Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01540

 

 

 

 

 

 

 

 

2022 08 19 210/МА2022/01540

 

 

 

Г.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/02870 дугаар шийдвэртэй Г.Гийн нэхэмжлэлтэй ТГ ХХК-д холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Г.Ганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Г.Г нь Э.Б-тай Лексус 450 маркийн автомашиныг 42,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар тохиролцож, түүнд өгсөн. Э.Б нь автомашины төлбөрийг төлөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

Э.Б, Б.Мөнхзул нарын хххх ХХК нь ТГ ХХК-д бетон зуурмаг нийлүүлж, нийлүүлсэн зуурмагийн төлбөрт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Данзангийн гудамжид байрлах 173 айлын байранд 62,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

Миний бие уг гэрээний үнэ болох 62,000,000 төгрөгт Лексус 450 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 42,000,000 төгрөгийг багасгаж 36,000,000 төгрөгт тооцож, төлбөрийн зөрүү 29,000,000 төгрөгийг Б.Мөнхзулын дансанд орон сууцны зөрүү төлбөр хэлбэрээр төлсөн.

Э.Б нь н.Б-д өртэй байсан тул автомашиныг өрөндөө тооцож шилжүүлнэ гэсний дагуу тухайн тээврийн хэрэгслийг н.Бямбадоржид шилжүүлэхээр тохиролцож итгэмжлэл хийж өгсөн.

Э.Б, Б.М нарын ТГ ХХК-тай байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний төлбөр 65,000,000 төгрөгийг Г.Г төлж барагдуулан, орон сууц захиалан бариулах гэрээг өөрийн нэрээр шинэчлэн байгуулж, орон сууцанд одоог хүртэл амьдарч байна.

Гэтэл ТГ ХХК нь Э.Б, Б.М нартай төлбөр тооцоо дуусаагүй гэх шалтгаанаар миний амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 41Д байрны 3 давхар, 42,56 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй.

Г.Г нь Э.Б, Б.М нар нь ТГ ХХК-тай Орон сууц захиалан бариулах 2020/102 тоот гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулж, орон сууцны үнийг төлж барагдуулсан талаар гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д тодорхойлсон.

Иймд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Г.Гийг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг ТГ ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Энэ орон сууцныг өмчлөх эрх шилжүүлэх үүрэг хүлээсэн этгээд нь ТГ ХХК биш юм. ТГ ХХК нь төсөл хэрэгжүүлэгч компанийн X apartment барилгын 173 айлын орон сууц болон 200 айлын барилгын ажил гүйцэтгэхээр хамтарч ажилласан. ТГ ХХК нь хххх ХХК-ийн захирал Э.Б, Б.Мөнхзул нартай тохиролцож тус компанийн нэр дээр байдаг 2 орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон. хххх ХХК-ийн захирал Б.Мөнхзултай байгуулсан гэрээгээр 2019 оны 11 сард бетон зуурмагийг нийлүүлэх үүрэгтэй байсан ч үүргээ биелүүлээгүй ба нийт 38,000,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байхдаа орон сууц захиалгын гэрээг Г.Г гэх хүний нэр дээр шилжүүлж өгөөч бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүргээ 100 хувь биелүүлэх болно гэж хэлж гэрээг шилжүүлсэн. Гэтэл гэрээний үүргээ биелүүлээгүй тул тус гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй. Хариуцагч байгууллага нь тус орон сууц захиалгын гэрээний үүргийг хариуцах этгээд биш орон сууцны үнэ төлөгдөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч ТГ ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Улаанхуарангийн 1 дүгээр гудамж, 41Д байрны 3 давхар, 42,56 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Г-ийг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах тухай Г.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 412,750 төгрөгийг нэхэмжлэгч Г.Г-ээс гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 дугаар дансанд нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон П.Г-гийн мэдүүлгээр ТГ ХХК болон Г.Г нарын хооронд гэрээ байгуулагдсэн гэж үзэх боломжгүй гэсэн нь үндэслэлгүй. Учир нь гэрч П.Гэрэлцэцэгийн мэдүүлгээс үзвэл уг компанийн гэрээ хэлцлийг маркетинг борлуулалтын албаны дарга П.Г байгуулдаг ба Г.Г нь тус компанийн маркетинг борлуулалтын албаны дарга П.Г-гийн баталсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж хүлээн авсан бөгөөд төлбөр тооцооны үлдэгдэлгүй болохыг тодруулахад гэрээнд зааснаар төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн байдаг. Анхан шатны шүүхийн Д.Б нь ТГ ХХК-ийн хувьцаа эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч боловч Г.Г-тэй иргэний эрх зүйн харилцаанд ороогүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

4.2.Шүүх гэрч П.Г-гийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн атлаа гэрч Б.М-ын мэдүүлгийг хэрхэн няцаасан, яагаад үнэлээгүй талаар дүгнэлт өгөөгүй тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

4.3.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт заасныг зөрчиж шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П орсон гэж дурдаад, шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Э оролцсон мэтээр тусгасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч ТГ ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Хэргийн баримтаар дараахь үйл баримт тогтоогдсон болно. Үүнд:

 

хххх ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ТГ ХХК-тай Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хххх ХХК нь ТГ ХХК-д 156,040,000 төгрөгийн үнэ бүхий 940 м.куб бетон зуурмаг нийлүүлэх, ТГ ХХК нь төлбөрийг Mersedes Benz үйлдвэрийн G class загварын суудлын автомашиныг 78,000,000 төгрөгт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороололд байрлах Төгс Апартмент хотхоны 3 давхар байрлах 00 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 76,608,000 төгрөгт тус тус тооцон зөрүү 1,432,000 төгрөгийг бэлнээр төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 86-88/

 

Дээрх гэрээний төлбөрт тооцон шилжүүлэх 2 өрөө орон сууц нь иргэн Д.Б, Д.Б нарын бариулж буй орон сууцны барилга байх бөгөөд мөн өдөр Д.Б-той хххх ХХК-ийн захирал Б.Мөнхзул орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, тус гэрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 173 айлын орон сууцны барилгын 3 дугаар давхарын 00 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны төлбөрийг 76,608,000 төгрөг гэж тохирохдоо 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн бетон зуурмагийн гэрээний бартерт тооцон шилжүүлэх 2 өрөө орон сууцыг уг гэрээний дагуу бетон зуурмаг бүрэн нийлүүлсэн нөхцөлд өмчлөлийг шилжүүлэхээр тохиролцсон байна. /79-83/

 

3.б.Үүнээс хойш 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн иргэн Д.Болд Г.Г нарын хооронд байгуулагдсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороололд байрлах Төгс Апартмент хотхоны 3 давхар байрлах 000 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах худалдан авах бичгийн гэрээ хэрэгт авагдсан байх бөгөөд уг гэрээний 4.1-д орон сууцны үнэ 65,000,000 төгрөг төлөгдсөн гэсэн байна.

 

Гэрч Б.М нь ... хххх ХХК-ийн захирлаар ажилладаг, ТГ ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлж, гэрээний үүргийг 100 хувь биелүүлсэн, зуурмагийн төлбөрт бартераар автомашин болон орон сууц авахаар тохиролцсон, уг орон сууц миний нэрээр орон сууц захиалгын гэрээтэй байсныг Г.Г рүү шилжүүлж, Г.Г-ээс нэг автомашин, үлдэгдэл 29,000,000 төгрөгийг бэлнээр авсан, 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн ТГ ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг 11 сард биелүүлчихсэн учраас Г.Г-ийн нэр дээр шилжихэд төлбөр төлөгдсөн гэж гэрээнд бичигдсэн гэх агуулга бүхий мэдүүлэг өгчээ. /хх-135-139/

 

3.в. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хаан банк ХХК дахь Б.М-ын эзэмшлийн 00000000 тоот дансанд Гансүхээс байрны үлдэгдэл төлбөр гэсэн гүйлгээний утгаар 29,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэргийн талд 9 дүгээр тал дахь Хаан-Интернет банкны харилцагчийн дансны хуулгаар, мөн маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороололд байрлах Төгс Апартмент хотхоны 3 давхар байрлах 00 м.кв талбайтай 2 өрөө орон сууц нэхэмжлэгч Г.Г-ийн эзэмшилд байгаа болох нь талуудын тайлбараар тус тус тогтоогдсон болно.

 

4.а. Нэхэмжлэгч нь Д.Б Г.Г нарын хоорондын 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2 өрөө орон сууцыг худалдах худалдан авах бичгийн гэрээг үндэслэн маргаан бүхий орон сууцны үнийг Э.Б, Б.М нарт төлсөн тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Гэвч уг гэрээнд Д.Б гарын үсэг зураагүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй.

 

4.б. Гэрч П.Г-гийн мэдүүлэгт ...би орон сууц захиалгын гэрээний төслийг бэлдэхдээ Д.Б гэсэн дардсыг дарж гарын үсгийг нь захирлаар зуруулдаг, хххх ХХК бетон зуурмаг нийлүүлсний бартерт өгсөн орон сууцны гэрээг Г.Г гэх хүн рүү шилжүүлье гэхээр нь гэрээний төслийг бэлэн болгоод захирал Д.Б руу оруулахад төлбөр тооцоо дуусаагүй гээд гэрээнд гарын үсэг зураагүй гэжээ. /хх154/

 

4.в. Хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ, гэрч П.Г-гийн мэдүүлэг болон бусад баримтуудыг харьцуулан дүгнэвэл, ТГ ХХК болон Г.Г нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Тус гэрээнд Д.Б гэсэн дардас тэмдэг дарагдсан байдлыг ТГ ХХК-ийг төлөөлж хуулийн этгээдийн хувьд хийгдсэн хэлцэл гэж үзэхгүй ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-д 65,000,000 төгрөг төлөгдсөн болно гэснийг компанийг төлөөлсөн буюу төлөөлөх эрхтэй, эсхүл компанийг төлөөлөн хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

4.г. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл, ТГ ХХК нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгах буюу уг гэрээний үүргийг даалгуулахаар шаардах өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцах этгээд биш байна. Иймд нэхэмжлэгч Г.Г нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар гэрээний тал бус этгээд болох хариуцагч ТГ ХХК-аас шаардах эрхгүй.

 

5.а. Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүх хуралдааны нарийн бичгийн даргын нэрийг Р.Э гэж шүүх хуралдааны тэмдэглэлээс зөрүүтэй бичигдсэн нь техникийн шинжтэй алдаа байна. Энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй байх тул тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй болно.

 

5.б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлох эрхтэй ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь түүний зохих этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрхэд саад болоогүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагч болон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/02870 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ