Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2022/01412

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2022/01412

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Бундан зүрх ХХК/РД: /-д холбогдох,

 

26,112,451.88 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхжин, Б.Тэнгис, хариуцагчийн төлөөлөгч Ш.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярчимэг нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхжин, Б.Тэнгис нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Монгол Контракт ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Бундан Зүрх" ХХК-тай 19/01 тоот Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ (цаашид Түрээсийн гэрээ гэх) байгуулж Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-30 тоот үйлчилгээ, оффисын зориулалт бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2203009528 дугаартай барилгын 2-р давхарт байрлах 58,3 м.кв талбай бүхий 201 тоот түрээсийн байрыг түрээслэгчийн хэрэгцээнд шилжүүлэн өгөх, түрээслэгч нь түрээсийн төлбөр болон ашиглалтын төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байдаг.

Хариуцагч тал түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн төлөөгүй бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 22,510,822 төгрөгийн түрээс болон цахилгааны төлбөр, 3,314,553 төгрөгийн алданги нийт 25,825,375 төгрөгийн хуримтлагдсан өр төлбөртэй болсон. Түрээсийн гэрээний 5.1-т заасны дагуу түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөлгүй буюу 2 сар хугацаа хожимдуулсан тохиолдолд гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авдаг боловч нэхэмжлэгч талын зүгээс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл түрээсийн гэрээний дагуу түрээсийн байрыг саадгүй ашиглах нөхцөл бололцоог ханган ажилласан.

Нэхэмжлэгчийн зүгээс түрээсийн төлбөр түүний алдангийг төлөх тухай удаа дараа албан бичгээр болон биечлэн шаардсаар байсан бөгөөд хариуцагч Бундан Зүрх ХХК-ийн зүгээс тухай бүр түрээсийн төлбөр, түүний алдангийг төлөх хугацаа заан хойшлуулах хүсэлт тавьсаар ирснийг хүлээн авч үйл ажиллагааг нь явуулсаар ирсэн. Энэхүү үйл ажиллагаа нь хариуцагчийн зүгээс ирүүлсэн холбогдох албан бичгүүдээр болон холбогдох санхүүгийн баримтуудаар ноглогдож байгаа болно. Улмаар хариуцагч талын зүгээс 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цаашид түрээсийн байрыг үргэлжлүүлэн түрээслэх чадваргүй боллоо гэж амаар мэдэгдэн түрээсийн гэрээг цуцлах хүсэлт тавьсан.

Мөн түүнчлэн хариуцагч нь түрээсийн төлбөрийг 11 сар дарааллан төлөөгүй тул нэхэмжлэгч Монгол Контракт ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 38 тоот албан бичгийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон түрээсийн гэрээг цуцалж түрээсийн байранд нэвтрэх эрхийг хаан, доторх түрээслэгчийн эд хөрөнгийг мэдэгдэл өгсөний үндсэн дээр лацадсан. Түрээсийн гэрээ дуусгавар болох үед хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу төлөх түрээс болон цахилгааны төлбөр 22,510,822 төгрөг /холбогдох баримтаар нотлогдож байгаа бөгөөд хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн/, хугацаа хожимдуулсны алданги 3,314,553 төгрөг /түрээсийн гэрээний 5.8-т заасны дагуу ногдуулсан алданги/-ийн үлдэгдэлтэй байсан.

Иймд хариуцагчаас түрээс болон цахилгааны төлбөр 22,510,822 төгрөг, хугацаа хожимдуулсны алданги төлбөр 3,314,553 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,076.88 төгрөг нийт 26,112,451.88 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Будан зүрх ХХК-ийн төлөөлөгч Ш.Булган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн төлбөрийн тухайд түрээс төлөөгүй 11 сарын 22,000,000 төгрөг төлөх нь үнэн. Гэхдээ барьцаанд 2,000,000 төгрөг төлсөн байдаг. Тиймээс энэ дүнг суутгаад 20,000,000 төгрөгийг гэрээгээр би төлөх ёстой. Гэхдээ миний өмчлөлийн түрээсийн байранд байгаа 5,000,000 төгрөгний үнийн дүн бүхий эмийг нэхэмжлэгч байгууллага буцааж өгөөгүй учраас энэ үнийн дүнг нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцуулах хүсэлтэй байна. Анхнаасаа гэрээ байгуулахдаа тог цахилгааны төлбөр гэж тусдаа төлбөр тохиролцоогүй. Тог цахилгааны төлбөр нь үндсэн төлбөрт орж явж байсан. Мөн засгийн газраас цар тахал гарсантай холбоотой хөнгөлөлт үзүүлсэн байхад тог цахилгааны мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед манай хажуу компаниудад хөнгөлөлт үзүүлж, 40 хувь, 20 хувийн хөнгөлөлт эдэлж байгаа талаар сонссон. Тиймээс энэ хөнгөлөлтүүд түрээслэгч байсан надад адилхан хэрэгжих ёстой гэж үзэж байна. Иймд дээрх төлбөрүүдийг суутгуулаад үлдэх төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2021 оны 08 сарын 26-ны өдрийн 26тэ-4/4486 тоот албан бичиг, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 0055689 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 06 сарын 03-ны өдрийн 19/01 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ, 2020 оны 08 сарын 17-ны өдрийн №20/5 Тооцоо нийлсэн актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 09 сарын 01-ний өдрийн №20/6 Тооцоо нийлсэн актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 09 сарын 01-ний өдрийн №9-3 Нэхэмжлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 09 сарын 22-ны өдрийн №20/8 Тооцоо нийлсэн актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 09 сарын 22-ны өдрийн №9-3 Нэхэмжлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 10 сарын 23-ны өдрийн №9-3 Нэхэмжлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ******* ХХК-ийн 2020 оны 11 сарын 06-ны өдрийн №38 Лацдах мэдэгдлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ХХК-ийн 2020 оны 07 сарын 08-ны өдрийн Хүсэлт хүргүүлэх нь албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,*******ХХК-ийн 2020 оны 09 сарын 25-ны өдрийн Хүсэлт гаргах нь албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/01255 дугаар шийдвэрийг шинжлэн судлаад,

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Бундан зүрх ХХК холбогдуулан түрээс болон цахилгааны төлбөр 22,510,822/хорин хоёр сая таван зуун арван мянга найман зуун хорин хоёр/ төгрөгийг, алдангид 3,314,553/гурван сая гурван зуун арван дөрвөн мянга таван зуун тавин гурав/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 287,076.88/хоёр зуун наян долоон мянга далан зургаан төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг, нийт 26,112,451.88/хорин зургаан сая нэг зуун арван хоёр мянга дөрвөн зуун тавин нэгэн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч*******ХХК нь арван нэгэн сарын 22,000,000 төгрөгийг төлөх нь үнэн, бусад төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр № 19/01 дугаар Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулсан болох нь 19/01 дугаар Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээгээр тогтоогдож байна.

 

19/01 дугаар Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний 1-ийн 1.1-т зааснаар нэхэмжлэгч нь 2845 м.кв талбайтай, 4 давхар барилгын 2 дугаар давхрын 201 тоот 58.3 м.кв талбайг хариуцагчид төлбөртэйгээр түрээслүүлэх, хариуцагч нь төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 19/01 дугаар Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад ... зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Тус 19/01 дугаар Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээний шинжтэй байх тул Түрээсийн гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-30, УБИС-ийн замын урд талд байрлах, 2845 м.кв талбайтай барилгын өмчлөгч болох нь 2002 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 0055689 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар тус Гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй байна.

 

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-30, УБИС-ийн замын урд талд байрлах, 2845 м.кв талбайтай, 4 давхар барилгын 2 дугаар давхрын 201 тоот 58.3 м.кв талбай нь үл хөдлөх хөрөнгийн нэг хэсэг байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар Гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үндэслэлгүй байна.

 

Гэрээний 1-ийн 1.1, 4-ийн 4.4-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид барилгын 2 дугаар давхрын 201 тоот 58.3 м.кв талбайг шилжүүлж, хариуцагч нь нэг сарын түрээсийн төлбөрт 2,040,500/хоёр сая дөчин мянга таван зуу/ төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, Гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1-т Түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно. гэж заасан.

 

Хариуцагч нь 201 тоот 58.3 м.кв талбайн 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №20/5 Тооцоо нийлсэн актын болон 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №20/6 Тооцоо нийлсэн актын хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №20/8 Тооцоо нийлсэн актын хуулбар,*******ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн болон 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Албан бичгийн хуулбар,*******ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 4-ийн 4.1, 4.2-т зааснаар зохигчид Гэрээг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 1/нэг/ жилийн хугацаатай байгуулсан байх ба зохигчид Гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө Гэрээг дуусгавар болгох тухай бичгээр мэдэгдээгүй байх тул Гэрээ нь 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сунгагдсан болох нь зохигчийн тайлбар, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №20/5 Тооцоо нийлсэн актын болон 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №20/6 Тооцоо нийлсэн актын хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №20/8 Тооцоо нийлсэн актын хуулбар,*******ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн болон 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Албан бичгийн хуулбар,*******ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч нь Гэрээг 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр цуцлах хүсэлт амаар тавьсан гэх тайлбартай хариуцагч нь маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Гэрээг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цуцлах тухай мэдэгдлийг хариуцагчид 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн болох нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №38 Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-т Хүндэтгэн үзэх дараах шалтгаанаар талууд гэрээг цуцалж болно:, 294.2.1-т нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачлагаар;, 318 дугаар зүйлийн 318.5-д энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж заасан.

 

Гэрээний 5-ын 5.3-т зааснаар хариуцагч нь төлбөрөө удаа дараа хугацаандаа хийгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь 7/долоо/ хоногийн дотор Гэрээг цуцлах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Гэрээг цуцалсан байна.

 

Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээг цуцлах хүртэлх түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөрт нийт 22,445,500/11x2,040,500=22,445,500/ /хорин хоёр сая дөрвөн зуун дөчин таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нэг сарын цахилгааны төлбөрт 50,000/тавин мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 4-ийн 4.6-д хариуцагч нь цахилгааны төлбөрт сард 50,000/тавин мянга/ төгрөгийг төлөх үүрэг хүлээжээ.

 

Хариуцагч нь цахилгааны төлбөр 50,000/тавин мянга/ төгрөгийг төлөөгүй болох нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №20/5 Тооцоо нийлсэн актын болон 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №20/6 Тооцоо нийлсэн актын хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №20/8 Тооцоо нийлсэн актын хуулбар,*******ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн болон 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Албан бичгийн хуулбар,*******ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1-т Хөлслөгч нь дараахь үүрэг хүлээнэ:, 289.1.7-д ... гэрээнд заасан бусад үүрэг. гэж заасан.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.7 дахь заалтад зааснаар хариуцагчаас нэг сарын цахилгааны төлбөрт 50,000/тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 3,314,553/ гурван сая гурван зуун арван дөрвөн мянга таван зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 5-ын 5.8-д алдангийг гүйцэтгээгүй үүүргийн 0.1 /тэг аравны нэг/ хувь байхаар тогтоосон болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Гэрээний 5-ын 5.8-д зааснаар хариуцагч нь түрээсийн төлбөрөө төлөөгүй нийт 11/арван нэг/ сарын алданги нь нийт 8,192,607/2,040,500x0.1%=2,040.5, 2,040.5x4015=8,192,607/ /найман сая нэг зуун ерэн хоёр мянга зургаан зуун долоон долоо/ төгрөг болох нь Гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №20/5 Тооцоо нийлсэн актын болон 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №20/6 Тооцоо нийлсэн актын хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №20/8 Тооцоо нийлсэн актын хуулбар,*******ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн болон 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Албан бичгийн хуулбар,*******ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь алдангид 3,314,553/гурван сая гурван зуун арван дөрвөн мянга таван зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх боловч ямар үнийн дүнгээс бодсон болон ямар хугацааны алданги болохыг тодруулахгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь алданги гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахгүй байх тул хариуцагчаас алдангид 3,314,553/гурван сая гурван зуун арван дөрвөн мянга таван зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас тус нэхэмжлэлийг гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 287,076.88/хоёр зуун наян долоон мянга далан зургаан төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэл хангагдсан эсэхээс хамаарч хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлөх эсэхийг шийдвэрлэх тул улсын тэмдэгтийн хураамжийг хохирол гэж үзэх үндэслэлгүй.

 

Хариуцагчаас хохиролд 287,076.88 /хоёр зуун наян долоон мянга далан зургаан төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.

 

Шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******ХХК-иас нийт 22,495,500/хорин хоёр сая дөрвөн зуун ерэн таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдсэн 3,616,951.88/гурван сая зургаан зуун арван зургаан мянга есөн зуун тавин нэгэн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,067.88 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 270,427 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******ХХК-иас нийт 22,495,500/хорин хоёр сая дөрвөн зуун ерэн таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдсэн 3,616,951.88/гурван сая зургаан зуун арван зургаан мянга есөн зуун тавин нэгэн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,067.88 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 270,427.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.                                                                                                   

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ