Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/02571

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                       

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .............. тоот хаягт оршин суух, Д овогт Д.Д /РД:00000000/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ............. тоот хаягт оршин суух, Х овогт П.Б /РД:00000000/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 24,750,000 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч П.Б-ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,500,000 төгрөг, алдангид 8,250,000 төгрөг, нийт 24,750,00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор зээлдүүлсэн. Хариуцагчийн 0000000000 тоот дансанд 14,600,000 төгрөгийг шилжүүлж, 5,400,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Зээл, хүүгээ төлөөгүй тул 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар хүү, алдангийг хэвээр тохирч сунгасан. Нийт 11,000,000 төгрөгийн хүүгийн хамт 31,000,000 төгрөг төлөхөөс 14,500,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 16,500,000 төгрөгөөс хоногийн 0,5 хувиар алданги тооцож, 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагад нийцүүлэн 8,250,000 төгрөг, нийт 24,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: 2019 оны 11 дүгээр сарын 15-нд 20,000,000 төгрөгийн зээл авсан. 20 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй авсан. 2020 оны 2 сард зээл төлж чадахгүй байна гэж ирээд 1 сарын дотор төл гэсэн. Гэрээний хугацаа 2020 оны 3 дугаар сарын 05-нд дууссан. Би нийт 19,350,000 төгрөг төлсөн. Зээлийн хүүг буулгах хүсэлттэй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлйн 282.2 дээр зээлийн хүүг буулгах боломжтой гэсэн заалтыг баритмлан хүүг буулгаж өгнө үү. 19,350,000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах хүсэлттэй байна. 5,500,000 төгрөгийг хүүнд төлөх хүсэлттэй, төлбөл зохих төлбөрт 6,150,000 төгрөгийг төлнө. Алдангийг зөвшөөрөхгүй, Д.Д өөрөө сүүлд нь бичсэн, анхнаасаа тохиролцоогүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээ, Д.Д-гийн Хаан банкны 0000000000 тоот харилцах дансны 2019.11.15-2019.11.18-ны өдөр хүртэлх хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2006 тоот хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай шийдвэр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас иргэний үнэмлэхний лавлагааг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн Хаан банк дахь 0000000000 тоот харилцах дансны 2021 оны 4 дүгээр сарын 01-нээс 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хуулгыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор зээлдүүлсэн. Хариуцагчийн 0000000000 тоот дансанд 14,600,000 төгрөгийг шилжүүлж, 5,400,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Зээл, хүүгээ төлөөгүй тул 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар хүү, алдангийг хэвээр тохирч сунгасан. Нийт 11,000,000 төгрөгийн хүүгийн хамт 31,000,000 төгрөг төлөхөөс 14,500,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 16,500,000 төгрөгөөс хоногийн 0,5 хувиар алданги тооцож, 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагад нийцүүлэн 8,250,000 төгрөг, нийт 24,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Зээлийн хүүн хэт өндөр тогтоогдсон тул хүүг 5 хувь болгож багасгах боломжтой, алдангийг тохиролцоогүй, нэхэмжлэгч өөрөө бичсэн гэж маргаж, төлсөн 19,350,000 төгрөгийг үндсэн зээлд тооцох, зээлийн хүүнд 5,500,000 төгрөгийг төлөх, нийт 6,150,000 төгрөгийг зөвшөөрч байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, зээлийн гэрээний сунгалт, мөнгө шилжүүлсэн баримт, нэхэмжлэгчийн дансны хуулга зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Д.Д, хариуцагч П.Б нар нь 20,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 20 хоногийн хугацаатай зээлэхээр зээлийн гэрээ бичгээр байгуулжээ.

6. Талууд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн төлөлт дутуу байгаа, зээлийн гэрээг сунгасан талаар маргаагүй бөгөөд маргааны зүйл нь алданги тохиролцоогүй, хүүгийн хэмжээ хэт өндөр гэж маргаж байна.

7. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба нэхэмжлэгч нь хариуцагчийн Хаан банк дахь 0000000000 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 14,600,000 төгрөгийг Д гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн, 5,400,000 төгрөгийг бэлнээр өгсөн буюу зээлсэн 20,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар хариуцагч маргаагүй тул талуудын хооронд хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

8. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангаж, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүүг 10 хувь байх, зээлийн гэрээний хугацаа 20 хоног байхаар тохиролцсон байна. Зээлийн гэрээний сунгалт баримтыг нөхөж үйлдсэн гэх баримт байхгүй, үүнийг хариуцагч тал нотлоогүй тул зээлийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 90 хоногийн хугацаагаар сунгасан байна гэж дүгнэлээ.

Хариуцагч талаас 10 хувийн хүү тогтоосныг хүүгийн хэмжээ өндөр гэж маргасан боловч 10 хувийн хүүг өндөр болохыг баримтаар нотолж маргаагүй болно.

9. Талуудын байгуулсан гэрээнд зээлийн хүүг 10 хувь байхаар тохиролцсон боловч уг хүүг хэрхэн тооцох буюу өдрөөр, сараар, жилээр тооцсон эсэх нь тодорхойгүй байх тул шүүхээс гэрээний хүүгийн зохицуулалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасны дагуу сараар тооцсон хүү гэж тайлбарлаж, хүүгийн хэмжээг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20,000,000 төгрөг, үндсэн хүү 4 сард 8,000,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөг төлөхөөс 11 удаагийн төлөлтөөр төлсөн 19,399,800 төгрөгийг хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 8,650,200 төгрөг гэж дүгнэв.

10. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.7-д Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ гэж заасан байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын гэрээг бичгээр байгуулна гэсэн шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй гэж үзлээ.

11. Дээрх зээлийн гэрээний хугацаа 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр дууссан байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 783 хоногийн хугацаа хэтэрсэн байх ба зээлийн гэрээний үүрэгт төлөх 8,650,200 төгрөгийн 1 хоногийн алданги нь 43,251 төгрөг болж, 783 хоногоор тооцвол гүйцэтгэгүй үүргийн 50 хувиас хэтэрч байх тул хугацаа хэтрүүлсэн алдангид 4,325,100 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

12. Иймд хариуцагч П.Б-аас үндсэн зээл 8,650,200 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 4,325,100 төгрөг, нийт 12,975,300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй нь зүйтэй байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 222,555 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан хариуцагч П.Б-аас 12,975,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,774,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 222,555 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ