Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01493

 

 

А.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/02337 дугаар ший

двэртэй А.Сийн нэхэмжлэлтэй, ОК ХХК, Д.О нарт холбогдох хохирол 25,109,794 төгрөг гаргуулах, илүү шилжүүлсэн 10,958,543 төгрөг, алданги 7,215,943 төгрөг нийт43,284,280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунболд, О.Мөнхболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: А.С нь ОК ХХК-ийн захирал Д.Отай уулзаж, тус компаниар амины орон сууц бариулахаар тохиролцон 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус өдрөөсөө эхлэн 45 хоногийн дотор ажлыг хийж дуусгахаар тохиролцсон.

Гэрээний 2.2-т зааснаар гэрээний үнийн дүнгийн 60 хувийг төлөх ёстой байсан боловч А.С нь 85 хувь болох 48,450,000 төгрөгийг хариуцагч Д.Оын данс руу шилжүүлж, ажлаа хийх бүрэн боломжоор хангасан.

Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар хариуцагч тал ажил гүйцэтгээгүй, ажлаа үлдээгээд ор сураггүй алга болсон байсан. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хийсэн ажлыг үнэлүүлэхэд 17,206,430 төгрөг болсон. Шүүхээс дахин шинжээч томилж шинжээчийн дүгнэлтээр шууд зардал 37,401,457 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн 48,450,000 төгрөгөөс хасаад 10,958,543 төгрөгийг илүү төлсөн.

Үлдсэн ажлыг н.Нямрагчаа гэх хүнээр хийлгэж, гэрээнд заасан зураг төслийн дагуу барилгын доор гарааш байрлах ёстой байтал даацыг нь багасгаад, дам нурууг нь багасгасны улмаас байшин хотолздог болсон. Иймд ачаалал авах байдлаа багасгах зорилгоор доод давхартаа амьдрахаар болгож даацаа тэнцүү хуваарилсан. Улмаар гараашийг байшингийн хажууд гаргаж барихаад илүү зардал гаргасан.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн 57,100,000 төгрөгнөөс хариуцагчийн гүйцэтгэлийн 37,401,457 төгрөгийг хасаж, 19,698,543 төгрөгийг хариуцагч нарын гүйцэтгээгүй үнийн дүн гэж тодорхойлсон.

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр буюу шүүхэд анх нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл 184 хоногт гэрээнд заасан 0,2 хувийн алданги тооцоход өдрийн алданги нь 39,000 төгрөг орчим болно. Ингээд нийт алданги нь 7,215,943 төгрөг болсон.

Иймд хариуцагчаас нийт 43,284,280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга: Гэрээг анх аман байдлаар тохиролцоод ажил эхлээд явж байх хугацаандаа схем зураг хийж өөрчлөгдсөн. Гэрээгээр 56 м.кв амины орон сууц, гарааш болон террасыг 57,100,000 төгрөгийн үэнээр барихаар тохиролцсон.

Анх гэрээгээр тохиролцсон ажлаа хийсэн бол хугацаандаа дуусах байсан. Гэтэл захиалагчийн зүгээс санал тавьсаэ тул барилгын явцад зураг өөрчлөгдөөд 2 давхар болгож, схем зураг хийсэн. Тухайн үед нэмэлт зардлуудыг төлнө гэж захиалагч надад хэлээд 2 давхар болгохоор болсон. Байшингаа анх тохиролцсоноосоо өөрчилсөн тул барилгын ажил удааширсан тул алданги шаардсаныг зөвшөөрөхгүй.

Хариуцагч тал байшингийн 1 давхрыг гараашаар ашиглах боломжгүй сууцаар ашиглах боломжтой барьсан байхад хохирол, мөн зөрүү мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

Барилгын ажлыг 3 удаа шинжээчээр үнэлүүлэхэд тоо, материалын зөрүүтэй дүгнэлтүүд гарсан тул шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний гаргаж өгсөн материалын жагсаалт хэргийн 135 дахь талд авагдсан.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэлтэй тул хариуцагч ОК ХХК-аас нийт 29,774,471 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,509,809 төгрөгт холбогдох хэсгийг, мөн хариуцагч Д.Оад холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 374,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 306,822 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, шинжээчийн зардал 500,000 төгрөгийг гаргуулан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож, энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 12-ны өдрийн 102/ШЗ2020/09316 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах тухай захирамж хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.а.Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан бодит байдлыг бүрэн судлаагүй, барилгад хэрэглэсэн материалын нэр төрөл, тоо хэмжээг нарийвчлан тогтоогоогүй, газар дээр нь үзлэг хийгээгүй, талуудыг байлцуулж тэмдэглэл хөтөлж гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Тайлангаар 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлыг тогтоох байтал 2017 оны 07 дугаар сарын 04-ний байдлыг тогтоосон. Барилгад ороогүй материалыг бичсэн, барилгад хэрэглэсэн материалын орц, хэмжээ, үнэлгээг хэт багаар үнэлсэн шүүх бодит байдлыг тал бүрээс нь тогтоогоогүй тул шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй тул илүү шилжүүлсэн гэх 10,958,553 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

5.б.Гэрээнд байхгүй ажлыг нэмж хийснийг хохирол гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь гараашийн зориулалттай 1 давхрын талбайг орон сууцаар ашиглахаар болж нэмж дулаалга, угсралт зэрэг бүтээцийн өөрчлөлт хийхгүйгээр шууд сууц болгон ашиглахад давуу байдал олгосон байтал гадна талд нь өөрсдөө нэмж гарааш барьсныгаа хохирсон гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд 11,600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

5.в.Алданги 7,215,928 төгрөг тогтоосон нь үндэслэлгүй. Учир нь талууд ажлын явцад харилцан тохиролцож гадна фасадны материал солигдож хөөсөнцөр фасад байсныг солихтой холбогдуулан материалын зардал, ажлын хөлс нэмэгдсэн. Нэмэгдэл зардлыг захиалагч тал төлөхөөр амаар тохиролцож фасадны ажлыг бүрэн дуусгасан. Хугацаа сунгаж ажилласны улмаас цаг агаарын байдал хүйтэрч ажлаа зогсоож, хавар үргэлжлүүлэн хийхээр тохиролцсон атлаа алданги шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд Вендо ХХК-ийн дүгнэлтийг хүчингүй болгож, шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбар: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А.С нь хариуцагч ОК ХХК, Д.О нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт илүү төлсөн 10,958,543 төгрөг, хохирол 25,109,794 төгрөг, алданги 7,215,943 төгрөг нийт 43,284,280 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч ОК ХХК нь 56 м.кв талбайтай амины орон сууцыг 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлс 57,100,000 төгрөгийг 4 үе шаттайгаар төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 9-19 дэх тал/

 

3.а. Анхан шатын шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

3.б. Дээрх ажил гүйцэтгэх гэрээ 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цуцлагдсан байх ба энэ талаар талууд маргахгүй байна. Харин хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээ болон гүйцэтгэсэн ажлын догодлоос нэмэлт ажил гүйцэтгэсэн эсэх, уг ажилтай холбоотой илүү зардал гарсан эсэх дээр маргаж байна.

 

4. Нэхэмжлэгч А.С нь хариуцагч ОК ХХК-д ажлын хөлс 48,450,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 20-26/

 

4.а.Шүүхээс томилсон Вендо ХХК-ийн дүгнэлтээр хариуцагч ОК ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын шууд зардлын дүнг 37,491,457 төгрөгөөр үнэлжээ. Уг дүгнэлтийг хариуцагч зөвшөөрөхгүй, барилгад ороогүй материалыг бичсэн, барилгад хэрэглэсэн материалын орц, хэмжээ, үнэлгээг хэт багаар үнэлсэн гэх тайлбар гаргасан боловч дахин шинжээч томиуулах хүсэлт гаргаагүй байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 160-182 дахь тал/

 

Хариуцагч тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд түүний энэ талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

 

Хариуцагч ОК ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

4.б.Нэхэмжлэгчийн хариуцагчид төлсөн 48,450,000 төгрөгөөс хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үнэлгээ болох 37,491,457 төгрөгийг хасаж тооцвол нэхэмжлэгч нь 10,958,543 төгрөгийн ажлын хөлсийг илүү шилжүүлсэн байна.

 

Хариуцагч ОК ХХК дээрх ажлыг бүрэн гүйцэтгэлгүй орхин явснаар талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар цуцлагдсан гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ОК ХХК-аас гүйцэтгээгүй ажлын төлбөр 10,958,543 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ст олгох нь зүйтэй.

 

5.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

 

5.а.Нэхэмжлэгч А.С нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгахад гарсан зардлыг шаардах эрхтэй боловч доголдол болон түүнийг арилгахад гарсан зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.

 

5.б.Хариуцагч ОК ХХК доголдолтой ажил гүйцэтгэсний улмаас нэхэмжлэгчид нэмэлт зардал үүссэн гэх шалтгаант холбоог эргэлзээгүй нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтүүдэд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг барилгын зургаас өөрчилж, гарааш барих гараашийн зориулалттай хэсгийг орон сууцны зориулалттай өрөө болгож өөрчилж нэмэлт буюу илүү зардал гарсан нь доголдолтой шууд холбоотой гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Энэ талаар уг шинжээчийн дүгнэлтэд тодорхой заагаагүй, шүүхээс томилогдсон зарим шинжээч энэ талаар дүгнэлт гаргахаас татгалзсан нөхцөл байдал байгаа тохиолдолд захиалагчийг ажил гүйцэтгэгчийг ажлын доголдол гаргасан гэдгийг эргэлзээгүй баримтаар нотолж чадсан гэж үзэхгүй.

 

5.в.Иймд нэхэмжлэгч А.Сийн бусад этгээдтэй гэрээ байгуулж барилгыг анхны зургаас өөр байдлаар буюу хажуу талд нь гарааш барих, өрөөний зориулалтыг өөрчлөх зэргээр хийсэн ажлын зардлыг ажил гүйцэтгэгчээс шаардах эрхгүй. Хариуцагчийн төлөөлөгчийн гарааш барьсны хохирол гаргуулсан нь үндэслэлгүй гэх гомдлыг хангана.

 

6. Мөн талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 5.1-д талууд үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар нөгөө талд алданги төлнө гэж заажээ. Уг заалтад заасан алдангийг төлөх үүрэг хариуцагч ОК ХХК, Д.О нарт үүссэн байна. Хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үүргээ гүйцэтгэх ёстой атал энэ хугацаанд үүргээ биелүүлж ажлыг хүлээлгэн өгснөө баримтаар нотлоогүй.

 

6.а.Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид шилжүүлсэн боловч ажлын үр дүн гараагүй хэсэгт хамаарах 10,958,543 төгрөгт хоногийн 0,2 хувийн алданги болох 21,917 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн 184 хоногоор тооцож 4,032,744 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулна. Хариуцагчийн төлөөлөгчийн алданги тогтоосон нь үндэслэлгүй гэх гомдлыг хангах боломжгүй.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн тал буюу хариуцагч ОК ХХК нь гэрээгээр тохиролцсон алдангийг нэхэмжлэгч А.Ст алданги төлөх үүрэгтэй.

 

7. Нэхэмжлэгч А.С нь хариуцагч Д.Отай гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар түүнд үүрэг үүссэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүх Д.Оад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагч ОК ХХК-аас гүйцэтгээгүй ажлын төлбөр 10,958,543 төгрөг, гэрээ цуцлах хүртэл үүссэн алданги 4,032,744 төгрөг нийт 14,991,287 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ст олгох нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2, 225 дугаар зүйлийн 225.2, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасанд нийцнэ.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2022/02200 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын ...29,744,471 гэснийг ...14,991,287 гэж, ...13,509,809 гэснийг ...28,292,993 гэж,

2 дахь заалтын ...306,822 гэснийг ...232,906 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ОК ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,823 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ