Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2014/0271/з |
Дугаар | 221/MA2017/0185 |
Огноо | 2017-03-09 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 221/MA2017/0185
2017 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 221/МА2017/0185 | Улаанбаатар хот |
Н.Дайриймаа, “Шинэст” ХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Н.Дайриймаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баянзул, нэхэмжлэгч “Шинэст” ХК-ийн захирал Д.Бахдамдэмбэрэл, гуравдагч этгээд “Эрэл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 991 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Н.Дайриймаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч “Шинэст” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Н.Дайриймаа, “Шинэст” ХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 991 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Дайриймаа, “Шинэст” ХК-ийн “Нийслэлийн улсын бүртгэлийн газраас “Эрэл” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000293923 дугаарын гэрчилгээгээр олгосон 2.94 км талбайтай, төмөр замын зориулалттай, 12 салаа төмөр замын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газарт олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.Дайриймаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.
1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-13.5.8-д мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгүүдийг тодорхой заажээ. Нотлох баримтаар авагдсан “Эрэл” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн мэдүүлэг, албан тоот, Нийслэлийн өмч хувьчлалын комиссоос олгосон 1994 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 407 тоот өмчлөгчийн эрхийн гэрчилгээ, дуудлага худалдаа явуулсан тухай протокол, хүлээлгэн өгсөн акт, ЭЗГХХЯ-ны харьяа Комплекс импорт хангамжийн нэгдлийн 1991 оны 2/421 тоот Үндсэн хөрөнгийн үнэлгээний тухай албан бичиг, БУК-1-ийн объектуудын жагсаалт, УБ хотын байшин үйлдвэрлэх 1 комбинатыг 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн дуудлага худалдаагаар авсан “Эрэл” компанид хүлээлгэн өгсөн акт, хавсралтын хамт, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1996 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 90 тоот тодорхойлолт, “Эрэл” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсийн 2013 оны 3\2161 тоот албан бичиг, байршлын схем, 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 2864 тоот шинжээчийн дүгнэлт, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 359 дүгээр тогтоол, Давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 237 дугаар магадлал, түүнчлэн план болон фото зураг зэргийг үндэслэн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029538 дугаарт бүртгэж, 000293923 тоот гэрчилгээ олгожээ. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагчийн зүгээс мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй зэрэгцээ “Эрэл” ХХК хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгүүдийг хавсаргасан байх тул хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм” гэж дүгнэжээ.
Шүүхээс дээрх дүгнэлтийг хийхдээ иргэн Н.Дайриймаагийн эзэмшлийн хашаа руу ороход зориулсан 11 дүгээр салаа төмөр замуудын доорх газар эзэмших гэрчилгээ болон гэрээ байхгүй байхад бүртгэсэн болох нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2016А/145 дугаар Шинжээчийн дүгнэлтээр “Эрэл” ХХК-ийн гэх 12 салаа төмөр замын 11 дүгээр салаа төмөр замын доорх газар нь бүхэлдээ болон хэсэгчлэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад олгогдсон газар /Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн газартай/-т хамаарахгүй” гэсэн дүгнэлт болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байдаг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4-д заасан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар”-ыг хавсаргаагүй байхад бүртгэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” гэснийг тус тус зөрчиж бүртгэсэн гэж үзэж байна.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтээр “Эрэл” ХХК нь 11 дүгээр салаа төмөр замын доорх газрыг эзэмшиж, ашиглаж байгаагүй бөгөөд өөрийн хувьчилж авсан 1,2,3,4,5,6,7-р салбар төмөр замд хамаарах газар эзэмшлийн гэрээ, гэрчилгээний хуулбар, сүүлд нэмж авсан газрын гэрчилгээ, гэрээ болон кадастрын зургаа ашиглах дээр замд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байдаг.
“Эрэл” ХХК нь 1-7 дугаар замын доорх газар эзэмших эрхийн гэрчилгээг ашиглан огт газар эзэмших гэрээ, гэрчилгээ байхгүй 10-12 дугаар замуудад бүхэлд нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан болохыг нотолсон байна. Энэ хууль бус үйлдлийг улсын бүртгэгч нягталж шалгалгүй гэрчилгээ гаргасан нь илт хууль бус үйлдэл болсон бөгөөд шүүх зөвтгөсөн нь үндэслэлгүй юм.
2. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нийслэлийн өмч хувьчлалын
комиссоос зарласан Байшин үйлдвэрлэх “Гурван нуур” улсын үйлдвэрийн газрын
хөрөнгийн дуудлага худалдаанд “Эрэл” ХХК нь 1994 оны 6 дугаар сарын 17-ны өдөр
оролцож 570.000.000 төгрөгөөр Байшин үйлдвэрлэх I комбинатыг худалдан авч,
Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 407 тоот өмчлөгчийн эрхийн гэрчилгээг авчээ. Тухайн үед мөрдөгдөж байсан Иргэний хуулийн /1963 оны/...гэж заасан байна. Иймд “Эрэл” ХХК нь 1994 онд дуудлага худалдаагаар төрийн өмчийг хувьчилж авснаар тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1963 оны Иргэний хуулийн дагуу түүний дэвсгэр газрыг “Эрэл” ХХК эзэмших, ашиглах эрхтэй болжээ гэж шүүх дүгнэлээ” гэжээ.
“Эрэл” ХХК нь Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дуудлага худалдаагаар Байшин үйлдвэрлэх комбинат буюу “Гурван нуур” компанийн өмчид хамаарах 1 ширхэг 2.94 км урт төмөр замыг хувьчилж авсан байдаг. Харин “Анар” нэртэй 11 дүгээр салаа зам нь “Барилга иж бүрдэл” /БИБ/ компанийн эд хөрөнгө байсан бөгөөд БИБ-ээс “Эрэл” ХХК ямар ч эд хөрөнгө хувьчилж аваагүй болно. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нийслэлийн өмч хувьчлалын баримтуудаар хангалттай тогтоогддог. Иймд “Эрэл” ХХК нь дуудлага худалдаагаар авсан 2.94 км урт төмөр замын хувьд өмчлөгч болно. Харин шүүхээс улсын бүртгэгчийн иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газар буюу хэний ч эзэмшил, ашиглалтад аваагүй газарт байрлах төмөр замд өмчлөх эрхийн гэрчилгээг “Эрэл” ХХК-д олгосныг Иргэний хуулийн буцаан хэрэглэж зөвтгөсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
3. Түүнчлэн шүүхээс “...Хэдийгээр нэхэмжлэгч Н.Дайриймаа, “Шинэст” ХХК нь “... “Эрэл” ХХК-д 12 салаа төмөр замын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газарт олгосон
хэсгийг илт хууль бус болохыг тогтоох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ч тухайн 12 салаа төмөр зам нь тус тусдаа үргэлжилсэн урттай бөгөөд бусдын эзэмшил
ашиглалтад олгогдоогүй газарт байрласан төмөр замыг “Эрэл” ХХК-д өмчлөх эрхийн
гэрчилгээ олгосныг буруу гэж үзэж тус 12 салаа төмөр замын уртыг энд тэнд нь хуваах, таслах хэлбэрээр бусдад өмчлүүлбэл гуравдагч этгээд өөрийн өмчлөлийн төмөр замыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох юм” хэмээн дүгнэсэн байна.
Нэхэмжлэгч Н.Дайриймаа нь 12 салаа төмөр замын уртыг энд тэнд нь хуваах, таслах хэлбэрээр зориулалтын дагуу ашиглах нөхцөл боломжийг алдагдуулах ямарч сонирхол байхгүй бөгөөд зөвхөн Нийслэлийн өмч хувьчлал, дуудлага худалдаа болон бусад хэлбэрээр “Эрэл” ХХК-ийн эзэмшил, ашиглалт, өмчлөлд шилжүүлэгдээгүй 12 салаа төмөр замын хэсэгт өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох юм.
Холбогдох хууль тогтоомжийн дагуу олгогдоогүй буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан “үнэн зөв, бодитой байх”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “улсын бүртгэл үнэн зөв байх” гэсэн зарчмууд алдагдаж байх бөгөөд хуурамч баримт бичигт /өмчлөх эрх зүйн үндэслэл байгаагүй/ үндэслэн хийсэн гэж үзэхээр байна. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” гэсэн заалтуудыг зөрчиж “Эрэл” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000293923 дугаарын гэрчилгээгээр олгосон 2.94 км талбайтай, төмөр замын зориулалттай, 12 салаа төмөр замын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газарт олгосон хэсгийг илт хууль бус акт гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 991 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Шинэст” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.
Шүүхээс дээрх дүгнэлтийг хийхдээ “Шинэст” ХК-ийн өөрийн хөрөнгөөр барьсан төмөр замыг тасалж, сэргээсэн “Эрэл” ХХК-ийн гэх 12 салаа төмөр замын 10, 12 дугаар салаа төмөр замын доорх газар нь бүхэлдээ болон хэсэгчлэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад олгогдсон газар /Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн газартай/-т хамаарахгүй” гэсэн дүгнэлт болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байдаг.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4-д заасан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар”-ыг хавсаргаагүй байхад бүртгэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” гэснийг тус тус зөрчиж бүртгэсэн гэж үзэж байна.
Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтээр “Эрэл” ХХК нь 11 дүгээр салаа төмөр замын доорх газрыг эзэмшиж, ашиглаж байгаагүй бөгөөд өөрийн хувьчилж авсан 1, 2, 3, 4, 5, 6, 7-р салбар төмөр замд хамаарах газар эзэмшлийн гэрээ, гэрчилгээний хуулбар, сүүлд нэмж авсан газрын гэрчилгээ, гэрээ болон кадастрын зургаа ашиглах дээр замд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан байдаг. “Эрэл” ХХК нь 1-7 дугаар замын доорх газар эзэмших эрхийн гэрчилгээг ашиглан огт газар эзэмших гэрээ, гэрчилгээ байхгүй 10-12 дугаар замуудад бүхэлд нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан болохыг нотолсон байна. Энэ хууль бус үйлдлийг улсын бүртгэгч нягталж шалгалгүй гэрчилгээ гаргасан нь илт хууль бус үйлдэл болсон бөгөөд шүүх зөвтгөсөн нь үндэслэлгүй юм.
Мөн “Эрэл” ХХК нь Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн дуудлага худалдаагаар Байшин үйлдвэрлэх комбинат буюу “Гурван нуур” компанийн өмчид хамаарах 1 ширхэг 2.94 км урт төмөр замыг хувьчилж авсан байдаг. Харин “Анар” нэртэй 11 дүгээр салаа зам нь “Барилга иж бүрдэл” /БИБ/ компанийн эд хөрөнгө байсан бөгөөд БИБ-ээс “Эрэл” ХХК ямар ч эд хөрөнгө хувьчилж аваагүй болно. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн өмч хувьчлалын баримтуудаар тогтоогддог. Иймд “Эрэл” ХХК нь дуудлага худалдаагаар авсан 2.94 км урт төмөр замын хувьд өмчлөгч болно. Харин шүүхээс улсын бүртгэгчийн иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газар буюу хэний ч эзэмшил, ашиглалтад аваагүй газарт байрлах төмөр замд өмчлөх эрхийн гэрчилгээг “Эрэл” ХХК-д олгосныг Иргэний хуулийн буцаан хэрэглэж зөвтгөсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Холбогдох хууль тогтоомжийн дагуу олгогдоогүй буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан “үнэн зөв, бодитой байх”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “улсын бүртгэл үнэн зөв байх” гэсэн зарчмууд алдагдаж байх бөгөөд хуурамч баримт бичигт /өмчлөх эрх зүйн үндэслэл байгаагүй/ үндэслэн хийсэн гэж үзэхээр байна. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” гэсэн заалтуудыг зөрчиж “Эрэл” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000293923 дугаарын гэрчилгээгээр олгосон, 2.94 км талбайтай, төмөр замын зориулалттай, 12 салаа төмөр замын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газарт олгосон хэсгийг илт хууль бус акт гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 991 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.Дайриймаа болон “Шинэст” ХК-иас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Нийслэлийн бүртгэлийн газраас “Эрэл” ХХК-д 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000293923 дугаар гэрчилгээ олгосон 2.94 м.кв талбайтай, төмөр замын зориулалттай 12 салаа төмөр замын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газар олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт Нийслэлийн өмч хувьчлалын комиссоос олгосон 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Өмчлөх эрх”-ийн 407 тоот гэрчилгээ, 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Дуудлага худалдаа явуулсан тухай” протокол, хүлээлгэн өгсөн акт, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны харьяа “Комплекс импорт хангамжийн нэгдэл”-ийн 1991 оны 2/421 тоот албан бичиг, БУК-1-ийн бүрэлдэхүүнд ордог объектуудын жагсаалт, 1991 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Улаанбаатар хотын барилга барих комбинат №1-ийг хүлээлгэн өгөх, хүлээн авах акт, 1994 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1994 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар тогтоол, Улаанбаатар хотын Байшин үйлдвэрлэх 1 комбинатыг дуудлага худалдаагаар худалдан авсан геологийн “Эрэл” компанид хүлээлгэн өгсөн актыг хавсралтын хамт, Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1996 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 90 дүгээр тогтоол, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд 199739 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр “Эрэл” ХХК-д олгосон газар эзэмших эрхийн 0231343 тоот гэрчилгээ, уг газрыг эзэмшихээр Нийслэлийн газрын албатай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, Хот байгуулалт, газрын кадастрын мэдээллийн хэлтсийн 2013 оны 3/2161 тоот албан бичиг, газрын байршлын схем зураг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2864 дүгээр шинжээчийн дүгнэлт, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 359 дүгээр тогтоол зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
Дээрх баримтуудын хамт “Эрэл” ХХК нь өөрийн өмчлөлийн гэх 2.94 м.кв талбайтай, 12 салаа төмөр замыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн мэдүүлгийг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон.
Уг мэдүүлэг, хавсаргасан баримтыг үндэслэн Нийслэлийн улсын бүртгэлийн газраас “Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хороололд байрлах 2.94 м.кв талбайтай, төмөр замын зориулалттай, 12 салаа төмөр замыг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029538 дугаарт бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000293923 дугаар гэрчилгээг “Эрэл” ХХК-д олгожээ.
Эдгээр үйл баримтаас үзэхэд “Эрэл” ХХК-ийн өмч болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хороололд байрлах 2.94 м.кв талбайтай, төмөр замын зориулалттай, 12 салаа төмөр замыг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029538 дугаарт бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000293923 дугаар гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр ...”, 13.5-13.10-д заасан “...дараахь баримт бичгийг хавсаргана...”, 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно”, 17.1-д “Энэ хуулийн 13.3-т зааснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх тус бүрийг эрхийн улсын бүртгэлд тусад нь бүртгэж хувийн хэрэг нээх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.
Тиймээс Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хороололд байрлах 2.94 м.кв талбайтай, төмөр замын зориулалттай, 12 салаа төмөр замыг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг “Эрэл” ХХК-д олгосон эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагын үйлдэл нь нэхэмжлэгч Н.Дайриймаа, “Шинэст” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Тодруулбал, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хороололд байрлах 2.94 м.кв талбайтай, төмөр замын зориулалттай, 12 салаа төмөр замыг гуравдагч этгээд “Эрэл” ХХК-ийн өмч биш гэж нэхэмжлэгч нар маргаагүй.
Харин нэхэмжлэгч нар нь “... 12 салаа төмөр замын 10, 11, 12 дугаар замуудын доорх газар нь бүхэлдээ иргэн, хуулийн этгээдийн газарт хамаарахгүй байгаа. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгэхээр зохицуулсан. Хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4, 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь хэсэгт зааснаар газар ашиглах эрхийг шалгах холбогдох баримтыг хавсаргасан байхыг шаардсан байна. Гэтэл улсын бүртгэгч нь иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газар буюу хэн ч эзэмшиж аваагүй газарт байрлах төмөр замд үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг “Эрэл” ХХК-д олгосон үйлдэл нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “улсын бүртгэл үнэн зөв байх” гэсэн зарчим алдагдаж байх бөгөөд хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн байна. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” гэсэн заалтыг зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ гаргажээ.
Тиймээс дээрх үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаар маргаан бүхий улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Учир нь “Эрэл” ХХК нь “2.94 м.кв талбайтай, төмөр замын зориулалттай, 12 салаа төмөр зам”-ыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан хавсаргавал зохих /2.94 м.кв талбайтай, төмөр замын зориулалттай, 12 салаа төмөр зам” нь “Эрэл” ХХК-ийн өмч болохыг нотолсон Нийслэлийн өмч хувьчлалын комиссын 1994 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар тогтоол, Улаанбаатар хотын Байшин үйлдвэрлэх 1 комбинатыг дуудлага худалдаагаар худалдан авсан геологийн “Эрэл” компанид хүлээлгэн өгсөн акт/ зэрэг баримтуудыг хавсаргасан, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гуравдагч этгээд “Эрэл” ХХК-ийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг хариуцагч татгалзах хуульд заасан үндэслэлгүй байсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон гэж үзлээ.
“Төмөр зам” гэж хөдлөх бүрэлдэхүүн буюу зүтгүүр, вагон, түүнчлэн төмөр замаар явдаг бусад техник хэрэгсэл зорчиход зориулан хос ган төмрийг буюу царигийг газартай холбож, тодорхой зурвас газар дээр зураглалын дагуу зохин бүтээгдэж барьсан байгууламжийг хэлэх бөгөөд уг царги нь газраас салмагц “төмөр зам” гэж тодорхойлох боломжгүй юм.
Тиймээс 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Эрэл” ХХК нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргахдаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлж байгаа “төмөр зам”-ын доорх газартай холбоотой баримтыг гаргаж өгөх, мөн уг баримтыг хавсаргаж ирүүлээгүй гэх үндэслэлээр хариуцагч татгалзах үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч нар “...12 салаа төмөр замыг доорх газрыг “Эрэл” ХХК нь ашиглах, эзэмших эрхтэй эсэхийг улсын бүртгэлийн байгууллага шалгах ёстой байсан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий бүртгэлийг хийхдээ хариуцагч газар эзэмших, ашиглах зөвшөөрлийг гуравдагч этгээд “Эрэл” ХХК-иас шаардаагүй нь нэхэмжлэгчийн субъектив эрхийг зөрчөөгүй болох нь хэргийн үйл баримтаар нотлогдож байгаа.
Харин хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр “Эрэл” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 12 салаа төмөр замын 11 дүгээр салаа төмөр замын тодорхой хэсэг нь нэхэмжлэгч Н.Дайриймаагийн хашаалсан гэх бетон хашааны, түүний өмчлөлийн гэх газрын 225 м.кв талбайтай давхацсан нь тогтоогдсон хэдий ч шүүх энэхүү асуудалд дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд энэхүү шинжээчийн дүгнэлттэй холбоотой маргааныг ерөнхий харьяаллын шүүхээр шийдвэрлүүлэх байна.
Нэгэнт дээрх дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хороололд байрлах 2.94 м.кв талбайтай, төмөр замын зориулалттай, 12 салаа төмөр замыг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206029538 дугаарт бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000293923 дугаар гэрчилгээг “Эрэл” ХХК-д олгосон эрхийн улсын бүртгэл болон гэрчилгээ нь хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэр, үйл ажиллагаа нь нэхэмжлэгч Н.Дайриймаа, “Шинэст” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Иймд анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 991 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Дайриймаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч “Шинэст” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Дайриймаа болон “Шинэст” ХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР