Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2022/0391

 

“Б” ХХК-ийн гомдолтой

      захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

   Шүүх хуралдаан даргалагч, Ерөнхий шүүгч Д.Батбаатар

   Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

   Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З,

 

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч “Б” ХХК

Хариуцагч Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З,

 

Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З-ийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0049150 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаар,

Шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагч Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул,

 

Хэргийн индекс: 124/2022/0182/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.1 дэх заалт, 4.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 1.5, 1.6, 1.7, 1.8 дахь заалт, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Б” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З-ийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0049150 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

 

2. Хариуцагч Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: 2.1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Холбогдогч дараахь эрхтэй”, 2.1-д ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх заалтуудыг баримтлаагүй гэх энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3-д Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн заалтыг, мөн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан, нотлох баримт хавсралтаар хүргүүлсэн "Хан-Уул дүүргийн Прокурорын газарт гаргасан тайлбар”-ын 4 дэх хэсэгт “Б” ХХК-ийн захирал Д.Аюуш 2021 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 08 цагт Мэргэжлийн хяналтын хэлтэст ирэхэд хяналт шалгалтын удирдамж, бүрэлдэхүүнийг танилцуулж, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс улсын байцаагч А.З би өөрийн биеэр хүргүүлсэн, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 02-19/222 дугаартай мэдэгдэл зөвлөмжийг өдөр тутам үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрэгжүүлж ажиллаагүй талаар, мөн тухайн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хийсэн хяналт шалгалтаар илрүүлсэн үйлдвэрлэлд гаргасан зөрчлийг нэг бүрчлэн танилцуулан, баримтжуулсан холбогдох фото зургийг үзүүлж, үйлдвэрлэлийн холбогдох дүрэм журам, стандарт мөрдөхгүй байгааг тайлбарлан гаргасан зөрчилд нь заагдсан Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх заалтын дагуу 3000 нэгжтэй тэнцэх /3.000.000/ хэмжээний төгрөгийн шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар өгөх мөн хяналт шалгалтын талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын цахим хуудсаар нийтэд мэдээлэх талаар тайлбарлахад, зөрчлөө хүлээн зөвшөөрч, улмаар торгуулийн хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй, 16 цагт ирж холбогдогчийн мэдүүлэг өгнө гээд явсан бөгөөд ирээгүй тодорхой дурдсан.

2.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 1 “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх тодорхой ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараахь нийтлэг зүйлийг тусгана”, 1.5-д зөрчил шалгах ажиллагаанд оролцсон хүний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, байршил”, 1.6“ажиллагаанд байлцсан бусад хүний хувийн баримт бичиг дэх мэдээлэл”, 1.7 “ажиллагаанд оролцсон хүнд эрх, үүргийг тайлбарласан тухай, 1.8-д “оролцогч, гэрчээс санал, хүсэлт гаргасан эсэх, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн”, 2 дахь хэсэгт “Тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан, ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна”, 4 дэх хэсэгт “Ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурахаас татгалзсан, эсхүл баталгаажуулах боломжгүй бол шалтгааныг тэмдэглэлд тусгана” хэсгийг тус тус зөрчсөн гэх энэ нь Б ХХК-ийн гаргасан дээрх зөрчил нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол хэсэгт тус тус заагдсан байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” заалтаар зохицуулагдсан нь шийтгэлээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

2.3. Захиргааны хэргийн анхан шатны шүүх Б ХХК-ийг хууль зөрчсөнийг үндэслэлтэй гэж дүгнэсэн, түүнчлэн эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх”, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр хэсгийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл ногдуулна” гэх заалтуудад нийцүүлж, шийдвэрээ гаргасан гэж үзэж байна

2.4. “Б” ХХК-д холбогдох хэрэгт авагдсан хавтаст хэргийг шүүгч дутуу судалсан, нотлох баримтыг буруу үнэлж, бэхжүүлсэн гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу улсын байцаагчийн гомдлын дагуу хянахад үндэслэл бүхий болоогүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

2. “Б” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0049150 дугаар шийтгэлийн хуудсаар тус компанийг махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахдаа үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй зөрчил гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

3. Анхан шатны шүүх тус компанийн гомдолд дурдсан зөрчил гаргаагүй гэж маргасан үндэслэл тус бүрт дүгнэлт хийгээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхдээ улсын байцаагчийн энэ талаар гаргасан тайлбар, явуулсан гэх ажиллагаатай холбоотой нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-д заасныг зөрчсөн байна.

4. Тухайлбал, улсын байцаагч тайлбартаа “... шалгалтыг явуулахад захирал нь эзгүй байсан тул нягтлан бодогч Ц.М-ийг оролцуулж шалгалт явуулан тэмдэглэлд гарын үсэг зуруулсан, дараа нь захирал Д.А ажлын байран дээр ирж шалгалтын талаар мэдсэн, компанийн гэрчилгээ, иргэний үнэмлэх гэх мэт баримтыг өөрөө авчирч өгөөд, буцаж ирнэ гээд дахиж ирээгүй, утсаар дуудаад ирээгүй учраас баримтуудад гарын үсэг зуруулж чадаагүй ...” гэж ажиллагаа тус бүрийн тэмдэглэлд гарын үсэг зурагдаагүй шалтгаанаа тодорхой тайлбарласан тайлбар хэрэгт авагджээ.

5. Үүнтэй холбоотой тус компанийн нягтлан Ц.М хяналт шалгалтад оролцсон эсэх, мөн утсаар ярьсан тэмдэглэл, зөрчлийн хэрэгт авагдсан компанийн бичиг баримтыг хаанаас гаргуулж авсан, захирал нь өөрөө авчирч өгсөн гэх тайлбар үндэслэлтэй эсэх, хяналт шалгалт явуулах үед захирал Д.А-г оролцуулаагүй, нягтланг оролцуулсан нь ямар шалтгаантай болох талаарх баримтуудыг цуглуулаагүй байх тул “шалгуулагчид  ямар зөрчилд буруутгагдаж байгааг мэдэгдээгүй, эрх үүрэг тайлбарлаагүй, ажиллагаа тус бүрийн талаар тэмдэглэл үйлдээгүй” гэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байх тул “шүүх баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэгт авагдсан прокурорын газарт гаргаж өгсөн тайлбартаа зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлсэн талаар дэлгэрэнгүй тайлбарласан байхад шүүх дутуу судалсан...” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

6. Мөн анхан шатны шүүх Хүнсний тухай хууль, холбогдох журам, стандартыг зөрчсөн зөрчил тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа дээрх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны алдааг “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх шинжийг алдагдуулахуйц эрх зүйн алдаа” гэж дүгнэхдээ дээрх процесс ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс тухайн зөрчил үгүйсгэгдэх хууль зүйн ямар үндэслэл байгаа талаар дүгнээгүй, өөрөөр хэлбэл хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан “Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3-д заасныг хэрэглээгүй” үндэслэл, шалтгаанаа  заагаагүй байна.

7. Иймд дээрх нөхцөл байдлуудыг тодруулж, холбогдох баримтыг цуглуулсны үндсэн дээр маргааны үндэслэл болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан эсэх, гаргасан бол энэ нь зөрчилд хариуцлага хүлээлгэснийг үгүйсгэх үндэслэл болох эсэх талаар эргэлзээгүй талаас нь дүгнэж маргааныг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 297 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч төрийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                         А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                         С.МӨНХЖАРГАЛ