Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2022/02712

 

 

 

 

 

 

 

 

2022 06 10 101/ШШ2022/02712

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 

 

Нэхэмжлэгч:  Цахим хөгжил, харилцаа холбооны яам

 

Хариуцагч:  Ванхүү ХХК 

 

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойно байрлах 441 м.кв талбай бүхий барилгыг Ванхүү ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Цахим хөгжил, харилцаа холбооны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан барилга нь Монгол Улсын анхны Ерөнхий сайд сайн ноён хан Т.Намнансүрэн 1914 онд Өргөө хот дахь Засгийн газрын телефон холбоог ашиглах дүрмийг баталсан бөгөөд Нийслэл хүрээнд 60 номертой, 24 хэрэглэгчтэй телефон станц анх байгуулагдан өнөөгийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөхийн өргөөний баруун хойд талд байрлах барилгад байрлах болсноос хойш олноо Төмөр утасны хороо хэмээн нэрлэгдэн анхны холбооны барилга хэмээн нэрлэх болсон. 1921 оны 7 дугаар сараас эхлэн Холбооны музей байрлан ажиллаж байсан түүхт газар юм.

Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Нийслэл хүрээний утасны хороо, Г.Дэмид жанжны байшинг/хуучин нэрээр/ хотын хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалын жагсаалтад оруулан баталсан байдаг бөгөөд Нийслэлийн Засаг даргын 1995 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/153 дугаар захирамжаар Нийслэлийн дэвсгэрийн байгууллага, дүүргүүдийн хамгаалалтад байх түүх, соёлын дурсгалт газруудын жагсаалтыг баталж, Нийслэл хүрээний утасны хорооны байсан байшинг Цахилгаан холбооны үйлчилгээний албад, Г.Дэмид жанжны байшинг Хотын соёлын хэлтэст хариуцуулж хамгаалуулахаар баталсан.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад нийслэлийн хамгаалалтад байхаар тогтоон, Холбооны анхны байшин нэрээр соёлын өвөөр бүртгэн авч, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 257 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн хамгаалалтад байхаар шийдвэрлэсэн.

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын дээд байгууллагын хувьд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын зүгээс энэхүү түүхэн барилгын өнөөгийн ашиглалтад анхаарал хандуулан 2013 оноос эхлэн барилгын өмчлөл, эзэмшлийн талаар асуудал дэвшүүлж явсан. Энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр санал тавьсны дүнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/62 дугаар тушаалаар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/246 дугаар тушаалаар барилга болон газрын асуудлыг тодруулж, төрийн өмчид бүртгэх, эзэмшигчийг тогтоох талаар санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулагдан тус тус ажилласан.

Ажлын хэсгүүд нийслэлийн хамгаалалтад байх энэхүү барилгын өмчлөх эрхийг хувийн хэвшилд шилжүүлсэн асуудлыг судалж, үзэхэд холбооны анхны байшинг Монголын цахилгаан холбоо ХК-ийн харьяа Холбооны музей нь 1998 он хүртэл ашиглаж байгаад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор түүх, соёлын дурсгалт утасны хороо, Дэмид жанжны ажиллаж байсан барилгыг Арвис сургуулийн эзэмшилд шилжүүлж, хамгаалалтад авхуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Эзэмшилд шилжүүлсэн тус барилгыг Арвис" бага сургууль, иргэн Агвааны Лхагва (ЧЛ53021605) нарын өмчлөлд 2002 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэж, улсын бүртгэлийн 0046147 дугаарын гэрчилгээ олгосон, 2004 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дээрх барилгыг Ванхүү ХХК-д худалдсанаар барилгын өмчлөгч Ванхүү ХХК болсон байдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын хяналтын байцаагчийн 4186 дугаартай дүгнэлтээр холбогдох хууль тогтоомжийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010735 дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойд талд байрлах 441 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ванхүү ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6.1.1-д энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгийг олж авах, мөн хуулийн 11.1-д төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Нийслэлийн хамгаалалтад байсан Монгол улсын түүх, соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нийцүүлэн Анхны холбооны байшингийн анхны гадаад төрх байдлыг өөрчлөлгүйгээр хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, сэргээн засварлах, зориулалтын дагуу ашиглах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай болсноор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэртэй холбогдуулан Ванхүү ХХК-иас гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 дугаар дүгнэлт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/859 дүгээр тушаалыг тус тус Захиргааны ерөнхий хуульд зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохтой холбоотой нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхээс хянан хэлэлцэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0083 дугаартай шийдвэрээр анхны холбооны байшинг Арвис бага сургууль, иргэн А.Лхагва нарын өмчлөлд шилжүүлсэн болон танай компани уг барилгыг гэрээний хүрээнд шилжүүлэн авч өмчлөлдөө бүртгэсэн асуудал нь хууль бус байсан болохыг тогтоож үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын ахлах байцаагчийн болон барилгыг зориулалтаар нь ашиглуулахаар шилжүүлсэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрийг тус тус үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн.

Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 272 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдаанаас дээрх шийдвэр, магадлалыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэлийг хянах, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад зааснаар төрийн байгууллага нь өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрх, үүрэгтэй байдаг.

Хуульд заасан эрх үүргийнхээ дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А-1/1829 тоот албан бичиг, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/1189 тоот албан бичгээр тус тус маргааны зүйл болох барилгыг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дотор бүрэн чөлөөлж, хүлээлгэн өгөхийг Ванхүү ХХК-д мэдэгдсэн боловч компанийн зүгээс барилгыг чөлөөлөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасны дагуу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойно байрлах түүх соёлын үл хөдлөх эд хөрөнгө болох 441 м.кв талбай бүхий барилгыг Ванхүү ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, түүх соёлын дурсгалыг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана. Гэж заасан бөгөөд үл хөдлөх хөрөнгө гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг эд хөрөнгийг хэлэхээр тайлбарласан.

Мөн нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхээ саадгүй хэрэгжүүлэх шаардлага болох бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр гарга байгаа нь шүүхийн онцгой харьяаллын маргаан болж байна. учир нь тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэл гэдэг нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой шаардлагыг хэлдэг.

Хамтарсан нэхэмжлэлд дурдсан холбооны музейн зориулалтаар ашиглахаар шийдвэр гарсан барилгыг Ванхүү ХХК нь эзэмшил, өмчлөлдөө авсан байсан нь хууль бус болохыг захиргааны шүүхээс тогтоогдсон байтал өнөөг хүртэл тус компани барилгыг чөлөөлөхгүй, биднийг ашиглах боломжоор хангахгүй байх тул шүүхийн онцгой харьяаллын дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШЗ2020/09001 дугаартай захирамжийн үндэслэх хэсэгт өөрийн гэх үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэл нь шүүхийн онцгой харьяалалд хамаарч үл хөдлөх эд хөрөнгийн оршин байгаа газрын шүүхэд хандаж шийдвэрлүүлэх-ийг заасан.

Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж заавал биелэгдэх шинжтэй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс шүүгчийн захирамжид заасан харьяаллын шүүхэд нэхэмжлэл гаргасан байтал Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 101/ШЗ2022/04937 дугаартай захирамжид энэ талаар ...Чингэлтэй дүүрэгт оршин байрладаг хариуцагч хуулийн этгээдэд холбогдох нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д хамаарахгүй байна гэж дурдаж татгалзах нэг үндэслэл болгосон нь үндэслэлгүй байсан ба тухайн хэсэгт заасан зөрчлийг үүгээр тайлбарлаж байна.

Мөн тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 101/ШЗ2022/04937 дугаартай захирамжид заасан ...яамны төрийн нарийн бичгийн дарга гарын үсэг зураагүй гэх зөрчлийг арилгасан ба шүүхийн харьяаллыг зөрчөөгүй талаарх тайлбарыг дурдан ахин нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Засгийн газрын болон Нийслэлийн төр захиргааны байгууллагын удаа дараагийн тогтоол, шийдвэрүүд хүчин төгөлдөр байхад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Анхны холбооны байшин гэх барилгыг төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо.мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хууль бус шийдвэрээ үндэслэл болгож Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо.Бөхийн өргөөний хойд талд байрлах 441 метр квадрат талбай бүхий барилгыг манай компанийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор барилгыг Арвис бага сургуульд эзэмшүүлж,ашиглалт хамгаалалт.сэргээн засварлалтын ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байхыг Арвис бага сургуулийн захирал А.Лхагвад даалгасан шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Манай компани нь худалдах, худалдан авах гэрээ 2004 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулж Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо.Бөхийн өргөөний хойд талд байрлах 441 метр квадрат талбайтай , Арвис бага сургуулийн өмчлөх эрхийн 0046147 дугаартай гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч ВанхүүХХК нь хууль ёсны өмчлөгч болсон юм. Үүнээс хойш уг барилгыг хариуцан хамгаалалт,сэргээн засварлалтын ажлыг эрх залгамжлагч болох ВанхүүХХК нь Нийслэлийн Соёлын газартай Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалтыг хангах гэрээ байгуулж сэргээн засварлан үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн Засаг даргын 1995 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Түүх соёлын дурсгалт зүйлийн тухай А/153 дугаар захирамжийн хавсралтын 14 дугаарт Нийслэлийн хүрээний утасны хороо байсан байшин буюу Холбооны музей-г хариуцан хамгаалах байгууллагыг Цахилгаан холбооны үйлчилгээний алба гэж тогтоосон нь Нийслэлийн өмчид хамаарч байна.

Монгол улсын Засгийн газрын 1998 оны 12 сарын 23-ны өдрийн 235 дугаар тогтоолоор Улс ,аймаг ,нийслэлийн хамгаалалтад байх түүх,соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт-ыг баталсан жагсаалтад уг барилга хамрагдаагүй бөгөөд Засгийн газрын 2008 оны 5 сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор Улс ,аймаг ,нийслэлийн хамгаалалтад байх түүх,соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт-ыг баталсан жагсаалтад Анхны холбооны байшин гэх нэршлээр Нийслэлийн хамгаалалтад байх түүх соёлын дурсгалд хамааруулсан шийдвэр гарсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд орон нутгийн өмчийн талаарх Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2000 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Арвис бага сургуулийн эзэмшилд шилжүүлсэн байдаг.

/2006 оны/ Монгол улсын засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3,19 дүгээр зүйл, 20 дугаар зүйлд Аймаг.Нийслэлийн хурлын бүрэн эрхийг тусгасан байдаг.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын хуульд заасан эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр,тогтоолыг төрийн захиргааны төв байгууллага болох хэрэгжүүлэгч агентлаг хүчингүй болгох эрх,хууль эрх зүйн үндэслэл байхгүй юм.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 дугаартай дүгнэлтийн ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт ...нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 74 дүгээр тогтоолоор ...эзэмшилд шилжүүлж.хамгаалалтад авхуулахаар шийдвэрлэсэн байхад ...хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж бүртгэл хийсэн гэж үзээд өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосныг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар манай компанийг шударга эзэмшигч болохыг тогтоосон байна.

Харамсалтай нь тухайн барилга эзэмшиж ашиглах эрх Харамсалтай нь тухайн барилга эзэмшиж ашиглах эрх давхцал үүссэн байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ аль нэг шийдвэрийг хүчингүй болгоогүй байна.байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ аль нэг шийдвэрийг хүчингүй болгоогүй байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 11- ний өдрийн 26 дугаар тогтоолоор Анхны холбооны байшин гэх барилгыг төрийн өмчид бүртгэж. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ..шударга ёс,эрх чөлөө,тэгш байдал...-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн Арван зургаадугаар зүйлийн 3-д хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно..., Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн Үндсэн хуульд хууль,зарлиг,төрийн байгууллагын бусад шийдвэр,нийт байгууллага.иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино гэсэн заалтыг тус тус зөрчсөн шийдвэр юм.

Иймд Монгол Улсын Цахим хөгжил,харилцаа холбооны яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын гаргасан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойно байрлах 441 м. кв талбай бүхий барилгыг манай компанийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь хариуцагч Ванхүү ХХК-д холбогдуулан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний баруун хойд талд байршилтай, 441 м.кв талбай бүхий, Монгол Улсын түүх, соёлын дурсгал болох анхны холбооны барилгыг Ванхүү ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тус барилгыг төрийн өмчид бүртгэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 3, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн шийдвэр, барилгын өмчлөх эрхийн гэрчилгээ нь гараагүй, уг барилга нь Нийслэлийн Засаг даргын 1995 оны А/153 дугаар захирамжаар нийслэлийн өмчид хамаарч байгаа бөгөөд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2000 оны 74 дүгээр захирамж хүчинтэй хэвээр тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар Ванхүү ХХК шударга эзэмшигч хэмээн маргасан.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 11 дүгээр зүйлийн 1, 2, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний баруун хойд талд байршилтай 441 м.кв талбай бүхий, Монгол Улсын түүх, соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлж, барилгыг хувийн хэвшлийн дэлгүүр, зоогийн газруудаас чөлөөлүүлж, Ванхүү ХХК-иас албан ёсоор хүлээн авах арга хэмжээ авахаар тогтжээ.

Дээрх тогтоолын үндэслэлд дурьдагдаж буй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 дугаар дүгнэлт болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 3303 дугаартай дүгнэлтүүдээр, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ванхүү ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлийг дүгнэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/859 дүгээр тушаалаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний баруун хойд талд байршилтай 441 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204010735 дугаарын эрхийн улсын бүртгэлийг хааж шийдвэрлэжээ.

Дээрх дүгнэлт, тогтоол, тушаалыг эс зөвшөөрч, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах тухай Ванхүү ХХК-ийн нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0083 дугаартай шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, тус барилгыг төрийн өмчид бүртгэж, төрийн байгууллагад эзэмшүүлсэн нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн шийдвэр болохыг Захиргааны хэргийн шүүх дүгнэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж хуульчлан зохицуулсан тул Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний баруун хойд талд байршилтай, 441 м.кв талбай бүхий, Монгол Улсын түүх, соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, төрийн байгууллагад эзэмшүүлсэн талаар шүүх дахин дүгнэхгүй.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлд Өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулсан бөгөөд хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-т ...шаардлаа гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна., 106.4-т ...энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна. гэж заасан тул нэхэмжлэгч нар нь зөрчлийг арилгуулах, эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний баруун хойд талд байршилтай, 441 м.кв талбай бүхий, Монгол Улсын түүх, соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг Ванхүү ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурьдаж, хариуцагч Ванхүү ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 дугаар дансанд төлүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА