Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01634

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01634

 

2022 08 31 210/МА2022/01634

 

 

С.Шийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02447 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Шийн хариуцагч Н ХХК-д холбогдуулан 19,791,872 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ш, түүний өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Бид Эрдэнэс таван толгой ХК-ийн гадна талбайн хашааны ажлыг хамт гүйцэтгэх зорилгоор дэнчинд Эмпипи хадгаламж зээлийн хоршоонд байраа барьцаалж, 50,000,000 төгрөгийг зээлж, өөрт байсан 10,000,000 төгрөгийг нэмж 60,000,000 төгрөгийг Н ХХК-ийн Хаан банк дахь дансанд шилжүүлсэн. Н ХХК нь шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг компанийн данснаасаа аваад компани болон хувийн хэрэгцээндээ ашигласан. 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Цагдаагийн газарт хандаж эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 60,000,000 төгрөгийг буцааж миний дансанд шилжүүлж өгсөн. Эмпипи хадгаламж зээлийн хоршооноос авсан зээлийн хүүд 19,791,781 төгрөгийг төлсөн. Н ХХК-ийн захирал Н.Хын гэмт үйлдлээс болж зээлийн хүү төлж хохирол учирсан тул 19,791,781 төгрөгийг Н ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас 10 сарын өмнө 60,000,000 төгрөгийг С.Шийн дансанд бүрэн шилжүүлж хохирлыг төлсөн. Бидний хооронд зээлийн гэрээ, түүний хүү болон өөр төлөх төлбөр үлдэгдэлгүй гэж шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдсан. Улмаар хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, С.Ш нь гомдолгүй, хохирлоо бүрэн авсан гэдгээ илэрхийлж шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар эцэслэн шийдвэрлэсэн. Иймд С.Шийн 19,791,781 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6, 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хариуцагч Н ХХК-д холбогдуулан гаргасан хохирол зардал 19,791,781 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Шийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256 909 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2022 оны 5 сарын 16-ны өдрийн 102/ШЗ2022/08830 дугаар Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн Захирамжлах хэсгийн 2 дахь заалт хүчингүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Н ХХК нь нэхэмжлэгч С.Шийг Эм Пи Пи хадгаламж зээлийн хоршооноос авсан 2 зээлийн хүүнд 19,791,872 төгрөгийг төлсөн талаар маргаагүй байхад шүүх зохигчдын маргаагүй үндэслэлээр дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Уг хүүгийн төлбөрийг нэхэмжлэгч С.Ш нь зээл олгосон Эм Пи Пи хадгаламж зээлийн хоршоонд төлж, зээлийг хаасан талаар тус хоршооны 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг баримтыг үгүйсгэсэн аливаа баримт болон хариу тайлбарыг хариуцагч тал шүүхэд гаргаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн байтал анхан шатны шүүх өөрийн санаачилгаар зээлийн дансны хуулга-г нэмэлтээр шаардаж байгаа нь хэргийг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй. Нэхэмжлэгч С.Шид учирсан хохирол бодитой бөгөөд уг хохирол одоог хүртэл арилаагүй байгаа нь хэргийн материалд авагдсан баримтаар хангалттай нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу нэхэмжлэгчээс орж ирсэн 60,000,000 төгрөгийг зориулалтын дагуу тендерийн гүйцэтгэлийн баталгаа гэж байршуулсан. Хамтран ажиллах гэрээний хэлцлийн үндсэн дээр бүтэлгүйтэж 60,000,000 төгрөг буцаж орж ирсэн. Эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгсөн. Анх 60,000,000 төгрөгийн хамтран ажиллах зорилгоор данс руу шилжүүлж авахдаа зээл байгуулсан зээлийн гэрээний талаар талууд тохиролцоогүй. Бүтэлгүйтсэн тохиолдолд хүү, алдангийг төлнө гэж талууд тохироогүй бөгөөд хамтран ажиллах гэрээний эрсдэлийг хамтдаа үүрнэ гэж тохиролцсон. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн, зөв дүгнэсэн. Нэхэмжлэгч зээлийн үүргээ өөрөө биелүүлээгүй атлаа хариуцагчид хамааруулж, хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зээлтэй холбоотой асуудлыг хариуцагч хариуцахгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдлын талаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн, зөв дүгнэсэн. Учир нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд нэхэмжлэгч өөрөө 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьтай байсан. Нэхэмжлэгч зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй атлаа хариуцагчид хамааруулж, хохирол нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зээлтэй холбоотой асуудлыг хариуцагч хариуцахгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч С.Ш нь хохирол 19,791,872 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н ХХК нь эрүүгийн журмаар хохирлыг нөхөн төлсөн гэж эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд Эрдэнэс таван толгой ХК-ийн үйлдвэрлэлийн талбайн торон хашаа барих ажлыг хамтран гүйцэтгэхээр тохиролцож, уг ажлыг гүйцэтгэл шалгаруулах тендерийн дэнчин болох 60,000,000 төгрөгийг С.Ш нь шилжүүлэхээр тохиролцжээ.

Нэхэмжлэгч С.Ш нь дэнчингийн мөнгө болох 60,000,000 төгрөгийн 50,000,000 төгрөгт Эмпипи хадгаламж зээлийн хоршооноос өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж зээл авч, өөрт бэлэн байсан 10,000,000 төгрөгийг нэмж бүрдүүлэн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагчийн дансанд шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.

4. Тендерийн сонгон шалгаруулалт хүчингүй болсноор дэнчинд төлөгдсөн 60,000,000 төгрөгийг Н ХХК-д төлжээ. Уг мөнгөн хөрөнгийг Н ХХК-ийн захирал нэхэмжлэгчид шилжүүлээгүй гэх нэхэмжлэгчийн гомдлоор Н.Хт эрүүгийн хэрэг үүсгэгджээ.

5. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/603 дугаар шийтгэх тогтоолоор Н ХХК-ийн захирал Н.Хт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 60,000,000 төгрөгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэж, түүнийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн, уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болжээ.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол шаардаж байгаа эсэх, эсвэл хамтран ажиллах гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол шаардаж байгаа эсэхийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсноос хамаарч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81, 82 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүгч дангаар эсхүл бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх нь тодорхой болох юм.

7. Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02447 дугаар шийдвэрийг хүчингүй, болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,909 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

С.ЭНХБАЯР