Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2022/02470

 

 

 

 

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2022/02470

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: М нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: С И ХХК холбогдох

 

50 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* нар оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ... 50 000 000 төгрөг... тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...нэхэмжлэгч Б.******* нь Хан-Уул дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* ******* орон сууцны А1 блок 13 давхарт 71,51мкв талбай бүхий орон сууцыг захиалан бариулах Зг210209 гэрээ, мөн тус хотхоны 3 давхарын 69,85мкв талбай бүхий орон сууцыг захиалан бариулах ЗГ210210 дугаартай гэрээ ******* ******* ******* ХХК-тай 2021 оны 11 сарын 25-ны өдөр байгуулсан. ЗХ210209 гэрээний урьдчилгаа төлбөрт 2021 оны 11 сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 11 сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг нийт 40,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөн ЗГ210210 дугаартай гэрээний урьдчилгаа төлбөрт 2021 оны 11 сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөгийг хариуцагч компани руу шилжүүлсэн. Дээрх хоёр орон сууц захиалгын гэрээг хариуцагч компани өөрийн санаачилгаар цуцалж, өөр хүмүүст худалдан борлуулсан. Иймд цаашид гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 50,000,000 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулахаар нэхэмжилж байна... гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2021 оны 11 сарын 25-ны өдөр ЗГ210209, ЗГ210210 дугаартай хоёр гэрээг байгуулсан. Тус гэрээгээр хоёр орон сууцыг нэхэмжлэгчид борлуулахаар тохиролцсон. ЗГ210209 гэрээний урьдчилгаанд 40,000,000 төгрөг, ЗГ210210 гэрээний урьдчилгаанд 10,000,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай эвлэрэх боломжгүй байгаа. Учир нь ЗГ210209 гэрээний 3 дугаар зүйлийн 3.11-т захиалагч талын саналаар гэрээг цуцлах тохиолдолд захиалагчийн тушаасан нийт үнийн дүнгийн 10 хувийг суутгаж тухайн орон сууцыг өөр бусад этгээдэд худалдан борлуулсны дагуу үлдэгдэл төлбөрийг хариуцагчид олгоно гэж заасан байгаа. Үүнийг гэрээний стандарт нөхцөл болгон оруулаад хоёр тал харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Иргэний хуульд заасны дагуу анзыг талууд тохиролцож 3.11, 3.14-т тусгаж өгсөн. ЗГ210210 гэрээний 3.6-д гүйцэтгэгч талаас тогтоосон нэмэлт хугацаанд гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж чадаагүй тохиолдолд гэрээг нэг талын санаачлагаар цуцлаж захиалагчийн захиалсан орон сууцыг дараагийн захиалагчид шилжүүлэн шинээр гэрээ байгуулсны дараа орон сууцны нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгуулийг захиалагчийн төлсөн мөнгөн төлбөрөөс суутгаж үлдэгдэлийг захиалагчид өгнө гэж гэрээ байгуулсан. Энэ хоёр гэрээний ялгаа гэвэл 71,51мкв талбайтай 09 гэрээний хувьд захиалагчийн тушаасан үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг авна. Харин ЗГ210210 гэрээний хувьд захиалагчийн захиалсан орон сууцны нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг заана гэж хоёр тусдаа гэрээ байгуулсан. Учир нь ЗГ210210 гэрээ нь манай туслан гүйцэтгэгч компанийн байр юм. Туслан гүйцэтгэгчдээ танай байрыг 2,500,000 төгрөгөөр заруулах уу гэхэд гэрээ хийгч талтай манайх тохиролцоод тогтоосон хугацаандаа төлбөрөө хийхгүй бол нийт үнийн дүнгийн 10 хувийг суутгаж авна гэдэг үндэслэлээр гэрээг танилцуулаад гарын үсэг зуруулсан. Тийм учраас захиалагчийн урьдчилгаа төлбөрт төлсөн 40,000,000 төгрөгний гэрээний 10 хувийг суутгаж үлдэгдэл төлбөрийг өгөх боломжтой. Нөгөө гэрээний хувьд 153,670,000 төгрөгний 10 хувь 15,670,000 төгрөгийг суутгаж үлдэгдэл төлбөрийг хариуцагчид өгөх саналтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хариуцагчийн тайлбарыг үндэслэж шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

5. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/

Б.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 4 дүгээр тал/

Орон сууц захиалан бариулах гэрээ /хэргийн 5-8 дугаар тал/

Б.*******ын банкны дансны хуулга /хэргийн 9-10 дугаар тал/

Б.*******аас Б.Азбилэгт олгосон итгэмжлэл /хэргийн 24 дүгээр тал/ нотлох баримтууд,

 

5. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн

Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 12 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 20 дугаар тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ...орон сууц захиалан бариулах гэрээг хариуцагч талын санаачилгаар цуцалж байрыг бусдад зарсан, гэрээ хэрэгжих боломжгүй болсон, гэрээний урьчилгаа төлбөрт шилжүүлсэн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулна... гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарласныг,

3. хариуцагч эс зөвшөөрч ...гэрээний хугацаанд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй тул гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрийн 10 хувийг суутган авч үлдэгдэл мөнгийг буцаан төлнө... гэж маргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. 2021 оны 11 сарын 25-ны өдрийн ЗГ-21/02/09 тоот Орон сууц захиалан бариулах гэрээгээр захиалагч буюу нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг, 4 хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* ******* орон сууцны хотхонд А блок 13 давхарт 71.51м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг гүйцэтгэгч буюу хариуцагч ******* ******* ******* ХХК-аар захиалан бариулж, 1м2 талбайн үнийг 2200 000 төгрөгөөр тооцож нийт 157 322 000 төгрөгөөр худалдан авахаар, мөн өдрөө ЗГ-21/02/10 тоот гэрээгээр тус хотхоны 3 давхарт 69 85м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулж 1м2 талбайн үнийг 2200 000 төгрөгөөр тооцож нийт 153 670 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон нь гэрээнүүд, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 5-8 дугаар тал/

 

6. Энэ нь нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* ******* ******* ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэхь хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

7. Дээрхи гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  талуудын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

8. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй гэж үзлээ.

        

9. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэгч буюу хариуцагч захиалагчийн эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч буюу нэхэмжлэгч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүрэгтэй.

 

10. ЗГ-21/02/09 тоот Орон сууц захиалан бариулах гэрээний 1.3, 2.1-т заасны дагуу нэхэмжлэгч орон сууцны үнийн урьдчилгаа төлбөр 40 000 000 төгрөгийг 2021 оны 11 сарын 25-ны өдөр 20 000 000 төгрөг, 2021 оны 11 сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөгөөр хуваан хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд, ЗГ-21/02/10 тоот Орон сууц захиалан бариулах гэрээний 1.3, 2.1-т заасны дагуу нэхэмжлэгч орон сууцны үнийн урьдчилгаа төлбөр 10 000 000 төгрөгийг 2021 оны 11 сарын 27-ны өдөр хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны ******* тоот дансанд тус тус шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Голомт банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байна. /хэргийн 9-10 дугаар тал/

 

11. Хариуцагч нэхэмжлэгчийг орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж нэг талын санаачилгаар 2 гэрээг цуцалж 71.51м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг бусдад зарж борлуулсан, талуудын хооронд байгуулагдсан 2 гэрээ дуусгавар болсон үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

12. Нэхэмжлэгч ...хариуцагч орон сууцны м2 үнийг 2800 000 төгрөг болгосноо 2021 оны 12 сарын дундуур мэдэгдсэн үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул 2022 оны 01 сарын дундуур гэрээгээ цуцалж байгаагаа амаар мэдэгдсэн... гэх тайлбар,

 

13. хариуцагч ...гэрээгээр тохирсон хугацаанд үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул манайх 1 дүгээр сард гэрээгээ цуцалж байгаагаа утсаар мэдэгдсэн... гэх тайлбар баримтуудаар хариуцагч талын санаачилгаар гэрээнээс татгалзаж гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдож байна.

 

14. Зохигч талуудын хооронд байгуулагдсан 09, 10 тоот 2 гэрээний А. Гүйцэтгэгчийн эрх үүрэг 3.1-т орон сууцны барилгыг зураг төслийн дагуу барьж, 2022 оны 01-р улиралд захиалагч талд өгөхийг эрмэлзэнэ,3.12-т үнийн импляци болон барилгын материалын үнэ өсөж буурах өөрчлөлтийн улмаас м.кв-ын үнийн дүнд өөрчлөлт оруулахгүй болно. /гэрээ хийсэн анхны үнээр тооцогдоно/ гэжээ.

 

15. Тодруулбал хариуцагч орон сууцны барилгын м.кв-ын үнийн дүнд өөрчлөлт оруулахгүй, гэрээ хийсэн анхны үнээр тооцогдохоор үүрэг хүлээсэн атлаа энэ үүргээ зөрчиж м кв-ын үнэд үндэслэлгүйгээр өөрчлөлт оруулан гэрээний хугацаа дуусахаас өмнө нэг талын санаачилгаар гэрээнээс татгалзсан нь зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна.

 

16. Хариуцагч барилгын орон сууцны м кв-ын үнэд өөрчлөлт оруулснаа үгүйсгэж маргаагүй ба ийнхүү үнээ нэмж үлдэгдэл төлбөр төлөх нэмэлт хугацаа олгосон боловч нэхэмжлэгч нэмэлт хугацаанд орон сууцны үлдэгдэл төлбөр төлөөгүй буюу үүрэг гүйцэтгэгчийн буруугаас гэрээнээс татгалзсан гэх тайлбар үндэслэлгүй.

 

17. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас орон сууцны үнийн урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн нийт 50 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 407 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

19. 2022 оны 5 сарын 16-ны өдрийн 22/0503 дугаар хариуцагчаас Э.*******д олгосон итгэмжлэлээр, 2022 оны 5 сарын 26-ны өдрийн 0400 дугаар нэхэмжлэгчээс Б.Азбилэгт олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг тус тус олгогдсон байна. /хэргийн 20, 24 дүгээр тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас Орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 50 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 407 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид оруулсугай.

 

3. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн 2022 оны 06 сарын 06-ны өдрийн дугаар 102/ШЗ2022/10112 Шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжийн Захирамжлах хэсгийн 2 дахь заалт хүчингүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ