Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01506

 

 

2022.08.15 Дугаар 210/МА2022/01506 Улаанбаатар хот

 

Т-,

Ц-ны яам нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/02712 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т- болон Ц-ны яам нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч В- ХХК-д холбогдох,

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойно байрлах 441 м.кв талбай бүхий барилгыг В- ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц-ны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, нэхэмжлэгч Т- газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Саранцэцэг, хариуцагч В- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад нийслэлийн хамгаалалтад байхаар тогтоон, Холбооны анхны байшин нэрээр соёлын өвөөр бүртгэн авч, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 257 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн хамгаалалтад байхаар шийдвэрлэсэн.

Барилгын өмчлөх эрхийг хувийн хэвшилд шилжүүлсэн асуудлыг судалж, үзэхэд холбооны анхны байшинг Монголын цахилгаан холбоо ХК-ийн харьяа Холбооны музей нь 1998 он хүртэл ашиглаж байгаад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор түүх, соёлын дурсгалт утасны хороо, Дэмид жанжны ажиллаж байсан барилгыг Арвис сургуулийн эзэмшилд шилжүүлж, хамгаалалтад авхуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Тус барилгыг Арвис сургууль, Агвааны Лхагва нарын өмчлөлд 2002 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэж, 2004 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дээрх барилгыг В- ХХК-д худалдсанаар барилгын өмчлөгч В- ХХК болсон байдаг.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Улсын хяналтын байцаагчийн 4186 дугаартай дүгнэлтээр холбогдох хууль тогтоомжийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010735 дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойд талд байрлах 441 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр В- ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Анхны холбооны байшингийн анхны гадаад төрх байдлыг өөрчлөлгүйгээр хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, сэргээн засварлах, зориулалтын дагуу ашиглах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай болсноор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэртэй холбогдуулан В- ХХК-аас гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 дугаар дүгнэлт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоол, Улсын бүртгэлийн ерөнхий даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/859 дүгээр тушаалыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхээс хянан хэлэлцэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0083 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын ахлах байцаагчийн болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрийг тус тус үндэслэлтэй байна гэж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 272 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдаанаас магадлалыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А-1/1829 тоот албан бичиг, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/1189 тоот албан бичгээр барилгыг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дотор бүрэн чөлөөлж, хүлээлгэн өгөхийг В- ХХК-д мэдэгдсэн боловч компанийн зүгээс барилгыг чөлөөлөхгүй гэдгээ мэдэгдсэн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасны дагуу барилгыг В- ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.

2.    Хариуцагч талын тайлбарын агуулга:

Т- газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор уг барилгыг төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хууль бус шийдвэрийг үндэслэл болгож барилгыг манай компанийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2000 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор барилгыг Арвис сургуульд эзэмшүүлж, ашиглалт хамгаалалт, сэргээн засварлалтын ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байхыг Арвис бага сургуулийн захирал А.Лхагвад даалгасан шийдвэр хүчин төгөлдөр байгаа.

Манай компани нь 2004 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, хууль ёсны өмчлөгч болсон. В- ХХК нь Нийслэлийн Соёлын газартай Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалтыг хангах гэрээ байгуулж сэргээн засварлан үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн Засаг даргын 1995 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Түүх соёлын дурсгалт зүйлийн тухай А/153 дугаар захирамжийн хавсралтын 14 дугаарт Нийслэлийн хүрээний утасны хороо байсан байшин буюу Холбооны музейг хариуцан хамгаалах байгууллагыг Цахилгаан холбооны үйлчилгээний алба гэж тогтоосон нь Нийслэлийн өмчид хамаарч байна.

Монгол улсын Засгийн газрын 1998 оны 12 сарын 23-ны өдрийн 235 дугаар тогтоолоор Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын баталсан жагсаалтад уг барилга хамрагдаагүй бөгөөд Засгийн газрын 2008 оны 05 сарын 14-ний өдрийн 175 дугаар тогтоолоор Улс, аймаг, нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын баталсан жагсаалтад Анхны холбооны байшин гэх нэршлээр Нийслэлийн хамгаалалтад байх түүх соёлын дурсгалд хамааруулсан шийдвэр гарсан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлд орон нутгийн өмчийн талаарх Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийг хуульчилсан бөгөөд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2000 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Арвис бага сургуулийн эзэмшилд шилжүүлсэн байдаг.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын хуульд заасан эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр, тогтоолыг төрийн захиргааны төв байгууллага болох хэрэгжүүлэгч агентлаг хүчингүй болгох эрх, хууль эрх зүйн үндэслэл байхгүй.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 дугаартай дүгнэлтээр өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосныг Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар манай компанийг шударга эзэмшигч болохыг тогтоосон байна.

Харамсалтай нь тухайн барилга эзэмшиж ашиглах эрх давхцал үүссэн байхад шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ аль нэг шийдвэрийг хүчингүй болгоогүй.

Т- газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургаадугаар зүйлийн 3 дах хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн.

Иймд уг барилгыг манай компанийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3.             Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний баруун хойд талд байршилтай, 441 м.кв талбай бүхий, Монгол Улсын түүх, соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг В- ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурьдаж, хариуцагч В- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 дугаар дансанд төлүүлж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй шударга бус болсон.

Өмчлөгч нь В- ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр уг барилгын өмчлөгч болсныг улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн.

Улсын бүртгэлийн байгууллага, Т- газар ямар ч хариуцлага хүлээхгүй байгаа нь Монгол улсын Үндсэн хууль, Захиргааны хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, компанийн эрх ашгийг илтэд хохироож байна.

В- ХХК нь Нийслэлийн Соёлын газартай Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалтыг хангах гэрээ байгуулж сэргээн засварлах үйл ажиллагаа явуулж ирсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд хандан хүсэлт гаргасныг хүлээж аваагүй нь хэргийн оролцогчийн эрхийг дордуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Төрийн байгууллага хууль бус ажиллагаа явуулсныг 20 жилийн дараа мэдсэн болж бусдын өмчийг дээрэмдэж авах үйл ажиллагаа явуулж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нар нь бусдын эзэмшил, хамгаалалтад өмч хөрөнгөө шилжүүлэх гэрээгээ биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч Захиргааны шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдал, үндэслэлийн тухайд маргаагүй, харин хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлд оролцогчийн хувьд хуульд заасан эрхээ эдэлж оролцохыг хүссэн.

Шүүх манай хүсэлтийг хангахгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Мөн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй хэмээн Монгол улсад байхгүй шүүхийн нэр тавин шүүхийн шийдвэр гаргахдаа хайнга хариуцлагагүй хандаж байгаад гомдолтой байгаагаа дурьдах нь зүйтэй гэж үзлээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно уу.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч Ц-ны яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч нь хууль эзэмшигч гэх боловч нотолсон баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч Т- газрын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Т- газар, Ц-ны яам нь хариуцагч В- ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний хойно байрлах 441 м.кв талбай бүхий барилгыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Т- газрын 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 11 дүгээр зүйлийн 1, 2, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний баруун хойд талд байршилтай 441 м.кв талбай бүхий, Монгол Улсын түүх, соёлын дурсгал болох Анхны холбооны барилгыг төрийн өмчид бүртгэж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт эзэмшүүлж, барилгыг хувийн хэвшлийн дэлгүүр, зоогийн газруудаас чөлөөлүүлж, В- ХХК-аас албан ёсоор хүлээн авах арга хэмжээ авахаар тогтжээ. /хх10, 13/

 

Дээрх тогтоолын үндэслэлд дурьдагдаж буй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4186 дугаар дүгнэлт болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 3303 дугаартай дүгнэлтүүдээр, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр В- ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлийг дүгнэж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/859 дүгээр тушаалаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний баруун хойд талд байршилтай 441 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204010735 дугаарын эрхийн улсын бүртгэлийг хааж шийдвэрлэжээ. /хх13, 16/

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0083 дугаар шийдвэрээр дээрх дүгнэлт, тогтоол, тушаалыг эс зөвшөөрч, илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах тухай В- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх18, 38/

 

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд 106.2, 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нарыг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу маргаан бүхий барилгыг төрийн өмчид бүртгэж, эзэмшүүлсэн талаар дахин дүгнэлт хийхгүй гэж үзсэн нь хуульд нийцсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг. Хариуцагч талын нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь нотлох баримт бүрдүүлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй ,энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагчийн төлөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаар шүүхэд гэж Монгол улсад байхгүй шүүхийн нэрийг дурдсан гэх гомдол үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2022/02712 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын Иргэний хэргийн давж заалдах шатны 10 шүүхэд гэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ш.ОЮУНХАНД