Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 213/МА2022/00010

 

Ө.*******ын хүсэлттэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2022/00037 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч Ө.*******ын хүсэлттэй

Гэм хорын хохиролд 8.695.000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн иргэний хэргийг прокурор Э.Гантулгын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа, прокурор Э.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ө.******* намайг Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолоор 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эх булаг шатахуун түгээх станцын урд шүүгдэгч Ч.Гантулга нь хохирогч Г.Энх-амгалантай маргалдаж түүний бөгжтэй гараар цохиж зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл учруулах явцад Ө.******* нь үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч Г.Энх-Амгаланг боож хамжиж түүний эрүүл мэндэд бүлэглэн хөнгөн хохирол санаатай учруулсан, уг гэмтлийг учруулах явцад үйлдлээрээ санаатай нэгдэж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж , хохирогч Г.Энх-Амгаланд хүч хэрэглэж, маргаан үүсгэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн.

Миний бие уг шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гарган 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 167 дугаартай Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Ө.******* надад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бүх заалтыг хүчингүй болгож , прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн.

Миний бие нийт 4 сар 24 хоног эрх чөлөөгөө хязгаарлуулж, хайртай дотно гэр бүл, хамт олон, ах дүү, нийгмээс тусгаарлагдан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хоригдсон. Үүнд дараах мөнгийг нэхэмжилж байна.

Би 2019 оны 10 сараас эхлэн одоо хүртэл Баянхонгор аймгийн Чандмань- Баянхонгор хувьцаат компанийн дулаан хангамж үйлчилгээний албанд машинистаар ажиллаж байгаа бөгөөд сарын цалин 704,000 төгрөг бөгөөд 2020 оны 11 сар, 12 сар, 2021 оны 1 сар, 2 сар, 3 сар нийт 5 сарын цалин 3,520,000 төгрөг гаргуулах,

Ял шийтгүүлсний улмаас миний эрүүл мэнд болон нийгмийн даатгалын бичилт зогссон тул нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийх,

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 шатны шүүхээр явахдаа өмгөөлөгч Б.Бурмаатай 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлүүлсэн ба өмгөөллийн хөлсийг гэрээ байгуулсан өдөр өмгөөлөгч Б. Бурмаагийн 5247025531 тоот данс руу 750 000 төгрөг, 2020 оны 10 дугаар 30-нд 1 000 000 төгрөгийг бэлэн, үлдэгдэл 750 000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөн данс руу нь шилжүүлэн өөрийн зөрчигдсөн эрх ашгаа 3 шатны шүүхэд төлөөлүүлэн цагаадсан тул өмгөөлөгчид төлсөн 2 500 000 төгрөгийг төрөөс нэхэмжилж байна.

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хоригдож байх хугацаанд гарсан зардал болон Өвөрхангай аймаг дахь 423 дугаар хорих ангид хоригдож байх хугацаанд гарсан зардал 500 000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд намайг Өвөрхангай аймаг дахь 423 дугаар хорих ангид хоригдож байхад ар гэрээс 300 000 төгрөг 423 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн Төрийн банкинд байрших 100101812501 тоот дансанд шилжүүлж би хорих ангийн дэлгүүрээс 200 000 төгрөгөөр ахуйн бараа авсан 100 000 төгрөгөөр дээд шүүхээс цагаатгаж, Баянхонгор аймагт ирэхэд замын зардалд зарцуулсан, мөн тус аймгийн Цагдан хорих байранд хоригдож байхад ар гэрээс 200 000 төгрөгийг илгээмж болон илгээмж явуулахад шуудан холбоонд төлбөр төлсөн.

Дээд шүүхээс суллах мэдэгдэл ирсний дагуу 423 дугаар нээлттэй хаалттай хорих ангиас Баянхонгор аймаг дахь Онцгой байдал руу яаралтай хүнээ хүлээж авах талаар албан бичиг, мөн шуудан холбоонд төлсөн мөнгөний баримт зэргийг нотлох баримтаар хавсаргасан. Байгаа баримтынхаа хүрээнд 500.000 төгрөг нэхэмжилсэн.

Нийт хоригдсон 145 хоногийг 1 хоногийг 15,000 төгрөгөөр тооцож 2,175,000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солино гэсэн зарчимтай. Мөн Зөрчлийн тухай хуульд баривчлах шийтгэл оногдуулахааргүй тохиолдолд мөн нэг хоногийг 15 нэгжтэй буюу 15,000 төгрөгт тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож торгуулийн ял шийтгэл оногдуулж болохоор заасан байгаа учир Эрүүгийн хуулийн зарчмаар тухайн хүний хоригдож байгаа өдрийн гэм хорын хохирлын агуулгыг бүхэлд нь 15 нэгж буюу 15,000 төгрөг гэж хуульчлан өгсөн учир эдгээр баримтуудыг үндэслэж уг мөнгийг нэхэмжилсэн. Гэм хорын агуулгыг дотор нь эд хөрөнгийн хохирол сэтгэл санааны хохирол гэж хуваан үздэг. Иймээс нэхэмжлэгчид аль ашигтай байдлаар тайлбарлаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна

Миний бие 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 8 сарын хугацаанд сэтгэл санаа, бие сэтгэл, эдийн засгаараа хохирч олон хоногийг нойргүй хонож өнгөрүүлсэн. Хорих ангиас суллагдаад ирэхэд гэр бүлийн уур амьсгал өөрчлөгдөж эхнэр маань өөр хүнтэй уулздаг болсон байсан үүнээс болж маргаан гарч би Зөрчлийн тухай хуулиар 10 хоногийн баривчлах шийтгэл хүртэл авсан.

Иймд төрийн байгууллага албан тушаалтны надад учруулсан хохирол 8 695 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон байна гэжээ.

Төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор Э.Гантулгаас анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 Ө.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт оролцож байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг гэм хорын хохирол буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн зэрэг үндэслэлээр учирсан хохирлоо нэхэмжилсэн байна. Ө.*******ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Мөн давж заалдах шатны шүүхээс Ө.*******ад холбогдох хэргийг түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэм буруутай үйлдэл байна гэж дүгнэсэн. Харин Улсын дээд шүүхээс дүгнэхдээ н.Амарбаяр нь хараалын үг хэрэглэн зодоон эхэлсэн хэдий ч тэрээр цаашид өнгөрсөн үйл явдалд ямар нэгэн байдлаар биечлэн оролцоогүй байна. Хүмүүсийн амгалан тайван байдал алдагдсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүнтэй холбоотой нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлүүдээр Ө.*******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээд шүүхээс бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь тогтоогдоогүй байна гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь шүүх эрх хэмжээнийхээ хүрээд шийдвэрлэсэн асуудал. Бусдаар Ө.*******ыг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хууль бусаар үйл ажиллагаа явуулж, хохироосон шүүхээс хууль бусаар шийдвэр гаргаж тогтоосон үйл баримт байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс Ө.*******ыг бусдыг үл ялих зүйлээр шалтаглан шөнийн 23 цагийн үед бусдад өөрөө эхлэн хараалын үг хэллэг хэрэглэж, хүмүүстэй маргалдаж, бүлэглэн танхайрсан болох нь хэрэгт хууль ёсоор авагдсан нотлох баримтаар тогтоогдсон учир анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг гэм буруутай байна гэж үзсэн. Шүүхээс мөрдөн байцаалт болон бусад шатанд яллагдагч Ө.*******ын эрхийг зөрчсөн асуудал байхгүй юм. Дээд шүүхээс шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн байна. Мөн хэрэгт амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх нотлох баримт авагдаагүй, шүүх үнэлээгүй гэж дүгнэснээс өөр бусдаар Ө.*******ад хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байна гэж дүгнээгүй байна. Ийм учраас хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн нотлох баримтыг хууль бусаар, хуурамчаар үйлдсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Эрүүгийн хуулийг зөрчиж нотлох баримтыг цуглуулсан асуудал байхгүй. Нэгэнт Ө.*******ад холбогдох хэргийг шалгасан үйл ажиллагаа нь хууль бус биш байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай оролцож байгаа. Нийгмийн даатгалын бичилт хийлгэх, цалин хөлс гаргуулах, цагдан хохигдож байх хугацаанд гарсан зардлууд, өмгөөлөгчийн зардал, цагдах хоригдсон хоног зэргийг нийлүүлэн нэхэмжилсэн байна. Үүн дээр анхнаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн зүйл байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг гаргах үндэслэл байхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Ө.*******ын хүсэлтийн зарим шаардлагыг хангаж, Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 6,336,500 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч Ө.*******ад олгож, мөн хууль бусаар хорих ял эдэлсэн 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сар дуустал хугацаанд төлөгдөх байсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 495,388 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас нөхөн төлүүлж, хүсэлтийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч Ө.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурор Э.Гантулга давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Баянхонгор аймгийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Э.Гантулга би , Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2022/00037 дугаар захирамжийг 2022 оны 01 сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, 2,500,000 төгрөгийг төлсөн, шийтгэх тогтоол гарч хорих ялаар шийтгэгдсэнээр ажил эрхлэх боломжгүй болж, ажлаас чөлөөлөгдөн 3,520,000 төгрөгийн цалин хөлсийг авч чадаагүй, улмаар холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлөлт тасарсан болох нь тогтоогдсон, мөн хорих байранд гарсан зардал болон замын зардалд 500.00 төгрөг гаргуулах шаардлагад хамаарах 183,500 төгрөгийн хохирлоос бусад 316.500 төгрөгийн хохирол баримтаар нотлогдсон, түүний шаардаж буй хорих байгууллагад ял эдлүүлэхэд гарсан зардал хүсэлт гаргагчийг хууль бусаар хорих ялаар шийтгэж, ялыг эдлүүлсэнтэй шалтгаант холбоотой байх тул хүсэлт гаргагч Ө.*******ад учирсан нийт 6,336,500 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх бөгөөд үүнийг төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хүсэлт гаргагчаас хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин хөлс болох3.520.000 төгрөгөөс тооцож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардаж байх ба түүний хууль бусаар хоригдсон 5 сарын хугацаанд холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөгдөөгүй тасарсан, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1-д заасан хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлсөнд хамаарах ойлголт тул ажил олгогчоос төлөгдөх байсан 2020 оны 11 дүгээр сард 102,080 төгрөг, 12 дугаар сард 102,080 төгрөг, 2021 оны 01 дүгээр сард 109,120 төгрөг, 2022 оны 02 дугаар сард 109,120 төгрөг, 2021 оны 03 дугаар сард 94,240 төгрөг, нийт 5 сарын хугацаанд төлөгдөх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 495,388 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Ө.*******ын хүсэлтийн зарим шаардлагыг хангаж, Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 6.336.500 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч Ө.*******ад олгож, мөн хууль бусаар хорих ял эдэлсэн 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сар дуустал хугацаанд төлөгдөх байсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 495,388 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас нөхөн төлүүлж, хүсэлтийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гомдлын агуулга, үндэслэл:

Ө.*******ын нэхэмжлэлийнхээ үндэслэлийг гэм хорын хохирол буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн зэрэг үндэслэлээр учирсан хохирлоо нэхэмжилсэн. Ө.*******ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Мөн давж заалдах шатны шүүхээс Ө.*******ад холбогдох хэргийг түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэм буруутай үйлдэл байна гэж дүгнэсэн. Харин Улсын дээд шүүхээс дүгнэхдээ н.Амарбаяр нь хараалын үг хэрэглэн зодоон эхэлсэн хэдий ч тэрээр цаашид өнгөрсөн үйл явдалд ямар нэгэн байдлаар биечлэн оролцоогүй байна. Хүмүүсийн амгалан тайван байдал алдагдсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, түүнтэй холбоотой нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлүүдээр Ө.*******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээд шүүхээс бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан болох нь тогтоогдоогүй байна гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь шүүх эрх хэмжээнийхээ хүрээд шийдвэрлэсэн асуудал. Бусдаар Ө.*******ыг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хууль бусаар үйл ажиллагаа явуулж, хохироосон шүүхээс хууль бусаар шийдвэр гаргаж тогтоосон үйл баримт байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс Ө.*******ыг бусдыг үл ялих зүйлээр шалтаглан шөнийн 23 цагийн үед бусдад өөрөө эхлэн хараалын үг хэллэг хэрэглэж, хүмүүстэй маргалдаж, бүлэглэн танхайрсан болох нь хэрэгт хууль ёсоор авагдсан нотлох баримтаар тогтоогдсон учир анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг гэм буруутай байна гэж үзсэн. Шүүхээс мөрдөн байцаалт болон бусад шатанд яллагдагч Ө.*******ын эрхийг зөрчсөн асуудал байхгүй юм. Дээд шүүхээс шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн байна. Мөн хэрэгт амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх нотлох баримт авагдаагүй, шүүх үнэлээгүй гэж дүгнэснээс өөр бусдаар Ө.*******ад хууль бусаар мөрдөн шалгах ажиллагаа явагдсан байна гэж дүгнээгүй байна. Ийм учраас хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн нотлох баримтыг хууль бусаар, хуурамчаар үйлдсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, Эрүүгийн хуулийг зөрчиж нотлох баримтыг цуглуулсан асуудал байхгүй. Нэгэнт Ө.*******ад холбогдох хэргийг шалгасан үйл ажиллагаа нь хууль бус биш байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг шүүхэд гаргаж оролцсон.

Гэвч анхан шатны шүүхээс Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 6,336,500 төгрөг, мөн хууль бусаар хорих ял эдэлсэн 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сар дуустал хугацаанд төлөгдөх байсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 495,388 төгрөг нийт 6.831.888 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч Ө.*******ад олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Өмгөөлөгч Б.Бурмаад өмгөөллийн хөлсөнд бэлнээр 1000000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бэлнээр өгсөн гэх бэлэн мөнгөний орлогын баримтад өмгөөлөгчийн тэмдэг дарагдсан байх боловч үүнийг тухайн цаг хугацаанд

өгсөн гэхэд эргэлзээтэй, хөндлөнгийн баримтаар баталгаажаагүй, банкны дансаар шилжээгүй байх тул уг баримтыг сүүлд нь нөхөн бүрдүүлсэн байх боломжтой гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийн мөнгөн дүнгээс 1000000 төгрөгийг хасуулах,

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2021 оны 09 дүгээр сарын 02- ны өдрийн 02/959 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан баримтуудаас үзэхэд Э.*******ыг хоригдож байх хугацаанд ар гэрээс нь 300,000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс хорих байранд ял эдэлж байх хугацаанд 200,000 төгрөгийг зарцуулсан, 100,000 төгрөгийг бэлнээр авч, замын зардалд хэрэглэсэн байх бөгөөд үүнийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж оролцсон. мөн ар гэрээс нь хорих байгууллага руу шуудан илгээхэд 16500 төгрөгийг төлсөн болох нь Монгол шуудан ТӨХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн мөнгө хураах тасалбараар тус тус нотлогдсон байна гэж дүгнэн 316500 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Ө.******* нь цагдан хоригдсон эсэхээс үл хамааран өдөр тутамд хоол хүнсийг хэрэглэх бөгөөд цагдан хоригдох хугацаанд түүнийг хоол хүнсээр төрөөс хангаж байсан тул ар гэрээс нь түүнд шилжүүлсэн мөнгө, хүргүүлсэн илгээмж зэрэг нь нөхөн төлөх хохиролд тооцогдохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд заасан нөхөн төлөх хохирол хамаарахгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт заагдсан мөнгөн дүнгээс 316500 төгрөгийг хасуулах,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.3 дахь хэсэгт Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр оролцож болно..,

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ..Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.. гэж заасан байхад Ө.*******ын хүсэлтийг засгийн газарт мэдэгдэж хариуцагчийг зөв тогтоолгүй иргэний хэргийн анхан шатны шүүхээс прокурорын байгууллагыг шууд томилсон захирамж гаргаж байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд прокурор томилсон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй эсэхэд Давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагатай байна.

Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-д заасны дагуу шүүхийн Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2022/00037 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулахаар гомдол гаргав гэжээ.

 Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бичсэн гомдлын дагуу, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна уу гэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу Прокурорын давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар засах боломжгүй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Ө.*******ын Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн өдрийн 353 дугаар шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгэгдэж, ял эдэлж байгаад Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 167 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгагджээ./хэргийн 7-44 дүгээр тал/

Хүсэлт гаргагч Ө.******* нь хууль бусаар хорих ял шийтгүүлж, ял эдэлсэнтэй холбогдон гарсан 5 сарын хугацаанд авах байсан цалингийн 3,520,000 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын 495,388 төгрөг, өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг, хоригдож байх хугацаанд ар гэрээс нь шилжүүлсэн 300,000 төгрөг нийт 8695000 төгрөгийг төрөөс буюу Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахыг хүссэн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2022/00037 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүсэж Прокурор давж заалдах журмаар гомдол гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасныг дагуу хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээж оролцохдоо төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж заасныг анхан шатны шүүх зөрчиж, Прокурорыг өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон прокурор, шүүхийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлоо арилгуулах, хохирлыг нөхөн төлүүлэхийг хүссэн хүсэлт гаргагч Ө.*******ын нэхэмжлэлтэй хэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдсэн болохынхоо хувьд хариуцагч этгээд гэж байхгүй харин Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцож болно.

Энэ хэргийн тухайд хариуцагчгүй учраас төрийн байгууллагын хүсэлт үгүйсгэгдэж байгаа, эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон, цагаатгагдсан этгээдэд гэм хор учирсан байдал нь ямар нэг маргаангүйгээр хүлээн зөвшөөрөгдөх үйл баримт төдийгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүгч өөрийн дотоод итгэлээр хуульд нийцүүлэн үнэлж хохирлыг төрөөс нөхөн гаргуулах тул одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар прокурорыг өөрийнх нь санаачлагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах зохицуулалтгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Түүнчлэн Прокурорыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч өөрийн санаачлагаар татан оролцуулсан шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгох эрхгүй, боломжгүй байх тул хэргийг бүхэлд нь хүчингүй болгож, мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар болон Прокурорын гаргасан гомдолд Давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 131/ШШ2022/00037 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Прокурор нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

Л.НЯМДОРЖ