Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 224/ма2022/00015

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Дгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 241 дүгээр шийдвэртэй,

Б.Дгийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Бид холбогдох, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7,814,780 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагч М.Б /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Б.Дгийн нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7,814,780 төгрөг гаргуулах.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Нэхэмжлэгч Б.Д анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Б.Д миний бие 2018 оны 4 дүгээр сарын 20-ны үеэр Увс аймгийн 3 дугаар багийн Галданбошигт хороололд 20 айлын орон сууц барихаар болж Улаанбаатар хотод барилгын материал болон бусад ачаа материал, ажилчдаа авахаар очсон. Энэ үед М.Б, Т.Шинэхүү бид 3 уулзсан. М.Б манай барилгад өөрийн машин техникээ түрээсэлж ажиллахаар тохиролцсон. Тэрээр түрээсийн хөлсөнд надаас блокны иж бүрэн шинэ машиныг 7,000,000 төгрөгөөр авахаар болсон юм. Ингээд М.Б нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр миний 9 дүгээр баг, Буянт хороололд байрлах агуулахад байсан шинэ блокны машин, шинэ зуурагч, шинэ блок зөөх зориулалтын тэрэг, шинэ банзаар хийсэн блокны 156 ширхэг подооныг өөрийн биеэр ирж үзэж хараад явсан.

2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр М.Б над руу утсаар ярьж, блокны машиныг авья, өөрийн крантай машин, ажилчнаа явуулчихлаа гэж хэлсэн. Миний бие өөрийн агуулах дээр очиход М.Бийн япон, цэнхэр өнгийн, 86-41 УВХ улсын дугаартай, крантай машинаар 2 ажилтан ирсэн байсан. Би агуулахаа онгойлгоод дүү Б.Нямбаяраа дуудаж блокны иж бүрэн машинуудыг ачуулаад подооныг нь тоолоод өгөөрэй гэж хэлээд ажилдаа явсан. М.Б надаас авсан блокны машинаараа өнөөдрийг хүртэл блок хийн зарж борлуулсаар байгаа. Түүнчлэн өөрийн найз н.Бямбадоржийн томоохон аж ахуйн хашаануудыг бүгдийг нь дээрх машинаар блок үйлдвэрлэн барьсан. М.Б блокны машиныхаа үлдэгдэл мөнгөө өгнө гэж хэлээд өдий хүртэл өгөөгүй юм. Иймд М.Боос миний блокны машины үлдэгдэл төлбөр болох 5,466,780 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

         2.1 Нэхэмжлэгч Б.Д нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тайлбартаа: “..шинэ блокны машин, түүний дагалдах хэрэгслийн үнэ 7.000.000 төгрөг, краны троссны үнэ 1.000.000 төгрөг, Мак ХХК-ийн 5 тонн цемент 1500.000 төгрөг, армотурын үнэ 436.780 төгрөг, 10-ын диаметртэй катанги 1,2 тонн буюу 2.280.000 төгрөг, номны үнэ 93.000 төгрөг,  нийт 12.309.780 төгрөг,  үүнээс кран болон экскаваторын түрээсийн төлбөр 4.495.000 төгрөгийг хасаад үлдэх 7.814.780 төгрөгийг М.Боос гаргуулна” гэжээ.

          3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг  дэмжиж байна.Хариуцагч М.Б нь Б.Дгээс шинэ блокны машин, дагалдах хэрэгсэлийн хамт авсан бөгөөд үнийг төлөөгүй байгаа тул М.Боос 7.814.780 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах.

5. Хариуцагчийн татгалзлын үндэслэл:

Хариуцагч М.Б анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2018 онд миний эзэмшилд Цэнгийн зам ХХК байгаагүй. 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Б.Дгээс блокны машин, зуурагч, блок зөөх зориулалтын тэрэг, 56 ширхэг подоон авсан нь үнэн. Гэхдээ би маш олон газартай харилцаж бараа бүтээгдэхүүн авдаг тул яг хэдэн төгрөгөөр авахаар болсныг сайн санахгүй байна. Гэхдээ Б.Дгийн над руу бичсэн чатаас харахад 6,000,000 төгрөгөөр тохиролцсон юм байна. Б.Д нь миний эзэмшлийн “Баян цагаан зам” ХХК-аас цамхагт кран, армотур таслагч, армотур матагч, банз зүсэгч суурин хөрөө тус тус түрээслэсэн. Уг техник хэрэгслийг Б.Д fasebook чатаар тооцоо гаргаж явуулсан. Уг тооцоонд краны хөлс 5 хоногоор хийсэн байсан ба 3 ширхэг багаж тоног төхөөрөмжийн тооцоо хийгээгүй болно. Миний авах тооцоо 6,150,000 төгрөгөөс Б.Д надаас авах 4,466,780 төгрөгийг надад өгөх 1,683,220 төгрөг. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

6. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2022/00241 дүгээр шийдвэрэээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М.Боос худалдах-худалдан авах гэрээний үүрэг 8,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 814,780 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154,937 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Боос 126,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгож шийдвэрлэжээ.

7. Хариуцагч М.Б давж заалдах гомдолдоо : “Нэхэмжлэгч Б.Д нь нийт 7,814,780 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг надад холбогдуулан гаргасныг анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 7,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 814,780 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж шийдвэр уншиж сонсгосон боловч шийдвэртээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс илүү буюу 8,000,000 төгрөг гаргуулж, 814,780 төгрөг хэрэгсэхгүй болгосон гэж бичсэн байна.

Мөн нэхэмжлэгч Б.Д бид хоёрын хооронд харилцаж байсан чатыг нотлох баримтаар өгсөн байгаа бөгөөд энэ чатанд харилцан төлбөр тооцоогүй талаар бичигдсэн байгааг шүүх анхаарсангүй. Энэ нь шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд байдлаар анхан шатны шүүх үнэлэх ёстой нотлох баримтыг үнэлээгүй, нэхэмжлэлээс илүү асуудал шийдвэрлэж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьж гаргасан гэх үндэслэлтэй байгаа тул Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2022/00241 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Хариуцагч М.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “ Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Надаас 7.800.000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Шүүх нэхэмжлэлээс 817.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 7 сая төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн талаар танилцуулсан. Гэтэл шүүхийн шийдвэрийг бичгээр ирүүлсэнтэй танилцахад 8 сая төгрөг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн байсан. .. Бид хоёрын хооронд бичсэн чатад үзлэг хийж, шинжлэн судалж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан.  Шүүх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсний дараа Б.Д над руу бичсэн чатаа устгачихсан байна. Тэр баримт бичиг хэргийн материалд авагдаагүй байгаад гомдолтой байна” гэв.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Бид анх тооцоогоо буруу гаргаж 5,466,780 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гэж гаргасан учраас нэхэмжлэлийн шаардлагаа 2,384,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Хариуцагчийн гомдлын үндэслэлд  дурдсан, шүүхийн шийдвэр уншиж танилцуулахдаа үнийн дүнг 7.814.780 төгрөг гэж хэлчихээд 8 сая төгрөг  болгож үнийн дүн өөрчлөгдсөн гэдэгтэй санал нэг байна. Үнийн дүнг шүүх андуурч тавьсан , үүнийг техникийн алдаа гэж үзэж  байна. М.Б нь “ Б.Д бид хоёрын чатад үзлэг хийсэн. Б.Д чатаа устгасан байна. Би Б.Дгээс авлагатай байсан”  гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Хувь чатаараа харилцан яриа үүсгэж бичсэн нь нотлох баримт болохгүй.

Б.Д, М.Б хоёр нь хоёулаа барилгын компанийн захирлын албан тушаал хашдаг. Барилгын техник хэрэгслээр хамтарч ажиллаж байсан тохиолдлууд их байдаг. М.Б нь өмнөх шүүх хурал дээр Б.Дгээс 4-5 сая төгрөгийн авлагатай гэж ярьсан. Б.Д нь блокийн машин буюу түүний дагалдах хэрэгслүүд болох 7 сая төгрөгийн эд зүйлийг түрээсийн гэрээ байгуулж өөрийнх нь талбай  дээр ажиллахаас өмнө өр төлбөрөө өгчихсөн. Б.Дгийн гүйлгээ хийсэн банкны хуулгыг хавтаст хэрэгт өгсөн. Энэ баримтаар Б.Дгээс М.Бийн 5800208561 тоот данс руу 4 удаагийн мөнгөн шилжүүлэг хийгдсэн байдаг. 2018 оны 04 сарын 18-аас буюу хэлцэл хийгдэхээс өмнө 2018 оны 06 дугаар сарын 05-ны хооронд 2.000.000, 900.000, 680.000, 1.000.000 төгрөгийг буюу нийт 4.580.000 төлбөрийг Дгийн данснаас М.Бийн данс руу хийсэн байна. Энэ хоёр хүний хооронд техник хэрэгсэл түрээсэлж ажиллаж байсан нь тусдаа үйлдэл байдаг. Тухайн блокийн машин буюу дагалдах хэрэгслүүд болох 7 сая төгрөгийн үнэ бүхий техник хэрэгслийг 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэж өгсөн.

Худалдах худалдан авах гэрээг амаар буюу бичгээр хийж болно. Амаар хийсэн хэлцлийнхээ нэг ч төлбөр тооцоог бэлнээр буюу Б.Дгийн дансанд хийгээгүй байна. Б.Дгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. М.Б нь түрээсийн гэрээ хийсэн, гэрээний дагуу түрээсийн мөнгөө аваагүй гэж будлиантуулсан.

Шүүгчийн зүгээс техникийн алдаа гаргаж андуурсан асуудал байна, энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу буцаах үндэслэл болохгүй. Давж заалдах шатны шүүх нь тухайн шүүх хуралдааны бичлэгийг сонсож алдааг засаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу худалдах худалдан авах гэрээ, хэлцэл хийгдсэнээс хойш гэрээнийхээ үүргээ гүйцэтгэх ёстой байсан. М.Б нь гэрээнийхээ үүргээ гүйцэтгээгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

                                    ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч М.Бийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2022/00241 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч М.Бид холбогдуулан блокны машины үлдэгдэл төлбөр болох 5.466.780  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Д нэхэмжлэлийн шаардлагаа 7.814.780 төгрөг болгон нэмэгдүүлж өөрчилсөн байна.

3. Хариуцагч М.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ “нэхэмжлэгчээс блокны машин авсан нь үнэн. Гэхдээ Б.Д нь манай компанийн эд хөрөнгийг түрээслэж байсан ба бидний хоорондын тооцоо дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргасан байна.

4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч М.Боос 8.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 814.780 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргажээ. 

5. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах  үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

5.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үнэлэлт өгөх байдлаар хэргийн үйл баримт хэрхэн тогтоогдож байгаа талаар дүгнээгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг нотлох баримтад үндэслэн зөв тодорхойлоогүй, нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэж буй талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч Б.Д анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...М.Б нь манай барилгад өөрийн машин, техникээ түрээсэлж ажиллахаар тохиролцсон. Тэрээр түрээсийн хөлсөнд надаас блокны иж бүрэн шинэ машиныг 7.000.000/ долоон сая/ авахаар тохиролцсон...М.Б блокны машиныхаа үлдэгдэл мөнгөө өгнө гэж хэлээд өдий хүртэл өгөөгүй тул үлдэгдэл төлбөр болох 5.466.780 төгрөг гаргуулж өгнө үү “гэж бичсэн,

         - тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “..шинэ блокны машин, түүний дагалдах хэрэгслийн үнэ 7.000.000 төгрөг, краны троссны үнэ 1.000.000 төгрөг, Мак ХХК-ийн 5 тонн цемент 1500.000 төгрөг, армотурын үнэ 436.780 төгрөг, 10-ын диаметртэй катанги 1,2 тонн буюу 2.280.000 төгрөг, номны үнэ 93.000 төгрөг,  нийт 12.309.780 төгрөг,  үүнээс кран болон экскаваторын түрээсийн төлбөр 4.495.000 төгрөгийг хасаад үлдэх 7.814.780 төгрөгийг М.Боос гаргуулна” гэж тайлбарлан, шаардлагаа  нэмэгдүүлсэн,

          - анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л “...зохигчдын хоорондох худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 7.814.780 төгрөгийг   гаргуулахаар нэхэмжилж байгаа” гэх  тайлбарласан,

           - мөн хариуцагч М.Б шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт : “..Би Б.Дгээс блокны машин, түүний дагалдах хэрэгсэл авсан нь үнэн. Гэхдээ Б.Д надаас цамхагт кран, армотур таслагч, армотур матагч, банз зүсэгч суурин хөрөө зэргийг түрээслэсэн ба түрээсийн  тооцоог хийхэд би Б.Дгээс  авах авлагатай байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар тус тус гаргасан байх ба зохигчдын дээрхи тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэл тодорхойгүй байна.

           Тодруулбал, зохигчдын хооронд гэрээний болон гэрээний бус ямар үүрэг үүссэн, ямар ямар үүргийг хэрхэн хооронд нь тооцохоор тохиролцсон нь тодорхойгүй, энэ талаар шүүх тодруулаагүй байна.

           5.2. Анхан шатны шүүх шийдвэртээ: “Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хууль болон гэрээний дагуу нэхэмжлэгч нь төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй” гэх дүгнэлт хийсэн боловч талуудын хооронд худалдах, худалдан авах  гэрээний харилцаа хэрхэн үүссэн, энэ нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар нотлогдож байгаа болон худалдах, худалдан авах гэрээний зүйл нь юу болохыг тодорхойлж дүгнэхгүйгээр, мөн тухайн хэм хэмжээг хэрэглэх болсон үндэслэлээ заахгүйгээр зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагад нийцээгүй байна.

          5.3. Шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцлүүдийн нэг нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хариуцагчийн татгалзлын үндэслэл тодорхой бус тохиолдолд тэдгээрийг тодруулах, нэхэмжлэлийн хүрээ хязгаарыг зөв тодорхойлох явдал юм.  

          Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсны дараа хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ямар нотлох баримтаар, ямар үйл баримт тогтоогдсон, зохигчдийн мэдүүлсэн үйл баримтын аль нь тогтоогдож, аль нь үгүйсгэгдэж буй талаар дүгнэлт хийж, хэрэгт авагдсан баримтыг хэрхэн үнэлсэн, аль баримтыг үнэлээгүй талаар тусгаж, шүүх эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, шаардах эрхийг тодорхойлсон хэм хэмжээг зөв сонгох  ажиллагаа байдаг.

         Шүүхээс нэхэмжлэгч Б.Дгийн гомдлын шаардлага нь худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл, эсхүл өөр гэрээний болон гэрээний бус үүргийн аль нь болох талаар дүгнээгүй,  өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн талаар хуульзүйн дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт  заасан “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана”, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт  заасан “ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, шүүхээс түүнийг хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэх шаардлагуудад нийцээгүй байх ба энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлд хамаарч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

             6. Хариуцагч М.Б давж заалдах шатны шүүхэд “...Нэхэмжлэгч Б.Д 7.814.780 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг надад холбогдуулан гаргасан. Шүүх 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хэлэлцээд 7.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 814780 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг шүүгч уншиж танилцуулсан. Гэтэл бичгээр үйлдсэн шийдвэртээ  надаас 8.000.000 төгрөг гаргуулж, 814780 төгрөг хэрэгсэхгүй болгосон гэж бичсэн байна. Мөн нэхэмжлэгч бид хоёрын хооронд харилцаж байсан чатыг нотлох баримтаар өгсөн байгаа бөгөөд энэ чатад харилцан төлбөр тооцоогүй талаар бичигдсэн байгааг шүүх дүгнээгүй тул шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль ёсны ба үндэслэл бүхий шаардлага хангаагүй байна.Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдол гаргажээ.

 Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хариуцагч М.Бийн  хүсэлтээр анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үйл явцыг бэхжүүлсэн дуу дүрсний бичлэгийг шинжлэн судалсан ба бичлэгт шүүгч шийдвэрийн Тогтоох хэсгийг: “...М.Боос худалдах-худалдан авах гэрээний үүрэг 7.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 814780 төгрөг хэрэгсэхгүй болгосугай” гэж уншиж сонсгосон байна.

Гэтэл шүүгчийн бичгээр үйлдэж, хэрэгт хавсаргасан шүүхийн шийдвэрт “...М.Боос худалдах-худалдан авах гэрээний үүрэг 8.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 814780 төгрөг хэрэгсэхгүй болгосугай” гэж бичсэн байх ба шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг нь бичгээр үйлдэж гаргасан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй гарсан нь шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, тодорхой, биелүүлэхэд ямар нэг эргэлзээгүй төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагад нийцээгүй байна.

Энэ талаар гаргасан хариуцагчийн “шүүгч шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж танилцуулснаас өөрөөр бичиж гаргасан” гэх гомдол нь үндэслэлтэй байна.          

          7. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 139,987 /нэг зуун гучин есөн мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч  М.Бид олгох үндэслэлтэй байна .

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2022/00241 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч М.Бийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,987 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ

                           ШҮҮГЧ                                  Л.АЛТАН

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.ЖАМБАЛСҮРЭН