Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 589

 

 

 

 

 

 

 

 

 

СХДНДХ-ийн  

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.О даргалж, шүүгч Д.Б, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/00336 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч СХДНДХ-ийн  хариуцагч Б.А-д холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 127 тоот актаар тавигдсан илүү олгосон 2 193 968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, О.У, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.  

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь ажилгүйдлийн тэтгэмж авч байх хугацаандаа ажил хийж 2 193 698 төгрөгийг илүү авсан зөрчил илэрсэн. Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 127 дугаар актын дагуу хариуцагчаас 2 193 968 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нь 2015 оны 6-8 дугаар сар хүртэл ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаандаа ажиллаж байсан нь ажилгүйдлийн сангийн зохицуулах журмыг зөрчсөн. Ажилгүйдлийн тэтгэмжийг мэдээллийн санд тулгаарлан шалгахад “Хан богд уул” ХХК-д Б.А нь шимтгэл төлснөөр сайн дурын даатгалд төлсөн төлбөр буюу 79 872 төгрөгийг буцааж авсан бөгөөд энэ нь Нийгмийн даатгал болон Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн баримтаар тогтоогдож байгаа гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 онд “Цаст проперти” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажлаасаа гарч ажилгүйдлийн тэтгэмж авахаар Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандаж 3 сарын хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж авсан. Би 2015 оны 6-9 дүгээр сар хүртэл сайн дураар нийгмийн даатгал төлж байсан. “Хан богд уул” ХХК-д аман тохиролцоо хийж ажиллаж байхдаа нийгмийн даатгал төлөөгүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгал төлөгчөөр бүртгүүлж 2015 оны нийгмийн даатгалыг 2016 оны 01 сард нөхөн төлснийг үндэслэн мөнгө нэхэмжилсэн. Өршөөлийн хуулийн дагуу “Х” ХХК-иас шимтгэл төлсөн нь дараагийн шатанд нотлох баримт болох ёсгүй гэж Ил тод байдлын тухай хуульд заасан. Гэтэл үүнийг нотлох баримт болгож байгаа нь үндэслэлгүй. Би “Х” ХХК тогтмол ажил эрхлээгүй. Ил тод байдлын тухай хуульд зааснаар тайлагнах ёстой талаар заасан. Тухайн үед “Хан богд уул” ХХК нь нийгмийн даатгал төлөгч биш байснаас болж хохирч байна. “Хан богд уул” ХХК нөхөн тайлан гаргахад сайн дурын даатгалаа буцааж авах хэрэгтэй гэсэн тул Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс хандаж буцааж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас  ажилгүйдлийн тэтгэмжид үндэслэлгүй тогтоолгон авсан 2 193 968 төгрөгийг нөхөн гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2015 онд “Ц” ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нягтлан бодогчоор ажиллаж байсан ба 2015 оны 5 дугаар сард ажлаас халагдсаны улмаас С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн даатгалын тэтгэмж авахаар хандаж, тэтгэмжийн мөнгийг 2015 оны 6-9 саруудад хувааж авсан. Тухайн үед ажиллаж байсан даатгалын байцаагч болон холбогдох албан тушаалтнууд ажилгүйдлийн тэтгэмж авахаар бүрдүүлсэн баримтыг холбогдох хууль журмын дагуу хянан шалгаж, тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн ба сар бүр мөнгө олгохдоо өөр ажилд орсон эсэх, мөн нийгмийн даатгал өөр байгууллагаас төлөгдсөн эсэхийг шалгадаг байсан. Мөн би Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ажилгүй байх хугацаандаа буюу 2015 оны 6 дугаар сараас 9 сар дуустал сайн дурын даатгалын гэрээ байгуулж, нийт 79 872 төгрөгийг төлсөн. Гэхэмжлэгч болон холбогдох албан тушаалтнууд ажлаа хуулийн дагуу зохих ёсоор хийж, ажилгүйдлийг тэтгэмжийг олгож, сайн дурын даатгалын гэрээг байгуулж, мөнгийг төлүүлсэн нь шүүхэд гаргасан баримтаар нотлогддог. Мөн тухайн үед өөр ажил олгогчоос нийгмийн даатгал төлөгдөөгүй байсан талаар баримт хэрэгт авагдсан. Гэтэл миний хуучин бүтэн цагаар, үндсэн ажилтнаар нь ажиллаж байсан “Кашмер холдинг” ХХК-тай хамаарал бүхий компани болох “Х ” ХХК-д тогтсон цаггүй, ажлын байр, хөлсгүй, байнгын үйл ажиллагаа эрхэлдэхгүй байсан, гэрээгээр ажилтан нэртэй ба 2016 оны 1 дүгээр сард “Х ” ХХК нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2016 оны 1 дүгээр сард “нийгмийн даатгал төлөгч”-өөр анх удаа бүртгүүлж, 2011-2015 онуудын нийгмийн даатгалын тайланг 2016 оны 1 дүгээр сард нөхөн гаргаж өгсөн. “Х ” ХХК-д үйл ажиллагаа тогтвортой явуулдаггүй тул үндсэн ажилтангүй ба гэрээтэй бүх ажилтнууд нь өөр албан газруудад үндсэн ажилтнаар, бүтэн цагаар ажилладаг, гэтэл “Х ” ХХК нь 2016 оны 1 дүгээр сард 2011-2015 онуудын нийгмийн даатгалын тайланг нөхөн тайлагнахад, тайланг хүлээн авсан Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсийн байцаагч тайланг цахим системд үндсэн ажилтнаар шивсэн нь дээрхи ажилтнуудын үндсэн ажилтнаар ажилладаг өөр, өөр байгууллагын зүгээс зохих хуулийн дагуу үндсэн ажилтнаар нийгмийн даатгалыг төлж, тайлагнадаг байсныг зөрчсөн. Тиймээс “Х ” ХХК-ийн нөхөн гаргасан 2015 оны 6-9 сарыг дуустал тайланд намайг болон бусад ажилтныг үндсэн ажилтнаар Нийгмийн даатгалын цахим системд шивж оруулсан нь механик алдаа юм. “Х ” ХХК нь нөхөн тайлан гаргасан тайлангийн улмаас байцаагч намайг 2015 оны 6-9 сарын хооронд сайн дурын даатгал төлсөн байна, Нийгмийн даатгалын цахим санд сайн дурын даатгал огт давхцаж болохгүй тул буцааж авах ёстой гэж хэлсэн тул 2016 оны 2 дугаар сард өргөдөл гарган, хариуцагчаас зохих хууль журмын дагуу хянан шалгасны эцэст 79 872 төгрөгийг 3 дугаар сарын 03-ны өдөр надад шилжүүлж, мөнгийг буцааж өгсөн. 2016 оны 12-р сарын 19-ны өдөр миний 2015 оны 6 сараас 9 сард авсан ажилгүйдлийн даатгалын мөнгийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн авсан гэж 127 тоот актаар тогтоосон байх ба нэхэмжлэгч нь 2015 онд мөрдөж байсан хууль журмын дагуу авсан ажилгүйдлийн тэтгэмжийг, 2016 онд нийгмийн даатгал төлөгчөөр анх удаа бүртгүүлсэн “Х ” ХХК-ийн холбогдох хуулийн дагуу урд онуудыг нөхөн гаргасан нийгмийн даатгалын тайлангийн улмаас, тухайн үед хуурамч бичиг баримт бүрдүүлэн авсан гэж нэхэмжлэгч акт тогтоосон нь өөр өөрсдийнхөө өмнөх шийдвэр, баримт нотолгоо, үйл ажиллагааг үгүйсгэсэн, хугацааг ухрааж хэрэглэсэн нь буруу. Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн дагуу анхан шатны шүүхийн хурал 2019 оны 1 дүгээр сарын 08, 28-ны өдөр нийт 2 удаа болсон ба тус шүүхээс 28-ны өдөр гаргасан өдөр гаргасан 00336 тоот шийдвэрийн тогтоох хэсэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасныг баримтлан төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Дээрхи анхан шатны шүүхийн шийдвэрт Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй ба анхан шатны шүүх нь хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

Шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг залруулах шаардлагатай, талуудын тайлбар, хэргийн баримтын хүрээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

            Нэхэмжлэгч С дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Б.А-д холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмжийг үндэслэлгүйгээр авсан гэж 2 193 698 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, тэтгэмж авахдаа хуурамч баримт бүрдүүлээгүй, 2015 оны 6 дугаар сард 9 дүгээр сар хүртэл сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг үндэслэн ажилгүйдлийн тэтгэмжийг нэхэмжлэгч байгууллага өөрөө шийдвэрлэж олгосон гэж татгалзлаа тайлбарлажээ.

            Харин нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмжийг авсан 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 он 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.А нь “Ханбогд-Уул” ХХК-д ажиллаж, ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь хяналт шалгалтаар илэрсэн, энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх заалт болон холбогдох журмыг зөрчсөн  тул улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 127 дугаар актаар 2 193 968 төгрөгийг даатгуулагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

            Хариуцагч Б.А нь Цаст констракшн ХХК-д нягтлан бодогчоор хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад 2015 оны 5 дугаар сард ажлаас халагдсан, мөн оны 6 дугаар сарын 27-ны өдөр 56 832 төгрөг, 9 дүгээр сарын 15-ны өдөр 23 040 төгрөгийг тус тус сайн дурын даатгалын хураамжид төлсөн, ажилгүй болсноо нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн байх бөгөөд тухайн үед нийгмийн даатгалын байгууллага ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн гэж үзэн түүнд ажилгүйдлийн даатгалын сангаас 2015 оны 6 дугаар сараас 8 дугаар сар хүртэлх хугацаанд 2 193 968 төгрөгийн тэтгэмж олгосон үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

            Харин Нийгмийн даатгалын улсын байцаагчийн актад Б.А нь Х ХХК-д ажил эрхэлж, ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь тогтоогдсон тул ажилгүйдлийн тэтгэмжийг олгосон нь холбогдох хууль, журамд нийцэхгүй талаар дүгнэсэн /хх3/ боловч тус компанийг 2015 онд нийгмийн даатгалын тайлан гаргаж байгаагүй, 2011-2015 оны тайланг 2016 оны 1 дүгээр сард Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд нөхөн тайлагнасан тул 2015 онд тэтгэмж олгохгүй байх үндэслэл байгаагүй гэж хариуцагч тайлбарлажээ. Хариуцагчийн энэ тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж, баримтаар няцаагаагүй байна.

            Дээрхээс дүгнэвэл даатгуулагчийг хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэмжийг үндэслэлгүй олж авсан гэж буруутгах боломжгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж төлбөрийг буцаан шаардах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Түүнчлэн тэтгэмжийг буцаан гаргуулахаар тогтоосон гэх улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 127 дугаар актад хариуцагч Б.А гарын үсэг зураагүй байх бөгөөд энэ тохиолдолд тухайн захиргааны актын эрх зүйн үйлчлэл шууд чиглэсэн шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийг эрхээ эдэлсэн, актыг биелүүлэх үүргийг хүлээсэн гэж үзэх Захиргааны ерөнхий хуулийн 13, 15 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдээгүй гэж үзнэ.

            Мөн шүүх актын үндэслэл болсон Ханбогд-Уул ХХК-ийн тайлан нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд гарсан талаарх нөхцөл байдлыг тодруулж, тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “...нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайланд тусгасан ...нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг анхаараагүй байна.

            Иймд шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр тэтгэвэр, тэтгэмж үндэслэлгүй буюу илүү авсан буцаан төлүүлэх” гэж заасныг үндэслэн хариуцагч Б.Амарсайханаас 2 193 968 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/00336 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,   Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул үндэслэлгүй олгогдсон 2 193 968 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 50 054 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.О

 

                                    ШҮҮГЧИД                                           Д.Б

 

                                                                                                А.О