Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2022/02870

 

 

 

 

 

 

 

 

 

2022 06 20 101/ШШ2022/02870

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.Г

 

Хариуцагч: Төгсгүрэн ХХК 

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, гэрч П.Гэрэлцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Г.Гансүх нь н.Буянжаргал гэх хүнтэй 42,000,000 төгрөгийн үнэ бүхий Лексус 450 маркийн автомашиныг худалдан борлуулахаар тохиролцон өгсөн. Гэтэл н.Буянжаргал нь уг машины төлбөр болох 42,000,000 төгрөгийг төлөхгүй байсан тул цагдааг гомдол гаргасан. Тухайн үед н.Буянжаргал нь өөрийн эхнэр Б.Мөнхзулын хамтаар үйл ажиллагааг нь явуулдаг компаниар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Данзангийн гудамжид байрлах 173 айлын орон сууц барих төсөл хэрэгжүүлж буй Төгс гүрэн ХХК-тай бетон зуурмаг нийлүүлж, нийлүүлсэн зуурмагийн төлбөрт тухайн байранд орон сууц захиалгын гэрээ байгуулсан байсан.

н.Буянжаргалын Төгс гүрэн ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний үнэ болох 62,000,000 төгрөгийг Г.Гансүх миний бие өөрийн худалдан борлуулсан Лексус 450 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 42,000,000 төгрөгийг багасгаж 36,000,000 төгрөгт тооцож, төлбөрийн зөрүү 29,000,000 төгрөгийг түүний эхнэр н.Мөнхзулын дансанд байрны зөрүү төлбөр хэлбэрээр төлж барагдуулсан.

Ингэхдээ н.Буянжаргал нь машины төлбөр 42,000,000 төгрөгийг өөр бас өртэй хүн болох н.Бямбадоржид шууд өрөндөө тооцож шилжүүлнэ гэж хүссэний дагуу уг тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээрээс шууд н.Бямбадоржид шилжүүлэхээр тохиролцон итгэмжлэл хийж өгсөн.

Иймд иргэн Г.Гансүх нь иргэн н.Буянжаргал, н.Мөнхзул нарын Төгс гүрэн ХХК-тай байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний төлбөр 65,000,000 төгрөгийг төлж барагдуулан, уг орон сууц захиалан бариулах гэрээг өөрийн нэрээр шинэчлэн байгуулж, орон сууцанд одоог хүртэл амьдарч байгаа билээ.

Гэтэл Төгс гүрэн ХХК нь н.Буянжаргал, н.Мөнхзул нартай төлбөр тооцооны асуудал дуусаагүй гэх шалтгаанаар миний төлбөрийг нь бүрэн төлж, амьдарч байгаа орон сууц болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 41Д байрны 3 давхар, 42,56 м.кв, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Гансүхийн нэр дээр гаргаж өгөхгүй байгаа.

Түүнчлэн Төгс гүрэн ХХК болон иргэн н.Буянжаргал, н.Мөнхзул нарын компанийн хооронд байгуулсан барилгын бетон зуурмаг нийлүүлэх гэрээг миний бие олж авах боломжгүй, уг барилгыг Төгс гүрэн ХХК-иас гаргаж өгөхийг хүсэхэд гаргаж өгөхгүй байх тул нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй байна.

Г.Гансүхийн зүгээс н.Буянжаргал, н.Мөнхзул нарын Төгс гүрэн ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээ №2020/102 тоот гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулж, уг гэрээний үнийг төлж барагдуулсан бөгөөд энэ талаар гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д тодорхойлсон байгаа болно.

Иймд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 41Д байрны 3 давхар, 42,56 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Гансүхийг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг Төгс гүрэн ХХК-д даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгоно уу.

Энэ орон сууцыг гаргуулах өмчлөх шилжүүлэх үүрэг хүлээсэн этгээд бол Төгс гүрэн ХХК биш юм. Анх хариуцагч байгууллага нь төсөл хэрэгжүүлэгч компани X apartment барилгын 173 айлын орон сууц болон мөн 200 айлын барилгын ажил гүйцэтгэх компани хамтарч ажиллаж байсан. Би Ди Эм ХХК захирал н.Буянжаргал нь н.Мөнхзул нар тохиолцож Би Ди Эм ХХК-ийн нэр дээр байдаг 2 орон сууцыг шилжүүлэх талаар тохиролцсон. Энэ нөхцөлд захирал н.Мөнхзул нь Г.Гансүх нарын хооронд байгуулагдсан гэрээгээр 2019 оны 11 сард бетон зуурмагийг нийлүүлэх үүрэгтэй байсан. Энэ үүргээ биелүүлээгүй. Нийт 38,000,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байж байгаад Г.Гансүх гэдэг хүнийг дагуулж ирсэн. Тэгээд байрны гэрээний захилгын гэрээгээ Г.Гансүх гэх хүний нэр дээр шилжүүлж өгөөч бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүргээ 100 хувь биелүүлэх болно гэж хэлж шилжүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Энэ гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байна. Хариуцагч байгууллага нь гэрээний үүргийг хариуцах этгээд биш. Мөн орон сууцны үнэ төлөгдөөгүй гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Гансүх нь хариуцагч Төгс гүрэн ХХК-д холбогдуулан, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагчид даалгуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №2020/102 дугаартай Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-нээс үзэхэд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Данзангийн 1 гудамжинд баригдаж буй 173 айлын орон сууцны барилгаас орон сууц худалдах-худалдан авах харилцааг зохицуулж, орон сууц худалдагч тал буюу гүйцэтгэгч А тал буюу иргэн Д.Болдыг төлөөлж П.Гэрэлцэцэг, орон сууц худалдан авагч Б тал буюу Г.Гансүх нар гэрээ байгуулжээ.

Дээрх гэрээний Дөрөвдүгээр зүйлийн 4.1-д Төлбөрийн хэмжээ: 65,000,000 /жаран таван сая/ төгрөг төлөгдсөн болно. гэж бичигдсэн байна.

Шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан П.Гэрэлцэцэг нь дээрх гэрээний төслийг бэлдэж, эрх бүхий этгээдээр гэрээг батлуулах гэхэд төлбөр төлөгдөөгүй шалтгаанаар гэрээг батлаагүй хэмээн тайлбарлав. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Данзангийн 1 гудамжинд баригдаж буй 173 айлын орон сууцны барилгын ажлын захиалагч бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгч Төгс гүрэн ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Д.Болд нь тухайн барилгаас орон сууц худалдах-худалдан авах гэрээг баталдаг гэх үйл баримтыг гэрч мэдүүлсэн.

2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №2020/102 дугаартай Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-нд А тал буюу худалдагч талыг төлөөлж Маркетинг борлуулалтын албаны дарга П.Гэрэлцэцэг (гэрч) гарын үсэг зурсан байх боловч барилгын ажлын захиалагч гэх, барилгын ажлын гүйцэтгэгч Төгс гүрэн ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Д.Болд баталгаажуулсан гэж үзэх боломжгүй, гарын үсэг зурагдаагүй, хариуцагчаар татаж буй Төгс гүрэн ХХК-ийн тамга дарагдаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Гансүх нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол Данзангийн 1 гудамжинд баригдаж буй 173 айлын орон сууцнаас худалдан авах болсон үндэслэлийг н.Буянжаргалтай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардаж, н.Буянжаргал болон Б.Мөнхзул нарт өгсөн эд хөрөнгө, мөнгөн төлбөрт тооцож, н.Буянжаргал, Б.Мөнхзул нарын удирддаг Би ди ди эм констракшн ХХК болон Төгс гүрэн ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд н.Буянжаргал, Б.Мөнхзул нарын өмчлөлд шилжих орон сууцыг авахаар тохиролцсон гэж тайлбарласан.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 41Д байрны 3 давхар, 42,56 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж буй энэхүү маргаанд хариуцагчаар татаж буй Төгс гүрэн ХХК нь нэхэмжлэгч Г.Гансүхийн өмнө хүлээсэн аливаа үүрэггүй буюу зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байх тул Төгс гүрэн ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь нийт 65,000,000 төгрөгийг төлж барагдуулсан хэмээн маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 70,200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйийн 63.1.2-т заасан хэмжээнд нийцэхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Төгс гүрэн ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 41Д байрны 3 давхар, 42,56 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Гансүхийг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай Г.Гансүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 412,750 төгрөгийг нэхэмжлэгч Г.Гансүхээс гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 дугаар дансанд нөхөн төлүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА