Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/02447

 

 

 

 

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/02447

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Шнэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Н ХХК холбогдох,

 

19 791 872 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч С.*******

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.*******

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нар оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 19 791 872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...энэ саналыг тавьсан 7 хоногийн дараа тендэрт ялсан баримтаа авч ирж үзүүлье гэж хэлсэн. Тамгатай албан бичгийг харуулсан. Надад ийм мөнгө байгаагүй учраас боломж гаргаад зээл өгөхийг бодъё гэсэн. *******, ******* бид 3 хамт байхдаа байраа барьцаалж 50,000,000 төгрөгийг барьцаалж авч өөрөөсөө 10,000,000 төгрөг гаргаад 60,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн. Тэр үедээ итгэж байсан ч сүүлдээ утсаа авахаа больсон. Миний шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг данснаасаа аваад компани болон хувийн хэрэгцээндээ ашигласан. Өгнө гэсээр намайг чирэгдүүлсэн, яваад заргалдаарай гэж гэрээсээ хөөсөн. Цагдаа дуудна гэж заналхийлсэн. 2020.11.25 цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгээд заргалдсан. 2021.01.20 ний өдөр 60,000,000 төгрөгийг буцааж миний дансанд шилжүүлж өгсөн. ХЗХ-ны хүү 19,000,000 төгрөгийг өгөлгүй алга болсон. Нийтдээ 19,791,781 төгрөгийг би ХЗХ-нд төлсөн. Тендэрт шалгараагүй бол миний 60,000,000 төгрөгийг өгчихсөн бол зээлийг ашигласан 920,540 төгрөгийг төлөөд бүх зээлээ хаагаад би ийм алдагдал хүлээхгүй байх байсан. Хүүгийн төлбөрт унахаас гадна зээл авсан компанийнхаа өмнө итгэлгүй болсон. Тендерийн баталгааг буцааж өгөөгүйгээс болж орон сууцаа алдах нөхцөлд хүрсэн. Иймд хариуцагчаас 19,791,781 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ...манай компанийн хувьд С.*******ид учруулсан 60,0 сая төгрөгийн асуудлыг өмнө нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлүүлж, шүүхийн шийдвэр гарахаас 10 сар гаруйн өмнө 60,0 сая төгрөгийг С.*******ийн дансанд бүрэн шилжүүлж дууссанаар нэхэмжлэгч хариуцагч бидний хооронд зээлийн гэрээ, түүний хүү болон өөр төлөх төлбөр үлдэгдэлгүй гэж шүүхийн шийтгэх тогтоолд тусгасан. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандаж миний зүгээс хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт өгсөн ба тухайн үед С.******* нь хохирол гомдолгүй, хохирлоо бүрэн авсан гэдгээ илэрхийлсэн тул шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд хохирогч нь давж заалдах журмаар гомдол гаргаагүй болно. Хэрэв нэхэмжлэгч С.******* нь тухайн үед хохиролтой, гомдолтой байсан бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байсан юм. Иймд өмнө нь нэхэмжлэгчийн одоо гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагатай аливаа асуудлын талаар Эрүүгийн журмаар нэгэнт шийдвэрлэж шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч С.*******ийн 19 791 781 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-4 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 5 дугаар тал/

С.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 6 дугаар тал/

Эмпили хоршоо зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хэргийн 8, 16 дугаар тал/

Зээлийн болон барьцааны гэрээ /хэргийн 9-10, 17-19 дүгээр тал/

Орлогын мэдүүлэг /хэргийн 11 дүгээр тал/

МУ-ын Сангийн яамны Гомдол хянасан тухай албан бичиг /хэргийн 12 дугаар тал/

******* *******н ХК-ийн Мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 13 дугаар тал/

******* ХХК-ийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 14-15 дугаар тал/

С.*******ийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст гаргасан өргөдөл /хэргийн 20-22, 25-28, 76-78 дугаар тал/

Хаан банкны орлогын мэдүүлэг /хэргийн 23 дугаар тал/

2021.03.25-ны өдрийн 12/504 тоот *******-******* ХК-ийн албан бичиг /хэргийн 24 дүгээр тал/

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хэргийн 29-31 дүгээр тал/

Эмпипи ХЗХ-ны Зээл хаасан тухай албан бичиг /хэргийн 32-35 дугаар тал/

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 50 дугаар тал/нотлох баримтууд

 

5. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 43 дугаар тал/

******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 44 дүгээр тал/

Хариуцагчаас олгосон итгэмжлэл /хэргийн 51 дүгээр тал/

 

6. Шүүхээс бүрдүүлсэн

гэрч С.*******ийн мэдүүлэг /хэргийн 59-60 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэгч С.******* хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан хохирол 19 791 872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...60.000.000 төгрөгийг өгчихсөн бол бүх зээлээ хаагаад би ийм алдагдал хүлээхгүй байх байсан. Иймд хариуцагчаас 19.791.781 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласныг

 

3. хариуцагч эс зөвшөөрч ... С.******* нь хохирол гомдолгүй, хохирлоо бүрэн авсан гэдгээ илэрхийлсэн тул шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ... гэж тайлбарлав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч С.******* хариуцагч ******* ХХК-ийн *******-******* ХК-ийн үйлдвэрлэлийн талбайн торон хашаа барих тендерийн ажлын гүйцэтгэлд санхүүжилт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар харилцан тохиролцсон нь зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

6. Энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 476 дугаар зүйлийн 476.1, 476 дугаар зүйлийн 476.2-д заасан хамтран ажиллах гэрээ талуудын хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно. Гэрээ байгуулагдсан эсэх, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

7. Дээрх тендерийн ажлын гэрээ байгуулахад шаардлагатай баталгаа болох 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгч 2020 оны 04 сарын 06-ны өдөр №20-04/06-15 Зээлийн гэрээ, мөн өдрөө өөрийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэн булаг баг 4 хороолол хаягт байрлах, 20 байр 79 тоот 19.4м2 талбай бүхий орон сууц үл хөдлөх хөрөнгөө барьцаалан №20-04/06-15 тоот барьцааны гэрээг Эм Пи Пи ХЗХ-той тус тус байгуулсан, 60 000 000 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны 5129008486 тоот дансанд 2020 оны 04 сарын 06-ны өдөр шилжүүлсэн нь зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хаан банкны орлогын мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 8-11, 43, 59-60 дугаар тал/

 

8. 2020 оны 04 сарын 29-ны өдрийн 13/1106 тоот *******-Тавантолгой ХК-ийн хариуцагч ******* ХХК-д хүргүүлсэн мэдээлэл хүргүүлэх тухай баримтаар *******-******* ХК-ийн уурхайн бүсийн хамгаалалтын хашаа нийлүүлэгчийг сонгож гэрээ шууд байгуулах сонгон шалгаруулалтын ажиллагаанд хуулийн этгээд гомдол гаргаснаар ******* ХХК-ийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосныг мэдэгдэж баталгааны 60 000 000 төгрөгийг буцаан олгосон, хариуцагч тендрийн буцаан олголтын мөнгийг шилжүүлэн авсан, сонгон шалгаруулалт хүчингүй болсныг нэхэмжлэгчид мэдэгдээгүй, мөнгийг буцаан шилжүүлээгүй завшсан гэм буруутай үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн, хариуцагч 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид 2021 оны 01 сарын 20-ны өдөр буцаан шилжүүлсэн зэрэг нь хэрэгт авагдсан баримтууд, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 12-15, 20-31 дүгээр тал/

 

9. Нэхэмжлэгч 2020 оны 11 сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулагдсаны дараа илтэд өөрчлөгдсөн буюу хариуцагчийн гүйцэтгэх тендерийн ажлын сонгон шалгаруулалт хүчингүй болж баталгааны 60 000 000 төгрөгийг буцаан авсан атлаа энэ тухай нөгөө талдаа мэдэгдээгүй, гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй гэж үзэж нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж, талуудын хооронд байгуулагдсан тендрийн ажилд хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон гэж үзнэ.

 

10. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.4, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.

 

11. Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

12. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүргийн дагуу хариуцагч 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид 2021 оны 01 сарын 12-ны өдөр буцаан өгсөн энэ талаар маргаагүй.

 

13. 2020 оны 04 сарын 06-ны өдрийн нэхэмжлэгч болон Эм Пи Пи ХЗХ нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүү 15 198 041 төгрөг, 2020 оны 11 сарын 23-ны өдрийн нэхэмжлэгч болон Эм Пи Пи ХЗХ-ны хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүү 4 602 740 төгрөгийг төлж нийт 19 791 781 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч хариуцагчаас нэхэмжилсэн ба хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

14. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж буй тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбараа нотлох баримтаар нотлох үүрэгтэй.

 

15. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, тайлбар нотлох баримтаар эргэлзээгүй бүрэн нотлогдоогүй гэж шүүхээс үзлээ.

 

16. 2020 оны 11 сарын 23-ны өдөр Эм Пи Пи ХЗХ-тай 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь баримтаар тогтоогдож байна. /хэргийн 16-19 дүгээр тал/

 

17. Нэхэмжлэгч 2020 оны 04 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 50 000 000 төгрөг түүний хүү 15 198 041 төгрөг нийт 65 189 041 төгрөгийг 2020 оны 11 сарын 23-ны өдөр, 2021 оны 01 сарын 12-ны өдөр үндсэн мөнгө 15 397 260, хүүний төлбөр 4 602 740 төгрөг нийт 20 000 000, үндсэн мөнгө 54 602 740 төгрөгийг 2021 оны 01 сарын 12-ны өдөр Эм Пи Пи ХЗХ-ны Хаан банк дахь 5094595831 тоот данс руу тус тус шилжүүлж зээлийг бүрэн хаасан гэх утга бүхий 2022 оны 03 сарын 21-ны өдрийн Эм Пи Пи ХЗХ-ны Зээл хаасан тухай тодорхойлолт 2 ширхэг баримтыг ирүүлжээ. /хэргийн 32-35 дугаар тал/

 

18. 50 000 000 төгрөг, 70 000 000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ бичгээр байгуулагдсныг үгүйсгэхгүй, 2022 оны 03 сарын 21-ны өдрийн Эм Пи Пи ХЗХ-ны Зээл хаасан тухай тодорхойлолт баримтаар нэхэмжлэгч С.******* нь тухайн ХЗХ-ны гишүүн болох нь тогтоогдож байгаа ба зээлийн гэрээний үүрэгт заасан мөнгөн хөрөнгийг /50 000 000 төгрөг, 70 000 000 төгрөг/ зээлдэгчийн өмчлөлд бодитоор шилжүүлсэн эсэхийг нотлох баримт /банкны дансны хуулга бэлэн мөнгөний орлого зарлагын баримт гэх мэт/, зээлдэгч буюу нэхэмжлэгч тухайн зээлийн гэрээний үүрэг буюу мөнгийг хүүгийн хамт зээлдүүлэгчийн Хаан банкны дансанд бодитоор шилжүүлсэн эсэхийг нотлох банкны дансны хуулга баримт хэрэгт ирүүлээгүй энэхүү үйл баримт нотлогдоогүй.

 

19. Мөн зээлийн дансны хуулга баримтыг нэхэмжлэгч ирүүлээгүй бөгөөд 2 зээлийн гэрээний хүү гэх 19 791 781 төгрөг хэрхэн тооцсон тооцоолол баримтыг нэхэмжлэгч нотлох баримтаар нотлоогүй, эдгээртэй холбоотой ямар нэг тайлбар хүсэлт гаргаагүй.

 

20. Хуульд шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч баримт байж болохгүй гэж заасан.

 

21. 2022 оны 03 сарын 21-ны өдрийн Эм Пи Пи ХЗХ-ны Зээл хаасан тухай тодорхойлолт 2 ширхэг баримт нь нотолгооны бусад хэрэгслээр нотлогдоогүй, үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үнэлэхэд учир дутагдалтай.

 

22. Нэхэмжлэгч өөрт учирсан зайлшгүй зардлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй боловч тухайн зардал хохирол буюу 19 791 781 төгрөгийн зардал бодитоор учирсан эсэх нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагчаас 19 791 781 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

23. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256 909 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

24. 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 1/14 тоот хариуцагчаас Ц.*******т олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 51 дүгээр тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан хохирол зардал 19 791 781 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256 909 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 сарын 16-ны өдрийн 102/ШЗ2022/08830 дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн Захирамжлах хэсгийн 2 дахь заалт хүчингүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ