Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/02345

 

 

 

 

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/02345

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,  

 

хариуцагч: Х М ХХК холбогдох,

 

гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******

хариуцагчийг төлөөлж Г.*******

гэрч Ц.*******, П.*******, Д.******* нар оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.******* хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч И.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...нэхэмжпэгч И.******* нь хариуцагч байгууллагатай 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хадлан бэлдэх ажилд хамтран ажиллахаар 2 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээгээр талууд Дорнод аймгийн Халх голын сумын нутаг дэвсгэрт хариуцагчийн халдангийн талбайд нэхэмжпэгч тал өөрийн трактораар хариуцагчийн хадсан өвсыг боохоор, хариуцагч хөлс төлөхөөр харилцан тохиролцсон. Талууд гэрээний 4.5-д хадлангийн хэмжээ 30.000 боодлоос бага үед 3000 боодол өвс, хадлангийн хэмжээ 30.000 боодол тутамд 4500 боодол евс, хадлангийн хэмжээ 30.000 боодлоос дээш үед боодол тутмын 10%-иар тооцохоор тохиролсон. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд 25.000 боодол өвс боосон бөгөөд хариуцагч нь өнөөдрийг хүртэл хугацаанд ажлын хөлсийг төлөөгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 1 боодол өвсний үнэ дундаж нь 10.000 төгрөг байсан. Ажлын хөлс 3000 боодол өвсний 1 ширхэгийг 10.000 төгрөгөөр тооцвол 30.000.000 төгрөг. Хадлан бэлдэх ажилд Хамтран ажиллах гэрээний 3.3-т цалин хөлсийг хугацаандаа олгоогүй тохиолдолд хоногийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон. Ажлын хөлс 30.000.000 төгрөгийн 1 өдрийн алданги 0.5 хувиар тооцвол 1 өдрийн 150.000 төгрөг. 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл 365 хоногт тооцвол 54.750.000 төгрөг. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 232.4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй... хэмээн хуульчилсан. Иймд хариуцагчаас Хадлан бэлдэх хамтран ажиллах гэрээний үүрэгт 30.000.000 төгрөг, алданги 15.000.000 төгрөг нийт 45.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...... гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: ...2020 оны 09 сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээн дээр гарын үсэг зурсан байдаг. Ажлын хөлсийг 30,000 дээш-4500 өвс, 30,000 доош -3000 гэж ярьсан байдаг. Хийсэн өвсний үр дүнгийн хувьд энэ 26,000 боодол гэж ярих шиг боллоо. Энэ бол хэзээ ч үндэслэлгүй баримт ярьж байна. Миний дансаар хийсэн гүйлгээ гэвэл 13,500 боодол өвс боосон байдаг. 13,500 боодол өвсийг боохдоо хилийн цэргийн өвсийг боох ёстой байсан боловч тэр чигээр нь өмхийрүүлж орхисон. Гэрээн дээр Улаанбаатар хүргэж өгөх гээд тээвэрлэлттэй холбоотой нэг ч заалт байхгүй. Дорнод аймгийн Халх гол суманд өвсийг хийгээд нэхэмжлэгч талд хариуцуулж өгнө гэсэн гэрээ байсан болохоос биш Улаанбаатарт авчрах тээвэртэй гэрээ яриагүй. Өвсийг хадаад хүргэж өгөх зохицуулалт байхгүй. Нэхэмжлэл дэх 3000 боодол өвсөө өгөхийг л хүлээн зөвшөөрч байна. Гэрээгээр мөнгө төлөх зохицуулалт огт байхгүй. Өвсийг хүлээн зөвшөөрөхгүй юмаа гэхэд би 12,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, үлдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

 

4. Нэхэмжлэгч И.*******ийн ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 4 дүгээр тал/

Хадлан бэлдэх ажилд хамтран ажиллах гэрээ /хэргийн 5-7 дугаар тал/ нотлох баримтууд

 

5. Хариуцагчийн ирүүлсэн

Г.******* иргэний үнэмлэх /хэргийн 9 дүгээр тал/

Хариу тайлбар /хэргийн 13 дугаар тал/ нотлох баримтууд

******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 36 дугаар тал/

Г.*******ын Хаан банкны дансны хуулга /хэргийн 47-51 дүгээр тал/ нотлох баримтууд

 

6. Шүүхээс

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тайлан, гэрч, шинжээчид хууль сануулсан баримт, шинжээчийн ажлын хөлс нэхэмжлэх баримт /хэргийн 18-35, 52 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ...гэрээний хугацаанд нийт 25 000 боодол өвс боосон бөгөөд 3000 боодол өвсийг 1 ширхэгийг 10 000 төгрөгөөр тооцож 30 000 000 төгрөг, алданги 150 000 000 төгрөг нийт 45 000 000 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргасныг,

 

3. хариуцагч эс зөвшөөрч ... нэхэмжлэл дэх 3000 боодол өвсөө өгөхийг л хүлээн зөвшөөрч байна. Гэрээгээр мөнгө төлөх зохицуулалт огт байхгүй... гэж маргасан.

 

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. 2020 оны 09 сарын 01-ны өдөр нэхэмжлэгч Э.*******, хариуцагч ******* монголиан нэйчур ХХК нар харилцан тохирч, нэхэмжлэгч тал хариуцагчийн эзэмшлийн Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэр хадлангийн талбайд түүний хадсан өвсийг өөрийн трактороор боож бэлтгэх үүргийг гүйцэтгэх, хариуцагч тал ажлын хөлсийг нэхэмжлэгч 30 000 боодлоос бага өвс боосон бол 3000 боодол өвс, 30 000 боодолд тутамд 4500 боодол өвс, 30 000 дээш боодол өвс боосон тохиолдолд боодол тутмын 10хувиар тооцож боодол өвс төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ, зохигчдын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 5-7, 13 дугаар тал/

 

6. Энэ нь зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

7. Гэрээ байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

8. Гэрээ болон хуулийн дагуу нэхэмжлэгч хадсан өвсийг өөрийн трактороор боох ажлыг гүйцэтгэж хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч ажлын гүйцэтгэл үр дүнг хүлээн авч боосон өвсний хэмжээгээр тооцож нэхэмжлэгчид боодол өвс өгөх буюу ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээжээ.

 

9. Нэхэмжлэгч ...гэрээнд заасан хугацаанд 25.000 боодол өвс боосон бөгөөд хариуцагч нь өнөөдрийг хүртэл хугацаанд ажлын хөлсийг төлөөгүй байна... гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч ...3000 боодол өвсөө өгөхийг л хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбар гарган маргаж үгүйсгээгүй гэж үзнэ.

 

10. Хариуцагч 25 000 боодол өвс буюу ажлын үр дүнг хүлээн авсан боловч ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

11. 2022 оны 04 сарын 25-ны өдрийн Дугаар 198 шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтээр 2020 оны 11 сарын 01-ны өдрийн байдлаар 1 боодол өвсний дундаж үнэ цэнэ 10 000 төгрөг, хариуцагч нэхэмжлэгчид ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байгаа нь тус тус тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгчийн мөнгөн төлбөрийн үүрэг буюу 3000 боодол өвсийг 1 ширхэгийг 10 000 төгрөгөөр тооцож 30 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг нийт 45 000 000 төгрөг гаргуулах шаардах эрх нотлогдоогүй, хариуцагчийн ... гэрээгээр мөнгө төлөх зохицуулалт огт байхгүй... гэх тайлбар, татгалзал үндэслэлтэй гэж үзлээ.

 

12. Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээний 4.5-д хадлангийн хэмжээ 30 000 боодлоос бага үед 3000 боодол өвс, хадлангийн хэмжээ 30 000 боодол тутамд 4500 боодол өвс, хадлангийн хэмжээ 30 000 боодлоос дээш үед боодол тутмын 10 хувиар тооцож хариуцагч ажлын хөлсийг нэхэмжлэгчид төлөхөөр хэлэлцэн тохирсон нь гэрээ баримтаар тогтоогдож байна.

 

13. Энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д заасныг зөрчөөгүй, энэ талаар талууд маргаагүй.

 

14. Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон, гэрээний нөхцөл агуулга утгын хувьд ойлгомжтой тодорхой, нэг талд эргэлзээ төрүүлэхээргүй, шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар үүрэг гүйцэтгэх арга хэлбэр, журмаа шийдвэрлэж, гэрээг талууд хүлээн зөвшөөрч бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

15. Талуудын гэрээний дээрх тохиролцоогоор ажлын хөлс төлөх хариуцагчийн үүргийг гэрээгээр хэлэлцэн тохиролцсноос өөрөөр үүргийг солих, сонгох, боодол өвсийг мөнгөн дүнгээр тооцож ажлын хөлс төлөхөөр сонгох, өөрчилсөн, тохирсон ямар нэг үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч мөнгөн төлбөрийн үүрэг шаардах буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй.

 

16. Иймд нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч гэрээгээр хэлэлцэн тохирсноос өөр үүрэг буюу ажлын хөлсийг мөнгөн дүнгээр тооцож мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэхийг хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрх үүсээгүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчаас ажлын хөлс буюу гэрээний үүрэг нийт 45 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

18. 2022 оны 02 сарын 22-ны өдрийн дугаар 0123 нэхэмжлэгч Г.*******ээс Б.*******д олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 4 дүгээр тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс шинжээчийн зардал 100 000 төгрөг гаргуулан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ