Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01416

 

 

 

....-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/02380 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ....-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ...-лд холбогдох орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

....- 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орон сууцны байранд түр оршин суух үйлчилгээ үзүүлэх 37/21-ГУ дугаартай гэрээг ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газар Холбооны Улсын Үйлдвэрийн Газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Белозеров Василий Владимировичтай байгуулсан. Уг гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 дугаар байрны 57 тоот орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, нэг сарын 520.26 ам.доллароор түрээслэхээр харилцан тохиролцсон. Үүний дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 37/21-02ГУ дугаартай гэрээг байгуулж, хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газар Холбооны Улсын Үйлдвэрийн Газар нь 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 77 тоот итгэмжлэлийн үндсэн дээр Белозеров Василий Владимирович нь төлөөлж тухайн орон сууцыг бусдад хөлслөхтэй холбоотой гэрээ хэлэлцээр хийх итгэмжлэлийг авсан. Орон сууцны төлбөрийг хөлслүүлэгчид төлсөн боловч тухайн орон сууцанд Ц.Цоггцэнгэл өнөөдрийг хүртэл амьдарч байна. Орон сууцыг түрээсийн гэрээний дагуу эзэмших эрхтэй талаар тайлбарлаж, чөлөөлж өгөхийг хүссэн боловч чөлөөлөөгүй.

....- Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 дугаар байрны 57 тоот орон сууцыг өмчлөгч ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газар Холбооны Улсын Үйлдвэрийн Газартай гэрээг байгуулж, улмаар тус орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа шударга эзэмшигч юм. Мөн шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ...-лийг орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Даяар хас ХХК болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газрын Монгол Улс дахь төлөөлөгчийн газар хоорондын гэрээг дуусгавар болгосон талаарх баримтгүй. Даяар хас ХХК-тай ...-лийн байгуулсан гэрээ хүчинтэй ба мөн хугацаагаар сунгагдсан дуусгавар болоогүй. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газрын Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь ашгийн гэрээ байгуулах эрхгүй бөгөөд зөвхөн хэрэглээний зардлаар гэрээ байгуулах үүрэгтэй байгууллага ба хэдийгээр төлөөлөгчийн газар боловч Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлж гэрчилгээ авсан. Мөн манай орон сууцад өнгөрсөн жил Ц.Дашням гэрээ байгуулсан гэсэн боловч энэ гэрээгээ цуцалсан дуусгавар болсон талаарх баримт байхгүй гэжээ.

 

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч ...-лийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 8 дугаар байрны 57 тоот орон сууцнаас албадан гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...-лээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ....-т олгож шийдвэрлэжээ.

 

4.    Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулаагүй. Белозеров Василий Владимировичид олгосон итгэмжлэл нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болсон буюу гэрээ нь итгэмжлэлийн хугацаатай шууд хамааралтай. Хилийн чанд дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар нь улсын бүртгэлийн гэрчилгээтэй байдаг. Хилийн чанд дахь өмчийг удирдах газар болон Даяр хас ХХК-тай байгуулсан гэрээ нь хүчинтэй гэх баримт байхгүй. Түрээсийн гэрээ хэрэгжихгүйгээр хугацаа дуусгавар болсон. Хилийн чанд дахь өмчийг удирдах газрын төлөөлөгчийн газар нь ашиг олох эрхгүй. Зочид буудлын гэрчилгээ нь ашгийн төлөөх үйлчилгээ тул татвар төлөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

Зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээ, орон сууцны байранд түр оршин суух үйлчилгээ үзүүлэх гэсэн гэрээний агуулга нь орон сууц түрээслэх юм. Түүнийг төлөөлөн бусадтай гэрээ, хэлэлцээр байгуулах эрхийг гуравдагч этгээдэд олгосон баримт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх шаардах эрхийг Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Оролцогчдод эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа олгосон. Даяр хас ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй талаарх татгалзлаа хариуцагч нотлох үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

 

1. Нэхэмжлэгч ....- нь хариуцагч ...-лд холбогдуулж орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч ....- гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах газартай байгуулсан Зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу эд хөрөнгө хүлээлцэх актууд хэрэгт авагдсанаас үзэхэд хариуцагчийн хууль бус эзэмшил хэзээ үүссэн, эдгээр актуудаар орон сууцыг бодитой хүлээлгэн өгсөн эсэх үйл баримт тодорхой бус байхад шүүх тодруулаагүй байна.

 

Нөгөө талаар, дээрх гэрээний дагуу хөлслүүлэгчээс орон сууцны эзэмшил, ашиглалтыг шилжүүлэх үүргээ биелүүлэхийг шаардаж байсан эсэхийг тодруулах нь зүйтэй.

 

3. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад УБЕГ-аас ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дүрэм, гэрчилгээг гаргуулах, мөн газрын Даяар хас ХХК-тай байгуулсан гэрээ, гэрээг цуцалж дуусгавар болгосон баримтыг, мөн газрын Ц.Дашнямтай байгуулсан гэрээг, гэрээг цуцалж дуусгавар болгосон баримтыг тус тус нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2021/21527 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн байна. (хх-ийн 49)

 

Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт хамаарахгүй гэж үзсэн үндэслэлээ заагаагүй тул хэргийн оролцогчоос нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах эрх хангагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн бичмэл нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл болох бөгөөд хариуцагч нь Даяар хас ХХК-тай байгуулсан гэрээ хүчинтэй, сунгагдаад явж байгаа гэж тайлбарлаж, энэ талаар нотлох баримт бүрдүүлэхээр хүсэлт гаргасан нь талуудын хоорондох маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан хүсэлтийг хэрэгт ач холбогдолтой байвал шүүх хангах үүрэгтэй. Энэ үүргээ шүүх биелүүлээгүй атлаа хариуцагч мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх нь буруу юм.

 

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй байна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөнийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/02380 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ