Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01706

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01706

 

 

2022 ......... 09 ..... 12 102/МА2022/01706

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/01934 дугаар шийдвэртэй, Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК, Д.О,нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 62,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Оийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, хариуцагч, М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч Д.Оийн өмгөөлөгч О.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Иргэн Д.О нь манай компанитай 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, нийт 20,000,000 төгрөгийн зээл авсан боловч зээлээ төлөөгүй. Д.Оээс үндсэн зээл 20,000,000 төгрөг, түүний хүү 900,000 төгрөг, алданги 10,450,000 төгрөг, нийт 31,350,000 төгрөг гаргуулна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан бөгөөд М ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг төлсөн. Уг төлбөрийг алданги 10,450,000 төгрөгөөс хасч тооцож 6,450,000 төгрөг болгож багасгаж байна. Иймд зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 20,000,000 төгрөг, хүү 900,000 төгрөг, алданги 6,450,000 төгрөг, нийт 27,350,000 төгрөгийг хариуцагч М ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Д.Оийн тайлбар, татгалзлын агуулга: 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ж ХХК-аас Б ХХК-ний нэр дээр итгэмжлэлгүй төлөөлөх гүйцэтгэх захирлын хувьд 20,000,000 төгрөг, М ХХК-ийн нэр дээр компанийн гишүүдийн хурлын шийдвэрийн дагуу итгэмжлэл хийлгэн 20,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөг авч газар тариалангийн ажилд зарцуулсан ба санхүүгийн баримтыг хэргийн материалд өгсөн. Дээрх зээлийг М ХХК, Б ХХК авч, газар тариалангийн үйл ажиллагаанд зарцуулсан байхад М ХХК, Б ХХК-ийг бус хувь хүн Д.О намайг хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзэж байна. Энэхүү зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна.

3. Хариуцагч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Б-ийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь 2015 онд Монгол оронд цаг агаар, хэт халалтаас үүссэн байгалийн давагдашгүй хүчин зүйлийн /МҮХАҮТ-ийн гаргаж өгсөн давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ бий/ нөлөөллөөс үүдэн ургац алдаж санхүүгийн доголдол үүссэн. Д.О нь 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ж ХХК-аас 20,000,000 төгрөг авсан бөгөөд энэ мөнгийг тариалалтын үйл ажиллагаандаа зарцуулсан. Манай компанийн хувьд авсан 20,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.5, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 27,350,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэгчийн хариуцагч Д.Оэд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 31,350,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 294,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж ХХК-д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Ж ХХК болон М ХХК-ийн хооронд, мөн Ж ХХК болон Б ХХК-ийн хооронд гэрээ байгуулагдсан. Гэвч анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, хэрэглэх ёстой хуулийг үндэслэл бүхий хэрэглэж чадаагүйгээс тухайн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв үнэлж дүгнээгүй. Ж ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл мөн гэж, мөн ямар нэгэн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны зорилгод нийцүүлсэн, хууль зөрчөөгүй гэж үзээд 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Ж ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д алданги тооцохдоо 50 хувиар тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Давж заалдах шатны шүүхэд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй юм. М ХХК-ийн өмгөөлөгч нь О.З биш. Д.О М ХХК-аас итгэмжлэл авсан боловч энэхүү итгэмжлэлийг авахаас өмнө Д.Отэй О.З эрх ашгийг нь хамгаалахаар гэрээ байгуулсан байсан. Зөвхөн үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийн төлөө гомдол гаргах үүрэгтэй. Иймд тус гомдол нь үндэслэлгүй юм. Барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээнд тусгай зөвшөөрөл авна гэсэн эрх зүйн зохицуулалт буюу хууль тогтоомж байхгүй. Барьцааны гэрээний талаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар батлуулж бүртгүүлдэг. Үүнд зөвшөөрөл аваагүй, бүртгэл хийгдээгүй, гэрээний агуулга нь шаардлага хангахгүй байна.. Үйл ажиллагааны чиглэлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн учир хууль зөрчсөн зүйл байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Д.Оийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч М ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 27,350,000 төгрөг, хариуцагч Д.Оээс зээлийн гэрээний үүрэгт 31,350,000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч М ХХК нь 20,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү болон алдангийг эс зөвшөөрч, хариуцагч Д.О бүхэлд нь эс зөвшөөрч тус тус маргасан. /хх 1, 191/

3.а. Ж ХХК болон Д.О нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 1 сард 4,5 хувийн хүүтэй, зээлийн хүү 900,000 төгрөгийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх, 5, 192/

Ж ХХК нь энэ өдөр Б ХХК-тай адил нөхцлөөр гэрээ байгуулжээ.

3.б. Хэрэгт талуудын бичгээр хийсэн гэрээ авагдсан боловч гэрээний дагуу Ж ХХК-аас зээлийн гэрээний зүйл буюу мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар Д.О-т шилжүүлээгүй болох нь баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

3.в. Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул анхан шатны шүүх Ж ХХК болон Д.О нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэн Д.Оэд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

4.а. Ж ХХК болон М ХХК нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, 20 000 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон байна. /хх, 6, 193/

4.б. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байтал Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдүүлэх газраас олгох зээлийн гэрээний зохицуулалтыг баримтлан шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

Нэхэмжлэгч Ж ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны чиглэлийг бүртгэсэн бүртгэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн барьцаалан зээлдүүлэх зээлээс бусад зээлийн гэрээ байгуулах эрхийг хязгаарлахгүй.

4.в. Талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Барьцааны гэрээ нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр ...Булганы Орхон суманд 424,83 м.кв газрыг барьцаанд тавьж байна. гэж тохиролцсон гэрээний хэсэг нь газрын эзэмших эрхийг барьцаалсан хэлбэр юм.

Газар эзэмших эрхээ барьцаалсан нөхцөлд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж зохицуулсан. Хэрэгт газар эзэмших эрх барьцаалсантай холбоотой баримт авагдаагүй боловч уг бүртгэл нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагад хамаарахгүй. Зөвхөн эзэмших эрхийн барьцааны гэрээний харилцаанд барьцаалагчийн эрхийг хамгаалсан зохицуулалт юм. Нэхэмжлэгч нь барьцааны гэрээний үүрэг шаардаагүй болохыг дурдав.

4.г. Анхан шатны шүүх М ХХК-ийн төлсөн 4,000,000 төгрөгийг алдангиас хасч тооцож дүгнэсэн нь буруу.

Учир нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн өрийг төлөхөд тэргүүн ээлжинд үндсэн үүрэг, эцэст нь хүү болон нэмэлт үүрэг төлүүлэх дарааллыг баримтлах хуулийн зохицуулалттай.

Хариуцагч М ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 4,000,000 төгрөгийг үндсэн зээл 20,000,000 төгрөгөөс хасч тооцоход үндсэн зээл 16,000,000 төгрөг, зээлийн хүү 900,000 төгрөг, нийт 16,900,000 төгрөгийг хариуцагч М ХХК нь төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан, зээлийн гэрээний 4-д гэрээнд заасан хугацаанд зээлийг, хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар бодож алданги зээлдүүлэгчид төлнө гэж тохирсон учраас зээлдүүлэгч Ж ХХК нь алданги шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээний үндсэн үүрэг 16,900,000 төгрөгийн 50 хувиар тооцож, алданги 8,450,000 төгрөгийг М ХХК-аас гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Оийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/01934 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан 25,350,000 төгрөгийг М ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 2,000,000 төгрөг болон Д.Оэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дах заалтын 294,700 гэснийг 284,700 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР