,820,000 төгрөг,

3. 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15 цаг 36 минутаас 2021 оны 10 дугаар сарын 27-ны 16 цаг 53 минут хүртэл 25 цаг 17 минут тасалдал үүсгэснийг сэргээн засварласан зардал 1,852,000 төгрөг, нийт 6,346,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

1.а Нэхэмжлэгч Ж- ХХК нь харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Харилцаа холбооны зохицуулах хорооны №17200004 дугаартай А ангиллын тусгай зөвшөөрлөөр тогтоогджээ. /хх6, 7/

1.б. Ж- ХХК нь Монгол улсын урд хилээс хойд хил хүртэл 1,199 км урттай шилэн кабель дамжуулах сүлжээтэй, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртлэх байрлах шилэн кабелийн сүлжээг эзэмшиж, түүний ашиглалт үйлчилгээг эрхэлдэг болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Хариуцагч нь нэхэмжлэгчийг дээрх харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ болох шилэн кабелийг эзэмшиж, ашиглалт үйлчилгээг нь эрхэлдэг болох талаар маргаагүй. /хх8, 9, 10/

1.в. Нэхэмжлэгчийн Улаанбаатар Багахангай нягтруулгын секц хоорондын олон улсын G-652 ангиллын 24 корын шилэн кабелийн сүлжээнд

2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр,

2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр,

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус тус тасалдал, гэмтэл үүссэн болох нь

2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Ж- ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай акт,

2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Ж- ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай хохирлын акт,

2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Ж- ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай акт,

2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Ж- ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай хохирлын акт,

2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Ж- ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай хохирлын акт,

2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Ж- ХХК-ийн Оптик шилэн кабель тасалсан тухай акт, гэмтлийн зургуудаар тогтоогдсон үйл баримт, хохирлын хэмжээг хариуцагч үгүйсгээгүй.

1.г. Хариуцагч өмнө нь Ж- ХХК-ийн шилэн кабельд 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тасалдал үүсгэж, хохирол учруулсан боловч уг хохирлыг төлж барагдуулсан үйл баримт тогтоогджээ.

1.д. Мөн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 21/75 дугаартай Гловал Инвест ХХК-ийн Ж- ХХК-д хүргүүлсэн Техникийн нөхцөл хүсэх тухай албан бичигт ...тус компанийн хөрөнгө оруулалт хийж буй М- ТББ-ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний гол орчмын газрыг 2011 оноос хойш манай компани эзэмшиж байна. Уг газар дээгүүр танай компанийн өмчлөлд байдаг шилэн кабель явж байна. Тус компанийн төлөвлөж буй амины орон сууцны хотхоны гадна тохижилтын талбай дээрх шилэн кабель дайрч байгаа тул уг кабелийг зөөх, ашиглах техникийн нөхцөл олгож өгнө үү... гэсэн байх бөгөөд уг газарт хариуцагч хөрөнгө оруулалт хийж, амины орон сууцны хотхон барихаар ажил гүйцэтгэж байгаа талаар маргаагүй

1.е. Хэрэгт авагдсан М- ТББ нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 185,986 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг, уг газарт хариуцагч хөрөнгө оруулалт хийсэн талаар талууд маргахгүй гэж тайлбарлажээ.

1.ё. Дээрх М- ТББ-ын Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг газарт хариуцагчийн хөрөнгө оруулалтаар Б- ХХК амины орон сууцны хотхоны ажлыг гүйцэтгэж байгаад талууд маргахгүй байна.

2. Зохигч дараах асуудлаар маргаантай байна.

2.а. Нэхэмжлэгч Ж- ХХК-ийн эзэмшлийн шилэн кабельд Г- ХХК-ийн захиалгаар ажил гүйцэтгэж байх явцад тасалдал үүссэн тул Г- ХХК хариуцлага хүлээх ёстой гэж нэхэмжлэгч үзсэн бол, хариуцагч ажил гүйцэтгэгч Б- ХХК хариуцах ёстой гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар гэм хорын асуудлаар маргаан үүссэн талаар зөв дүгнэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.22барилгын хөрөнгө оруулагч" гэж барилга байгууламжийг барихад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлсэн иргэн, хуулийн этгээдийг ойлгох юм.

Хариуцагч нь барилгын хөрөнгө оруулагч, захиалагчийн хувьд Барилгын тухай хуулийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т зааснаар барилгын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй гарах эрсдэл, хохирлыг хариуцах үүрэгтэй юм. Хариуцагч нь уг хохирлыг үүсэхэд гэм буруугүй байсан гэх байдлаа нотлоогүй байна.

Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмаар зөв харьцуулан үнэлж, хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд буюу шилэн кабельд гэм хор учирсан гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангасныг буруутгах үндэслэлгүй.

Хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дах хэсэгт зааснаар томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулсан байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ202022/01495 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,486 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД