Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 131/ШШ2022/00037

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  тоотод оршин суух, ******* ******* овогт *******ийн *******,

Хүсэлтийн шаардлага: Гэм хорын хохиролд 8,695,000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, төрийг төлөөлж Баянхонгор аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Э.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Ө.******* төрийн байгууллага албан тушаалтны учруулсан гэм хорын хохиролд 8,695,000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч Ө.*******аас болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гаас хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Ө.******* намайг Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолоор 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эх булаг шатахуун түгээх станцын урд шүүгдэгч ******* нь хохирогч *******тай маргалдаж түүний бөгжтэй гараар цохиж зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл учруулах явцад Ө.******* нь үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч *******г боож хамжиж түүний эрүүл мэндэд бүлэглэн хөнгөн хохирол санаатай учруулсан, уг гэмтлийг учруулах явцад үйлдлээрээ санаатай нэгдэж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж , хохирогч *******д хүч хэрэглэж, маргаан үүсгэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

Миний бие уг шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гарган 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 167 дугаартай Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Ө.******* надад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бүх заалтыг хүчингүй болгож , прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн.

Миний бие нийт 4 сар 24 хоног эрх чөлөөгөө хязгаарлуулж, хайртой дотно гэр бүл, хамт олон, ах дүү, нийгмээс тусгаарлагдан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хоригдсон. Үүнд дараах мөнгийг нэхэмжилж байна.

Би 2019 оны 10 сараас эхлэн одоо хүртэл Баянхонгор аймгийн Чандмань- Баянхонгор хувьцаат компанийн дулаан хангамж үйлчилгээний албанд машинистаар ажиллаж байгаа бөгөөд сарын цалин 704,000 төгрөг бөгөөд 2020 оны 11 сар, 12 сар, 2021 оны 1 сар, 2 сар, 3 сар нийт 5 сарын цалин 3,520,000 төгрөг гаргуулах,

Ял шийтгүүлсний улмаас миний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын бичилт зогссон тул нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийх,

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 шатны шүүхээр явахдаа өмгөөлөгч *******тай 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлүүлсэн ба өмгөөллийн хөлсийг гэрээ байгуулсан өдөр өмгөөлөгч Б. Бурмаагийн 5247025531 тоот дансруу 750 000 төгрөг, 2020 оны 10 дугаар 30-нд 1 000 000 төгрөгийг бэлэн, үлдэгдэл 750 000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөн дансруу нь шилжүүлэн өөрийн зөрчигдсөн эрх ашгаа 3 шатны шүүхэд төлөөлүүлэн цагаадсан тул өмгөөлөгчид төлсөн 2 500 000 төгрөгийг төрөөс нэхэмжилж байна.

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хоригдож байх хугацаанд гарсан зардал болон Өвөрхангай аймаг дахь 423 дугаар хорих ангид хоригдож байх хугацаанд гарсан зардал 500 000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд намайг Өвөрхангай аймаг дахь 423 дугаар хорих ангид хоригдож байхад ар гэрээс 300 000 төгрөг 423 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн Төрийн банкинд байрших 100101812501 тоот дансанд шилжүүлж би хорих ангийн дэлгүүрээс 200 000 төгрөгөөр ахуйн бараа авсан 100 000 төгрөгөөр дээд шүүхээс цагаадан Баянхонгор аймагт ирэхэд замын зардалд зарцуулсан, мөн тус аймгийн Цагдан хорих байранд хоригдож байхад ар гэрээс 200 000 төгрөгийг илгээмж болон илгээмж явуулахад шуудан холбоонд төлбөр төлсөн.

Дээд шүүхээс суллах мэдэгдэл ирсний дагуу 423 дугаар нээлттэй хаалттай хорих ангиас Баянхонгор аймаг дахь Онцгой байдал руу яаралтай хүнээ хүлээж авах талаар албан бичиг, мөн шуудан холбоонд төлсөн мөнгөний баримт зэргийг нотлох баримтаар хавсаргасан. Байгаа баримтынхаа хүрээнд 500.000 төгрөг нэхэмжилсэн.

Нийт хоригдсон 145 хоногийг 1 хоногийг 15,000 төгрөгөөр тооцож 2,175,000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солино гэсэн зарчимтай. Мөн Зөрчлийн тухай хуульд баривчлах шийтгэл оногдуулахааргүй тохиолдолд мөн нэг хоногийг 15 нэгжтэй буюу 15,000 төгрөгт тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгуулийн ял шийтгэл оногдуулж болохоор заасан байгаа учир Эрүүгийн хуулийн зарчмаар тухайн хүний хоригдож байгаа өдрийн гэм хорын хохирлын агуулгыг бүхэлд нь 15 нэгж буюу 15,000 төгрөг гэж хуульчлан өгсөн учир эдгээр баримтуудыг үндэслэж уг мөнгийг нэхэмжилсэн. Гэм хорын агуулгыг дотор нь эд хөрөнгийн хохирол сэтгэл санааны хохирол гэж хуваан үздэг. Иймээс нэхэмжлэгчид аль ашигтай байдлаар тайлбарлаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна

Миний бие 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 8 сарын хугацаанд сэтгэл санаа, бие сэтгэл, эдийн засгаараа хохирч олон хоногийг нойргүй хонож өнгөрүүлсэн. Хорих ангиас суллагдаад ирэхэд гэр бүлийн уур амьсгал өөрчлөгдөж эхнэр маань өөр хүнтэй уулздаг болсон байсан үүнээс болж маргаан гарч би Зөрчлийн тухай хуулиар 10 хоногийн баривчлах шийтгэл хүртэл авсан.

Иймд төрийн байгууллага албан тушаалтны надад учруулсан хохирол 8 695 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон байна гэжээ.

2. Төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор Э.Гантулгаас шүүх хуралдаанд Ө.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт оролцож байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг гэм хорын хохирол буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн зэрэг үндэслэлээр учирсан хохирлоо нэхэмжилсэн байна. Ө.*******ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Мөн давж заалдах шатны шүүхээс Ө.*******ад холбогдох хэргийг түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэм буруутай үйлдэл байна гэж дүгнэсэн. Харин Улсын дээд шүүхээс дүгнэхдээ н.Амарбаяр нь хараалын үг хэрэглэн зодоон эхэлсэн хэдий ч тэрээр цаашид өнгөрсөн үйл явдалд ямар нэгэн байдлаар биечлэн оролцоогүй байна. Хүмүүсийн амгалан тайван байдал алдагдсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүнтэй холбоотой нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлүүдээр Ө.*******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээд шүүхээс бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь тогтоогдоогүй байна гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь шүүх эрх хэмжээнийхээ хүрээд шийдвэрлэсэн асуудал. Бусдаар Ө.*******ыг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хууль бусаар үйл ажиллагаа явуулж, хохироосон шүүхээс хууль бусаар шийдвэр гаргаж тогтоосон үйл баримт байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс Ө.*******ыг бусдыг үл ялих зүйлээр шалтаглан шөнийн 23 цагийн үед бусдад өөрөө эхлэн хараалын үг хэллэг хэрэглэж, хүмүүстэй маргалдаж, бүлэглэн танхайрсан болох нь хэрэгт хууль ёсоор авагдсан нотлох баримтаар тогтоогдсон учир анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг гэм буруутай байна гэж үзсэн. Шүүхээс мөрдөн байцаалт болон бусад шатанд яллагдагч Ө.*******ын эрхийг зөрчсөн асуудал байхгүй юм. Дээд шүүхээс шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн байна. Мөн хэрэгт амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх нотлох баримт авагдаагүй, шүүх үнэлээгүй гэж дүгнэснээс өөр бусдаар Ө.*******ад хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байна гэж дүгнээгүй байна. Ийм учраас хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн нотлох баримтыг хууль бусаар, хуурамчаар үйлдсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Эрүүгийн хуулийг зөрчиж нотлох баримтыг цуглуулсан асуудал байхгүй. Нэгэнт Ө.*******ад холбогдох хэргийг шалгасан үйл ажиллагаа нь хууль бус биш байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай оролцож байгаа. Нийгмийн даатгалын бичилт хийлгэх, цалин хөлс гаргуулах, цагдан хохигдож байх хугацаанд гарсан зардлууд, өмгөөлөгчийн зардал, цагдах хоригдсон хоног зэргийг нийлүүлэн нэхэмжилсэн байна. Үүн дээр анхнаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн зүйл байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг гаргах үндэслэл байхгүй байна гэсэн тайлбарыг гаргасан.

3. Хүсэлт гаргагч Э.*******аас шүүхэд иргэний үнэмлэхийн хуулбар, Чандмань-Баянхонгор ХК-ийн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 120 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 124 дүгээр, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 23 дугаар тушаал, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 104 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 ны 03 дугаар сарын 26-ны өдрийн 167 дугаар тогтоол, Хаан банк ХХК дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Монгол шуудан ТӨХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн мөнгө хураах тасалбар, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1/780 дугаартай албан бичиг, өмгөөлөгч *******тай 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 02/959 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан Э.*******ын хоригдож байх хугацаанд зарцуулсан мөнгөний баримтууд 11 хуудас, Чандмань-Баянхонгор ХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 112 дугаартай албан бичиг, хавсралт цалингийн тооцоолол гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүхээс хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ө.*******ын цагдан хоригдсон хугацааг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/1396 дугаартай албан бичиг, хавсралт 3 хуудас баримтыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлтийн зарим шаардлагыг хангаж, Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 6,336,500 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч Ө.*******ад олгон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, хүсэлтийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч Ө.*******аас шүүхэд хандаж, хууль бусаар ял шийтгэсэн, хоригдсоны улмаас учирсан хохиролд 8,695,000 төгрөгийг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр хүсэлт гаргаж, үндэслэлээ Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 167 дугаар тогтоолоор цагаатгах шийдвэрийг гаргасан ба хууль бусаар эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, хорих ялаар шийтгүүлсний улмаас ажлаас чөлөөлөгдөж, аваагүй цалин хөлсөнд 3,520,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсөнд 2,500,000 төгрөг, хорих байранд гарсан зардал болон замын зардалд 500,000 төгрөг, үндэслэлгүйгээр 145 хоног хорих ял эдэлсэн хохиролд 2,175,000 төгрөг, нийт 8,695,000 төгрөгийг гаргуулж, хоригдсон хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна.

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолоор хүсэлт гаргагч Ө.*******ыг үйлдлээрээ санаатай нэгдэж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн үйлдлээрээ санаатай нэгдэж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, уг шийтгэх тогтоолыг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 104 дүгээр магадлалаар хэвээр үлдээснийг Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 167 дугаар тогтоолоор тус тус хүчингүй болгож, түүнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг хэрэгсэхгүй болгон Ө.*******ыг цагаатгасан. Шийтгэх тогтоолоор түүнд хорих ял оногдуулсан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хяналтын шатны шүүхээс цагаатгах шийдвэр гаргах хүртэл хугацаанд хорих ял эдэлсэн байна.

2. Хүсэлт гаргагч Ө.******* нь Чандмань-Баянхонгор ХК-д дулааны машинистаар ажиллаж байсан бөгөөд түүнийг хорих ялаар шийтгэсэнтэй холбогдуулан ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, 2020 оны 11 дүгээр сард ажлаасаа чөлөөлөгдөж, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа буцаан томилогдсон, сард 704,000 төгрөгийн цалин авдаг байсан нь Чандмань-Баянхонгор ХК-ийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 124 дүгээр, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 23 дугаар тушаалаар нотлогдсон, хорих ял эдэлж эхэлсэн өдрөөс ажилдаа буцаан томилогдох хүртэл 5 сарын хугацаанд 3,520,000 төгрөгийн цалин авах байсан талаарх цалингийн тооцооллыг гаргаж, ажил олгогч байгууллагаас шүүхэд ирүүлсэн.

Тус цалингийн тооцооллоос үзэхэд, хүсэлт гаргагч Ө.******* нь нэг сард 704,000 төгрөгийн цалин авах бөгөөд ажил олгогч байгууллагаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 2020 оны 11 дүгээр сард 102,080 төгрөг, 12 дугаар сард 102,080 төгрөг, 2021 оны 01 дүгээр сард 109,120 төгрөг, 2022 оны 02 дугаар сард 109,120 төгрөг, 2021 оны 03 дугаар сард 94,240 төгрөг, нийт 5 сарын хугацаанд 495,388 төгрөгийг төлөхөөр байсан болох нь тогтоогдож байна.

3. Хүсэлт гаргагч Ө.******* эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, хууль зүйн туслалцаа авах гэрээг өмгөөлөгч *******тай 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан, уг гэрээгээр тохиролцсны дагуу өмгөөлөгч ******* нь Ө.*******ад холбогдох эрүүгийн 2014000000325 дугаартай хэргийн анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон, хууль зүйн туслалцаа авах хөлсөнд 2,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 750,000 төгрөгийн, 11 дүгээр сарын 03-ны өдөр 750,000 төгрөгийн хөлсийг тус тус банкны дансаар шилжүүлсэн, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үлдэх 1,000,000 төгрөгийн хөлсийг бэлнээр өгсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байна.

4. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2021 оны 09 дүгээр сарын 02-нйы өдрийн 02/959 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан баримтуудаас үзэхэд Э.*******ыг хоригдож байх хугацаанд ар гэрээс нь 300,000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс хорих байранд ял эдэлж байх хугацаанд 200,000 төгрөгийг зарцуулсан, 100,000 төгрөгийг бэлнээр авч, замын зардалд хэрэглэсэн байх бөгөөд үүнийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж оролцсон, мөн ар гэрээс нь хорих байгууллага руу шуудан илгээхэд 16500 төгрөгийг төлсөн болох нь Монгол шуудан ТӨХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн мөнгө хураах тасалбараар тус тус нотлогдсон, харин хүсэлт гаргагчаас шаардсан ...хорих байранд гарсан зардал болон замын зардалд нийт 500,000 төгрөгийг гаргуулах тус шаардлагаас үлдэх 183,500 төгрөгийн зардал нь нотлогдоогүй, хүсэлт гаргагчаас нотолсон баримтыг гаргаж өгөөгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй. гэж, хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлийг 45.2 дугаар зүйлийн 1.-д Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана., 2.-т Хохирол нөхөн төлүүлэх эрх дараах тохиолдолд үүснэ:, 2.2.-т тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан; гэж тус тус зааснаар хяналтын шатны шүүхээс Ө.*******ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан учир хүсэлт гаргагч нь хууль бусаар эрүүгийн хэрэгт татагдаж, хорих ялаар шийтгүүлсний улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо шаардах эрхтэй байна.

Төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор Э.Гантулгаас ...хуульд заасан журмын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан тул гэм хор учруулсан цагдаа, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагаа байхгүй, хохирлыг төр хариуцахгүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1. дүгээр зүйлийн 1-д заасан хууль зөрчсөн ажиллагаа-ны эрх зүйн үр дагавар нь холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол эрх бүхий албан тушаалтны хуулийн дагуу явуулсан ажиллагаа ч мөн адил хамаарна. Өөрөөр хэлбэл төрөөс эрх олгогдсон тусгай албан тушаалтан, байгууллага эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг хуулийн дагуу шалгах, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч ийнхүү зохих журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд тухайн этгээдийн гэм буруу нотлогдоогүй тохиолдолд дээрх эрхийн хязгаарлалт түүний хувьд хууль бусад тооцогдоно.

Ийнхүү Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй юм.

Ийм ч учраас иргэний хэргийн шүүх нь хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ гэм хор учруулсан үйл баримтад дүгнэлт хийхгүй, хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн баримтын хүрээнд учирсан хохирлын хэмжээг үнэлэн хэргийг шийдвэрлэх бөгөөд харин хүсэлт гаргагч нь өөрт учирсан гэм хорын хэмжээг нотлох үүрэгтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1. Дараахь эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө:, 1.1. хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого;, 1.6. хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс. гэж заасан. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заасан.

Хүсэлт гаргагчаас эд хөрөнгийн хохиролд ...хорих ялаар шийтгүүлсний улмаас ажлаас чөлөөлөгдөж, аваагүй цалин хөлсөнд 3,520,000 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсөнд 2,500,000 төгрөг, хорих байранд гарсан зардал болон замын зардалд 500,000 төгрөг...-ийг тооцуулан гаргуулахаар шаардсан.

Дээр дүгнэснээр хэрэгт авагдсан баримтуудаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, 2,500,000 төгрөгийг төлсөн, шийтгэх тогтоол гарч хорих ялаар шийтгэгдснээр ажил эрхлэх боломжгүй болж, ажлаас чөлөөлөгдөн 3,520,000 төгрөгийн цалин хөлсийг авч чадаагүй, улмаар холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлөлт тасарсан болох нь тогтоогдсон, мөн хорих байранд гарсан зардал болон замын зардалд 500,000 төгрөг гаргуулах шаардлагад хамаарах 183,500 төгрөгийн хохирлоос бусад 316,500 төгрөгийн хохирол баримтаар нотлогдсон, түүний шаардаж буй хорих байгууллагад ял эдлүүлэхэд гарсан зардал хүсэлт гаргагчийг хууль бусаар хорих ялаар шийтгэж, ялыг эдлүүлсэнтэй шалтгаант холбоотой байх тул хүсэлт гаргагч Ө.*******ад учирсан нийт 6,336,500 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх бөгөөд үүнийг төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хүсэлт гаргагчаас хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин хөлс болох 3,520,000 төгрөгөөс тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардаж байх ба түүний хууль бусаар хоригдсон 5 сарын хугацаанд холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөгдөөгүй тасарсан, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1-д заасан хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлсөнд хамаарах ойлголт тул ажил олгогчоос төлөгдөх байсан 2020 оны 11 дүгээр сард 102,080 төгрөг, 12 дугаар сард 102,080 төгрөг, 2021 оны 01 дүгээр сард 109,120 төгрөг, 2022 оны 02 дугаар сард 109,120 төгрөг, 2021 оны 03 дугаар сард 94,240 төгрөг, нийт 5 сарын хугацаанд төлөгдөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 495,388 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс хууль бусаар хоригдсон хугацаанд аваагүй цалин хөлс болох 3,520,000 төгрөгийг бүхлээр нь гаргуулан хүсэлт гаргагчид олгохоор шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч нь ажилтнаас төлөгдөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өөрөө тооцоолон холбогдох даатгалд төлөх нь зүйтэй.

Харин түүний шаардсан эд хөрөнгийн хохирлоос 183,500 төгрөгийн хохирол баримтаар нотлогдоогүй тул төрөөс гаргуулах боломжгүй.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үндэслэлгүйгээр 145 хоног хорих ял эдэлсэн хохиролд 2,175,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан үндэслэлийг хууль бусаар эрүүгийн хэрэгт татагдаж, хорих ялаар шийтгүүлсэн сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгуулах үндэслэлд хамааруулан хүсэлт гаргасан гэж тайлбарласан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1. Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана. гэж хууль бусаар ял шийтгэгдэж, ял эдэлсэн этгээдийн сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгуулах боломжийг хуульд тусгайлан заасан.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эдийн бус гэм хорыг хянан шийдвэрлэхэд шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлана. Гэхдээ Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1.-д заасан эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдийн үүргийг тусгасан.

Харин Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1., 230.2.-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхгүй нөхцөлд шүүх энэ талаарх шаардлагыг хангах хуулийн үндэслэл байхгүй.

Өөрөөр хэлбэл гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасан. Мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль бус ажиллагаанаас учирсан эдийн бус хохирол буюу сэтгэл санааны хохирлыг хэрхэн үнэлэх тухай хуулийн тусгайлсан зохицуулалт байхгүй тул уг хохирлыг мөнгөөр тооцон гаргуулах боломжгүй тул үндэслэлгүйгээр 145 хоног хорих ял эдэлсэн сэтгэл санааны хохиролд 2,175,000 төгрөгийг гаргуулах хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлээр хүсэлтийн зарим шаардлагыг хангаж, хүсэлт гаргагч Ө.*******ад учирсан эд хөрөнгийн хохиролд 6,336,500 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан олгож, хууль бусаар хорих ял эдэлсэн 2020 оны 11 дүгээр сард 102,080 төгрөг, 12 дугаар сард 102,080 төгрөг, 2021 оны 01 дүгээр сард 109,120 төгрөг, 2022 оны 02 дугаар сард 109,120 төгрөг, 2021 оны 03 дугаар сард 94,240 төгрөг, нийт 5 сарын хугацааны 495,388 төгрөгийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас нөхөн төлөхийг даалгаж, хүсэлтийн шаардлагаас үлдэх эд хөрөнгийн хохирол 183,500 төгрөг, сэтгэл санааны хохирол 2,175,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Ө.*******ын хүсэлтийн зарим шаардлагыг хангаж, Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 6,336,500 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч Ө.*******ад олгож, мөн хууль бусаар хорих ял эдэлсэн 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сар дуустал хугацаанд төлөгдөх байсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 495,388 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас нөхөн төлүүлж, хүсэлтийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч Ө.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ