Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2022/01798

 

 

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, дугаар хороо,  байр,тоот хаягт оршин суух Ш овогт Т-гийн  /РД:********/-ын,

Хариуцагч: Х дүүрэг,  дүгээр хороо, гудамж, 29 дүгээр байр, тоот хаягт оршин суух, Г овогт Ч-ын А /РД:*************/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, СӨХ-ны төлбөрт 4 853 509 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, дүгээр хороо,  гудамж, дүгээр байр,  тоот хаягт оршин суух, Г овогт Ч-ын А /РД:**********/-ын,

Нэхэмжлэгч: Б дүүрэг,  дугаар хороо, дугаар байр, тоот хаягт оршин суух Шовогт Т-ийн Б /РД:************/-д холбогдох

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 67 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,

Хариуцагч Ч.Ам,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Ч.А-д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, СӨХ-ны төлбөрт 4 853 509 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Хариуцагч Ч.А нь 2015 онд нэхэмжлэгч иргэн Т.Б-ын нөхөр Р.Б-с худалдаж авахаар анх шинээр баригдсан Х дүүрэг дэх дугаар байрны  тоот 65.9 мкв 2 өрөө байрыг /урьдчилгаа  мөнгө төлөөгүй/ байрандаа орсон боловч, өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар мөнгө огт төлөөгүй мөртлөө байрнаас одоо болтол гарахгүй, тэр байтугай бусдад дур мэдэн түрээслэх, мөнгө авч барьцаалах зэргээр хөрөнгөжин үндэслэлгүйгээр бусдын өмч хөрөнгийн эрхэнд халдаж, эзэмшиж байх бөгөөд түүнээс хойш энэ асуудлаар хөөцөлдөж чадалгүй, нөхөр Ө.Б 2017 зуурдаар нас барсан бөгөөд 2018 онд эхнэр болох Т.Б-ын өмчлөлд өв залгамжлалаар хуулийн дагуу шилжин ирсэн байна. Иймд хариуцагч Ч.А-ын хууль бусаар орж, эзэмшин сууж буй дээрх байрнаас сайн дураараа гарахгүй, миний байр хэмээн маргаан үүсгэж байх тул өөрийн өмчлөлийн байрнаас албадан гаргах, мөн дээрх этгээд нь үндэслэлгүйгээр бусдын өмч хөрөнгө эзэмшиж байгаа тул өмчлөлөө хууль ёсоор сэргээхээр нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хууль ёсны өмчлөгчийн эрхийг хүлээн зөвшөөрүүлж, Ч.А-г тус байрнаас албадан гаргаж, 2015 оны 11 дүгээр сараас 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны төлөгдөөгүй СӨХ-ны төлбөр 4 853 503.69 төгрөгийг хариуцагч Ч.А-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа тул бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн.

 

2.Хариуцагч Ч.А хариу тайлбартаа: Миний бие Ч.А нь Т.Б-ын  гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: Түүний гаргасан нэхэмжлэлд үнэн бодит мэдээлэл огт байхгүй байгаа төдийгүй, санаатайгаар гүтгэсэн, нэр хүнд, алдар хүндэд минь халдаж, А.Э-тай үгсэн хуйвалдаж залилах үйлдэл гаргаж байна хэмээн үзэж байна. Иймд энэхүү хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би энэ байранд ороод орсныхоо дараа гэрээ байгуулж, албан ёсоор урьдчилгаа төлбөрийг төлсөн. Уг орон сууцанд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манайх нүүж орсон. Урьдчилгаа мөнгөө 2015 оны 3 сарын 13-ны өдөр Н.Б-тай тооцоо нийлж, орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуусан. Урьдчилгаанд 67 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд бэлнээр 20 000 000 төгрөгийг өгсөн, үлдсэн мөнгийг Н.Б-ын дансаар шилжүүлж өгсөн. СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, 2014 оноос 2021 он хүртэл СӨХ-ны төлбөрүүдээс 2 жилийн төлбөр төлсөн гэж бичсэн байгаа, манай СӨХ дампуурсан, манайх одоо ямар ч СӨХ-ны төлбөр, тооцоогүй байгаа. 2022 оны 1 дүгээр сараас шинэ СӨХ байгуулагдсан, шинэ СӨХ-той төлбөрийн асуудлуудаа тохиролцоод төлбөрөө төлөөд явж байгаа гэв.

 

3.Хариуцагч Ч.А-аас нэхэмжлэгч Т.Б-д холбогдуулан орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 67 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч, түүний өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ:

Нэхэмжлэгч Т.Б нь Ч.А-д холбогдуулан Х дүүрэг,  дүгээр хороо,  гудамж дүгээр байр,  тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, 4 853 509 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. Миний бие 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Р.Б гэх хүнтэй "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээгээр Х дүүрэг, 29 тоот орон сууцыг нийт 184 520 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний урьдчилгаа төлбөрт 67 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 117 520 000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцсон болно. Миний бие “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр болох 117 520 000 төгрөгийг худалдагч талд төлөхөөр хөөцөлдөж байсан боловч гэрээний худалдагч тал болох Р.Б-н эхнэр Т.Б нь надад холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардах болсон. Иймд “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г үргэлжлүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон гэж үзэж байгаа тул миний бие Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 -д заасны дагуу “Орон сууц худалдах. худалдан авах гэрээ”-ээс татгалзаж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д "Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний урьдчилгаа төлбөрт төлсөн 67 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна.

 Нэхэмжлэгч тал хариуцагч тус байранд үндэслэлгүйгээр амьдарч байгаа тул түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Манай үйлчлүүлэгч анх 2014 онд ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулалгүйгээр энэ байранд орсон. 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тус байрны эзэнтэй албан ёсны орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулаад 67 000 000 төгрөг төлсөн. Өнгөрсөн хугацаанд үлдэгдэл 117 520 000 төгрөгийг ипотекийн зээлд хамрагдан төлөх тухай асуудал яригдаж байгаад хүсэл, шаардлага нь хангагдаж чадахгүй, ковид гараад бусад асуудал үүссэн учраас үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсон. Тийм учраас бид үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй байгаа тул одоо гэрээнээс татгалзаад орон сууцыг суллаж өгье, урьдчилгаанд төлсөн мөнгөө гаргуулъя гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзаад өгсөн авснаа буцаая гэдэг агуулгаар сөрөг нэхэмжлэлээ гаргаж байгаа юм. Орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тул гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 67 000 000 төгрөгийг хариуцагч Т.Б-аас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж тайлбарласан.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ч.А-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй бөгөөд шүүхэд хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч үнэн зөв мэдүүлэх ёстой. Хариуцагч 67 000 000 төгрөг өгсөн гэж үхсэн хүн үг хэлэхгүй гэдэг шиг түүнд мөнгө өгсөн мэтээр үндэслэлгүй, худал ярьж байна. Энэ нь хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудаар нотлогдоно. Харин байранд оруулах энэ асуудалд тусалсан М.Бгэдэг хүнд хариуцагч баярлах ёстой. Тухайн үед хамт ажиллаж байсан, байгууллагын удирдлага нь байсныхаа хувьд тусалж дэмжээд Улаанбаатарт орох оронгүй гэхэд нь манай дүү Н.Б-ын эзэмшлийн ийм байр байгаа, чи энэ байранд ипотекийн зээлээ хөөцөлдөөд орж болно гэж хэлээд анх Ч.А-г Улаанбаатарт орох оронгүй байхад нь энэ байранд оруулж амьдруулсан. Тэгээд ипотекийн зээл нь бүтэх байх гээд дээрх худалдах-худалдан авах гэрээг хийж М.Бөөрийнхөө зүгээс урьдчилгаа төлбөрийг төлсөн. Н.Б нь 1 биш 2 байрыг бартераар авч байсан бөгөөд байрыг худалдан борлуулах шаардлагатай, цаад хүн нь мөнгөө нэхээд байсан учраас эхний ээлжинд М.Б нь 40 000 000 төгрөгийг дүү Н.Б өгсөн гэдгийг М.Б хэлдэг, бусад хүмүүс ч гэрчилдэг. Яагаад гэрээнд урьдчилгаа мөнгийг төлсөн гэж бичсэн гэхээр ипотекийн зээл хөөцөлдөхөд урьдчилгаа 30-40 хувийг төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг учраас М.Б, Н.Б хоёр ах дүү хүмүүс мөнгө төгрөгөө хоорондоо тохиролцоод болох байх гэдэг үүднээс бичсэн. Өөрөөр хэлбэл ипотекийн зээл авчихвал тухайн орон сууц хариуцагчийн эзэмшлийн болох байсан. Гэтэл хариуцагч нь банкны шаардлагыг хангаж чадаагүй учраас ипотекийн зээлээр байр авах боломжгүй болж, энэ маргаантай асуудал үүсээд тухайн үед худалдах-худалдан авах гэрээ биелэгдээгүй. Харин хариуцагч өнөөдрийг хүртэл худалдах-худалдан авах гэрээ гэдгээр халхавчлан бусдыг төөрөгдөлд оруулж, хууран мэхэлж, 2016 оноос хойш болон Н.Э гэдэг хүмүүст орон сууцыг хууль бусаар түрээслэж ашиг олж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаад 2019 оноос хойш шалгагдаад явж байгаа. Энэ худалдах-худалдан авах гэрээ болон орон сууцыг хууль бусаар түрээслэж бусдыг залилан мэхэлсэн гэх асуудлуудыг Баянгол болон Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас удаа дараа шалгаад залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй байна, гэм хорын болон бусад асуудлаа шийдвэрлэ гэсэн. Түүнээс хойш ковид зэрэг нөхцөл байдлаас болоод энэ асуудлууд шийдэгдэхгүй бүтэн 3, 4 жил болсон бөгөөд 2021 оноос хойш иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаад одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлээд явж байна. Хариуцагч энэ худалдах-худалдан авах гэрээг хүчинтэй мэтээр ярих үндэслэл байхгүй. Харин М.Б яг 67 000 000 төгрөг ч биш урьдчилж төлсөн 40 000 000 төгрөгийг Ч.А-аас нэхэмжлэх ёстой. Гэхдээ нэгэнт энэ хүн төлөх чадваргүй, тэр мөнгийг хамаатан Н.Б өгсөн, Н.Б нас барсан, байр нь байгаа учраас байрны асуудал шийдэгдсэний дараа өглөгө, авлагаа Н.Б-ын хууль ёсны өв залгамжлагч болох эхнэр   авах боломжтой гэдэг утгаар тусдаа нэхэмжлэл гаргалгүй өнөөдрийг хүртэл явж байгаа. Гэтэл хариуцагч огт үндэслэлгүй зүйл ярьж, улаан цайм луйврын шинжтэй хууран мэхэлж, хуулийг мушгиж байгаа нь зохисгүй байна. Хэрэгт авагдсан бүх баримтуудаар Ч.А гэдэг хүн мөнгө өгөөгүй гэдэг нь нотлогдож байгаа, тэр байтугай өөрийнх нь өгсөн би өгөх мөнгөгүй юм чинь юугаа өгдөг юм гэсэн мэдүүлэг нь хүртэл байгаа. Тийм учраас хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн.

 

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Т.Б-аас А.Э-т олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн Ү-2206034856 дугаарт бүртгэлтэй Т.Б-ын орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн №27 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Ч.А, М.Э нарын байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн М.Э, Ч.А-ын байгуулсан Зээлийн гэрээ, 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1/627 тоот Улсын ерөнхий прокурорын газрын “Гомдолд хариу өгөх тухай” албан бичиг, 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 21/09 тоот Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн Мөрдөн байцаах хэлтэст гаргасан гомдол, 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 20/13 тоот Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөхөд гаргасан гомдол, Х 29.3-р байрны СӨХ-ны төлбөр, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн Ү-2206 дугаарт бүртгэлтэй Х.Р-гийн Б-н орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-************* дугаарт бүртгэлтэй Т.Б-ын орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Туул ван СӨХ-ны тодорхойлолт, хавсралт, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн хохирогч Т.Б-ын өгсөн мэдүүлэг, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн гэрч Т.Б-ын өгсөн мэдүүлэг /хэргийн 2-12, 31-33, 99-109-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 26к1-3/6741 тоот Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн албан бичиг, Туул ван СӨХ-ны төлбөрийн баримт, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/*********/********** дугаар “Иргэний хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамж, хариуцагч М.Б-д нэхэмжлэлийн шаардлага гардуулсан баримт, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Орон сууц худалдах,худалдан авах гэрээ, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүүлэх гэрээ, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Ж.Э-д олгосон эмнэлгийн магадлагаа, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/*****/****** дугаар “Хүсэлтийг шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж,  /хэргийн 19, 92, 116, 119-120, 126, 138-139, 141, 145-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2020 оны 02 дугаар сард хаагдсан 191000976 тоот хэрэг бүртгэлийн хэргээс хариуцагч Ч.А-ын өгсөн мэдүүлэг, гэрч М.Б-ын өгсөн мэдүүлэг, Ч.А, М.Б нарын нүүрэлдүүлж авсан мэдүүлэг, хохирогч М.Э-ийн өгсөн мэдүүлгийг шүүх бүрдүүлж, хариуцагчийн хүсэлтээр М.Б-ыг гэрчээр асууж тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан болно. /хэргийн 112-115-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.Б-ын орон сууцнаас албадан гаргуулах шаардлагыг хангаж, СӨХ-ны төлбөр 4 853 503,96 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.А-ын нэхэмжлэгч Т.Б-т холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Т.Бнь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-хариуцагч Ч.Ань нөхөр Ө.Б-ын өмчлөлийн орон сууцыг худалдан авахаар тохиролцож, 2014 онд орон сууцанд нүүн орж, эзэмшиж ашиглаж байгаа боловч үнийг нь төлөөгүй, нөхөр Ө.Б нь 2017 онд нас барж, өв залгамжлалаар орон сууцыг өмчлөх эрхтэй болсон тул үнийг нь төлөлгүйгээр эзэмшиж, бусдад түрээслэж, барьцаалж ашиг хонжоо олж ашиглаж, өмчлөх эрхийг зөрчиж байгаа хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж, орон сууцнаас албадан гаргуулах,

-2014 оноос хойш буюу орон сууцанд нүүн орж эзэмшиж, ашиглаж байсан боловч СӨХ-ны төлбөрийг нь төлөөгүй байх тул СӨХ-ны төлбөрт 4 853 503,69 төгрөгийг гаргуулна гэсэн.

3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, Ө.Б-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны үнэд 67 000 000 төгрөгийг төлсөн, үлдэх мөнгийг ипотекийн зээлээр төлөх байсан боловч зээл гараагүй тул хууль бусаар эзэмшиж ашиглаагүй, СӨХ-ны төлбөрийг төлж байсан гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд төлсөн 67 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар тодорхойлсон.

5.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, худалдах, худалдан авах гэрээ биелэгдээгүй, орон сууцны үнэд 67 000 000 төгрөгийг манай нөхөр Ө.Баярт болон надад төлөөгүй гэж няцаасан.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Ч.А, Р.Б нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Р.Б нь Х дүүрэг, 29 тоот хаягт байрлах 65,9 м.кв орон сууцыг 184 520 000 төгрөгөөр Ч.А-д худалдах, Ч.А нь урьдчилгаа төлбөрт 67 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 117 520 000 төгрөгийг зээлээр худалдагч талд өгөхөөр харилцан тохиролцжээ.

2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Р.Б нас барсан тул түүний эхнэр Т.Б нь 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр №27 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээний дагуу дээрх орон сууцыг дангаар өвлөн авч, түүнийг улсын бүртгэлд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр өмчлөгчөөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000652446 дугаар гэрчилгээ олгогдсон байна.

Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №************** тоот гэрчилгээнд нэхэмжлэгч Т.Б нь Нийслэлийн Х дүүргийн 29 тоот хаягт байршилтай 65,9 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн, энэ талаар зохигч талууд хэн аль нь маргаагүй.

7.Талуудын маргааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа эсэх талаар болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ төлөгдсөн, СӨХ-ны төлбөрийг шаардах эрхтэй талаар байна, гэрээ байгуулагдсан, орон сууцыг эзэмшиж ашиглаж байгаа талаар маргаагүй байна. 

8.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч буюу өвлүүлэгчийн эд хөрөнгийг өвлөн авсан тул хариуцагчаас өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-д “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан байх бөгөөд хариуцагч нь түүний өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж, бусдад түрээслүүлэн ашиглаж, өмчлөх эрхийг нь зөрчиж, эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж байгаа тул түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж, орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэсэн.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан урьчилсан нөхцөл  нь  нэхэмжлэгч нь өмчлөгч гэдгээ нотлохоос гадна хариуцагч уг эд хөрөнгийг эзэмшилдээ байлгаж, өмчлөх эрхэд саад учруулж байгааг нотлох, мөн уг этгээд эзэмших эрхээ алдсан эсхүл хууль бус гэх нөхцөл байдлыг тогтоох шаарлагатай.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа талаараа маргаагүй боловч орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг хүлээн авч, эзэмшиж ашиглаж өөрийн эзэмшилдээ байлгаж байгаа болох нь талуудын тайлбар, гэрч М.Болдын мэдүүлгээр тогтоогдож байна.

Хариуцагч Ч.А-нь Р.Б-тай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Хариуцагч нь дээрх Р.Б-тай байгуулсан гэрээний дагуу орон сууцыг хүлээн авч, эзэмшиж ашиглаж байх бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан боловч мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заажээ.

Иймд хариуцагч Ч.А болон Р.Б нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь харилцан үүрэг үүсгэх, хоёр талын хэлцэл байсан бөгөөд нэхэмжлэгч Т.Б нь өв залгамжлалаар буюу нэг талын хүсэл зоригоор эд хөрөнгө, түүний эрхийг шилжүүлэн авсан, тиймээс уг эрхээс татгалзах, хэрэгжүүлэх эсэхээ өөрөө бие даан шийдвэрлэх эрхтэй тул Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-д зааснаар өмчлөгч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно гэж зааснаар орон сууцны үнийг төлөөгүй гэж түүний эзэмшлээс орон сууцыг чөлөөлөхөөр шаардсан тул хариуцагчийн эзэмшил дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч Ч.А, Р.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг эзэмшилдээ авсан боловч хариуцагчийн эзэмшил эд хөрөнгө хууль ёсны өвлөгч болох Т.Б-т шилжсэнээр түүнээс орон сууцны үнийг төлөөгүй гэж орон сууцыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь орон сууцны үнийг төлсөн эзэмших, өмчлөх эрхтэй талаараа нотлоогүй, гэрээнээс татгалзах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул нэхэмжлэгчийн хариуцагчаас орон сууцыг албадан чөлөөлөх шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв. 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг орон сууцанд амьдарсан хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан СӨХ-ны төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул СӨХ-ны 2014 оны 12 сар, 2015 оны 1 сараас 2020 оны 12 сар хүртлэх, 2021 оны 1 сараас 3 сар хүртлэх төлөгдөөгүй төлбөр 3 280 612,82 төгрөг, алданги 1 572 890,87 төгрөг, нийт 4 853 503,69 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь орон сууцыг эзэмшиж, ашиглах хугацаандаа СӨХ-ны төлбөрийг төлж байсан, хуучин СӨХ нь татан буугдсан, шинэ СӨХ байгуулагдсанаас хойш төлбөрийн үлдэгдэлгүй байгаа гэж маргасан.

Нэхэмжлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Туул ван” СӨХ-ны “Х-ийн  дүгээр хороо,  байр, тоотын түр оршин суугч Ч.А нь 2014 оны 12 сараас эхлэн 2021 оны 9 сар дуустал хугацааны СӨХ-ны хуримтлал 3 653 417,56 төгрөгийг төлөөгүй байгаа болно” гэсэн тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн, 2014 оны 12 сараас 2016 оны 4 сар хүртлэх төлөх 3 011 885 төгрөг, алданги 1 474 172,14 төгрөг, нийт 4 486 057,14 төгрөг, 2016 оны 4 сараас 2017 оны 12 сар хүртлэх 3 011 885 төгрөг, алданги 1 474 172,14 төгрөг, нийт 4 486 057,14 төгрөг гэсэн төлбөрийн баримт, 2018 оны 1 сараас 2020 оны 10 сар хүртлэх 3 011 885 төгрөг, алданги 1 474 172,14 төгрөг, нийт 4 486 057 төгрөг, 2020 оны 1 сараас 2021 оны 9 сар хүртлэх төлөх 3 548 810,92 төгрөг, алданги 104 606,64 төгрөг, нийт 3 653 417,56 төгрөг гэсэн нь зөрүүтэй.

Мөн СӨХ 2014 оны 12 сар, 2021 оны 3 сараас 2022 оны 4 сар хүртлэх төлөх 560 160 төгрөг гэсэн байх тул СӨХ-ны төлөгдөөгүй төлбөр нь хэдэн төгрөг байгаа эсэх нь тодорхойгүй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан байх тул өмчлөгч буюу нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг төлсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар баримтыг ирүүлээгүй тул хариуцагчаас СӨХ-ны төлбөрийг шаардсан нь үндэслэлгүй байна.

9.Хариуцагч Ч.Ань маргааны зүйл болох орон сууцыг гэрээний үндсэн дээр эзэмшилдээ байлгаж байсан боловч үнийг төлөх боломжгүй гэж нэхэмжлэгчид холбогдуулан Р.Б-тай байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд төлсөн 67 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь худалдах, худалдан авах гэрээний үнийг нь төлөөгүй тул гэрээний биелэлт хангагдаагүй, нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Ч.А-тай гэрээ байгуулаагүй тул гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй, орон сууцны үнэд 67 000 000 төгрөгийг төлөөгүй тул буцаан өгөх боломжгүй гэж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тул гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй гэсэн боловч Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар эд хөрөнгө, эрх өвлөгдөх учраас Ч.А, П.Б нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний шаардах эрхийг өвлөсөн гэж үзэх боловч хариуцагч нь маргааны зүйл болох орон сууцыг гэрээний үндсэн дээр эзэмшилдээ байлгах эрхгүй гэж нэхэмжлэгчийн орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг хангасан тул хариуцагчийн гэрээнээс татгалзах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.

Хариуцагч нь орон сууцны үнэд 67 000 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээний гэрээгээр нотлогдоно гэсэн боловч, 67 000 000 төгрөгийг П.Б-т шилжүүлсэн талаар баримтаар нотлоогүй, гэрээнд 67 000 000 төгрөгийг төлсөн гэж ипотекийн зээлд хамрагдахаар бичсэн гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч, гэрч нар мэдүүлсэн болно.

Мөн гэрч М.Б“...манай дүү байр борлуулах гэж байгаа Ч.А байр авах гэж байгааг мэдэж байгаа тул зуучилж байрыг танилцуулж үзүүлэхээр тохиролцсон. Байрыг яг үзүүлэх болоход дүү ажилтай болсон гээд түлхүүрийг надад өгч би Ч.А-тай хамт байрыг үзсэн, 29 байранд орохоор болсон. Зээл бүтнэ гэж бодоод байранд орсон. Орсны дараагаар урьдчилгаа мөнгө байршуулж гэрээ байгуулахаар боллоо гэдгийг Ч.А-д хэлсэн. Байрны мөнгөний урьдчилгаа хэрэгтэй гэхээр нь би танидаг найз н.Дашдорж гэх хүнтэй ярьж 40 000 000 төгрөг шилжүүлнэ гээд Н.Б-ын дансанд хийчих гээд хийлгэсэн. Гэрээг 67 000 000 төгрөгөөр байгуулсан, 2015 оны намар байрандаа орсон. 2015,2016 онд зээл бүтэхээр больсон, 4 хүүхэдтэй хүнийг хөөгөөд гаргалтай биш гэж явсаар 2017 онд Р.Б нас барсан. Миний итгэлцлээр хийсэн гэрээ, Ч.А өгсөн мөнгө байхгүй” гэж мэдүүлсэн тул орон сууцны үнэд 40 000 000 төгрөгийг хариуцагч Ч.А-г төлсөн гэж үзэх боломжгүй, мөн 20 000 000 төгрөгийг төлсөн талаараа баримтаар нотлоогүй болно.

Хариуцагч нь 20 000 000 төгрөгийг хүлээлгэн өгснийг нотолно гэж гэрч асуулгах, дансны баримт гаргуулах хүсэлтийг гаргасан боловч гэрч нарын хаяг тодорхойгүй, 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн бол өөрөө баримтаар нотлох буюу шүүхэд ирүүлэх боломжтой гэж хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч дахин гэрч нарын хаягийг нь тодруулан хүсэлтээ гаргаагүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтуудыг өөрөө гаргаж өгөх, бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, эрхээ хэрэгжүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч Т.Б-ын хариуцагчийг орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас СӨХ-ны төлбөр 4 853 503 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.А-ын нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

10.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 606 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А-аас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд буюу 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 492 950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3,  116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1, 106 дугаар зүйлийн 106.2, 147 дугаар зүйлийн 147.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ч.А-г Х дүүрэг, 29 тоот орон сууцнаас албадан гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас СӨХ-ны төлбөр 4 853 503 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ч.А-ын нэхэмжлэгч Т.Б холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 606 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.А-аас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд буюу 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-д олгож, хариуцагч Ч.А-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 492 950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ХУЛАН