Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0297

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Б**** У***** Д* Э* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З****** нарын хооронд үүссэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой зөрчил шалган шийдвэрлэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б*********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******, Ж.Н*********, хариуцагч Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З****** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Б**** У***** Д* Э* ХХК нь тус шүүхэд хандан Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З******гийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0049150 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гарган маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Гомдол гаргагчБ**** У***** Д* Э* ХХК нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.[1]

2.2. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/05 дугаартай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай удирдамж гарсан.[2]

2.3. Мөн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Шинэ жилийн баярыг угтаж хийгдэх урьдчилан сэргийлэх шалгалт хийх ажлын төлөвлөгөө гарсан.[3]

2.4. Дээрх удирдамж, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд хариуцагч улсын байцаагч нь гомдол гаргагчБ**** У***** Д* Э* ХХК-ийн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цехэд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн.

2.5. Уг хяналт шалгалтаар гомдол гаргагчийн мах үйлдвэрлэлийн цех буюу ажлын байр болон бүтээгдэхүүний агуулах нь мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаагүй, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй, бүтээгдэхүүний болон технологийн хэрэгцээт усыг лабораторын шинжилгээнд хамруулаагүй, хагас боловсруулсан бүтээгдэхүүний технологийн зааврыг мөрдөж ажилладаггүй, бүтээгдэхүүний агуулах, хөргүүр, хөлдөөгчний температурыг тогтмол хянаж, бүртгэл хөтөлдөггүй, бэлэн бүтээгдэхүүний сав, баглаа боодол материалын дагалдах баримт бичиггүй, ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, хүнсний болон дагалдах бүтээгдэхүүний хаягдал бүрт тусдаа хогийн сав хэрэглэдэггүй, зах зээлээс буцаан болон татан авсан бүтээгдэхүүнд тэмдэглэгээ хийж, тусад нь хаягжуулж хадгалах нөхцөлийг бүрдүүлээгүй, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн урсгал дамжлага алдагдсан, ажиллагсдыг ажлын байранд орж ирэхэд биеийн халууныг хэмждэггүй, коронавирусын бүрэн тунд хамруулаагүй, хөдөлмөр хамгааллын болон ажлын хувцсаар /амны хаалт, бээлий/ бүрэн хангаагүй, орох, гарах хаалга, ариун цэврийн өрөө шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэх уусмал байршуулаагүй, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэж, актаар баримтжуулаагүй, өдөр тутмын цэвэрлэгээ хангалтгүй хийдэг, үйлдвэрийн байранд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийдэггүй, Мах махан бүтээгдэхүүн эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандарт зэргийг мөрдөж ажиллаагүй зөрчил гаргасан гэж үзсэн.

2.6. Тодруулбал, гомдол гаргагчБ**** У***** Д* Э* ХХК-ийг Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад заасан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй; зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгосон.

2.7. Шийтгэлийн хуудсыг Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З****** гаргасан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн огноотой, 0049150 дугаартай.[4]

2.8. Тус шийтгэлийн хуудсыг хариуцагч улсын байцаагч А.З****** гомдол гаргагчБ**** У***** Д* Э* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд биечлэн танилцуулж гардуулаагүй, харин 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шуудангаар хүргүүлснийг гомдол гаргагчийн эрх бүхий албан тушаалтан 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан.[5]

2.9.Б**** У***** Д* Э* ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 001 дугаартай албан бичгээр Хан-Уул дүүргийн Прокурорын газарт гомдол гаргасан.[6]

2.10. Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/45 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авахаас татгалзсан талаар хариу өгсөн.[7]

2.11. Дээрх албан бичгийн дагуу тус шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гомдол гаргасан.

2.12. Гомдол гаргагчийн зүгээс ... манай компани зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй байхад улсын байцаагч хялбаршуулсан журмаар зөрчлийг хянан шийдвэрлэсэн нь буруу, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ямар зөрчилд шалгаж байгааг танилцуулж тайлбарлаагүй, зөрчилд холбогдогчийн эрх, үүргийг танилцуулаагүй, эдлүүлээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдсэн тэмдэглэлийг танилцуулаагүй, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд хамруулаагүй атлаа эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэж буруутгасан нь үндэслэлгүй, үйлдвэрлэл явуулж байгаа ажлын байрны тоног төхөөрөмжид угаалга цэвэрлэгээний чанар шалгахдаа арчдас шинжилгээ аваагүй атлаа өөрийн үзэмжээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэж дүгнэж байгаа нь хууль бус ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.13. Хариуцагчийн зүгээс ... хяналт шалгалтаар мах үйлдвэрлэлийн цех буюу ажлын байр болон бүтээгдэхүүний агуулах нь мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаагүй, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй, бүтээгдэхүүний болон технологийн хэрэгцээт усыг лабораторын шинжилгээнд хамруулаагүй, хагас боловсруулсан бүтээгдэхүүний технологийн зааврыг мөрдөж ажилладаггүй, бүтээгдэхүүний агуулах, хөргүүр, хөлдөөгчний температурыг тогтмол хянаж, бүртгэл хөтөлдөггүй, бэлэн бүтээгдэхүүний сав баглаа боодол материалын дагалдах баримт бичиггүй, ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, хүнсний болон дагалдах бүтээгдэхүүний хаягдал бүрт тусдаа хогийн сав хэрэглэдэггүй, зах зээлээс буцаан болон татан авсан бүтээгдэхүүнд тэмдэглэгээ хийж, тусад нь хаягжуулж хадгалах нөхцөлийг бүрдүүлээгүй, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн урсгал дамжлага алдагдсан, ажиллагсдыг ажлын байранд орж ирэхэд биеийн халууныг хэмждэггүй, коронавирусын бүрэн тунд хамруулаагүй, хөдөлмөр хамгааллын болон ажлын хувцсаар /амны хаалт, бээлий/ бүрэн хангаагүй, орох, гарах хаалга, ариун цэврийн өрөө шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэх уусмал байршуулаагүй, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэж, актаар баримтжуулаагүй, өдөр тутмын цэвэрлэгээ хангалтгүй хийдэг, үйлдвэрийн байранд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийдэггүй, Мах махан бүтээгдэхүүн эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандарт зэргийг мөрдөж ажиллаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон ... гэх зэргээр тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Буянундарга Ди Эс ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Буянундарга Ди Эс ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсад мөрдөгдөж буй хүнсний үйлдвэрлэлийн бүхий л стандарт, дүрэм журмын шаардлагыг хангаж, Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааны тухай улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан одоог хүртэл ажиллаж ирсэн.

Манай компани нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити S-14-3-4 тоотод үйл ажиллагаа явуулж байсан ба S-14-3-4 тоот барилгын сууринд суулт өгч засах боломжгүй болсон тул 2021 оны 10 дугаар сард хааж тус байрыг зөвхөн агуулахын зориулалтаар түр ашиглаж байсан.

2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З****** нь бидний үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашигладаггүй агуулахын зориулалтаар түр ашиглаж байсан S-14-3-4 тоотын сургийг авч олон нийтийн сүлжээнд цацахдаа олон нийтийн таашаалд хүрч зах зээлд нэр хүндээ олсон бүтээгдэхүүний зургийг хамтад нь нийтэлсэн. Уг нийтлэлээс болж манай борлуулалт 90 хувь хүртэл буурч борлуулалтын ихээхэн алдагдалд хүрсэн.

...Манай компани Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0049150 дугаартай шийтгэх тогтоолыг Монгол шуудангаас 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсан. Тус улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг манай байгууллагад ногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасныг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хуульд заасан "зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол", "зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож, холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол; зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт хяналтын төхөөрөмжөөр тогтоогдсон бол гэсэн нөхцөлүүд хангагдаагүй байхад хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулан бидэнд мэдэгдэхгүйгээр шийтгэлийн хуудас бичиж, шуудангаар явуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрэв хялбаршуулсан журмаар манай байгууллагыг шалгах ажиллагаа явагдсан гэж үзвэл заавал шуудангаар явуулах шаардлагагүй шууд л танилцуулаад гарын үсэг зуруулчих ёстой байсан.

Манай компанийн зүгээс төрийн байгууллагын уг үйлдлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн манай компанийг хууль зөрчсөн гэх хангалттай нотлох баримт цуглуулаагүй, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй гэх боловч ямар байгууллагын баталсан хэдэн оны, хэд дугаартай дүрэм журмыг зөрчсөн гэдгийг тогтоохгүй бидэнд хамааралгүй, нотлогдсон тогтоогдоогүй зөрчлөөр хариуцлага оногдуулсан нь үндэслэлгүй юм.

Иймд Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0049150 дугаартай улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

3.2. Хариуцагч Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З****** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Б**** У***** Д* Э*" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд, НМХГ-ЫН ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А Золзаяа би дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Хийгдсэн хяналт шалгалтын талаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 5.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон МХЕГ-ын даргын 2021.01.13-ны өдрийн баталсан 01/05 дугаартай Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай" удирдамж, ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан "Шинэ жилийн баярыг угтаж хийгдэх урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх ажлын төлөвлөгөө"-ний дагуу ХУД-ийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол S-11 байрны 1-2, S-14 байрны 3-4 тоотод уйл ажиллагаа явуулдагБ**** У***** Д* Э* ХХК-ийн /6057985/ мах, махан бүтээгдэхүүний цехийн үйл ажиллагаанд 2021.12 14-ний өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн.

Шалгалтаар ажлын байр болон бүтээгдэхүүний агуулах нь мал эмнэлэг ариун цэврийн шаардлага хангаагүй, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй, бүтээгдэхүүний болон технологийн хэрэгцээт усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, хагас боловсруулсан бүтээгдэхүүний технологийн зааврыг мөрдөж ажилладаггүй, бүтээгдэхүүний агуулах, хөргүүр, хөлдөөгчийн температурыг тогтмол хянаж, бүртгэл хөтөлдөггүй, бэлэн бүтээгдэхүүний сав баглаа боодол материалын дагалдах баримт бичиггүй, ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, хүнсний болон дагалдах бүтээгдэхүүний хаягдал бурт тусдаа хогийн сав хэрэглэдэггүй, зах зээлээс буцаан болон татан авсан бүтээгдэхүүнд тэмдэглэгээ хийж тусад нь хаягжуулж хадгалах нөхцөлийг бүрдүүлээгүй, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн урсгал дамжлага алдагдсан ажиллагсдыг ажлын байранд орж ирэхэд биеийн халууныг хэмждэггүй, коронавирусын бүрэн тунд хамруулаагүй, хөдөлмөр хамгааллын болон ажлын хувцсаар /амны хаалт, бээлий бүрэн хангаагүй, орох, гарах хаалга, ариун цэврийн өрөө шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэх уусмал байршуулаагүй, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэж, актаар баримтжуулаагүй, өдөр тутмын цэвэрлэгээ хангалтгүй хийдэг, үйлдвэрийн байранд 2 цаг тутам агаар сэлгэлт хийдэггүй. Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023 200135 стандарт, Засгийн газрын 311-р тогтоолоор батлагдсан "Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам", УОК-ын даргын 41-р тушаалын хавсралт "Коронавируст халдвар /ковид-19/-өөс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тур журам", стандартуудыг тус тус мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчлүүд үйлдсэнийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 30 минутад илрүүлсэн.

Хяналт шалгалтаар илэрсэн дээрх зөрчлүүдийг үндэслэнБ**** У***** Д* Э* ХХК-д /6057985/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 2021.12.17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 3000 нэгжтэй тэнцэх /3.000.000/ хэмжээний төгрөгийн шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар үйлдэж ажилласан...

Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт /эрх бүхий албан тушаалтан эрх хасах шийтгэл оногдуулсан талаар зохих байгууллагад мэдэгдэж, шийдвэрийн хувийг даруй хүргүүлнэ./ зааснаар шийтгэл оногдуулсан талаар "Буян ундарга Ди Эс ХХК-д 00499150 дугаартай шийтгэлийн хуудасны 1 хувийг, 02-19/270 тоот албан бичгийг Монгол шуудан ХК-иар хүргүүлсэн.

Улсын байцаагч А.З****** би зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т /хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх,/ зааснаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар үйлдэж ажилласан.

Буян ундарга Ди Эс ХХК нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ бүтээгдэхүүний агуулах, хөргүүр, хөлдөөгчийн эрүүл ахуй ариун цэврийн шаардлагыг хангаагүй, температурыг тогтмол хянаж, бүртгэл хөтөлдөггүй, Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартын 3.4.4, 4.5 дахь заалтуудыг, Үйлдвэрлэлийн байр нь ариун цэврийн шаардлага хангаагүй, шал, хана нь хагарч шавар шохой нь хуурч унасан, цэвэрлэгээ үйлчилгээ хийх нөхцлийг бүрдүүлээгүй зэрэг нь мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023 2001 стандартын 3.5.1. 3.5.2 35.3, 3.5.4 дэх заалтуудыг, Бүтээгдэхүүний болон технологийн хэрэгцээт усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй нь мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023 2001 стандартын 5.1 1 дэх заалтыг 3.4. Тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй байгаа нь мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартын 6.2.3, 6.2.6 дахь заалтуудыг, Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн урсгал дамжлага алдагдсан байгаа нь Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023 2001 стандартын 6.2.5 дахь заалтыг, Үйлдвэрийн ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулаагүй байгаа нь мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартын 7.1 дэх заалтыг, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 хэсгийн 10.1.7 дахь заалтыг, Үйлдвэрийн ажиллагсдыг ажлын болон хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаагүй нь мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023 2001 стандартын 7.4. 7.7 дахь заалтуудыг, Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг улиралд 1 удаа лабораторийн шинжилгээнд хамруулаагүй байгаа нь мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023 2001 стандартын 8.2.3, 8.2.5 дахь заалтуудыг,Б**** У***** Д* Э* ХХК нь Засгийн газрын 311-р тогтоолоор батлагдсан "Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам"-ыг өөрийн хүнсний үйлдвэр цехийн хэмжээнд тохируулан баталж мөрдөж ажиллаагүй байгаа нь мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартын 9 дүгээр хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтыг, Ажиллагсдыг ажлын байранд орж ирэхэд биеийн халууныг хэмждэггүй. коронавирусын бүрэн тунд хамруулаагүй, хөдөлмөр хамгааллын болон ажлын хувцсаар амны хаалт, бээлий/ бүрэн хангаагүй, орох, гарах хаалга, ариун цэврийн ерее шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэх уусмал байршуулаагүй, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэж, актаар баримтжуулаагуй, өдөр тутмын цэвэрлэгээ хангалтгүй хийдэг, үйлдвэрийн байранд 2 цаг тутам агаар сэлгэлт хийдэггүй зэрэг нь УОК-ын даргын 41-р тушаалын хавсралт "Коронавируст халдвар /ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тур журмын 3 дахь хэсэгт заасан зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй.

Иймд Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З****** би ажлын байрны тодорхойлолт, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад "Буян ундарга Ди Эс" ХХК-ийн хүнсний үйлдвэрлэлийн явц, баримт бичигт хийсэн хяналт шалгалтаар зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан шийтгэлийг оногдуулсан болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

1. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Хуульд заасныг зөрчиж: гээд мөн зүйлийн 5.1 дэх заалтад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй ... бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.. гэж заажээ.

2. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тодруулснаар хариуцагч нь маргаж буй 0049150 дугаартай шийтгэлийн хуудсыг гаргахдаа дээр дурдсан хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1 дэх заалтад заасан хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй ... бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх;, Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартын холбогдох заалтуудад хамаарах зөрчлийг гомдол гаргагч гаргасан гэж үзжээ.

3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээг үзэхэд тухайн хэм хэмжээг хэрэглэхийн тулд зөрчил гаргасан гэж буруутгагдаж байгаа этгээд нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй үйл ажиллагаа явуулсан байхыг шаардах бөгөөд үүнийг холбогдох улсын байцаагч тогтоохыг шаардаж байна.

4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл хариуцагч улсын байцаагч нь гомдол гаргагчБ**** У***** Д* Э* ХХК-ийг дээрх үндэслэлээр зөрчил гаргасан гэж буруутгахдаа Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх заалт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1 дэх заалтад заасан хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй ... бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх;, Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартын холбогдох заалтуудыг зөрчсөн зөрчлүүдийг тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

5. Тодруулбал, хариуцагч нь ... мах үйлдвэрлэлийн цех буюу ажлын байр болон бүтээгдэхүүний агуулах нь мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаагүй, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй, бүтээгдэхүүний болон технологийн хэрэгцээт усыг лабораторын шинжилгээнд хамруулаагүй, хагас боловсруулсан бүтээгдэхүүний технологийн зааврыг мөрдөж ажилладаггүй, бүтээгдэхүүний агуулах, хөргүүр, хөлдөөгчний температурыг тогтмол хянаж, бүртгэл хөтөлдөггүй, бэлэн бүтээгдэхүүний сав баглаа боодол материалын дагалдах баримт бичиггүй, ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, хүнсний болон дагалдах бүтээгдэхүүний хаягдал бүрт тусдаа хогийн сав хэрэглэдэггүй, зах зээлээс буцаан болон татан авсан бүтээгдэхүүнд тэмдэглэгээ хийж, тусад нь хаягжуулж хадгалах нөхцөлийг бүрдүүлээгүй, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн урсгал дамжлага алдагдсан гэх зөрчлүүд нь MNS 5023:2001 стандартын 3.4.4, 3.5.1-3.5.4, 4.5, 5.1.1., 6.2.3, 6.2.5, 6.2.6, 7.1, 7.4, 7.7, 8.2.3, 8.2.5 дахь заалтууд, мөн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалтыг тус тус зөрчсөнийг тогтоосон нь үндэслэл бүхий байна.

6. Харин ажиллагсдыг ажлын байранд орж ирэхэд биеийн халууныг хэмждэггүй, коронавирусын бүрэн тунд хамруулаагүй, хөдөлмөр хамгааллын болон ажлын хувцсаар /амны хаалт, бээлий/ бүрэн хангаагүй, орох, гарах хаалга, ариун цэврийн өрөө шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэх уусмал байршуулаагүй, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэж, актаар баримтжуулаагүй, өдөр тутмын цэвэрлэгээ хангалтгүй хийдэг, үйлдвэрийн байранд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийдэггүй гэх зөрчлүүд нь Улсын онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар баталсан Коронавируст халдвар /ковид-19/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам[8]-ын 3 дугаар зүйлд заасан арга хэмжээнд хамаарч байх тул эдгээрийг шууд утгаараа хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй гэх зөрчилд хамаарна гэж дүгнэх боломжгүй гэж үзлээ.

7. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гомдол гаргагчийн өмгөөлөгч нараас ... Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02-02-327/47 тоот дүгнэлт[9], мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 02-02-296/57 тоот дүгнэлтээр[10] гомдол гаргагчийн цехийн үйл ажиллагааг шаардлага хангасан гэж дүгнэж байсан ... гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

8. Учир нь, дээр дурдсан тухайн дүгнэлтүүд нь цаг хугацааны хувьд урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээс өмнө буюу 2020 оны 04 дүгээр сард гарсан болох нь тогтоогдож байна.

9. Хэдийгээр хариуцагч улсын байцаагч нь урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар зохих зөрчлүүдийг тогтоосон байх боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар бэхжүүлэн тогтоосон журмыг нягт баримтлаагүй буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх шинжийг алдагдуулахуйц эрх зүйн алдааг гаргасан нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эрх зүйн үр дагаварт хүргэж байна гэж шүүх дүгнэлээ.

10. Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Холбогдогч дараахь эрхтэй: гээд мөн зүйлийн 2.1 дэх заалтад ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх; гэж заажээ.

11. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд тайлбарласан талуудын тайлбар зэргээс үзэхэд хариуцагч улсын байцаагч нь гомдол гаргагчБ**** У***** Д* Э* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтанд ямар зөрчилд холбогдуулан шалгалт хийж байгаагаа мэдэгдэж тайлбарласан баримт байхгүй, холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлан танилцуулсан баримт байхгүй, эдгээр баримтуудыг үйлдээгүй болох нь тогтоогдсон.

12. Хэдийгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол; хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх гэж заасны дагуу хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн байх боловч энэ журмыг хэрэглэх үед ч дээр дурдсан холбогдогчийн эрх хэрэгжих бөгөөд түүнд хамаарах ажиллагааг улсын байцаагч хийх үүрэгтэй гэж үзнэ.

13. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараахь нийтлэг зүйлийг тусгана: гээд мөн зүйлийн 1.5 дахь заалтад зөрчил шалгах ажиллагаанд оролцсон хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, байршил;, 1.6 дахь заалтад ажиллагаанд байлцсан бусад хүний хувийн баримт бичиг дэх мэдээлэл;, 1.7 дахь заалтад ажиллагаанд оролцсон хүнд эрх, үүргийг тайлбарласан тухай;, 1.8 дахь заалтад оролцогч, гэрчээс санал, хүсэлт гаргасан эсэх, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн. гэж заажээ.

14. Тодруулбал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад улсын байцаагч нь үйлдэл бүрээ баталгаажуулсан баримт болох тэмдэглэлийг үйлдэх үүрэгтэй байх бөгөөд тэгэхдээ тэмдэглэлд дээр дурдсан үйл баримтыг зайлшгүй тусгахыг хууль тогтоогчоос тогтоосон байна.

15. Хавтаст хэрэгт цугларсан баримтад авагдсан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл[11], мөн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл[12] зэргийг үзэхэд хариуцагч улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлд заасан, дээр нэрлэн дурдсан үйл баримтуудыг нотлох тэмдэглэлийг хийгээгүй буюу тэмдэглэлд тавигдах хуулийн шаардлагыг хангаж ажиллаагүй болох нь тогтоогдож байна.

16. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан, ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна., 4 дэх хэсэгт Ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурахаас татгалзсан, эсхүл баталгаажуулах боломжгүй бол шалтгааныг тэмдэглэлд тусгана. гэж тодорхой заасан байхад гомдол гаргагчБ**** У***** Д* Э* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг зуруулаагүй, гарын үсэг зурахаас татгалзсан бол тэр тухай тэмдэглэлийг хийж, бэхжүүлээгүй болох нь тогтоогдож байна.

17. Дээр дурдсан эрх зүйн алдаанууд нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шинжийг үгүйсгэж байх тул маргаан бүхий 0049150 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болно гэж шүүх дүгнэлээ.

18. Иймд гомдол гаргагчийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З******гийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0049150 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.1 дэх заалт, 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.5, 1.6, 1.7, 1.8 дахь заалт, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтланБ**** У***** Д* Э* ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З******гийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0049150 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан гомдол гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлж, урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг гомдол гаргагчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ