Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2022/02380

 

 

 

 

 

 

 

 

2022 05 20 101/ШШ2022/02380

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.Д-ын нэхэмжлэлтэй,

 

ХариуцагчЦ.Ц/-д холбогдох

 

Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Элбэгдүүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар, хариуцагч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Доржбаатар 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Орон сууцны байранд түр оршин суух үйлчилгээ үзүүлэх 37\21-ГУ дугаартай гэрээг ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газар Холбооны Улсын Үйлдвэрийн Газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Белозеров Василий Владимировичтай байгуулсан. Уг гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 дугаар байрны 57 тоот орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, нэг сарын 520.26 ам.доллараар түрээслэхээр харилцан тохиролцсон болно. Үүний дараа буюу 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 37\21- 02ГУ дугаартай гэрээг байгуулж, хугацааг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан болно.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газар Холбооны Улсын Үйлдвэрийн Газар нь 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 77 тоот итгэмжлэлийн үндсэн дээр Белозеров Василий Владимирович нь төлөөлж тухайн орон сууцыг бусдад хөлслөхтэй холбоотой гэрээ хэлэлцээр хийх итгэмжлэлийг авсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Ийнхүү гэрээний дагуу төлбөрийг хөлслүүлэгчид зохих ёсоор төлсөн боловч тухайн орон сууцанд хариуцагч Ц.Цоггцэнгэл нь өнөөдрийг хүртэл амьдарч байна. Орон сууцыг түрээсийн гэрээний дагуу нэхэмжлэгч миний бие эзэмших эрхтэй талаар тайлбарлаж, чөлөөлж өгөхийг хүссэн боловч хууль шүүхийн байгууллагад ханд гэсэн хариуг өгсөн.

Н.Доржбаатар Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 дугаар байрны 57 тоот орон сууцыг өмчлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газар Холбооны Улсын Үйлдвэрийн Газартай гэрээг байгуулж, улмаар тус орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа шударга эзэмшигч юм. Энэ талаар Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ" гэж заажээ.

Мөн Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Ц.*******ийг орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даяар хас ХХК болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газрын Монгол Улс дахь төлөөлөгчийн газар хоорондын гэрээг дуусгавар болгосон талаархи баримт байдаггүй. Даяар хас ХХК-тай миний байгуулсан гэрээ хүчинтэй ба мөн хугацаагаар сунгагдаад явж байгаа. Учир нь Даяар хас ХХК болон миний бие гэрээг дүгнэсэн, дуусгавар болгосон хэлцэл хийгээгүй.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газрын Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашгийн гэрээ байгуулах эрхгүй бөгөөд зөвхөн хэрэглээний зардлаар гэрээ байгуулах үүрэгтэй байгууллага ба хэдийгээр төлөөлөгчийн газар боловч Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчилгээ авсан нэхэмжлэгч хариуцагч байх чадвартай газар.

Мөн манай байранд өнгөрсөн жил Ц.Дашням гэдэг хүн гэрээ байгуулсан гээд явж байсан ба энэ гэрээгээ цуцалсан дуусгавар болсон талаархи баримт байхгүй гэв.

 

Гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газрын Монгол Улс дахь төлөөлөгчийн газар шүүхэд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Лхагвасүрэнгийн гудамж, 5 хороо,15 хороолол хаягаар байрлах орон сууцны 8 дугаар байр нь ОХУ-ын өмч бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын ФГУП Госзагрансобственность-ийн аж ахуйн мэдэлд байдаг.

Иргэн Ц.******* нь өдгөө тус байрны 57 дугаар тоот байранд хууль бусаар оршин суудаг бөгөөд байраа чөлөөлөхгүй, ашиглалтад зориудаар саад учруулж байна. Иргэний хуулийн 101.1. ...Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй заасан байдаг.

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч Н.Доржбаатартай 57 дугаар тоот байранд байршуулах зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээг хууль ёсны дагуу байгуулсан боловч хариуцагч Ц.******* нь байраа сайн дураараа чөлөөлөхөөс татгалзаж байна.

Иргэний хуулийн 106.1-ийн хэсэгт: Өмчлөгчийн шаардлагын эрх дээр Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2- т:.Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 101.6 дугаар зүйлийн дагуу Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.

Иргэний хуулийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. Энэ тохиолдолд Өмчлөгч нь 8 дугаар орон сууцны байртай холбоотой гуравдагч этгээдэд эрх мэдлээ шилжүүлээгүй бөгөөд зөвхөн Өмчлөгчтэй эд хөрөнгө ашиглах гэрээ байгуулсан Н.Доржбаатар шударга эзэмшигч болж байгаа.

Иргэний хуулийн 92.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. Энэ тохиолдолд гуравдагч этгээд нь Ц.******* болж байгаа бөгөөд учир нь тэр өмчлөгчтэй ямар ч эрх зүйн харилцаа тогтоогоогүй.

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй, Иргэний хуулийн 95.1-ийн дагуу Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө буцааж өгөх үүрэгтэй, энэ тохиолдолд хүчин төгөлдөр гэрээгүй эрх зүйн үндэслэлгүй эд хөрөнгө ашиглаж буй Ц.******* юм.

Иймд Ц.******* нь дээрх эд хөрөнгийг ашиглах, эзэмших хууль ёсны эрхгүй, үндэслэлгүй өмчлөх эрхийн гэрчилгээ, өмчлөх гэрээ, уг орон сууцыг ашиглах, Өмчлөгч болон хууль ёсны ашиглагчийн хуулиар олгосон эрхийг дур мэдэн, санаатайгаар зөрчиж байна. Байрыг чөлөөлөхийг удаа дараа шаардсан боловч Ц.******* нь орон сууцанд хууль бусаар, үнэ төлбөргүй амьдарч байсаар байна.

Н.Доржбаатарын Баянзүрх дүүрэг, 5 хороо,15 хороолол, 8-р байрны 57 тоот орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа иргэн Ц.*******ийг албадан нүүлгэн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Доржбаатар нь хариуцагч Ц.*******д холбогдуулан, орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтууд нь нэхэмжлэгч Н.Доржбаатарыг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасан шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй байна.

Тухайлбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 8 дугаар байр хаягт байршилтай 3300.80 м.кв талбайтай орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008824 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь ОХУ болохыг гэрчилсэн 000763877 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

дээр дурьдаж буй 8 дугаар байрны 57 тоот орон сууцанд түр оршин суух үйлчилгээ явуулах Зочид буудлын үйлчилгээ үзүүлэх тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газар Холбооны Улсын Үйлдвэрийн Газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Белозеров Василий Владимирович болон Н.Доржбаатар нарын хооронд байгуулагдсан:

-2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 37/21-01ГУ,

-2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 37/21-02ГУ,

-2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/22-01ГУ дугаартай гэрээнүүд, Н.Доржбаатараас ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газар-н Монгол Улс дахь төлөөний газрын 404224687 дугаартай Худалдаа хөгжлийн банкны дансанд 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 259.74 ам. доллар, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 785,750 төгрөг, 811,224 төгрөг, 272.09 ам. доллар, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 200 ам. доллар шилжүүлсэн, 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 100 ам. доллар төлсөн баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-д зааснаар буюу хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэх бөгөөд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зохицуулсан.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Н.Доржбаатарын тухайд, дээр дурьдсанаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 8 дугаар байрны 57 тоот орон сууцны эзэмшигч мөн болох нь тогтоогдож байх бөгөөд эзэмших, ашиглах эрх хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй.

Тодруулбал, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй. гэж заасныг баримтлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Хариуцагч нь дээрх орон сууцанд амьдарч буй үндэслэл буюу нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэл, шүүхэд гаргасан тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тухайлан заасныг хэрэгжүүлээгүй.

Нотлох баримт гаргуулах тухай хариуцагчийн хүсэлтийг тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2021/21527 дугаар захирамжаар хангаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д тухайлан заасан, нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан, хариуцагч Ц.*******ийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 8 дугаар байрны 57 тоот орон сууцнаас албадан гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Доржбаатарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА