Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2022/02337

 

 

 

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2022/02337

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: С-ийннэхэмжлэлтэй,

 

хариуцагч: О К ХХК

 

хариуцагч: О  холбогдох,

 

хохирол 25 109 794 төгрөг, хариуцагч нарын гүйцэтгэлээс илүү шилжүүлсэн 10 958 543 төгрөг, алданги 7 215 943 төгрөг, нийт 43 284 280 төгрөгийг гаргуулах тухай ииргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.*******

хариуцагчийг төлөөлж Д.Оюунбат нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.******* хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.******* хариуцагч Орун капитал ХХК, Д.******* нарт холбогдуулан, 43 284 280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд ... 2019 оны 09 сарын 17-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр Орун капитал ХХК-ийн захирал ******* нараас учирсан хохирол 25,109,790 төгрөг гаргуулах, Орун капитал ХХК, ******* нарын гйүцэтгэлээс илүү шилжүүлсэн 10,951,543 төгрөгийг гаргуулах, алданги 7,215,943 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нийтдээ 43,284,280 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн хууль зүйн үйл баримт, үндэслэлийн хувьд *******, Орун капитал ХХК-ийн захирал *******тай уулзаад амины орон сууц бариулахаар тохиролцоод 2019 оны 09 сарын 17-ны өдөр гэрээ байгуулаад мөн өдрөөсөө ажлаа эхлээд 45 хоногийн дотор ажлыг хийж дуусгахаар тохиролцсон. Гэрээ байгуулснаас хойш нийт гэрээний үнэ 57,100,000 төгрөгний 85 хувь болох 48,450,000 төгрөгийг хариуцагч *******ын данс руу шилжүүлсэн. Уг нь бол гэрээний 2.2-т зааснаар ажлын хөлс төлөх үе шатны зохицуулалт гэж байгаа тэрний дагуу бол 60 хувийг төлөх ёстой байсан ч 85 хувийг шилжүүлж хариуцагч талыг ажлаа хийх бүрэн боломжоор хангаж 85 хувийг шилжүүлсэн байдаг. 11 сарын 06-ны өдрийн байдлаар ямар нэгэн ажил гүйцэтгэсэн зүйл байхгүй,ажлаа үлдээгээд ор сураггүй алга болсон. Сүүлд нь нэг уулзаад ажлаа хийгээч ээ гэсэн чинь *******ийг юу гээд олон юм яриад байгаа юм бэ? гээд цохих гэж дайраад юмнуудаа аваад алга болсон. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн ажлын гүйцэтгэлийг 17,206,430 төгрөгөөр үнэлээд шүүхэд анх нэхэмжлэл гаргасан. Үлдээсэн ажлыг нь нэхэмжлэгч Нямрагчаа гэх хүнээр эхлүүлсэн. Ажлыг эхлүүлээд гэрээнд заасан зураг төслийн дагуу гараж нь барилгынхаа доор байрлах ёстой байтал тэгж барих боломжгүй даацыг нь багасгаад, дам нурууг нь багасгасан чинь байшин нь хотолздог болчихсон. Тэгээд амьдрах ачаалал авах байдлаа багасгах зорилгоор доод давхартаа амьдрахаар болгоод даацаа тэнцүү хуваарилсан. Тийм болохоор гаражаа байшингийнхаа хажууд гаргаж барихаар болоод илүү зардал гаргасан. Эхний шаардлагын хувьд 219.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхээ тодорхойлоод, 219.2 дахь хэсэгт заасны дагуу ажиллагаа хийх хугацаа олгосон боловч гүйцэтгээгүй, төлөвлөөгүй нэмэлт зардал гаргасан байгаа. Хоёр дахь шаардлагын хувьд шүүхээс дахин шинжээч томилж дүгнэлтээр шууд зардал 37,000,000 төгрөгөөр хариуцагчийн хийсэн ажлыг тэгэхээр нийт шилжүүлсэн 48,000,000 төгрөгөөс 37,000,000 төгрөгийг хасаад 10,958,543 төгрөгийг илүү төлсөн гээд нэгэнт шинжээчийн дүгнэлт ингэж гарсан учраас дүгнэлтэд үндэслээд шаардлагаа зөрүү 10,000,000 төгрөг гэж үнэлж байгаа. 3 дахь нь алдангид талуудын байгуулсан ажил гүйцэтгэх амины орон сууц барих үнийн дүн 57,100,000 төгрөгнөөс хариуцагчийн гүйцэтгэлийн 37,401,457 төгрөгийг хасч 19,698,543 төгрөгийг хариуцагч нарын гүйцэтгээгүй үнийн дүн гэж тодорхойлоод үүнээс алданги бодсон байгаа. Алданги бодсон хугацаа 2019 оны 11 сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 сарын 04-ний өдөр буюу шүүхэд анх нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл 184 хоногийн алданги тооцоод гэрээнд заасан 0,2 хувийн алданги, нэг өдрийн алданги нь 39,000 төгрөг орчим болж байгаа. Нийт алданги нь 7,215,943 төгрөг болсон. Нийт 43,284,280 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү... гэв.

 

 

3. Хариуцагч шүүхэд хариу тайлбартаа: ...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь гэвэл гэрээг анх аман байдлаар тохиролцоод ажил эхлээд явж байх хугацаандаа схем зураг хийгээд өөрчлөгдсөн. Тэрийг гэрээн дээр өөрчлөөгүй. Гэрээн дээр 56 мкв амины орон сууц, гаражыг, террас 57,100,000 төгрөгний гэрээ хийсэн. Барилгын явцад зураг өөрчлөгдөөд 2 давхар болгохоор барилгын ажил үргэлжлээд явсан. Энэ хугацаанд анх гэрээгээр тохиролцсон ажлаа хийсэн бол хугацаандаа дуусах байсан. Гэтэл захиалагчийн зүгээс санал тавиад бие биеэндээ итгээд 2 давхар болгоод барилгаа цааш үргэлжлүүлье гээд схем зураг хийсэн. Нэмэлт зардлуудыг төлнө гэж тухайн үед захиалагч надад хэлээд 2 давхар болгохоор болсон. Энэ бол гэрээн дээр гараж, сууц, террас тус тусдаа үнэтэй байгаа. Байшин 56, гараж 54мкв, гараж бол хүн амьдрах нөхцөлгүй, гэрээнд заасан материал өөрчлөгдөөд дам нуруу 7*5 палкаар дам нурууг хийнэ гээд заасан. Ингэж явж байгаад хүйтний улирал 11 сарын эх болсон тухайн газарт цас их ордог. Тухайн үед захиалагч, манай ажилтантай таарамжгүй харилцаа бий болоод муудалцсан юм билээ би байгаагүй. Би захиалагчтай муудалцсан зүйл байхгүй. Дөнгөж 1 сар гарахад намайг эрэн сурвалжлаад шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Гаражаар ашиглах боломжгүй сууцаар ашиглах боломжтой байхад яагаад хохирол, мөн зөрүү мөнгө 10,000,000 төгрөг гаргуулах гээд байгааг би ойлгохгүй байна. Нөхцөл байдлыг дээрдүүлж ашиглах боломжтой байхад яагаад хохирол гээд байгаа юм бэ. Би энэ ажлаа үнэлүүлэхэд 3 шинжээч томилуулахад дандаа өөр, тоо, материалын зөрүүтэй дүгнэлтүүд гарч ирсэн. Тэгээд өөрөө тооцоо гаргаж өгсөн. Тооцоо гаргахдаа шинжээчүүдийн дүгнэлт дээр дурьдсан нийтлэг материалуудыг аваад нэгж үнэ, орсон материалын орц, норм зэргийн тооцоог суурийн ажлаас эхлээд бетон арматурын тоог нь гаргахдаа багана, дам нуруу гэх мэт байдлаар гаргачихсан байсан. Иймээс эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дам нурууны тоо хэмжээг 2ш гэж байсан би дэлгэрэнгүй байдлаар гаргаж өгсөн. /Суурь зураг харуулж тайлбар хэлэх гэж зурсан юм/ Захиалагч хэрэгт зургуудыг нарийн сайн дарсан байсан. Тэр зүйлсийг бүгдийг нь орхиод биччихсэн хавтаст хэргийн 135 хуудсанд байгаа. Заримыг нь үнэлгээнд оруулаагүй байна. Энэ мэтчилэн илүү шилжүүлсэн гээд байгаа 10,000,000 төгрөг чинь илүү биш ээ, бүх материалын тооцоог гаргаад өгсөн. Хугацаа алдсан гээд байна. Байшингаа анх тохиролцсоноосоо өөрчлөх гээд байсан учраас барилгын ажил удааширсан. Үүнтэй холбогдуулаад байшин барих хугацаа хойшоо сунасан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна... гэв.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-3 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4 дүгээр тал/

Итгэмжлэл /хэргийн 5-6 дугаар тал/

Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хэргийн 7-8, 204-205 дугаар тал/

Ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт /хэргийн 9-19 дүгээр тал/

А.*******ийн банкны дансны хуулга, орлогын ордер /хэргийн 20-27, 193-203 дугаар тал/

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Цагдаагийн хэлтсийн албан бичиг, Засаг даргын тодорхойлолт, Д.*******ын иргэний үнэмлэх, Орун капитал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 28-33 дугаар тал/

Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хэргийн 34 дүгээр тал/

Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /хэргийн 190-192 дугаар тал/ нотлох баримтууд

 

5. Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн

хариу тайлбар /хэргийн 83, 206 дугаар тал/

Орун капитал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 102 дугаар тал/

Барилгын ажил гүйцэтгэлийн тооцоо /хэргийн 207-210 дугаар тал/ нотлох баримтууд

 

6. Шүүхээс

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлт /хэргийн 112-143 дугаар тал/

Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 154-182 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, үүргээ гүйцэтгэхийг 2019 оны 11 сарын 06-ны өдөр сануулан шаардахад хүлээн аваагүй, тэр өдрөөс хойш холбоо бариагүй, барилгын ажлыг дутуу гүйцэтгэж орхиж явсан тул ажлын хөлсөнд илүү шилжүүлсэн 10 10 958 543 төгрөг, дутуу барилгын өөр этгээдээр бариулахад гарсан зардал хохирол 25 109 794 төгрөг, гэрээний үүргээ хугацаа хэтрүүлсэн хариуцлага 7 215 943 төгрөг нийт 43 284 280 төгрөг нэхэмжилнэ... гэж тайлбарласныг,

 

3. хариуцагч эс зөвшөөрч ...бүх материалуудын тооцоог гаргаад өгсөн илүү шилжүүлсэн гэх мөнгө байхгүй, байшингаа анх тохиролцсоноосоо өөрчлөх гээд байсан учраас барилгын ажил удааширсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. 2019 оны 09 сарын 17-ны өдөр нэхэмжлэгч А.******* хариуцагч Орун капитал ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг, 19 хороо, Майхан толгой 1, Шар хоолойн аманд байрлалтай, өөрийн эзэмшлийн газарт хариуцагчаар доод давхартаа 2 машины гаражтай, 56м2 амины орон сууцыг 20 м2 террастай бариулах, нийт ажлын хөлс 57 100 000 төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. \хэргийн 9-19, 206, 219 дүгээр тал\

6. Энэ нь зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

7. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

8. Гэрээ болон хуулийн дагуу нэхэмжлэгч гэрээний 2-т тохиролцсон хуваарийн дагуу ажлын хөлс төлөх, хариуцагч 45 хоногийн хугацаанд гараж болон террас бүхий 56м2 талбайтай амины орон сууц барилгын түлхүүрийг гардуулан өгөх үүрэгтэй.

9. Нэхэмжлэгч хариуцагчид ажлын хөлсний 85 хувь нийт 48 450 000 төгрөг төлж гэрээний үүргээ биелүүлсэн нь банкны дансны хуулга баримтуудаар тогтоогдож байна. \хэргийн 20-26 дугаар тал\

10. Хариуцагч дээрх ажлын хөлсийг хүлээн авсан ба ажлын үр дүн буюу барилгын ажлыг бүрэн гүйцэтгэн дуусгаж түлхүүрийг гардуулан өгөөгүй байна.

11. Мөн нэхэмжлэгч гуравдагч этгээдээр тухайн дутуу гүйцэтгэсэн барилгын ажлыг хийж гүйцэтгүүлжээ.

12. Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

13. Нэхэмжлэгч ажлын хөлс төлөх гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн тул хариуцагчаас гэрээний хугацаанд үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй, 2019 оны 11 сарын 06-ны өдөр нэхэмжлэгч хариуцагчид үүргээ гүйцэтгэхийг сануулсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч тал өөрийн санаачилгаар гэрээнээс татгалзаж, гэрээг цуцалж, хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлсөнд илүү шилжүүлсэн 10 958 543 төгрөг, гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн алданги 7 215 943 төгрөг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 25 109 794 төгрөг, нийт 43 284 280 төгрөг гаргуулахаар шаардсан.

14. Хариуцагч гэрээ цуцлагдсан явдалд буруугүй талаар маргаагүй, харин гүйцэтгэсэн ажлын чанар, хэмжээний талаар маргаж байна.

15. Тодруулбал хариуцагч барилгын ажлын 80 хувь буюу гадна фасад бүрэн дууссан, цонх суулгасан, гадна талбай тэгшлэгдсэн, бохир усны цэвэрлэх байгууламж бүрэн угсарсан, 1,2 давхарт засал хийхэд бэлэн болсон, нийт 61 489 500 төгрөгийн хөлс бүхий ажил гүйцэтгэсэн гэжээ./хэргийн 207 дугаар тал/

16. Хариуцагчийн тайлбар татгалзал шинжээчийн дүгнэлт баримтаар үгүйсгэгдэж байгаа ба гүйцэтгэсэн ажлын хэмжээ хөлс, материалын зардалтай холбоотой ямар нэг баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрийн тайлбар татгалзлаа нотлоогүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

17. Хариуцагч гэрээний дагуу нийт 37 491 457 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь шинжээч Вендо ХХК-ийн дүгнэлт баримтаар тогтоогдож байна. \хэргийн 154-185 дугаар тал\

18. Нэхэмжлэгч хариуцагчийн дутуу гүйцэтгэсэн ажлыг иргэн Г.Нямрагчаагаар нийт 31 600 000 төгрөгийн хөлстэй гүйцэтгүүлэхээр тохиролцсон нь 2020 оны 06 сарын 07-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ баримтаар тогтоогдож байгаа, ажлын хөлсөнд нийт 11 600 000 төгрөг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн ХХБ-ны дансны хуулга баримтаар тогтоогдож байна. \хэргийн 192- 203, 249 дүгээр тал\

19. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6, 232.7, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагч Орун капитал ХХК-аас нийт 29 774 471 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 509 809 төгрөгт холбогдох хэсгийг, мөн хариуцагч Д.*******ад холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

20. Мөнгөн төлбөрийн үүргийг дараах байдлаар тооцов.

Нэхэмжлэгч ажлын хөлсөнд 48 450 000 төгрөг шилжүүлсэн.

2021 оны 02 сарын 21-нй өдрийн шинжээч Вендо ХХК-ийн дүгнэлтээр хариуцагчийн гүйцэтгэсэн аэжлын хэмжээ хөлсийг 37 491 457 төгрөг гэж тогтоосон.

-48 450 000 37 491 457 = 10 958 543 төгрөг. Ажлын хөлс илүү шилжүүлсэн.

-10 958 545 х 0.2 хувь алданги = 39 217 төгрөг нэг өдрийн алданги,

-184 хугацаа хэтрүүлсэн хоног х 39 217 = 7 215 928 төгрөг.

-Барилгын ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхэд гарсан зардал хохирол баримтаар тогтоогдсон 11.600 000 төгрөг нийт 10 958 543 + 7 215 928 + 11600 000 төгрөг = 29 774 471 төгрөг болно.

21. Хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрхтэй тул 2019 оны 11 сарын 01-ний өдрөөс хойш 2020 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл 184 хоногийн хугацааны алданги 7 215 928 төгрөг шаардах эрх үүссэн тул алданги шаардах эрхтэй гэж үзсэн болно.

22. Хариуцагч Д.*******, нэхэмжлэгч А.******* нарын хооронд ямар нэг үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй тул түүнээс хохирол төлбөр шаардах эрх үүсээгүй тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

23. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 374 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 306 822 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, шинжээчийн зардал 500 000 төгрөгийг гаргуулан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгохоор тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагч Орун капитал ХХК-аас нийт 29 774 471 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13 509 809 төгрөгт холбогдох хэсгийг, мөн хариуцагч Д.*******ад холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 374 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 306 822 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, шинжээчийн зардал 500 000 төгрөгийг гаргуулан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.

 

3. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2020 оны 6 сарын 12-ны өдрийн 102/ШЗ2020/09316 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах тухай захирамж хүчингүй болохыг дурьдсугай

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ