Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01661

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01661

 

И.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/02345 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: И.Б

Хариуцагч: Б ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хадлан бэлдэх ажилд хамтран ажиллахаар 2 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээгээр талууд Дорнод аймгийн Халх голын сумын нутаг дэвсгэрт хариуцагчийн хадлангийн талбайд нэхэмжлэгч тал өөрийн трактораар хариуцагчийн хадсан өвсийг боохоор, хариуцагч хөлс төлөхөөр харилцан тохиролцсон. Талууд гэрээний 4.5-д хадлангийн хэмжээ 30,000 боодлоос бага үед 3000 боодол өвс, хадлангийн хэмжээ 30,000 боодол тутамд 4500 боодол өвс, хадлангийн хэмжээ 30,000 боодлоос дээш үед боодол тутмын 10 хувиар тооцохоор тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд 25,000 боодол өвс боосон бөгөөд хариуцагч нь өнөөдрийг хүртэл хугацаанд ажлын хөлсийг төлөөгүй. 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1 боодол өвсний үнэ дундаж нь 10,000 төгрөг байсан.

1.б. Ажлын хөлс 3000 боодол өвсний 1 ширхгийг 10,000 төгрөгөөр тооцвол 30,000,000 төгрөг. Хадлан бэлдэх ажилд Хамтран ажиллах гэрээ-ний 3.3-т цалин хөлсийг хугацаандаа олгоогүй тохиолдолд хоногийн 0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцсон. Ажлын хөлс 30,000,000 төгрөгийн 1 өдрийн алданги 0.5 хувиар тооцвол 1 өдрийн 150,000 төгрөг. 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл 365 хоногт тооцвол 54,750,000 төгрөг. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алданги 15,000,000 төгрөг, хадлан бэлдэх хамтран ажиллах гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.а. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ажлын хөлсийг 30,000 дээш -4500 өвс, 30,000 доош -3000 гэж тохиролцсон. Нэхэмжлэгч тал 26,000 боодол гэж тайлбарласныг эс зөвшөөрч байна. 13,500 боодол өвс боосон бөгөөд өвсийг боохдоо хилийн цэргийн өвсийг боох ёстой байсан боловч тэр чигээр нь өмхийрүүлж орхисон. Гэрээнд тээвэрлэлттэй холбоотой заалт байхгүй. Дорнод аймгийн Халх гол суманд өвс хийж нэхэмжлэгч талд хариуцуулж өгөх байсан. Нэхэмжлэлд 3000 боодол өвс өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээгээр мөнгө төлөх зохицуулалт байхгүй. Өвс авахгүй гэвэл 12,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, үлдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 382,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс шинжээчийн зардал 100,000 төгрөг гаргуулан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.а. Хариуцагч нь 12,000,000 төгрөг төлнө гэж тайлбарладаг. 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 198 дугаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтээр 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 1 боодол өвсний дундаж үнэ цэнэ 10,000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон. Харин хариуцагч нь 1 боодол өвс 3000 төгрөгийн үнэтэй болохоо баримтаар нотлоогүй.

4.б. Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Хадлан бэлдэх ажилд хамтран ажиллах гэрээ-ний 3.3-т алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй учир нийт үнийн дүнгээс алдангийг тооцсон. Гэтэл шүүх нэхэмжлэгч мөнгөн төлбөрийн үүрэг буюу 45,000,000 төгрөг гаргуулах шаардах эрх нотлогдоогүй байна гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

4.в. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь ажлын хөлсөндөө өвсөө шаардах эрх нь хууль зүйн хүчин төгөлдөр боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай арга, хэрэгсэлгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэгдэхгүйд хүрэх учир 1 боодол өвсийг тухайн цаг үеийн зах зээлийн дундаж хангаар тооцож шаардах эрх хэрэгжүүлэх ёстой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч И.Б нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 45,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 12,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хадлан бэлдэх ажилд хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшлийн Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэр дэх хадлангийн талбайд түүний хадсан өвсийг өөрийн трактороор боож бэлтгэх үүргийг гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлсийг нэхэмжлэгч 30,000 боодлоос бага өвс боосон бол 3000 боодол өвс, 30,000 боодол тутамд 4500 боодол өвс, 30 000 дээш боодол өвс боосон тохиолдолд боодол тутмын 10 хувиар тооцож боодол өвс өгөхөөр харилцан тохиролцсон, талууд энэ талаар маргаангүй байна. /хх 5-7/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Дээрх гэрээний зүйл, шинж, талуудын эрх үүрэг, төлбөр төлөх нөхцөл зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

4.а. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэр дэх хадлангийн талбайд түүний хадсан өвсийг өөрийн трактороор боож бэлтгэх, хариуцагч нь хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс тодорхой хэсгийг нэхэмжлэгчид хуваарилахаар харилцан тохиролцсон байна.

4.б. Талуудын хамтын үйл ажиллагаанд 25,000 боодол өвс боосон, ашиг болох боодол өвсийг төгрөгөөр тооцон хуваарилах талаар харилцан тохиролцсон гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хичнээн хэмжээний боодол өвсийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, уг боодол өвсийг зах зээлд худалдан борлуулах боломжтой байсан эсэх, чанарын шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь ...12,000,000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарлажээ. /хх.56/ Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотолсон баримтыг гаргаагүй боловч хариуцагч нэхэмжлэлээс зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, талуудын хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон тул Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрсөн хэмжээнд 12,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох өөрчлөлт оруулна.

6. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний цаг хугацаанд ковид-19 цар тахалтай холбоотойгоор хот хооронд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож хөл хорио тогтоосон нь нийтэд илэрхий үйл баримт. Хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйд цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/02345 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 12,000,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч И.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын олгосугай. гэснийг олгож, хариуцагчаас 206,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 382,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН