Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00070

 

Н-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/00336 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 589 дүгээр магадлалтай,

Н-ийн нэхэмжлэлтэй,

Б.Ад холбогдох,

Нийгмийн даатгалын сангаас олгосон 2 193 968 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранцацрал, О.Ууганбаатар нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь ажил хийж байх хугацаандаа ажилгүйдлийн тэтгэмжид 2 193 698 төгрөгийг авсан зөрчил илэрсэн. Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 127 дугаар актын дагуу хариуцагчаас 2 193 968 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч нь 2015 оны 6-8 дугаар сар хүртэл ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаандаа ажиллаж байсан нь ажилгүйдлийн сангийн зохицуулах журмыг зөрчсөн. Ажилгүйдлийн тэтгэмжийг мэдээллийн санд тулгуурлан шалгахад “Хан богд уул” ХХК-д Б.А нь шимтгэл төлснөөр сайн дурын даатгалд төлсөн төлбөр буюу 79 872 төгрөгийг буцааж авсан бөгөөд энэ нь Нийгмийн даатгал болон Хан-Уул дүүргийн Нсээс ирүүлсэн баримтаар тогтоогдож байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 онд “Цаст проперти” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байгаад ажлаасаа гарч ажилгүйдлийн тэтгэмж авахаар Нт хандаж 3 сарын хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж авсан. Би 2015 оны 6-9 дүгээр сар хүртэл сайн дураар нийгмийн даатгал төлж байсан. “Хан богд уул” ХХК-д аман тохиролцоо хийж ажиллаж байхдаа нийгмийн даатгал төлөөгүй. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу Хан-Уул дүүргийн Нэст нийгмийн даатгал төлөгчөөр бүртгүүлж 2015 оны нийгмийн даатгалыг 2016 оны 01 сард нөхөн төлснийг үндэслэн мөнгө нэхэмжилсэн. Өршөөлийн хуулийн дагуу “Хан богд уул” ХХК-иас шимтгэл төлсөн нь дараагийн шатанд нотлох баримт болох ёсгүй гэж Ил тод байдлын тухай хуульд заасан. Гэтэл үүнийг нотлох баримт болгож байгаа нь үндэслэлгүй. Би “Хан богд уул” ХХК-д тогтмол ажил эрхлээгүй. Ил тод байдлын тухай хуульд зааснаар тайлагнах ёстой талаар заасан. Тухайн үед “Хан богд уул” ХХК нь нийгмийн даатгал төлөгч биш байснаас болж хохирч байна. “Хан богд уул” ХХК нөхөн тайлан гаргахад сайн дурын даатгалаа буцааж авах хэрэгтэй гэсэн тул Нт хандаж сайн дурын даатгалд төлсөн төлбөрөө буцааж авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/00336 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Ааас ажилгүйдлийн тэтгэмжид үндэслэлгүй тогтоолгон авсан 2 193 968 төгрөгийг нөхөн гаргуулан нэхэмжлэгч Нт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.Ааас 50 053 төгрөг гаргуулж улсын орлого болгож  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 589 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/00336 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул үндэслэлгүй олгогдсон 2 193 968 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч Нсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранцацрал, О.Ууганбаатар нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Нсийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ад холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 589 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: 

Хариуцагч Б.Ад Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Хөдөлмөр эрхлэлтийн алба буюу нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сургалтад хамруулах асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн ажилгүйдлийн тэтгэмжийг 2015 оны 06 дугаар сараас 08 дугаар сар хүртэлх хугацаанд 2 193 968 төгрөгийн тэтгэмжийг олгосон.

Хариуцагч Б.А нь 2015 оны 6-9 саруудад “Хан богд уул” ХХК-д ажиллаж байсныг Нийгмийн даатгалын ерөнхий газрын болон Хан-Уул дүүргийн Нсээс ирүүлсэн лавлагаагаар тогтоосон нь Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай хуулийг хариуцагч зөрчсөнийг нотолж байна. Хариуцагч нь ажилтай байснаа хүлээн зөвшөөрч 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр сайн дурын даатгалд төлсөн 79 892 төгрөгийг буцаан авсан байдаг. Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай хуулийн зорилтыг “Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж, ажилгүйдлийн даатгалд даатгуулан, хуульд заасан болзол нөхцөлийг хангасан даатгуулагч ажилгүй болбол ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сургалтад хамруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон байгаатай холбогдуулан дүгнэлт хийгээгүй байна.

Магадлалын хянавал хэсэгт: “... Дээрхээс үзвэл даатгуулагчийг хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэл зэргээр тэтгэмжийг үндэслэлгүй олж авсан гэж буруутгах боломжгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх төлбөрийг буцаан шаардах үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн нь талуудын маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэснийг нотолж байна. Учир нь талуудын маргаан Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулиар зохицуулах харилцаатай шууд хамааралтай байгааг шүүх бүрэлдэхүүн анхааран авч үзээгүй байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж заасныг зөрчиж 2015 оны 04 дүгээр сараас хойших хугацааны асуудлыг хамааруулсан нь шүүхийн магадлал хууль ёсны болж чадаагүйг нотолж байна. “Хан богд уул” ХХК-иас хариуцагч Б.Ад 2015 оны 6-9 дүгээр сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Энэ хуулийн 5.2-т заасны дагуу чөлөөлөгдөх албан татварт доор дурдсан албан татвар хамаарна” гэсэн хэсэгт нийгмийн даатгалын шимтгэл хамаарахгүй байхаар уг хуульд зохицуулсан байхад шүүгч хамаатуулан авч үзсэн нь тухай шүүхийн магадлалыг хууль ёсны үндэслэл бүхий гарч чадаагүйг нотолж байна. Мөн эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4- т “Энэ хуулийн 5.1, 5.2, 5.3-т зааснаас бусад албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг албан татвараас чөлөөлөхгүй” гэж заасан байтал нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хамааруулсан нь хуулийг буруу хэрэглэснийг нотолж байна.

Иймд нэхэмжлэгч Нсийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ад холбогдуулах хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 589 дүгээр магадлал нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж олгох тухай хууль болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байх тул хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/00336 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А хяналтын гомдолд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.А миний бие “Цаст проперти” ХХК-д үндсэн ажилтнаар, хөдөлмөрийн гэрээний дагуу бүтэн цагийн нягтлан бодогчийн ажлын байранд ажиллаж байсан ба 2015 оны 5 дугаар сард ажлаас халагдсаны улмаас Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авахаар хандсан. Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын тухай хууль болон холбогдох журмын дагуу бүрдүүлсэн баримтыг хянаж шалгасны эцэст зохих шаардлагыг бүрэн хангасан гэж үзээд ажилгүйдлийн тэтгэмжийг 2015 оны 6-8 сарын хугацаанд нийт 2 193 968 төгрөгийг миний дансанд шилжүүлж олгосон.

Мөн миний зүгээс ажилгүйдлийн тэтгэмж авч буй хугацаанд Нтэй 2015 оны 5-9 сарын хугацаатай сайн дурын даатгалын гэрээ байгуулан сайн дурын даатгалд нийт 79 872 төгрөгийг төлсөн. Энэ нь хэрэгт хавсаргасан Нсээс гаргасан баримт болон 2015 оны 12 дугаар сарын 01-ний ТҮЦ машинаас авсан лавлагаа зэрэг баримтуудаас тодорхой харагдана. Мөн тухайн хэрэг хамаарах хугацаанд өөр ажил олгогчоос (сайн дурын даатгалтай давхардаж) нийгмийн даатгал төлөгдөж байгаагүй болох нь анхан шатны шүүхэд өгсөн баримтуудаар нотлогдож байгаа болно. Дээрх 1 болон 2 дугаар дээр дурдсан харилцаа нь иргэн Б.А болон Нсийн хооронд зохих хууль журмын дагуу болсон бөгөөд энэ нь Нсээс надад ажилгүйдлийн тэтгэмжийг гурван сарын хугацаанд хуваан олгож, мөн сайн дурын даатгалын гэрээг хийж, сайн дурын даатгалын мөнгийг төлүүлснээр нотлогдож байдаг. Гэтэл миний хуучин бүтэн цагаар, үндсэн ажилтнаар нь ажиллаж байсан “Кашмер холдинг” ХХК-тай холбоотой компани болох “Ханбогд уул” ХХК-нд тогтсон цаг байхгүй, тогтсон ажлын байр байхгүй, тогтсон ажлын хөлс байхгүй, байнгын үйл ажиллагаа эрхэлдэггүй ийм газар гэрээгээр ажилладаг нэртэй миний бие ажилтан нэр зүүж явж байсан ба “Ханбогд уул” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлын тухай” хуулийн дагуу Хан-Уул дүүргийн Нэст 2016 оны 1 дүгээр сард “Нийгмийн даатгал төлөгч”-өөр анх удаа бүртгүүлж, 2011-2015 онуудын Нийгмийн даатгалын тайланг мөн 2016 оны 1 дүгээр сард нөхөн гаргаж өгсөн байдаг. “Ханбогд уул” ХХК-нд үйл ажиллагаа тогтвортой явуулдаггүй тул үндсэн ажилтан гэж огт байхгүй ба бүх гэрээтэй ажилтнууд нь өөр албан газруудад үндсэн ажилтнаар, бүтэн цагаар ажилладаг, гэтэл “Ханбогд уул” ХХК нь 2016 оны 1 дүгээр сард 2011-2015 онуудын Нийгмийн даатгалын тайланг нөхөн тайлагнахад, тайланг хүлээн авсан Хан-Уул дүүргийн Нсийн байцаагч тайланг Нийгмийн даатгалын цахим системд үндсэн ажилтнаар шивж оруулсан нь дээрх ажилтнуудын үндсэн ажилтнаар ажилладаг өөр, өөр байгууллагын зүгээс зохих хуулийн дагуу үндсэн ажилтнаар нийгмийн даатгалыг төлж, тайлагнадаг байсныг зөрчсөн үйлдэл юм. Тиймээс “Ханбогд уул” ХХК-ийн нөхөн гаргасан 2015 оны 06 сараас 9 сарыг дуустал тайланд намайг болон бусад ажилтныг үндсэн ажилтнаар Нийгмийн даатгалын цахим системд шивж оруулсан нь механик алдаа болно. “Ханбогд уул” ХХК нь нөхөн тайлан гаргасан тайланг гаргаж өгөх үед Хан-Уул дүүргийн  Нсийн байцаагч намайг 2015 оны 6 сараас 9 сарын хооронд сайн дурын даатгал төлсөн байна. Нийгмийн даатгалын цахим санд сайн дурын даатгал огт давхцаж болохгүй, заавал буцааж авах ёстой гэж хэлсний дагуу Нсийн 2016 оны 02 дугаар сард өргөдөл гарган. Нсээс зохих хууль журмын дагуу хянан шалгасны эцэст сайн дурын даатгал, ажил олгогчийн даатгал хоёр давхардсан байна гэж үзээд 79 872 төгрөгийг 03 дугаар сарын 03-ны өдөр миний дансанд мөнгийг буцааж шилжүүлсэн. Н тухайн хугацаанд намайг хууль зөрчөөгүй, хуулийн дагуу байна гэж үзэж шалгаж, сайн дурын даатгалын мөнгийг буцаан олгосон боловч 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өмнөх өөрсдийн гаргасан шийдвэрүүд, баримт нотолгоог үгүйсгэн, хууль зөрчсөн гэж үзэж акт тогтоосон нь эргэлзэхэд хүргэж, зүйд нийцэхгүй байна. “Ханбогд уул” ХХК-ийн холбогдох хуулийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Нийгмийн даатгал төлөгч”-өөр бүртгүүлж, мөн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2011-2015 онуудын нийгмийн даатгалын тайланг нөхөн мэдүүлсэн уг тайланд үндэслэн надад 2015 оны 6-8 сард олгосон ажилгүйдлийн тэтгэмжийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр буцаан төлүүлэхээр Нсээс акт тогтоосон нь өөр цаг хугацаанд хэрэгжиж байгаа хуулиудыг өөрсдийн эрх ашгийн үүднээс цаг хугацааны хувьд ухрааж ашиглаж байгаа нь зүйд нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Нсээс Улсын Дээд шүүхэд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан гомдолдоо “Эдийн засгийн ил тод байдлын тухай” хуулийн хүрээнд хамаарахгүй буюу 2015 оны 04 дүгээр сараас хойших хугацааны асуудлыг хамааруулсан нь давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны болж чадаагүй. Дээр дурдсанчлан “Ханбогд уул” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлын тухай” хуулийн дагуу Хан-Уул дүүргийн Нэст 2016 оны 1 дүгээр сард “Нийгмийн даатгал төлөгч”-өөр анх удаа бүртгүүлж, 2011-2015 онуудын Нийгмийн даатгалын тайланг мөн 2016 оны 1 дүгээр сард нөхөн гаргаж өгсөн байдаг. Энэ нь “Эдийн засгийн ил тод байдлын тухай” хуулийн 6.2-д зааснаар “энэ хуулийн 6.1-д заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн шинээр гаргасан тайлан, нөхөн мэдүүлсэн гаалийн мэдүүлэгт тус тус тусгасан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгал шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн эх үүсвэр, хэмжээ, үнэ өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин “Ханбогд уул” ХХК-ийн “Нийгмийн даатгал төлөгч”-өөр бүртгүүлсэн нөхөн тайлан гаргасан ажиллагаа нь хуулийн хүрээнд хамрагдаж байхад Нсээс тус хуулийн хүрээнд гаргасан тайлан, нийгмийн даатгал төлөгчөөр бүртгүүлсэн мэдээ мэдээллийг нотлох баримт болгон ашиглаж акт үйлдсэн нь хуульд нийцэхгүй, хуулийг зөрчсөн байна. Нсээс Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн дагуу анхан шатны шүүхийн хурал 2019 оны 01 дүгээр сарын 08-ны болон 28-ны өдөр нийт 2 удаа болсон ба тус шүүхээс 28-ны өдөр гаргасан өдөр гаргасан 184/ШШ2019/00336 тоот шийдвэрийн тогтоох хэсэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг баримтлан хариуцагч надаас төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Иймд дээр болон доор дурдсан шалтгаан болоод үндэслэлүүдийн улмаас анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: дээрх анхан шатны шүүхийн шийдвэрт Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заалт нь нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй ба анхан шатны шүүх нь хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр болон Нсийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн Нсийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан 129 тоот улсын байцаагчийн акт нь холбогдох хууль, журмыг зөрчсөн гэж үзэж байгаа тул актыг хүчингүй болгож өгнө үү, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Н Б.Ад холбогдуулан нийгмийн даатгалын сангаас олгосон 2 193 968 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Хэрэгт авагдсан баримтаар Б.А нь “Цаст проперти” ХХК-д ажиллаж байгаад 2015 оны 5 дугаар сард ажлаасаа халагдсан үндэслэлээр Нт ажилгүйдлийн тэтгэмж авахаар материал бүрдүүлж, хүсэлтээ гаргасныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын сангаас 2015 оны 5-8 саруудад ажилгүйдлийн тэтгэмжид 2 193 968 төгрөгийг авсан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1.-д “...ажилгүй болохоосоо өмнө ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлж байсан этгээд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй” гэж зохицуулснаас үзэхэд хуульд заасан хугацаанд зохих шимтгэл төлж байсан этгээд ажилгүй болсон тохиолдолд л ажилгүйдлийн тэтгэмж авахаар байна.

Б.А нь 2015 оны 05 дугаар сард “Цаст проперти” ХХК-иас халагдах үедээ  “Ханбогд уул” ХХК-д үндсэн ажилтны орон тоонд ажил гүйцэтгэж байсан, энэ компанид 2011 оноос хойш ажиллаж байсан тул түүнийг “Цаст проперти” ХХК-ийн ажлаас халагдсанаар ажилгүй болсон гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн этгээд тэдгээрийн хооронд үүрэг үүсээгүй бол уг зүйлийг хөрөнгө олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй.

Б.А нь 2015 оны 05 дугаар сард “Цаст проперти” ХХК-иас халагдах үедээ  “Ханбогд уул” ХХК-д үндсэн ажилтны орон тоонд давхар  ажил гүйцэтгэж байсан тул түүнийг ажилгүй болсон гэх боломжгүй, тэрээр ажилгүйдлийн тэтгэмжийг үндэслэлгүй авсан гэж үзэхээр байна.

Иймд Н Б.Ад олгосон тэтгэмжийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх заалтыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтад нийцсэн, шүүх гагцхүү хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг засч, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, маргааны зүйлийг зохицуулсан хуулийг оновчтой хэрэглэсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 589 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/00336 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар Б.Ааас 2 193 968 төгрөгийг гаргуулан Нт олгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранцацрал, О.Ууганбаатар нарын гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД