Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01629

 

Д.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01323 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А-ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт алданги 30,168,824 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И, С.Ч, Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Д.Н- би А- ХХК-тай харилцан тохиролцон 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 190131220/4 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж гэрээний үндсэн нөхцөл нь төсөл хэрэгжүүлэгч тал буюу А- ХХК нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны Б барилгын 5 давхрын 66.08 талбайтай 000 тоот 3 өрөө орон сууцны байрыг 1 мкв-ын үнэ 1,150,000 төгрөгөөр тооцон барьж гүйцэтгэн 2020 оны 1 дүгээр улиралд захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч төлбөрийг 2019 оны 03 дугаар сарын 12-нд 30,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 12-нд 45,992,000 төгрөгийг төлж дуусгахаар гэрээ байгуулсан.

Миний бие гэрээний дагуу 2019 оны 03 дугаар сарын 12-ний өдөр 30,000,000 төгрөгийг, 2019 оны 04 сарын 12-ний өдөр 45,992,000 төгрөгийг тус тус А- ХХК-ийн эзэмшлийн, Хас банкин дахь 000000000тоот дансанд шилжүүлж үүргээ биелүүлсэн. Гэтэл төсөл хэрэгжүүлэгч тал буюу А- ХХК гэрээний 4.1-т Орон сууцын барилгыг 2020 оны 1-р улиралд батлагдсан зургийн дагуу барьж, захиалагч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр түлхүүр хүлээлгэн өгч байр ашиглалтад орох хугацааг 457 хоногоор хэтрүүлсэн гэж үзэж байна.

Иймээс орон сууц захиалах гэрээний 4.14-д Хэрэв төсөл хэрэгжүүлэгч тал ашиглалтад өгөх хугацааг гэрээний 4.1-д заасан хугацаанаас 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд 61 дэх хоногоос эхлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,1%-аар тооцон алданги захиалагч талд төлнө гэж заасны дагуу Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хорио цээр тогтоосон нийт 60 хоногийг 457 хоногоос хасаж 397 хоногийн хоног тутамд 75,992 төгрөгөөр бодож нийт 30,168,824 төгрөгийг А- ХХК-иас буюу ерөнхий захирал Б.А-аас шүүхийн зардлын хамт гаргуулж өгнө үү.

Гэрээ байгуулах үөд анх ерөнхий захирал Б.А- байсан бөгөөд үнийн дүн зөрүүтэй бичигдсэн байсан учраас гэрээг засварлах үед гүйцэтгэх захирал М.С- гарын үсэг зурсан болно гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1 А-ХХК болон Д.Н- нар нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 19031220/4 дүгээр Орон сууц захиалгын гэрээ" байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б барилгын 5 давхрын 66.08 м2 талбайтай 000 тоот 3 өрөө орон сууцыг 2020 оны 1-р улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Гэвч А-ХХК нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас барилгыг Улсын комисст 2021 оны 08 дугаар сарын 30-нд хүлээлгэн өгч, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Д.Н-д байрны түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Мөн захиалсан орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл нь төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаалахгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шаптгаанаар хойшлогдсон тапаар захиалагч нарт мэдэгдлүүдээр мэдэгдэж байсан. Орон сууц захиалгын гэрээний 4.7-д Захиалсан орон сууцын байрыг хүлээлгэн өгөх хугацаа болон ажлын гүйцэтгэл нь төсөл хэрэгжүүлэгчээс шалтгаалахгүй, урьдчилан мэдэх боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлогдох тохиолдолд захиалагчид урьдчилан мэдэгдэнэ.

Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт импортын материалын нийлүүлэх хугацаа саатсан. Чанарын холбогдолтой туслан гүйцэтгэгч болон гэрээт компанийн давтан гүйцэтгэж байгаа ажиллагаатай холбоотой ажил удааширсан нь гэрээний 4.8-д Дээрх шалтгаануудын улмаас үүссэн нөхцөл байдлыг хугацаа алдсан гэж үзэхгүй ба төсөл хэрэгжүүлэгч нь орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэн алданги төлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасны дагуу анзыг төлөх үндэслэлгүй байна хэмээн заасан байдаг.

2.2 Дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавирус цар тахлын улмаас улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол улс болон бусад улс хоорондын авто зам, төмөр зам болон агаарын замаар нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 01 сараас 2021 оны 8 дугаар сар хүртэлх буюу нийт 13 сарын хугацаанд Улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 23-ны Онцгой нөхцөлд улс хооронд дамжуулан өнгөрүүлэх тир карней бүхий бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих түр журам-ын дагуу улсын хилээр нэвтрэн орж буй бараа, тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа хийгдэж, гаалийн хяналтын бүсэд хийгдэх хяналт шалгалтыг онцгой дэглэмээр зохион байгуулах болсон тул барилга барихад шаардлагатай импортын барилгын материалыг хүлээж авах хугацаа хойшлогдсоор барилга угсралтын ажил удааширч, орон сууцыг гэрээнд заасан хугацааны дагуу ашиглалтад оруулах боломжгүй болсон.

Засгийн газрын тогтоолын дагуу Монгол улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хилийн боомтыг түр хаан, түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласнаас шалтгаан бараа материал хилээр орж ирэх, нийлүүлэгдэх боломжгүй болсон. Мөн хөл хориотой үед Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолын хавсралт болох Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалт-аар баталсан хуулийн этгээд, төрийн байгууллага л ажиллаж байсан бөгөөд барилгын компанийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд ажиллах хориотой байсан.

2.3 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас баталсан Force majeure /гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон hardship /хүнд нөхцөл байдал/-ыг гэрчлэх журам-ийн 1.2.1.4-т бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр... нь Force majeure буюу гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчипан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хулээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно гэж заасны дагуу гэрээний дагуу хүлээсэн орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн болно.

Орон сууц захиалгын гэрээнд хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг 4.7, 4.8-д заасны дагуу хугацаа алдсан гэж үзэхгүй ба төсөл хэрэгжүүлэгч нь орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэн алданги төлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасны дагуу анзыг төлөх үндэслэлгүй байна.

2.4 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.5 Мөн Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн албан бичигт 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос эхлээд хоногийн дундаж температур нь хамгийн бага хэм -13, хамгийн өндөр хэм нь -22, дундаж хэм нь -18 байсан гэж дурдсан байна. Өвлийн улирал эхэлсэн буюу барилгын ажлыг хэвийн үргэлжлүүлэхэд хориглох цаг агаарын нөхцөл байдалтай байсан учраас барилгын ажил явагдаагүй байдаг гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А-ХХК-иас нийт 21,277,760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгож, үлдсэн 8,891,064 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,794 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А-ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 264,338 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагчийн татгалзлын үндэслэл түүнд холбогдох нотлох баримтыг огт үнэлж, дүгнээгүй шийдвэрлэсэн тул үндэслэлгүй. Учир нь А-ХХК болон Д.Н- нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны Б барилгын 000 тоот 3 өрөө орон сууцыг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж, захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. А-ХХК нь хүлээсэн үүргийн дагуу Б блокийн барилгын ажлыг эхлүүлэхээр 2019 оны 04 дүгээр сараас эхлэн уг барилгын суурийн нүхийг ухуулахаар туслан гүйцэтгэгч нартай тохиролцон ажлыг гүйцэтгүүлсэн. Тухайн Б барилгатай зэрэгцэн А блок давхар баригдаж байсан.

4.2 Гэтэл Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 4-181 тоот хаягт оршин суугч Ч.Н- нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан тухайн байгууллагын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ГБМЗХ2019/02-062 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Уг хугацаанд хэрэгт А-ХХК-ийн захирал нь гуравдагч этгээдээр оролцсон. Ч.Н- хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны хүрээнд Архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлэх барилгын ажлыг зогсоолгох тухай хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг Захиргааны хэргийн шүүх хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 7023 дугаартай захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжаар биелэлтийг түдгэлзүүлсэн. Уг Архитектур төлөвлөлтийн даалгавартай холбогдуулан явуулж буй А, Б блокийн барилгын ажлыг бүхэлд нь зогсоох шүүгчийн захирамж гарсан. Ч.Н- нь А-ХХК-тай тохиролцож, нэхэмжлэлээсээ татгалзсан. Энэхүү татгалзлыг нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0045 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна гэж зааснаар барилгын ажил 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх 112 хоногийн хугацаанд зогссон. Дээрх барилгын ажил зогссон буюу хариуцагч нь гэрээний хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал нь хариуцагчийн буруугаас шалтгаалаагүй буюу шүүгчийн захирамжийн дагуу барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврын биелэлтийг түдгэлзүүлж, улмаар Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу барилгын ажил гүйцэтгэх боломжгүй болж, барилгын ажил бүхэлдээ зогссон тул хариуцагч үүргээ хугацаандаа гүйцэтгэж чадаагүй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь дээрх 112 хоногийн хугацааны алдангийг нэхэмжлэгчид төлөх үндэслэлгүй гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч: А-ХХК-тай орон сууц гэрээ байгуулахдаа тухайн орон сууцыг цаг хугацаандаа баригдах уу, санхүүжилтын дутагдалд орох эсэх, автомашины зогсоол шийдэгдэх үү, газрын талд маргаантай юу гэж асуусан. Уг компанийн гэрээг уншихад тухайн компанийн онцлог нь хугацаандаа барьж чадаагүй тохиолдолд 61 дэх хоногоос танд алданги өгнө гэж итгэл үнэмшил төрүүлж, гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулж, 457 хоногоос 60 хоногийн 4,559,520 төгрөгийг хасаж, 397 хоногийн 30,168,824 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн. Хариуцагч байгууллага гомдолдоо нэхэмлэгчид хохирол учруулаагүй гэж хэлсэн. Барилгын гэрээний 4.1 дэх хэсэгт цаг хугацаандаа бэлэн болгоно гэж 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ямар асуудалгүй таньд хүлээлгэж өгнө гэж хэлж гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу цаг хугацаандаа гэх шаардлагыг зөрчсөн учир хохирлоо нэхэмжилсэн. Тухайн үеийн ханш 1,050,000 төгрөг байсан. Гэрээний 4.7 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хойшлуулсан тохиолдолд мэдэгдэл хүргүүлнэ гэж хэлсэн боловч надад ямар нэгэн мэдэгдэл хүргүүлээгүй. Тухайн компанийн инженертэй сард тогтмол холбогдож, утсаар ярьж асууж байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч А-ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт алданги 30,168,824 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Н- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ А-ХХК орон сууц захиалгын гэрээний 4.1-д Орон сууцын барилгыг 2020 оны 1-р улиралд батлагдсан зургийн дагуу барьж, захиалагч талд хүлээлгэн өгнө гэж заасан үүргээ биелүүлээгүй 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр түлхүүр хүлээлгэн өгч, байр ашиглалтад орох хугацааг 457 хоногоор хэтрүүлсэн. Үүнээс Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хорио цээр тогтоосон 60 хоногийг хасаж 397 хоногийн хоног тутамд 0.1 хувийн алдаги 75,992 төгрөгөөр тооцож, нийт 30,168,824 төгрөгийг гаргуулна гэж,

хариуцагч А-ХХК татгалзаж буй үндэслэлээ Дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавирус цар тахлын улмаас улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан орон сууцыг гэрээнд заасан хугацааны дагуу ашиглалтад оруулах боломжгүй болсон гэж тус тус тайлбарлажээ.

3.1. Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 190131220/4 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, хариуцагч А- ХХК нь БЗД-ийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны Б барилгын 5 давхрын 66.08 талбайтай 000 тоот 3 өрөө орон сууцны байрыг 1 м.кв-ын үнэ 1,150,000 төгрөгөөр тооцон барьж гүйцэтгэн 2020 оны 1-р улиралд захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч төлбөрийг 2019 оны 03 дугаар сарын 12-нд 30,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 12-нд 45,992,000 төгрөгийг төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх 48-51/ Анхан шатны шүүх тэдгээрийн хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ гэж тодорхойлсон нь зөв. Уг гэрээнд талууд алдангийн талаар тохиролцжээ.

Нэхэмжлэгч Д.Н- нь гэрээний 3.1, 3.2-т заасны дагуу 2019 оны 03 дугаар сарын 12-нд 30,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 12-нд 45,992,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, хариуцагч А-ХХК нь орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

3.3. Хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгээгүйд буруугүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлтэй Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан иргэн Ч.Н-гийн нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2019 ны 08 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШЗ2019/6016 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ. /хх81-85/ 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2020/0045 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх 90-92/ Энэхүү захиргааны хэргийн шүүхэд маргаан хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд хариуцагч байгууллагын барилгын үйл ажиллагааг 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШЗ2019/7023 дугаартай захирамжаар хариуцагч А-ХХК-ийн барилгын ажлыг зогсоосон /хх 86-89/ нь эрх бүхий этгээдийн шийдвэрийн явагдсан байна.

3.4.Улмаар Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн /хх 27-40/ нөхцөл байдалтай холбоотойгоор хариуцагч А-ХХК 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимд хандан Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлт гаргаснаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр №02/774 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/force majeure/-ийн гэрчилгээг олгожээ. /хх 94-96/

Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас 2020 он, 2021 онд Нийслэл хот нь нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоогоогүй хуулийн этгээдэд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага ороогүй байгаа нь А-ХХК-ийн үйл ажиллагаа хүнд нөхцөлтэй байсан болох нь тогтоогдож байна. /хх 23-40/

3.5.Өөрөөр хэлбэл, хариуцагч А-ХХК-д иргэний эрх зүйн хариуцлага тооцохын тулд түүний буруутай үйлдэл байхыг шаарддаг. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн буруутай ажиллагааны улмаас талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ-ний үүрэг хугацаандаа хэрэгжүүлээгүй, хугацаа хожимдуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үүргийн зөрчилтэй холбоотойгоор алданги шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

3.6.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01323 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч А-ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт алданги 30,168,824 төгрөгийг гаргуулах тухай Д.Н-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч А-ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,243 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД