Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01680

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01680

 

Б.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/02571 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Х

Хариуцагч: П.Бад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 24,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Б.Х нь П.Бад 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцохоор зээлдүүлсэн. Хариуцагчийн 5041284443 дугаар дансанд 14,600,000 төгрөгийг шилжүүлж, 5,400,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үндсэн зээл болон зээлгийн хүүгийн төлбөрийг хариуцагч төлөөгүй тул 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар хүү, алдангийг хэвээр тохирч сунгасан. Нийт 31,000,000 төгрөг төлөхөөс 14,500,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 16,500,000 төгрөгөөс хоногийн 0,5 хувиар алданги тооцож, 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагад нийцүүлэн 8,250,000 төгрөг, нийт 24,750,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгчээс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээлийг 20 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй авсан. Гэрээний хугацаа 2020 оны 03 дугаар сарын 05-ны дууссан. Зээлийн гэрээний үүрэгт нийт 19,350,000 төгрөг төлсөн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримтлан зээлийн хүүг бууруулах хүсэлтэй байна. 19,350,000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулж, 5,500,000 төгрөгийг хүүд төлөх хүсэлттэй байна. Төлбөл зохих төлбөрт 6,150,000 төгрөгийг төлнө, алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан хариуцагч П.Баас 12,975,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,774,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Баас улсын тэмдэгтийн хураамжид 222,555 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Хд олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын байгуулсан гэрээнд зээлийн хүүг 10 хувь байхаар тохиролцсон боловч уг хүүг хэрхэн тооцох буюу өдөр, сар жилээр тооцсон эсэх нь тодорхойгүй байх тул шүүхээс гэрээний хүүгийн зохицуулалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт заасны дагуу сараар тооцсон хүү гэж тайлбарлаж, хүүгийн хэмжээг тооцох нь зүйтэй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч П.Бад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,500,000 төгрөг, алданги 8,250,000 төгрөг, нийт 24,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 6,150,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч П.Баас 12,975,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Хд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,774,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн 4 дүгээр талд авагдсан зээлийн гэрээг үндэслэл болгосон боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй болохыг анхаараагүй байна.

3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй. Харин мөн зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.

3.2. Дээрх гэрээ гэх баримт нь талуудын хооронд байгуулагдсан иргэд хоорондын хэлцэл юм. Хэрэгт авагдсан уг зээлийн гэрээ гэх баримтад хэргээс хуулбарлав гэх тэмдэг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан өөрийн байгууллагын баримтад баталгаажуулалт хийсэн тохиолдлыг зохицуулсан зохицуулалтад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь өөрт жинхэнэ эх хувь хадгалагдаж буй баримтад хуулбар үнэн гэсэн тэмдэг дарснаар шүүх тухайн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой. Гэтэл хуулбарлав гэх тэмдэг нь тухайн баримтыг хэргээс хуулбарласан агуулгыг илэрхийлэхээс бус, жинхэнэ эх хувиас хуулбарласныг илтгэхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэхгүй.

Түүнчлэн, хэрэв тухайн баримт нь эх хувиараа хэрэгт хадгалагдаж байгаа тохиолдолд шүүх мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар холбогдох байгууллагаас баримтын жинхэнэ эхийг шаардан авах, эсхүл нотариатаар гэрчлүүлэх боломжгүй байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хуулиар тогтоосон шаардлага хангаагүй баримтыг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд дээрх баримтыг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх, нөхөн бүрдүүлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/02571 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,555 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

М.БАЯСГАЛАН