Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01679

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/01679

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/01412 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С ХХК

Хариуцагч: Б ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 25,825,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхжин, Б.Тэнгис, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Булган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Нэхэмжлэгч С ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Б ХХК-тай 19/01 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ-г байгуулж, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-30, үйлчилгээ, оффисын зориулалт бүхий барилгын 2 дугаар давхарт байрлах, 58,3 м.кв талбай бүхий 000 тоот хаягт байршилтай байрыг түрээслэгчийн хэрэгцээнд шилжүүлэн өгөх, түрээслэгч нь түрээсийн төлбөр болон ашиглалтын төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон.

1.2 Хариуцагч түрээсийн гэрээний төлбөрийг 2019 оны 12 дугаар сараас эхлэн төлөөгүй.

1.3 Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хариуцагчийг түрээсийн гэрээний дагуу түрээсийн байрыг саадгүй ашиглах нөхцөлийг хангасан.

1.4 Хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр түрээсийн гэрээг цуцлах хүсэлт тавьсан, нэхэмжилсэн уг өдрөөр түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн байранд нэвтрэх эрхийг хаан, түрээслэгчийн эд хөрөнгийг мэдэгдэл өгсөний үндсэн дээр лацадсан. Түрээсийн гэрээ дуусгавар болох үед хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу төлөх түрээс болон цахилгааны төлбөрт 22,510,822 төгрөгийн, алданги 3,314,553 төгрөгийг үлдэгдэлтэй байсан.

Иймд хариуцагчаас түрээс болон цахилгааны төлбөрт 22,510,822 төгрөг, алданги 3,314,553 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,076.88 төгрөг, нийт 26,112,451.88 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 11 сарын түрээсийн төлбөрт 22,000,000 төгрөг төлөх нь үнэн. Барьцаанд төлсөн 2,000,000 төгрөгийг суутгаад, 20,000,000 төгрөгийг төлнө.

2.2 Түрээсийн байранд байсан 5,000,000 төгрөгийн үнэ бүхий эмийг нэхэмжлэгч нь буцааж өгөөгүй тул уг үнийн дүнг нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцуулах хүсэлтэй байна. Анхнаасаа гэрээ байгуулахдаа цахилгааны төлбөр гэж тусдаа төлбөр тохиролцоогүй. Цахилгааны төлбөр нь үндсэн төлбөрт орсон. Мөн Засгийн газраас цар тахал гарсантай холбоотой хөнгөлөлт үзүүлсэн байхад цахилгааны мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд дээрх төлбөрүүдийг суутгуулаад үлдэх төлбөрийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-иас нийт 22,495,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, үлдсэн 3,616,951.88 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,067.88 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 270,427.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүх талуудын гаргаж өгсөн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ 19/01, тооцоо нийлсэн акт 20/5, 20/6, нэхэмжлэх зэрэг бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. 3,314,553 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

4.2 Хариуцагч 2019 оны 10 дугаар сараас эхлэн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 22,510,822 төгрөгийн түрээс болон цахилгааны төлбөрөө төлөөгүй. Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрт алданги тооцож эхэлсэн. 2019 оны 10, 11, 12 сарын төлөгдөөгүй түрээсийн төлбөр, алдангийг 12 сард нэгтгэн бодсон.

4.3 Гэрээний 5.8-д заасны дагуу нэхэмжлэгч нь нийт 22,510,822 төгрөгт алдангийг тооцож нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. 2020 оны 10 дугаар сар 23 хоног, 2,090,500*0,1%=35,673 төгрөг, 2020 оны 09 дүгээр сар 30 хоног, 2,090,500*0,1%=62,745 төгрөг, 2020 оны 08 дугаар сар 31 хоног 2,090,500*0,1%=64,806 төгрөг, 2020 оны 07 дугаар сар 62 хоног 2,090,500*0,1%=129,611 төгрөг, 2020 оны 06 дугаар сар 92 хоног 2,090,500*0,1%=192,326 төгрөг, 2020 оны 05 дугаар сар 123 хоног 2,090,500*0,1%=257,123 төгрөг, 2020 оны 04 дүгээр сар 153 хоног, 2,090,500*0,1%=319,847 төгрөг, 2020 оны 03 дугаар сар 184 хоног 8,931,093*0,1%=1,643,321 төгрөг, алданги нийт 3,314,553 төгрөг болж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр удаа дараа гэрээг сунгаж, түрээсийн зүйлийг ашиглуулж байсан боловч одоог хүртэл түрээсийн төлбөр болох 22,510,822 төгрөгийг авч чадаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

Миний бие 11 сарын түрээсийн төлбөрөө төлөөгүй. Сарын 2,090,500 төгрөг гэж үзээд 11 сарын хугацаанд тооцоход нийт 22,995,500 төгрөг болдог. Үүнээс 0,1 хувиар алданги тооцоход нэхэмжилж буй үнийн дүнтэй тохирдоггүй. Давж заалдах гомдолдоо 2019 оны 10, 11 дүгээр сарыг төлөөгүй гэж үзээд алданги тооцсон байсан нь ойлгомжгүй байна. Энэ хугацаанд миний хэрэглэдэг эм, гар утас, цүнх, түрийвч, хувийн бичиг баримтыг надад хэлэлгүйгээр лацадсан. Түрээсэлж байсан хугацаанд тог цахилгааны хөнгөлөлттэй байсан учир гомдолд дурдсан алдангийг төлөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр болон ашиглалтын зардалд 22,510,822 төгрөг, алданги 3,314,553 төгрөг, нийт 25,825,375 төгрөг нэхэмжилснээс хариуцагч 20,000,000 төгрөгийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргасан.

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны зүйлд хэрэгт хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

4. Талууд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулсан. Гэрээгээр түрээслэгч нь Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-30, оффиссын зориулалттай 2,845 м.кв талбайтай 4 давхар барилгын 000 тоот 58,3 м.кв талбайг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 2,040,500 төгрөгөөр түрээслэхээр талууд тохиролцсон байна. /хх10-13/

4.1 Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь 2,845 м.кв 4 давхар барилгын хэсэг болох 58,3 м.кв талбайг түрээслэсэн байх тул мөн хуулийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй, түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх 8/

4.2 Гэрээний 4.2-т түрээсийн гэрээний хугацаа дууссан боловч түрээслүүлэгч татгалзаагүй бөгөөд аль нэг тал гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө гэрээг дуусгавар болгох тухай бичгээр мэдэгдээгүй тохиолдолд гэрээ цаашид адил хугацаа, нөхцлөөр сунгагдсанд тооцно гэж талууд тохиролцсон.

Талууд гэрээний хугацааг сунгаж, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөр гэрээг цуцалж дуусгавар болгосон, хариуцагч нь түрээсийн талбайг 11 сарын хугацаанд эзэмшиж, ашигласан, 2019 оны 12 дугаар сараас хойш түрээсийн төлбөрийг төлөөгүй үйл баримтын талаар маргаагүй. /хх14-26/

4.3 Анхан шатны шүүх түрээсийн гэрээг талууд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр цуцлаж дуусгавар болсон гэж үзэн, хариуцагчаас 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 22,445,500 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

4.4 Түрээсийн гэрээний харилцаанд үл хөдлөх эд хөрөнгө ашиглалттай холбоотой гарах зардлын талаар зохицуулаагүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээнд заасан зохицуулалтыг хэрэглэнэ.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.1 дэх хэсэгт зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд буюу эд хөрөнгийг ашиглахтай холбоотой гарах зардлын талаар тохиролцоогүй тул уг зардлыг гаргасан тал зардлаа хариуцах учиртай. Өөрөөр хэлбэл, цахилгааныг бодитоор ашигласан этгээд нь хөлслөгч болно. Иймд уг ашиглалтын зардлыг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.7 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдлийг буруутгах үндэслэлгүй байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн алдангийн талаарх гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

5.1 Гэрээний 5.8-д хэрэв түрээслэгч сард төлөх түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй бол тийнхүү хугацаа хожимдуулсан хоног тутамд тухайн гүйцэтгээгүй үүргийн 0,1 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлнө гэж заасан.

5.2 Нэхэмжлэгч нь алдангид 3,314,553 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 11 сарын түрээсийн төлбөр 22,510,822 төгрөгөөс 0,1 хувиар тооцсон гэж тайлбарласан. /хх60/

5.3 Гэвч нэхэмжлэгч нь алданги тооцох үндэслэл болох хугацааг тодруулаагүй буюу нэхэмжлэлийн үндэслэлээ гаргаагүй гэж үзэх тул анхан шатны шүүх алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах гомдолдоо алдангийг тооцооллыг ирүүлсэн боловч хэрэгт цугларсан баримт болон анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд алдангийг хэрхэн тооцоолсон талаар тодорхой тайлбарлаж чадаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримт болох алдангийн тооцоолыг давж заалдах шатны шүүх үнэлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн алданги гаргуулах гомдлыг хангахгүй.

5.4 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нийт шаардлагыг тодорхойлохдоо улсын тэмдэгтийн хураамжийг оруулж тогтоосон нь буруу байгааг анхааруурав. Улсын тэмдэгтийн хураамж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шүүхийн зардал гэж тооцогддог тул нэхэмжлэлийн шаардлага болохгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/01412 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,983 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН