Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2022/01934

 

                 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х дүүрэг, дугаар хороо,  байр,  тоотод байрлах, Ж ХХК /РД:*********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг дугаар хороо, тоотод оршин суух О овогт Д-гийн О /РД:************* /,

Хариуцагч: Х дүүрэг,  дугаар хороо,   тоотод байрлах, М  ХХК /РД:*********/ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:  Зээлийн гэрээний үүрэгт 62 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ч,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,

Хариуцагчийн өмгөөлөгч О.З,

Гэрч А.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч М  ХХК, Д.Онарт  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 62 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 58 700 000 төгрөгийг гаргуулахаар багасгасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Иргэн Д.О нь манай компанитай 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ болон барьцааны 2 гэрээ хийж нийт 40 000 000 төгрөг зээлсэн ба зээлийг төлөөгүй болно. Иймд үндсэн зээл 40 000 000 төгрөг түүний хүү 1 800 000 төгрөг, алданги 20 900 000 төгрөгийг бүгд 62 700 000 төгрөг нэхэмжилж байна. Д.Онь өөрийн компани болох Б ХХК-ийн Булган аймгийн Орхон суман дахь өөрийн эзэмшлийн 424,83м/кв газар, М  ХХК-ийн 584.85м/кв газрыг барьцаалж зээл авсан боловч одоо болтол зээлээ төлөхгүй компанид их хэмжээний хохирол учруулсан болно. Х дүүргийн иргэн Д.О нь манай компанитай байгуулсан 2016 оны 5 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргээг гүйцэтгээгүй тул нийт 62 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

2.Д.О нь 2016 оны 5 дугаар сарын 11-нд Ж ХХК-иас Б.Л-гээр зуучлуулан Булган аймгийн Орхон сум дахь Б ХХК-ийн газрыг барьцаалж 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4.5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохирч зээлийн гэрээ байгуулан зээлж авсан. Мөн өдрөө Ж ХХК-иас Булган аймгийн Орхон сум дахь М  ХХК-ийн газрыг барьцаалж 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4.5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохирч зээлийн гэрээ байгуулан зээлж авсан. Д.Онь нийт 40 000 000 төгрөгийг зээлж аваад одоо хүртэл төлбөрөө төлөөгүй байгаа. Д.О-ийн   М  ХХК-ийн газрыг барьцаалж авсан зээлийг М ХХК нь түүнд итгэмжлэл олгон авч тариаландаа хэрэглэсэн гэдэг нь Д.О-д уг компанийн хувьцаа эзэмшигчдээс олгосон итгэмжлэл, Д.О-д тус компанийн захирал н.Б-ийн хүлээлгэн өгсөн баримт, н.Б-ийн гэрчээр өгсөн манай компани Д.О-ээр зээл авахуулсан, манайх хариуцна гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн. Үүнд хариуцагч Д.О-ээс 2016 оны 5 дугаар сарын 11-нд манай компаниас  Б.Л-ээр зуучлуулан Булган аймгийн Орхон сум дахь Б ХХК-ийн газрыг барьцаалж 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4.5 хувийн хүүтэй зээлсэн зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 20 000 000 төгрөг, гэрээний хугацааны хүү 900 000 төгрөг, гэрээний 4 дүгээр зүйл болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу алданги 10 450 000 төгрөг, нийт 31 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн хариуцагч М ХХК болон Д.О нараас 2016 оны 5 дугаар сарын 11-нд Ж ХХК-иас Булган аймгийн Орхон сум дахь М ХХК-ийн газрыг барьцаалж 20 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 4.5 хувийн хүүтэй зээлсэн зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 20 000 000 төгрөг, гэрээний хугацааны хүү 900 000 төгрөг, алданги 6 450 000 төгрөг, нийт 27 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Алданги тооцсон 10 450 000 төгрөгөөс гэрч А.А-ын моторын үнэ 4 000 000 төгрөгийг Б.Лхасч тооцохыг хүлээн зөвшөөрсөн тул манай компани нь алдангиас 4 000 000 төгрөгийг хасаад 6 450 000 төгрөг болгож, багасгасан юм.

3.Б ХХК-ийн захирал ажилтай Д.Огэдэг нэрээр эхний удаагийн зээлийг авсан, гэрээний зээлдэгч дээр Д.О өөрөө гарын үсэг зурсан, тэрнээс биш гэрээнд Булган спирт компани гэсэн нэр байхгүй. Д.О энэ зээлийг аваад Булган спирт компанид хүлээлгэж өгсөн гэсэн ямар нэгэн санхүүгийн бичиг баримт мөн байхгүй. Дээрээс нь Булган спирт компаниас зээл олгож өгөөч гэсэн ямар нэгэн албан бичиг, хүсэлт тамга тэмдэгтэй зүйл манайд ирж байгаагүй. Тэгэхээр гэрээнд Булган спирт компанийн захирал ажилтай л гэсэн болохоос тус компанийг төлөөлсөн гэсэн үг байхгүй учраас энэ зээлийг иргэн   авсан гэж үзэж, түүнээс нэхэмжилж байгаа. Мөн Б ХХК нь 2 гишүүнтэй байсан, тус компанийн 70 хувийн хувьцааг эзэмшдэг хүн нь Д.О зээл авах үед нь мэдээгүй гэсэн байгаа. Тиймээс энэ зээлийг Булган спирт гэдэг компанийн захирал ажилтай Д.Огэдэг хүн өөрөө авсан гэж үзэж байна.

М ХХК-тай байгуулсан гэрээний тухайд энэ хэрэг дээр гаргасан хүсэлтийн дагуу М  ХХК-ийн захирлыг гэрчээр асуулгахад энэ зээлийг би авахуулсан, үүнтэй холбоотой итгэмжлэлийг олгосон гэж хэлсэн. Энэ итгэмжлэлийн дагуу зээл авч компани зээлийг хэрэглэсэн учраас хариуцагч М ХХК болон Д.О нарыг хариуцах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардлагыг энэ 2 зээлийн гэрээ хангаж байгаа. Зээлийн гэрээг бичгээр байгуулж, мөнгийг Д.О-д бэлнээр хүлээлгэж өгсөн, энэ мөнгийг авсан учраас буцааж төлөх үүрэг нь үүссэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зааснаар талууд зээлийн хүүг 4,5 хувь байхаар харилцан тохиролцож гэрээнд заасан. Энэ гэрээний хүчин төгөлдөр байх нөхцлийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү тогтоосон учраас уг гэрээ нь хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ. Мөнгө буюу хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр гэрээг байгуулсанд тооцно гэсний дагуу 40 000 000 төгрөгийг өгсөн, авсан гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээний хугацаа хэтэрснээс хойш гэрээний 4 дүгээр зүйлд гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж заасан, энэ талаар гэрээнд бичгээр тусгасан учраас алданги тооцох эрхтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг нь үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүү 900 000 төгрөг нийт 20 900 000 төгрөг байгаа учраас үүнийг 50 хувийг тооцохоор алданги нь 10 450 000 төгрөг болж байгаа. 2018 онд төлсөн гэж байгаа 4 000 000 төгрөгийг хариуцагч аль нэг компанийн нэр дээр төлсөнд тооцож өгөөч гэсэн өргөдөл, хүсэлтийг Ж ХХКнд гаргаагүй. Эднийд байсан А.А гэдэг хүн мотор худалдсан гэдэг, Б.Лгэдэг хүн Ж ХХК-иас зээл аваагүй, эд нарт зуучилсан. Гэхдээ Б.Л4 000 000 төгрөргийг М ХХК-иас хасаад тооцчих гэсэн учраас М ХХК-ийн алдангиас уг мөнгийг хасаад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тооцсон. Барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Тиймээс ч манайх барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй. Барьцаалсан гэсэн болохоос үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлээгүй, газрын гэрчилгээний үл хөдлөх эд хөрөнгийн дугаарууд нь ч байхгүй. Тиймээс зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг нь хариуцагч нараас гаргуулахаар шаардсан гэв.

 

2.Хариуцагч Д.О хариу тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ж ХХК-аас Булганспирт ХХК-ний нэр дээр итгэмжлэлгүй төлөөлөх гүйцэтгэх захирлын хувьд 20 000 000 төгрөг, М  ХХК-ний нэр дээр компаний гишүүдийн хурлын шийдвэрийн дагуу итгэмжлэл хийлгэн 20 000 000 төгрөг, нийт 40 000 000 төгрөг авч газар тариалангийн ажилд зарцуулсан ба санхүүгийн баримтыг хэргийн материалд өгсөн байгаа. Энэ үед байгаль, цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн үлмаас 2015, 2017 онд 2 жил ургац алдсан, 2016 онд тарьсан талбайн ургацын болц оройтсон, малд тахлуулсан, үлдсэн талбайг хурааж 14,64 тн 7 612 800 төгрөгийн үнэ бүхий буудайг Дарханы Улсын нөөцийн газраас өмнө авсан үрийн буудайн төлбөрт хүн томилон явуулж хураан авсан. 2017 онд хожуу бороо орж ургацын болц оройтсоноос малчид эрт намаржаандаа орж ирэн Ар булаг багийн зүүн хажуугийн 138 га талбайн ургацыг мал тэжээвэр амьтан гишгэж идсэн байдаг ба сумын ургацын комисс очиж ажиллан 55 200 төгрөгийн  хохирол тогтоосон байдаг ба үлдсэн 90 га талбайн 85,4 тн буудайн ургацыг ТЭДС-аас авсан дэмжлэгийн зээлийн өрөнд 4-р ангилалын үнэ 440 000 төгрөгөөр бодож 37 583 мянган төгрөгийн буудайг ТЭДС-д тушаасан. Энэ ангилалын чийгтэй будааг өөр газар авдаггүй учир нь халж шатах өндөр эрсдэлтэй. 2018 онд Булган спиртийн газар уринш хийсэн. Миний бие 2018 оны 8 сард эхнэр Ц.С-ийг гадагшаа хорт хавдрын хагалгаанд оруулах, ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тариалалтын ажлыг зохион байгуулж чадаагүй Ч.Б уринш хийж өнжөөсөн байдаг. 2019 онд тамга тэмдэггүйн /Б.Л 2018 онд газрын гэрчилгээ, ААН-ийн гэрчилгээ, тамга зэргийг хураан авч сейфэндээ хийснээс хойш надад дахин өгөөгүй, хэрэглэж чадаа ч үгүй ажил хөөцөлдөх боломжгүй болсон/ улмаас хөнгөлөлт дэмжлэгэд хамрагдаж чадаагүйгээс багахан газар хүнсний ногоо тарьж зарим талбайд дахин уринш хийсэн. 2020, 2021 онуудад Д.Э миний хувьцааг Б.Л шилжүүлж авсны дараа чиний захирал хамаагүй одоо би хувь эзэмшигч чамд ямар ч хувь байхгүй болсон би тарина гэж түрэмгийлэн орж ирж уринш, тариалалт хийхээр очсон хүмүүсийг урдуур нь машинтайгаа хирж зогсон, цагдаа дагуулан ирж хөөж явуулаад талбайг хүнд түрээслэх, хамтарч тарин ашгаа хуваах зэргээр манайхыг тариалалт хийлгэлгүй өнөөг хүрсэн. Энэ жил ч гэсэн хүнтэй тохирч түрээслэн тариулахаар тохиролцон тариалалт хийлгүүлэхээр явж байгаа. Энэ бүх биднээс үл хамаарах шалтгаануудын улмаас төлбөрийг төлж чадаагүй учраас хүү алданги хүлээн зөвшөөрөхгүй. Мөн дээрх мөнгийг М ХХК, Б ХХК-ний авч, газар тариалангийн үйл ажиллагаанд 100 хувь зарцуулсан байхад М ХХК, Б ХХК-ийг бус хувь хүн Д.О намайг хариуцагчаар татах нь ямар нэг үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн.

            1.Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд нэгдүгээрт нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Хэргийн материалд Б ХХК, М  ХХК гэсэн 2 зээлийн гэрээ байгаа. Яг адилхан Б ХХК, М  ХХК-ийн захирал ажилтай Д.О гээд гэрээнд гарын үсэг зурсан. Энэ гэрээнүүдийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б ХХК болон М  ХХК-иудын захирал болох Д.О2 компанийг төлөөлөөд Ж ХХК-тай байгуулсан байна. Гэтэл нэг гэрээг нь компаниас нөгөө гэрээг нь иргэн хариуцана гээд байгаа нь ойлгомжгүй байна. Д.О нь жинхэнэ хариуцагч биш гэдэг нь хавтаст хэргийн 5-6 хуудсанд авагдсан зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримтаас тодорхой харагдана. Энэ гэрээнүүдэд Д.Онь иргэнийхээ хувьд биш Б ХХК болон М  ХХК-ийн захирлын хувиар гарын үсэг зурж, компанийн тамга тэмдэг дарж баталгаажуулсан. Тийм учраас Ж ХХК-тай Б ХХК болон М  ХХК нь зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж байна.

Хоёрдугаарт энэ зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр эсэх талаарх асуудал яригдана. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр байхын тулд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөлд 15.3.4-т банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ тусгай зөвшөөрөл авна гэж заасан шаардлагыг хангасан байх ёстой. Хэрэв ийм тусгай зөвшөөрөлгүй бол зээлийн гэрээгээр зээлийн төлбөр шаардах эрхгүй. Энэхүү зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. Энэ талаар хэд хэдэн хэргүүд шийдэгдсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 0139 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 0158 дугаар тогтоолууд дээр энэ талаар дурдаж хэргийг хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг гэдэг нь гэрчилгээн дээр байгаа гэж тайлбарлаж байна. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулахад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар ямар нэгэн тусгай зөвшөөрөл авна гэдгийг банкнаас бусад этгээд гэж субьектийг нь тусгай зааж өгсөн байна. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулахад ядаж л дүүргээс зөвшөөрөл авсан байх ёстой. Тийм учраас энэ гэрээг хүчин төгөлдөр мөн эсэхийг тодруулах шаардлагатай. Хэрэв энэ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзвэл барьцааны гэрээ мөн хүчин төгөлдөр бус болно. Барьцаалан зээлдүүлэх газрын эрх зүйн байдал, зээл олгох, буцаан төлүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг зохицуулсан тусгай хууль байдаггүй. Харин энэ төрлийн харилцааг Иргэний хуулиар зохицуулдаг бөгөөд барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгохдоо уг харилцааг Иргэний хуулийн 286 дугаар зүйлд зааснаар зохицуулна. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзвэл Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-т болон гэрээнд зааснаар 1 сарын хүү нэхэмжилсэн байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлсон. Зээлийн гэрээний 4-т 0.5 хувиар бодож алданги тооцохоор тохирсон байна. Гэхдээ алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэг арга мөн хэдий ч Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан. Мөн хуулийн 224 дугаар зүйлийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алддаг.

Гуравдугаарт. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т зааснаар хэрэв хөдлөх хөрөнгө барьцаалсан бол тухайн хөрөнгийг худалдан борлуулах эрх үүсэх хүртэл буюу 10 хоногоор алдангийг тооцож болно. Мөн 40 000 000 төгрөг авчихаад өдий хүртэл төлж чадаагүй байгаа шалтгаан нь хавтаст хэргийн материалд авагдсан баримтын дагуу давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас уг мөнгийг буцааж төлөх боломжгүй байсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх авсан 20 000 000 төгрөгийг авсан үүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хүлээн зөвшөөрч болно, бусад зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

            3.Хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б хариу тайлбартаа: Манай компани нь 2015 онд Монгол оронд цаг агаар, хэт халалтаас үүссэн даван туулж боломжгүй байгалийн давагдашгүй хүчин зүйлийн /МҮХАҮТ- ийн гаргаж өгсөн давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ бий/ нөлөөллөөс үүдэн ургац алдаж санхүүгийн доголдол үүссэн. Үүний улмаас 2016 оны тариалалтын бэлтгэл ажлыг хангах талаар 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр компанийн хувь эзэмшигчдийн хурал хийж ажлаа хуваарилан хэлэлцэн шаардлагатай байгаа санхүүжилтыг компаний гишүүн Д.О-д хариуцуулах шийдвэр гаргаж итгэмжлэл олгосон байдаг. Дээрх шийдвэр, итгэмжлэлийн дагуу Д.О нь 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ж ХХК-аас 20 000 000  төгрөг авсан бөгөөд энэ мөнгийг тариалалтын үйл ажиллагаандаа зарцуулсан. Харамсалтай нь тухайн жилийн ургацыг 2015 онд ОБЕГ-аас гэрээлж авсан үрийн буудайн төлбөрийг ургац хураалтын үед газар дээр нь алба хаагч томилж байгаад шууд будаагаар нь шилжүүлэн авсан байдаг. Харин 2017 онд дахин "Мөндөр” ангилалын байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас улаанбуудай тариалсан 600 га шахуу талбай, тосны ургамал тариалсан талбайнууд 100 хувь өртөж их хэмжээний хохирол учирсан ба харамсалтай нь тосны ургамал тариалсан 200 га тапбайн хохирлыг тогтоож өгөөгүй юм. /ОБЕГ-ын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр/. Улсаас хохирол барагдуулах талаар ямар ч арга хэмжээ авч өгөөгүй өдийг хүрсэн. 2018 онд санхүү хүндрэлтэй байдлын улмаас уринш тариалалт хийж чадаагүй болно. Ингээд 2018 оноос Ж ХХК-ний нэхэмжлэлтэй, мөн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Д.О нэхэмжлэлтэй шүүхийн хэргүүд үүсч өнөөг хүртэл шийдэгдээгүй явж байна. Манай компаний хувьд авсан 20 000 000 төгрөгийг зөвшөөрч байгаа бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

           

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж ХХК-ийн хуулийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Ж ХХК-ийн Ч.Мөнхжаргалд олгосон итгэмжлэл, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнүүд, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Ж ХХК, М  ХХК нарын байгуулсан Эвлэрлийн гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Ж ХХК-иас Ч.М-д олгосон итгэмжлэл, 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн Ж ХХК-иас Б.Л-д олгосон итгэмжлэл, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Ж ХХК-иас Б.Ч-д олгосон итгэмжлэл, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Ж ХХК-иас Б.Л-д олгосон итгэмжлэл, Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнүүд /хэргийн 2-6, 25, 96, 183, 190-193-р хуудас/ гэсэн баримтуудыг, 

хариуцагч Д.О-ээс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/*******/******* дугаар шүүгчийн захирамж, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Ж ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнүүд, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б ХХК-ийн дүрэм, М  ХХК-ийн дүрэм, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №03 дугаартай М  ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, Техникийн үнэ, эргэн төлөх график, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №056 тоот Тариалан эрхлэх дэмжих сан, М  ХХК нарын байгуулсан 2016 оны Хаврын тариалалтад шаардагдах үрийн буудайг зээлээр олгох гэрээ, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №29 тоот Гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн УХ-2016/118 тоот Тариалан эрхлэх дэмжих сан, Б ХХК нарын байгуулсан 2016 оны Ургац хураалтад дизелийн түлш олгох гэрээ, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн УХ-2016/105 тоот Тариалан эрхлэх дэмжих сан, Б ХХК, М  ХХК нарын байгуулсан 2016 оны Ургац хураалтад дизелийн түлш олгох гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Кассын зарлагын баримт, 2016 оны 5 дугаар сарын 11, 2016 оны 5 дугаар сарын 14, 2016 оны 5 дугаар сарын 15, 2016 оны 5 дугаар сарын 13, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Хаан банк ХХК-ийн гүйлгээний баримт, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Төрийн банк ХХК-ийн орлогын мэдүүлэг, 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Төрийн банк ХХК-ийн орлогын мэдүүлэг, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Зарлагын баримт, 2016 оны 5 дугаар сарны 18-ны өдрийн Зарлагын баримт, М  ХХК-ийн Бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтууд, Б ХХК-ийн кассын зарлагын баримт, Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б ХХК-ийн дүрэм, 20109 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Булган аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б ХХК, Ж ХХК нарын байгуулсан Зээлийн гэрээ, М  ХХК-ийн дүрэм, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн М  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 132/******/******* дугаар “Иргэний хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамж, 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 132/*******/****** дугаар“Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамж, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 132/ШЗ2020/02882 дугаар  “Хэрэг шилжүүлэх тухай” шүүгчийн захирамж, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Д.О, О.З нарын байгуулсан Хууль зүйн, туслалцаа үзүүлэх гэрээ, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт /хэргийн 35-95,102-126, 142, 144-153, 201-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч М ХХК-иас хариу тайлбар, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн М ХХК-ийн Д.О-д олгосон итгэмжлэл, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Давагдашгүй хүчин зүйлчийн гэрчилгээ, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 071/36 тоот Булган аймаг Онцгой байдлын газар гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Орхон суманд газар тариалангийн үйл ажиллагаа явуулж буй Б ХХК-ийн талбайд мал орж идэж гишгэсэн хохирлыг тогтоосон тухай акт, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Булган аймгийн Орхон суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг Б ХХК-ийн үр тарианы талбайд ажилласан тухай илтгэх хуудас, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Булган аймгийн Орхон суманд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг Б ХХК-ийн үр тарианы талбайд ажилласан тухай илтгэх хуудас, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Орхон суманд тариалангийн үйл ажиллагаа явуулж буй М  ХХК-ийн талбайд хохирол тогтоосон тухай бичиг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Орхон суманд тариалангийн үйл ажиллагаа явуулж буй М  ХХК-ийн талбайд хохирол тогтоосон тухай бичиг /хэргийн 200, 202-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Д.Э, Ч.Б нарыг гэрчээр дуудаж мэдүүлэг авч тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б ХХК, М ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг  /хэргийн 124-125, 164-178-р хуудас/ шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ж ХХК-ийн хариуцагч М ХХК, Д.О нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 27 350 000 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулж, хариуцагч Д.О-д холбогдуулан гаргасан 31 350 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч М ХХК, Д.О нараас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй, хугацаандаа үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл болон түүнийг ашигласны хүү, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги нийт 58 700 000 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч М ХХК, Д.О нараас зээлийн үүрэгт 27 350 000 төгрөгийг, хариуцагч Д.О-ээс зээлийн үүрэгт 31 350 000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч Д.О нь М ХХК, Б ХХК-ийг төлөөлөн 20 000 000 төгрөгийн зээл авсан, мөнгөн хөрөнгийг Б ХХК, М ХХК-ийн газар тариалангийн үйл ажиллагаанд зарцуулсан, давагдашгүй хүчин зүйлсийн улмаас ургац хурааж авч чадаагүй, хохирол учирч зээлээ эргүүлэн төлөх боломжгүй болсон, зээлийг Б ХХК, М ХХК нь авч, үйл ажиллагаандаа хэрэглэсэн тул хариуцагч биш гэж үгүйсгэсэн.  

4.Хариуцагч М  ХХК нь зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөг авсан талаар маргаагүй, тариалалтын үйл ажиллагаанд зарцуулсан боловч давагдашгүй нөхцөл байдлын улмаас улаан буудайн тариалалт хийж чадаагүй тул үндсэн зээл 20 000 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, хүү болон алдангийг төлөхгүй гэж маргасан.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг Ж ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газар, Б ХХК-ийн захирал ажилтай Д.О нар байгуулж, 20 000 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, 1 сард 4,5 хувийн хүүтэй, зээлийн хүү 900 000 төгрөгийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн барьцаанд Булганы Орхон сумд 424,83 м.кв газрыг барьцаалжээ.

 Мөн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээг Ж ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газар, М ХХК-ийн захирал ажилтай Д.О нар байгуулж, 20 000 000 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, 1 сард 4,5 хувийн хүүтэй, зээлийн хүү 900 000 төгрөгийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн барьцаанд Булганы Орхон сумд 584,85 м.кв газрыг барьцаалсан байна.

 

6.Талуудын маргааны зүйл нь гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээг компанийг төлөөлөн эсхүл Д.О байгуулсан эсэх, хүү болон алдангийг төлөх талаар байна, зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн талаар маргаагүй байна.

 

7.Зохигч талуудын хооронд буюу нэхэмжлэгч Ж ХХК болон Б ХХК, нэхэмжлэгч Ж ХХК болон хариуцагч М ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.5-д зааснаар 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний мөнгө хөрөнгө болох 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй байна гэж үзэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл бөгөөд Аж ахуйн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.3.4-т зааснаар тусгай зөвшөөрөл аваагүй, үл хөдлөх хөрөнгийг барьцаалан хууль зөрчсөн гэсэн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн” хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож болох боловч “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-д зааснаар талууд гэрээг бичгээр байгуулсан, “зохих этгээдийн зөвшөөрөлгүй гэж хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд хэрэгт авагдсан Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэхээр үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг заасан байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шаардлага гаргаагүй болно.

 

Мөн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч Д .О  болон М нар хариуцана гэж, хариуцагч болон түүний өмгөөлөгч нар нь зээлийн гэрээг иргэн Д.О  байгуулаагүй тул хариуцагч биш гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ж ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн бэлэн мөнгөний кассын зарлагын ордероор “20 000 000 төгрөгийг М ХХК-нд”, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн бэлэн мөнгөний кассын зарлагын ордероор “Б ХХК зээл 20 000 000 төгрөг” гэж тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дээрх баримтыг манай байгууллагын баримт мөн гэж тайлбарласан, шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар шүүхэд хуулбарыг нь ирүүлсэн нотлох баримтын жинхэнэ эхийг шаардан авсан болно.

Иймд талууд зээлийг олгох хэлбэрийг бэлнээр” олгосон талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, хэрэгт авагдсан 2016 оны 5 дугаар сарын 11ий өдрийн кассын зарлагын ордероор зээл 20 000 000 төгрөгийг Б ХХК, М ХХК-нд тус тус олгосон, мөнгөн хөрөнгө болох 20 000 000 төгрөгийг Б ХХК болон М ХХК нь хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөн хариуцагч М ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №03 дугаартай Хувь эзэмшигчдийн хурлын шийдвэрт “...3.Хаврын тариалалтад шаардлагатай санхүүжилтын эх үүсвэрийг яаралтай судалж, зээл хөөцөлдөхийг компанийн гишүүн Д.О-д хариуцуулан ажиллуулсугай” гэсэн байх бөгөөд М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд 2015 оны 3 дугаар сарын 13-наас эхлэн өнөөдрийг хүртэл Ч.Б нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа, хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтаар 2016 оны 5 дугаар сарын 11-нд М ХХК захирал Д.О-ээс “зээл авсан 20 000 000 төгрөгийг Батзоригт тушаав” гэсэн, 20 000 000 төгрөгийн зээлийн мөнгөний зарцуулалтын баримтуудыг шүүхэд ирүүлсэн болно.

Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 01-ний хугацаанд захирлаар Д.Э ажиллаж байсан, шүүх хуралдаанд гэрч Д.Э-ын мэдүүлэхдээ “...Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч, 70 хувийн хувьцааг би, 30 хувийн хувьцааг Д.О эзэмшдэг, зээл авах талаар тохироогүй, зээлийг компани аваагүй, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөрөх эрхтэй этгээд нь Д.О байсан, зээл авсан гэдгийг 2019 оны хавар мэдсэн” гэж мэдүүлсэн боловч зээлийн мөнгөн хөрөнгийг Б ХХК хүлээн авсан болох нь кассын зарлагын ордероор тогтоогдож байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн зээлийн мөнгөн хөрөнгийг компани авсан, үйл ажиллагаандаа ашигласан тул зээлийн гэрээний үүргийг иргэн Д.О хариуцахгүй гэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд М ХХК-иас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20 000 000 төгрөгийг, гэрээгээр харилцан тохиролцсон хүү болох 900 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 6 450 000 төгрөг, нийт 27 350 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-нд олгох үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь М ХХК болон Д.О нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргээс гэрч А.А-ын “У захирал Б.Л-д мотор, насос нийлүүлсэн гэх 4 000 000 төгрөгийг М ХХК-ийн зээлнээс хасаад тооцчих гэж хэлсэн учраас М ХХК-ийн алдангиас хасч тооцоход татгалзахгүй” гэсэн болно.

 

Хариуцагч М ХХК нь зээлийн хүү болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, 2016 онд ургац алдсан, тариалан муу байснаас зээл төлөх боломжгүй байсан болох нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 01/192 дугаартай “Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”, Булган аймгийн Онцгой байдлын газар гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 071/36 тоот дүгнэлт, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний талбайд мал орж идэж гишгэсэн хохирлыг тогтоосон акт, М ХХК-ийн талбайд хохирол тогтоосон тухай баримтуудаар нотлогдоно гэсэн, хариуцагчийн өмгөөлөгч нь алданги тооцсон нь үндэслэлгүй, талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулагдсан тул мөн хуулийн 286.3-т зааснаар 10 хоногт л алданги тооцогдоно, барьцааны зүйлийг зарж борлуулан хохирлоо төлүүлэх байсан, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж хууль зөрчсөн гэсэн.

Гэвч хариуцагч М ХХК нь зээлийг төлөх боломжгүй байсан талаараа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, зээлийн гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах, алдангийг багасгах талаар харилцан тохиролцсон талаарх баримтгүй, мөн Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заасан боловч талууд хөдлөх эд хөрөнгө барьцаалаагүй, зээлийн гэрээнд тусгасан барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй, холбогдох бичиг баримтыг шилжүүлээгүй, мэдээлэл нь тодорхой бус байсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарласныг хариуцагчийн төлөөлөгч нь маргаагүй.

Талууд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээндээ хүү 900 000 төгрөгийг, 4-т “гэрээнд заасан хугацаанд зээлийг, хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй” гэж харилцан тохиролцсон, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2-т “барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-д “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заажээ. 

Иймд хариуцагч М ХХК-иас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүү 900 000 төгрөг, алданги 6 450 000 төгрөг, нийт 27 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-нд олгож, хариуцагч Д.О-д холбогдуулан гаргасан зээлийн үүрэгт 31 350 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 471 450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 294 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.5, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 27 350 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэгчийн хариуцагч Д.О-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 31 350 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 294 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай .

                                 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН