Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2022/01323

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2022/01323

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******/РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******ХХК/РД: /-д холбогдох,

 

30,168,824 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* би Ай энд жи интөрнэшнл ХХК-ийн маркетинг борлуулалтын албаны дарга Б.Хангалтай эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцон 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 190131220/4 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж гэрээний үндсэн нөхцөл нь төсөл хэрэгжүүлэгч тал буюу Ай энд Жи интөрнэшнл ХХК нь БЗД-ийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны Б барилгын 5 давхрын 66.08 талбайтай 502 тоот 3 өрөө орон сууцны байрыг 1 мкв-ын үнэ 1,150,000 төгрөгөөр тооцон барьж гүйцэтгэн 2020 оны 1-р улиралд захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч төлбөрийг 2019 оны 03 дугаар сарын 12-нд 30,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 12-нд 45,992,000 төгрөгийг төлж дуусгахаар гэрээ байгуулсан.

Миний бие гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2019 оны 03 дугаар сарын 12-ний өдөр 30,000,000 төгрөгийг, 2019 оны 04 сарын 12-ний өдөр 45,992,000 төгрөгийг тус тус Ай Энд Жи Интөрнэшнл ХХК-ийн эзэмшлийн Хас банкин дахь 5001740455 тоот дансанд шилжүүлж үүргээ биелүүлсэн. Гэтэл төсөл хэрэгжүүлэгч тал буюу Ай энд жи интөрнэшнл ХХК-ийн зүгээс гэрээний 4.1 Орон сууцын барилгыг 2020 оны 1-р улиралд батлагдсан зургийн дагуу барьж, захиалагч талд хүлээлгэн өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр түлхүүр хүлээлгэн өгч байр ашиглалтад орох хугацааг 457 хоногоор хэтрүүлсэн гэж үзэж байна.

Иймээс орон сууц захиалах гэрээний 4.14-д Хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад өгөх хугацааг гэрээний 4.1-д заасан хугацаанаас 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,1%-аар тооцон алданги захиалагч талд төлнө гэж заасны дагуу Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хорио цээр тогтоосон нийт 60 хоногийг 457 хоногоос хасаж 397 хоногын хоног тутамд 75,992 төгрөгөөр бодож нийт 30,168,824 төгрөгийг Ай энд жи интөрнэшнл ХХК-иас буюу ерөнхий захирал Б.Алтанбаяраас шуүхийн зардлын хамт гаргуулж өгнө үү.

Гэрээ байгуулах үөд анх ерөнхий захирал Б.Алтанбаяр байсан бөгөөд үнийн дүн зөрүүтэй бичигдсэн байсан учраас гэрээг засварлах үед гүйцэтгэх захирал М.Серикжан гарын үсэг зурсан болно. гэв.

 

Хариуцагч Ай энд Жи интернэйшнл ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ай энд Жи интернэшнл ХХК болон ******* нар нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 19031220/4 дүгээр Орон сууц захиалгын гэрээ" байгуулсан. Уг гэрээгээр БЗД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Б барилгын 5 давхрын 66.08 м2 талбайтай 502 тоот 3 өрөө орон сууцыг 2020 оны 1-р улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Гэвч*******ХХК нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас барилгыг Улсын комисст 2021 оны 08 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгч, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч *******д байрны түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Мөн захиалсан орон сууцын байрыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл нь төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаалахгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шаптгаанаар хойшлогдсон тапаар захиалагч нарт мэдэгдлүүдээр мэдэгдэж байсан. Орон сууц захиалгын гэрээний 4.7-д Захиалсан орон сууцын байрыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл нь төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаалахгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлогдох тохиолдолд захиалагчид урьдчилан мэдэгдэнэ.

Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт импортын материалын нийлүүлэх хугацаа саатсан, чанарын холбогдолтой туслан гүйцэтгэгч болон гэрээт компанийн давтан гүйцэтгэж байгаа ажиллагааны хугацааг ойлгохоор гэрээнд харилцан тохиролцож талууд гарын үсгээ зурсан. Мөн тус гэрээний 4.8-д Дээрх шалтгаануудын улмаас үүссэн нөхцөл байдлыг хугацаа алдсан гэж үзэхгүй ба Төсөл хэрэгжүүлэгч нь орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэн алданги төлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасны дагуу анзыг төлөх үндэслэлгүй байна хэмээн заасан байдаг.

Импортын материалын нийлүүлэх хугацаа саатсан асуудлын хувьд: Дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавирус цар тахлын улмаас улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол улс болон бусад улс хоорондын авто зам, төмөр зам болон агаарын замаар нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 01 сараас 2021 оны 8 дугаар сар хүртэлх буюу нийт 13 сарын хугацаанд Улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 23-ны Онцгой нөхцөлд улс хооронд дамжуулан өнгөрүүлэх тир карней бүхий бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих түр журам-ын дагуу улсын хилээр нэвтрэн орж буй бараа, тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа хийгдэж, гаалийн хяналтын бүсэд хийгдэх хяналт шалгалтыг онцгой дэглэмээр зохион байгуулах болсон тул барилга барихад шаардлагатай импортын барилгын материалыг хүлээж авах хугацаа хойшлогдсоор барилга угсралтын ажил удааширч, орон сууцыг гэрээнд заасан хугацааны дагуу ашиглалтад оруулах боломжгүй болсон. Үүнд:

            Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчипан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 30 дугаар тогтоол;

            Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Хилийн боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай 39 дүгээр тогтоол;

            2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 62 дугаар тогтоол

            Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 63 дугаар тоггоол;

            Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний 64 дүгээр, 2020 оны 03 дугаар сарын 22-ны 102 дугаар, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний 147 дугаар, 2020 оны 5 дугаар сарын 27-ны 188 дугаар, 2020 оны 06 дугаар сарын 30-ны 234 дүгээр, 2020 оны 07 дугаар сарын 10-ны 01 дүгээр, 2020 оны 07 дугаар сарын 29-ний 31 дүгээр, 2020 оны 08 дугаар сарын 25-ны 70 дугаар, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний 103 дугаар, 2020 оны 10 дугаар сарын 28-ны 159 дүгээр, 2021 оны 01 дүгээр сарын 4-ний 01 дүгээр Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол;

            Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол;

            Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 239 дугаар, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар, 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 121 дүгээр, 2021 оны 05 дугаар сарын 27-ны 155 дугаар, 2021 оны 06 дугаар сарын 30-ны 177 дугаар, 2021 оны 08 дугаар сарын 25-ны 260 дугаар Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай тогтоол;

            Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилснээр шилжүүлэх тухай зэрэг тогтоолуудаар хөл хориотой байсаныг нотлогдож байна.

Чанарын холбогдолтой туслан гүйцэтгэгч болон гэрээт компанийн давтан гүйцэтгэж байгаа ажиллагааны хугацааны хувьд: 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн*******ХХК болон Хас эрдэнэ роуд ХХК нарын байгуулсан Арилжааны гэрээ 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн*******ХХК болон Бат бэх ремикон ХХК нарын байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн*******ХХК болон Ган тулгуурт цамхаг ХХК нарын байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн*******ХХК болон Жи энд би пламбинг ХХК нарын байгуулсан Арилжааны гэрээ 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн*******ХХК болон Жи энд би пламбинг ХХК нарын байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн*******ХХК болон Уугансүмбэр ХХК нарын байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн*******ХХК болон Эм ти жэй ХХК нарын байгуулсан Бараа материал худалдах, худалдан авах гэрээ эдгээр гэрээг*******ХХК нь туслан гүйцэтгэгч нартай байгуулсан.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3-т зааснаас гадна тухайн нөхцөл байдалд нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4.4 дүгээр зүйлд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах, 10.4.7 дугаар зүйлд "харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн эориулалттайгаас бусад худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газар, боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар түр зогсоох, хилийн боомтыг түр хаах, эсхүл түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах, мөн 10.4.16 дугаар зүйлд химийн хорт болон аюултай бодис, ачаа тээвэрлэлтийг хязгаарлах, шаардлагатай тохиолдолд түр хугацаагаар зогсоох хэмээн заасны дагуу эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан бөгөөд хилийн боомтыг түр хааснаас шалтгаалан бараа материалын нийлүүлэлт зогссон.

Засгийн газрын тогтоолын дагуу Монгол улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хилийн боомтыг түр хаан, түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласнаас шалтгаан бараа материал хилээр орж ирэх, нийлүүлэгдэх боломжгүй болсон. Мөн хөл хориотой үед Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолын хавсралт болох Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалт-аар баталсан хуулийн этгээд, төрийн байгууллага л ажиллаж байсан бөгөөд барилгын компанийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд ажиллах хориотой байсан.

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас баталсан Force majeure /гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон hardship /хүнд нөхцөл байдал/-ыг гэрчлэх журам-ийн 1.2.1.4 дүгээр зүйлд бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр... нь Force majeure буюу гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчипан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хулээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно. хэмээн заасны дагуу гэрээний дагуу хүлээсэн орон сууцыг 2020 оны 1-р улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн болно.

Орон сууц захиалгын гэрээнд хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг 4.7-д Захиалсан орон сууцын байрыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл нь төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаалахгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлогдох тохиолдолд Захиалагчид урьдчилан мэдэгдэнэ. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь: гээд импортын материалын нийлүүлэх хугацаа саатсан, 4.8-д Дээрх шалтгаануудын улмаас үүссэн нөхцөл байдпыг хугацаа алдсан гэж үзэхгүй ба Төсөл хэрэгжүүлэгч нь орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэн алданги төлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасны дагуу анзыг төлөх үндэслэлгүй байна.

Иймд*******ХХК нь Орон сууц захиалгын гэрээ-ний 4.14-д заасны дагуу алданги төлөх үндэслэлгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн сая нотлох баримт судлах үед цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн албан бичгийг судалдсан бөгөөд тус албан бичигт 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос эхлээд хоногийн дундаж температур нь хамгийн бага хэм -13, хамгийн өндөр хэм нь -22, дундаж хэм нь -18 байсан гэж дурдсан байна. Өвлийн улирал эхэлсэн буюу барилгын ажлыг хэвийн үргэлжлүүлэхэд хориглох цаг агаарын нөхцөл байдалтай байсан учраас барилгын ажил явагдаагүй байдаг. Мөн хасах хэмд барилгын ажил явуулахыг хориглосон талаар баримтуудыг сая нотлох баримт судлуулах хэсэгт судлуулав. Мөн хариуцагч байгууллага захиргааны шүүхтэй ямар маргаанд оролцож байсан талаарх баримтуудыг нотлох баримт шинжлэн судлах үед судлуулсан. Эдгээр нотлох баримтууд болон хариуцагчийн өмнө гаргасан тайлбараа дэмжиж байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагын 362 хоногт хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2019 оны 03 сарын 12-ны өдрийн № 1903120/4 Орон сууц захиалгын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны 2019 оны 04 сарын 12-ны өдрийн Мөнгөн шилжүүлэгийн баримт, Хаан банкны 2019 оны 04 сарын 12-ны өдрийн Мөнгөн шилжүүлэгийн баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204123779 дугаарт бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчүүлсэн хуулбар, хариуцагч талаас баримтаар гаргасан Ай энд жи интернэшнл ХХК-ийн 2020 оны 03 сарын 25-ны өдрийн Мэдэгдэл/Баянзүрх апартмент Б блок төслийн орон сууцны захиалагч нарт/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Нэхэмжлэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 128/ШЗ2019/6016 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 сарын 30-ны өдрийн 128/ШЗ2019/7023 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 0 сарын 20-ны өдрийн 128/ШЗ2020/0045 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Баримт №14 Шүүгчийн захирамж гардуулсан тухай баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/Force majeure/-ийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 04 сарын 15-ны өдрийн №04-01 Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 05 сарын 08-ны өдрийн №03-07 Ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 01 сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 05 сарын 11-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 03 сарын 23-ны өдрийн Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 03 сарын 19-ний өдрийн №03-07 Ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 03 сарын 23-ны өдрийн №04-01 Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 7 сарын 05-ны өдрийн ГМБЗХ2019/02-062 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2022 оны 05 сарын 24-ний өдрийн №06/299 Албан бичиг түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 10 сарын 29-ний өдрийн 1810 дугаар Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ, Монгол улсын барилгын норм ба дүрэм Цутгамал бетон, төмөр бетон бүтээц БНДбД 52-02-05, Барилгын үйлдвэрлэлийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, II хэсэг, Барилгын ажлын аюулгүй ажиллагааны дүрэм БНДбД 12-04-06-ыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 

Нэхэмжлэгч ******* хариуцагч*******ХХК-д холбогдуулан алдангид нийт 30,168,824/гучин сая нэг зуун жаран найман мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ай энд жи интернэшнл ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 362 хоногт хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр №19031220/04 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулсан болох нь №19031220/04 дугаар Орон сууц захиалгын гэрээний нотариатчаар хуулбараар тогтоогдож байна.

 

№19031220/04 дугаар Орон сууц захиалгын гэрээний 1-ийн 1.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалгын дагуу орон сууцыг чанартай барих, нэхэмжлэгч нь үр дүнг хүлээн авах, төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь №19031220/04 дугаар Орон сууц захиалгын гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан

 

№19031220/04 дугаар Орон сууц захиалгын гэрээнд зааснаар хариуцагч нь биет байдлын доголдолгүй байрыг барьж нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж байрыг хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Гэрээний 1-ийн 1.2, 2-ын 2.1, 2.2-т зааснаар Баянзүрх дүүрэг, 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны Б барилгын 5 давхрын 66.08 м.кв талбайтай 502 тоот 3 өрөө орон сууцны нийт үнэ 75,992,000/далан таван сая есөн зуун ерэн хоёр мянга/ төгрөг болох нь Гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 3-ын 3.1, 3.2-т зааснаар нэхэмжлэгч нь байрны төлбөрт 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 30,000,000/гучин сая/ төгрөгийг, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 45,992,000/дөчин таван сая есөн зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээний 3-ын 3.1, 3.2-т зааснаар байрны төлбөрт 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 30,000,000/гучин сая/ төгрөгийг, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 45,992,000/дөчин таван сая есөн зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Хаан банк ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

Гэрээний 4-ийн 4.1-т зааснаар хариуцагч нь байрыг 2020 оны 1 дүгээр улиралд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь байрыг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар мараагүй болно.

 

Гэрээний 4-ийн 4.14-т зааснаар хариуцагч нь байрыг ашиглалтад өгөх хугацааг 60/жар/ хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61/жаран нэг/ дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.1/тэг аравны нэг/ хувиар алданги тооцож нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ... гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Гэрээний 4-ийн 4.14 дэх заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 397/гурван зуун ерэн долоо/ хоногийн алдангид нийт 30,168,824/гучин сая нэг зуун жаран найман мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 4-ийн 4.1, 4.14-т зааснаар хариуцагч нь байрыг 2020 оны 1 дүгээр улиралд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байх боловч 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн байх тул 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн байрыг хүлээлгэж өгсөн өдөр хүртэлх хүндэтгэн үзэх шалтгаангүй хугацаа хэтрүүлсэн 280/хоёр зуун ная/ /2020.05.31-2020.11.10=165, 2020.12.12-2020.12.22, 2021.04.11-2021.08.31, 165+115=280/ хоногт алданги тооцох үндэслэлтэй болох нь Гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 4-р сарын 15-ны өдрийн №04-01 Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 5-р сарын 08-ны өдрийн №03-07 Ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 01-р сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 5-р сарын 11-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 3-р сарын 23-ны өдрийн № 20/09 Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 3-р сарын 19-ний өдрийн №03-07 Ажил гүйцэтгэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 3-р сарын 23-ны өдрийн №04-01 Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2022 оны 5-р сарын 24-ний өдрийн №06/299 Албан бичиг болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 4-ийн 4.7-д хүндэтгэн үзэх шалтгаанд хариуцагчаас шалтгаалахгүй, урьдчилан мэдэх боломжгүй шалтгааныг ойлгох талаар заасан байна.

 

2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх зарим өдрүүдэд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.4, 10.4.7 дахь заалтад зааснаар Монгол Улсын Засгийн Газраас Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэм тогтоож барилгын угсралтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон, мөн Барилгын ажлын аюулгүй ажиллагааны дүрмийн 8-ын 8.11, Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн дүрмийн 9-ийн 9.1-т заасан хоногийн дундаж температур 50 С-ээс бага буюу өдөрт 00-ээс илүү дулаарахгүй өвлийн улирал байсан байх тул хариуцагч нь нийт 117/397-280=117/ /нэг зуун арван долоо/ хоног хүндэтгэн үзэх шалтгааны улмаас барилга угсралтын ажлыг явуулах боломжгүй байсан болох нь Монгол Улсын Засгийн Газрын Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх болон түүний хугацааг сунгах тухай тогтоолууд, Цаг уур, орчны шинжилгээний газрын 2022 оны 5-р сарын 24-ний өдрийн №06/299 Албан бичиг болон түүний хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 21,277,760/75,992,000х0.1=75,992, 75,992x280=21,277,760/ /хорин нэгэн сая хоёр зуун далан долоон мянга долоон зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 8,891,064/30,168,824-21,277,760=8,891,064/ /найман сая найман зуун ерэн нэгэн мянга жаран дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ай энд жи интернэшнл ХХК-иас нийт 21,277,760/хорин нэгэн сая хоёр зуун далан долоон мянга долоон зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдсэн 8,891,064/найман сая найман зуун ерэн нэгэн мянга жаран дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,794 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 264,338 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ай энд жи интернэшнл ХХК-иас нийт 21,277,760/хорин нэгэн сая хоёр зуун далан долоон мянга долоон зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдсэн 8,891,064/найман сая найман зуун ерэн нэгэн мянга жаран дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,794 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ай энд жи интернэшнл ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 264,338 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

даргалагч, шүүгч С.ХИШИГБАТ