Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 152/ШШ2022/00241

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т овогт Б-ийн Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х овогт М-ын Б-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.466.780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 04ий өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2.348.000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 7.814.780 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л, хариуцагч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д миний бие 2018 оны 4 дүгээр сарын 20-ны үеэр Увс аймгийн 3 дугаар багийн Галданбошигт хороололд 20 айлын орон сууц барихаар болж Улаанбаатар хотод барилгын материал болон бусад ачаа материал, ажилчдаа авахаар очсон. Энэ үед Б, Ш бид 3 уулзсан. Б манай барилгад өөрийн машин техникээ түрээсэлж ажиллахаар тохиролцсон. Тэрээр түрээсийн хөлсөнд надаас блокны иж бүрэн шинэ машиныг 7.000.000 төгрөгөөр авахаар болсон юм. Ц ХХК-ийн захирал захирал Б 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр миний 9 дүгээр баг, Буянт хороололд байрлах агуулахад байсан шинэ блокны машин, шинэ зуурагч, шинэ блок зөөх зориулалтын тэрэг, шинэ банзаар хийсэн блокны 156 ширхэг подооныг өөрийн биеэр ирж үзээд хараад явсан. 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Б надруу ярьж блокны машиныг авъя, өөрийн крантай машин, ажилчнаа явуулчихлаа гэж хэлсэн. Миний бие өөрийн агуулах дээр очиход Б-ийн япон, цэнхэр өнгийн, х улсын дугаартай крантай машинтай 2 ажилтан ирсэн байсан. Би агуулахаа онгойлгоод дүү Н-г дуудаж блокны иж бүрэн машинуудыг ачуулаад подооныг нь тоолоод өгөөрэй гэж хэлээд ажилдаа явсан. Б надаас авсан блокны машинаараа өнөөдрийг хүртэл блок хийн зарж борлуулсаар байгаа. Түүнчлэн өөрийн найз Б-ийн томоохон аж ахуйн хашаануудыг бүгдийг нь дээрх машинаар блок үйлдвэрлэн барьсан. Б блокны машиныхаа үлдэгдэл мөнгөө өгнө гэж хэлээд өдий хүртэл өгөөгүй юм. Иймд Б-с миний блокны машины үлдэгдэл төлбөр болох 5.466.780 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа...Бид миний өгсөн тоног төхөөрөмж, бараа материал болон бэлэн мөнгөний тооцоо:

1. Шинэ блокны машин, шинэ зуурагч, шинэ блок зөөх зориулалтын тэрэг, шинэ банзаар хийсэн блокны 156 ш подооны үнэ 7.000.000 төгрөгийн тоног төхөөрөмжийг Буянт агуулахаас өгсөн.

2. Краны троссны үнэ 1.000.000 төгрөг дансаар өгсөн.

3. Мак ХХК-ний 5 тонн цемент 1.500.000 төгрөгийн Буянт агуулахаас ачуулж өгсөн.

4. Шинэ 12-ын диаметртэй 12 метрийн урттай арматур 20 ширхэг 436.780төгрөг барилгын талбайгаас өгсөн.

5. Шинэ 10-ын диаметртэй катанги 1.2 тонн 2.280.000төгрөг барилгын талбайгаас өгсөн.

Хүүхдээ УБ аас авахуулсан номны үнэ 93.000 төгрөгийт 12.309.780 төгрөгийг миний бие Б-с авах ёстой. Үүнээс цамхагт краны түрээсийн доорхи тооцоог хасаж миний бие нэхэмжлэл гаргасан. Үүнд:

1. Цамхагт кран анх ажилласан өдөр 2018 оны 6 сарын 12-аас 7 сарын 11 -ний хүртэл Улсын баяр наадам хүртэл 30 хоног, 7 сарын 17 -аас 7 сарын 26 нь хүртэл 10 хоног буюу нийлээд 40 хоног ажилласан. 1 өдрийн түрээс 100.000 төгрөг бөгөөд 40 хоног-100.000 төгрөг =4.000.000 төгрөг

2. 2020 оны 6 сард экскаватор 3 мот/цаг ажилласан. 1 мот/цагийн төлбөр 165.000 бөгөөд 3 мот/ цаг-165.000 төгрөг =495.000 төгрөг болсон. Нийт түрээсийн төлбөр 4.495.000 төгрөг болсон. Иймээс Б-ийн надад өгөх 12.309.780 төгрөгөөс миний өгөх цамхагт краны түрээсийн төлбөр 4.495.000 төгрөгийг хасаад үлдсэн 7.814.780 төгрөгийн төлбөр үлдсэн юм. Иймд миний үндсэн нэхэмжилсэн 5.466.780 төгрөг дээр дахин нэмж 2.348.000 төгрөг дутуу бодогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул Б-с нийт 7.814.780 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Д нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны үеэр Увс аймгийн 3 дугаар багийн Галданбошигт хороололд 20 айлын орон сууц барихаар болж Улаанбаатар хотод барилгын материал болон бусад ачаа материал, ажилчдаа авахаар очсон байдаг энэ үедээ Б, Ш хоёртой уулзсан. Б нь Д-ийн барилгад өөрийн машин техникээ түрээсэлж ажиллахаар тохиролцсон ба түрээсийн хөлсөнд блокны иж бүрэн шинэ машиныг 7.000.000 төгрөгөөр авахаар болсон. Б 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр миний 9 дүгээр баг, Буянт хороололд байрлах агуулахад байсан шинэ блокны машин, шинэ зуурагч, шинэ блок зөөх зориулалтын тэрэг, шинэ банзаар хийсэн блокны 156 ширхэг подооныг өөрийн биеэр ирж үзээд хараад явсан. Тухайн үед 7,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон байдаг. 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Б нь Д рүү ярьж блокны машиныг авсан. Б нь Д-ээс авсан блокны машинаараа өнөөдрийг хүртэл блок хийн зарж борлуулсаар байгаа. Иймд Б-с миний блокны машины үлдэгдэл төлбөр болох 5.466.780 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба тэрээр нэрэмжлэлийн шаардлагаа 2.348.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байдаг. Иймд Б-с худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7.814.780 төгрөг гаргуулж Д-д олгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 онд миний эзэмшилд Ц ХХК байгаагүй. 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Д-ээс блокны машин, зуурагч, блок зөөх зориулалтын тэрэг, 56 ширхэг подоон авсан нь үнэн. Гэхдээ би маш олон газартай харилцаж бараа бүтээгдэхүүн авдаг тул яг хэдэн төгрөгөөр авахаар болсныг сайн санахгүй байна. Гэхдээ Д-ийн над руу бичсэн чатаас харахад 6,000,000 төгрөгөөр тохиролцсон юм байна. Д нь миний эзэмшлийн Б ХХК-аас цамхагт кран, армотур таслагч, армотур матагч, банз зүсэгч суурин хөрөө тус тус түрээслэсэн. Уг техник хэрэгслийг Д facebook чатаар тооцоо гаргаж явуулсан. Уг тооцоонд краны хөлс 5 хоног хийсэн. 3 ширхэг багаж тоног төхөөрөмжийн тооцоо хийгээгүй болно. Миний авах тооцоо 6.150.000 Д надаас авах 4.466.780 надад өгөх 1.683.220 төгрөг. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д нь хариуцагч Бид холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7.814.780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь Блокны машин, зуурагч, блок зөөх зориулалтын тэрэг, 156 ширхэг подооныг Д-ээс авсан нь үнэн. Гэхдээ Д нь манай компаний эд хөрөнгийг түрээслээд тооцоо дууссан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

Д, Б нар нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулж Д нь блокны машин, зуурагч, блок зөөх зориулалтын тэрэг, блокны 156 ширхэг подооныг нийлүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хууль болон гэрээний дагуу нэхэмжлэгч нь төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагчийн зүгээс тухайн барааг 6,000,000 төгрөгөөр авахаар тохирсон би Д-д цамхагт кран, армотур матагч, армотур таслагч, банз зүсэгт багаж гэх мэтийг түрээсээр ашигласан тул тооцоо дууссан гэж маргаж байгаа боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, няцаах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Б-с худалдах-худалдан авах гэрээний үүрэг 8,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 814,780 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,937 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-с 126,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Б-с худалдах-худалдан авах гэрээний үүрэг 8,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 814,780 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,937 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-с 126,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР