| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2022/00233 |
| Дугаар | 152/ШШ2022/00283 |
| Огноо | 2022-06-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 152/ШШ2022/00283
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Ц-ийн М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Х газарт холбогдох,
Х газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, 10 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж, ээлжийн амралтын цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М миний бие нь 1975 онд төрсөн. Би 2009 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Х газарт жолоочийн ажилд томилогдсоноос хойш 11 дэх жилдээ жолоочоор ажиллаж байсан. Би УИХ-ын гишүүн Цогтгэрэлтэй нэг төгсөлтийнх бөгөөд манай төгсөлтийн хүмүүсийг Цогтгэрэл гишүүн хүлээн авч байсан юм. Тэгтэл намайг Ардчилсан намын хүний хүлээн авалтад очсон, ер нь Ардчилсан намыг дэмжиж байна гэх үндэслэлээр намайг байнга ажлаас чөлөөлнө гэж дарамталдаг болсон. М дарга манай байгууллагын даргаар томилогдоод 5 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд дарга болсноос хойш намайг байнга намын шугамаар ажлаас чөлөөлөх гэж оролдсон. Намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэх хуудас өгсөн гэх заалт бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би мэдэгдэх хуудас огт хүлээн аваагүй. Орон тооны цомхотгол хийгдсэн гэдэг нь үндэслэлгүй. Намайг өөрөө өргөдлөө өгөөд ажлаас гар гэж байнга дарамталж байсан. Би ажлаа хуулийн дагуу гүйцэтгэж байсан. Надад ажлаас чөлөөлөгдөх ямар ч үндэслэл байхгүй байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Би Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу Улаангом сумын Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөл гаргасан боловч хариу авсан болно. Ер нь намайг намын шугамаар дарамталж байгаад ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Миний бие гэнэт муудаад 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад яаралтай Улаанбаатар хот яв гэсний дагуу Улаанбаатар хот эмчилгээнд явсны дараа намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байна. Би өөрөө нягтлантай утсаар ярихад таныг ажлаас чөлөөлсөн гэж хэлсэн. Ингээд би өөрийн дүү С-ээр тушаалаа 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр авахуулсан. Намайг байхгүй байхад ажлаас чөлөөлсөн тул шүүхэд өргөдөл гаргахаар эмчилгээгээ орхиод ирсэн. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.
Хариуцагч Х газрын дарга М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х газарт жолооч ажилтай М-ын Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой холбогдуулан тайлбар гаргаж байна. 2014 онд Увс аймгийн Х газар үйлчилгээний 9 ажилчинтай ажиллаж байсан боловч 2015 оны Х Ерөнхий газрын даргын 208 тоот тушаалаар үйлчилгээний ажилчдын орон тоо 8 болж нэг орон тоо хасагдсан. Урд ажиллаж байсан дарга нар нэг орон тоогоо хасаж чадаагүй сул орон тооны цалингийн санд багтаан ажиллуулж байсан ба илүү орон тоогоо хасах тухайгаа албан хаагчдын хурал дээр танилцуулж байсан байдаг. Миний бие Увс аймгийн Х газрын даргаар 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр томилогдсон. Тухайн үед ажил авч байхад Увс аймгийн Х газар нь үйлчлэгч 3, жолооч 3, харуул 3, нийт 9 ажилтантай орон тооны илүүдэлтэй байсан. Ажиллах хугацаанд тус газрын бусад хэлтсүүд Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс, Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтэс, Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтэст сул орон тоотой байсан учраас цалингийн сангийн сандаа багтаан 1 үйлчилгээний албан хаагчийг цалинжуулан ажиллаж байсан. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс Гаалийн байгууллагад шилжиж, бусад хэлтсүүд Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтэс, байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтэс, лабораторт сул орон тоо байхгүй болсон. Увс аймгийн Х газрын ТЗЭУХ-ийн жолооч М-ын хувьд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар албаны х дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргаж жолоодох эрхээ хасуулсан. Энэ талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 44-6/22 албан бичгээр мэдэгдсэн. Энэ тухай ТЗЭУХ-ийн дарга болон миний бие жолооч М-д өөрт нь мэдэгдсэн. Тус газрын даргын зөвлөл дээрх асуудлаар хуралдаж, М-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй гэдэг шийдвэрт хүрсэн. Жолооч М-д Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсэг орон тоо цөөрсөн, 80.1.2 дахь хэсэг ажилтны мэргэжил, мэргэшлийн түвшин гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх 2 үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн. Мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн боловч аваагүй тул яагаад авахгүй тухайгаа тайлбар бич гэхэд бас бичээгүй тул хүний нөөцийн ажилтан мэдэгдэл дээр тэмдэглэгээ хийсэн. Мэдэгдлийг танилцуулснаас эхлэн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл М ажилд ирээгүй. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажил дээр эхнэрийн хамт ирж Улаанбаатар хот орж Х ерөнхий газрын албан тушаалтнуудтай уулзах хувийн ажил байна гэж чөлөө хүсэж өргөдөл гаргасан. Мэдэгдэл авсан хугацаанд ажиллахгүй байж болно гэдгийг өргөдөл өгөх үед өөрт нь хэлсэн. Х Ерөнхий газраас танай байгууллагад жолооч ажилтай М-с өргөдөл гаргасан тул яагаад ажлаас чөлөөлж байгаа тухай тайлбар ирүүлэхийг Х Ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Н утсаар шаардсан тул 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тайлбарыг албан тоотоор бичиж хүргүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдлийн хугацаа дуусаж Тушаалаа ирж ав, ажлаа хүлээлц гэж дуудсан боловч ирээгүй. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр М-ын дүү гэх эмэгтэй ирж тушаалыг авсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 82 дугаар зүйлийн 82.1.4- д тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх гэж заасны дагуу 4 сарын тэтгэмжийг бодож олгосон. Мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.3-д Хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр энэ хуулийн 82.1,82.2-т заасан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно гэж заасны дагуу бусад хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам аймгийн хамтын гэрээ, хэлэлцээрийг нягталж энэ талаар тусгаагүй мөн аймгийн хамтын хэлэлцээрийн хугацаа дууссан байсан тул нэмэгдүүлж тэтгэмж олгох боломжгүй байсан. Увс аймгийн Х газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 тушаалын 4 дүгээрт заасны дагуу ээлжийн амралтын цалинг бодож олгосон. Нэхэмжлэлийн агуулгад бичсэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн уулзалтад очсон тухай болон аль нам эвсэлийг дэмждэгийг би огт мэдэхгүй, намын шугамаар чөлөөлөх гэж дарга болсноос хойш дарамталсан, мэдэгдэх хуудас огт өгөөгүй, өргөдөл өгөхөөр эмчилгээгээ орхиод ирсэн гэх зэргээр худлаа зүйл бичиж гүтгэж байгаад харамсаж байна гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2014 онд Увс аймгийн Х газар үйлчилгээний 9 ажилчинтай ажиллаж байсан боловч 2015 оны Х Ерөнхий газрын даргын 208 тоот тушаалаар үйлчилгээний ажилчдын орон тоо 8 болж нэг орон тоо хасагдсан. Урд ажиллаж байсан дарга нар нэг орон тоогоо хасаж чадаагүй сул орон тооны цалингийн санд багтаан ажиллуулж байсан ба илүү орон тоогоо хасах тухайгаа албан хаагчдын хурал дээр танилцуулж байсан байдаг. Миний бие Увс аймгийн Х газрын даргаар 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр томилогдсон. Тухайн үед ажил авч байхад Увс аймгийн Х газар нь үйлчлэгч 3, жолооч 3, харуул 3, нийт 9 ажилтантай орон тооны илүүдэлтэй байсан. Ажиллах хугацаанд тус газрын бусад хэлтсүүд Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс, Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтэс, Байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтэст сул орон тоотой байсан учраас цалингийн сангийн сандаа багтаан 1 үйлчилгээний албан хаагчийг цалинжуулан ажиллаж байсан. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс Гаалийн байгууллагад шилжиж, бусад хэлтсүүд Эрүүл мэнд, боловсрол, хүнсний хяналтын хэлтэс, байгаль орчин, дэд бүтэц, хөдөлмөрийн хяналтын хэлтэс, лабораторт сул орон тоо байхгүй болсон. Увс аймгийн Х газрын ТЗЭУХ-ийн жолооч М-ын хувьд 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар албаны х дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргаж жолоодох эрхээ хасуулсан. Энэ талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 44-6/22 албан бичгээр мэдэгдсэн. Энэ тухай ТЗЭУХ-ийн дарга болон миний бие жолооч М-д өөрт нь мэдэгдсэн. Тус газрын даргын зөвлөл дээрх асуудлаар хуралдаж, М-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй гэдэг шийдвэрт хүрсэн. Жолооч М-д Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 дэх хэсэг орон тоо цөөрсөн, 80.1.2 дахь хэсэг ажилтны мэргэжил, мэргэшлийн түвшин гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэх 2 үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн. Мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээлгэн өгсөн боловч аваагүй тул яагаад авахгүй тухайгаа тайлбар бич гэхэд бас бичээгүй тул хүний нөөцийн ажилтан мэдэгдэл дээр тэмдэглэгээ хийсэн. Мэдэгдлийг танилцуулснаас эхлэн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл М ажилд ирээгүй. 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажил дээр эхнэрийн хамт ирж Улаанбаатар хот орж Х ерөнхий газрын албан тушаалтнуудтай уулзах хувийн ажил байна гэж чөлөө хүсэж өргөдөл гаргасан. Мэдэгдэл авсан хугацаанд ажиллахгүй байж болно гэдгийг өргөдөл өгөх үед өөрт нь хэлсэн. Мэргэжлийн ханялтын Ерөнхий газраас танай байгууллагад жолооч ажилтай М-с өргөдөл гаргасан тул яагаад ажлаас чөлөөлж байгаа тухай тайлбар ирүүлэхийг Х Ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Н утсаар шаардсан тул 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тайлбарыг албан тоотоор бичиж хүргүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдлийн хугацаа дуусаж Тушаалаа ирж ав, ажлаа хүлээлц гэж дуудсан боловч ирээгүй. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр М-ын дүү гэх эмэгтэй ирж тушаалыг авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 82 дугаар зүйлийн 82.1.4- д тухайн аж ахуйн нэгж, байгууллагад 10 ба түүнээс дээш жил ажилласан бол дөрөв ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх гэж заасны дагуу 4 сарын тэтгэмжийг бодож олгосон. Мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.3-д Хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр энэ хуулийн 82.1,82.2-т заасан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно гэж заасны дагуу бусад хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам аймгийн хамтын гэрээ, хэлэлцээрийг нягталж энэ талаар тусгаагүй мөн аймгийн хамтын хэлэлцээрийн хугацаа дууссан байсан тул нэмэгдүүлж тэтгэмж олгох боломжгүй байсан. Увс аймгийн Х газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 тушаалын 4 дүгээрт заасны дагуу ээлжийн амралтын цалинг бодож олгосон. Иймд нэхэмжлэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М нь хариуцагч Увс аймгийн Х газарт холбогдуулан Увс аймгийн Х газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, 10 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж, ээлжийн амралтын цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь ...М-ыг ажлаас халсан шийдвэр үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т Хөдөлмөр эрхлэлийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандахаар заасан ба М нь Увс аймгийн Х газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 тоот тушаалыг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрийн төрсөн дүү С-ээр авахуулсан учир нь би өөрөө Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байсан хэмээн тайлбарласан ба хариуцагчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр М-ын дүү гэх эмэгтэй ирж тушаалыг авсан болно гэх тайлбараар тус тус тогтоогдсон тул хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргажээ.
Мөн Увс аймгийн Улаангом суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороо байгуулагдаагүй болох нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 163 тоот Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо нь Ерөнхий сайдын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2 дугаар захирамжаар шинэчлэн батлагдсантай холбогдуулан Сум дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрэм-ийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр шинэчлэн баталсан. Шинэчилсэн дүрмийн дагуу Улаангом суманд Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороо байгуулагдаагүй байгаа тул тухайн маргааныг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдэж байна. Иймд та Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь заалтын дагуу шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү гэсэн албан тоотоор тогтоогдсон байх тул тухайн иргэний хэргийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэхгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч М нь Увс аймгийн Х газарт жолоочоор ажиллаж байгаад Увс аймгийн Х газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/-ын 80.1 дүгээр зүйлийн 80.1.1, 80.1.2, 80 дугаар зүйлийн 80.4, 80.5, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, Х Ерөнхий газрын даргын 2021 оны А/104 дугаар Аймгуудын Х газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 44-6/22 тоот албан бичгийг тус тус үндэслэн үйлчлэгч тус газрын төрийн үйлчилгээний ажилчдын орон тоо цөөрсөн болон жолоодох эрхээ хасуулсан үндэслэлээр жолооч ажилтай М-ын хөдөлмөрийн гэрээг 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
М-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т аж ахуй нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн, мөн хуулийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон... гэх үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсөн ба Х Ерөнхий газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Х/104 тоот Аймгуудын Х газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаалын хавсралтад Увс ...бусад үйлчилгээний ажилтан 8 гэж бичсэн ба жолоочийн орон тоог цөөрүүлсэн гэх баримтгүй, мөн нэхэмжлэгч М-д 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Захиргааны шийдвэрийг мэдэгдэх /гардуулах/ хуудас хэрэгт нотлох баримтаар өгсөн боловч шийдвэрийг гардан авсан хэсэгт М гарын үсэг зураагүй, мөн хариуцагчийн шүүхэд гаргаж ирүүлсэн CD-д бичигдсэн яриа нь хэн, хэзээ, хаана, ямар аргаар бэхжүүлсэн нь тодорхой бус байх тул тус тус нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн гэж үзэх боломжгүй.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн хуулийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон... хэмээн тайлбарлаж, Увс аймгийн Цагдаагийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан 44-6/22 тоот Аймгийн Х газрын дарга М танаа Танай газарт жолооч ажилтай Ц овогтой М нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 400 нэгжээр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан үүргийн хүрээнд урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж хариуг хуулийн хугацаанд ирүүлнэ гэх албан тоот хавсралтын хамт гаргаж ирүүлсэн ба ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгодог ба нэхэмжлэгч М-ыг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар нэхэмжлэгч М-ыг ажлаас үндэслэлгүй халсан нь нотлогдож байх тул Увс аймгийн Х газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, түүнийг Увс аймгийн Х газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч М нь 10 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж, ээлжийн амралтын цалинг гаргуулах-аар нэхэмжилсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д нэхэмжлэлийн үнэ, мөн хуулийн 62.2-т Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг хавсаргана гэж заасан ба хэдэн сарын хэдний өдрөөс хэзээ хүртэл хэдэн төгрөгийн тэрээр хэдэн өдрийн амралтын цалин, тэтгэмж гаргуулахаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна.
Иймд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй тул нэхэмжлэгчийн 10 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж, ээлжийн амралтын цалинг гаргуулах тухай шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хүлээн авахаас татгалзав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Х газраас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар Увс аймгийн Х газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/07 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, М-ыг Увс аймгийн Х газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар нэхэмжлэгчийн 10 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж, ээлжийн амралтын цалинг гаргуулах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Х газраас 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР