Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01736

 

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/01736

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/02470 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Мын нэхэмжлэлтэй

Хариуцагч “С” ХХК-д холбогдох,

50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ёндон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. С" ХХК-иас “А” орон сууцны хорооллын А1 блок, 13 давхарын 71,51 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулах ЗГ-21/02/09 дугаартай гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул “С” ХХК-иас 40 000 000 төгрөг,

1.2. “С” ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан.

ЗГ-21/02/10 дугаартай гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул “С” ХХК-аас 10,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Б.М нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгарт баригдаж буй “А” орон сууцны хорооллын А1 блок, 13 давхар 71,51 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулах ЗГ-21/02/09, мөн тус хотхоны 3 давхрын 69,85 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулах ЗГ-21/02/10 дугаартай гэрээг “С” ХХК- тай

2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан.

ЗГ-21/02/09 тоот гэрээний урьдчилгаа төлбөрт,

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг,

2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөгийг “С” ХХК-ийн Хаан банкны ********** дансанд Голомт банкны ********** данснаас шилжүүлсэн.

“С" ХХК нь “А” орон сууцны хорооллын А1 блок, 13 давхрын 71,51 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулах ЗГ-21/02/09 дугаартай гэрээг нэг талын санаачлагаар цуцлах тухай 22/02 тоот мэдэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр и-мэйлээр ирүүлж, тус байрыг бусдад зарсан. Иймд тус гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул “С” ХХК-иас 40,000,000 төгрөгөө авна.

ЗГ-21/02/10 гэрээний урьдчилгаа төлбөрт 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөгийг “С” ХХК-ийн Хаан банкны ********** данс руу Голомт банкны ********** данснаас шилжүүлсэн.

“С” ХХК-ийн захирал Г.Энхмэд “Байр ашиглалтад орох гээд үнэ өсч байгаа. “А” орон сууцны хорооллын А1 блок, 3 давхрын 69,85 м.кв талбай бүхий орон сууцыг 2,800,000 төгрөгөөр авбал ав гэсэн гэж 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хэлсэн.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ210209, ЗГ210210 дугаартай хоёр гэрээг байгуулсан. Тус гэрээгээр хоёр орон сууцыг нэхэмжлэгчид борлуулахаар тохиролцсон.

ЗГ210209 гэрээний урьдчилгаанд 40,000,000 төгрөг,

ЗГ210210 гэрээний урьдчилгаанд 10,000,000 төгрөг төлөгдсөн.

ЗГ210209 гэрээний 3 дугаар зүйлийн 3.11-т захиалагч талын саналаар гэрээг цуцлах тохиолдолд захиалагчийн тушаасан нийт үнийн дүнгийн 10 хувийг суутгаж тухайн орон сууцыг өөр бусад этгээдэд худалдан борлуулсны дагуу үлдэгдэл төлбөрийг хариуцагчид олгоно гэж заасан.

Иргэний хуульд заасны дагуу анзыг талууд тохиролцож гэрээний 3.11, 3.14-т тусгаж өгсөн.

ЗГ210210 гэрээний 3.6-д гүйцэтгэгч талаас тогтоосон нэмэлт хугацаанд гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж чадаагүй тохиолдолд гэрээг нэг талын санаачлагаар цуцлаж захиалагчийн захиалсан орон сууцыг дараагийн захиалагчид шилжүүлэн шинээр гэрээ байгуулсны дараа орон сууцны нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгуулийг захиалагчийн төлсөн мөнгөн төлбөрөөс суутгаж үлдэгдэлийг захиалагчид өгнө гэж гэрээ байгуулсан.

Энэ хоёр гэрээний ялгаа гэвэл 71,51 мкв талбайтай 09 гэрээний хувьд захиалагчийн тушаасан үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг авна.

Харин ЗГ210210 гэрээний хувьд захиалагчийн захиалсан орон сууцны нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг заана гэж хоёр тусдаа гэрээ байгуулсан.

ЗГ210210 гэрээ нь манай туслан гүйцэтгэгч компанийн байр байгаа.

Туслан гүйцэтгэгчдээ танай байрыг 2,500,000 төгрөгөөр заруулах уу гэхэд гэрээ хийгч талтай манайх тохиролцоод тогтоосон хугацаандаа төлбөрөө хийхгүй бол нийт үнийн дүнгийн 10 хувийг суутгаж авна шүү гэдэг үндэслэлээр гэрээг танилцуулаад гарын үсэг зуруулсан байгаа. Тийм учраас захиалагчийн урьдчилгаа төлбөрт төлсөн 40,000,000 төгрөгний гэрээний 10 хувийг суутгаж үлдэгдэл төлбөрийг өгөх боломжтой.

Нөгөө гэрээний хувьд 153,670,000 төгрөгийн 10 хувь 15,670,000 төгрөгийг суутгаж үлдэгдэл төлбөрийг хариуцагчид өгөх саналтай

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-аас Орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Мад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2022/10112 дугаар шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалт хүчингүй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлгүйгээр, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. .

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр бичгээр гаргасан тайлбараа өөрчилж 12 дугаар сард гэрээ цуцлахаасаа өмнө орон сууцны 1 м.кв үнийг 2.800,000 болгосон гэх худал тайлбар гаргасан бөгөөд түүнийгээ нотлох баримтаар нотлоогүй. Талуудын хооронд байгуулагдсан 09, 10 тоот 2 гэрээний 3.1, 3.12, 1.3, 3.5-д заасны дагуу хариуцагч нь нэмэлт хугацаа тогтоож 2022 оны 01 дүгээр сар хүртэл сунгаж тэр хугацаанд орон сууцыг гүйцэтгэж дууссан. Гэвч захиалагч төлбөрөө төлөөгүй бөгөөд орон сууцыг хүлээж аваагүй тул талуудын байгуулсан ЗГ-21/02/09, ЗГ-21/02/10 тоот гэрээнүүдийн “З.б-д заасны дагуу гэрээнүүдийг 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр дуусгавар болгож гэрээнээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Гэвч шүүхээс гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулсан гэх нэхэмжпэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан нотлох баримтгүй тайлбарыг үндэслэл болгосон. Хариуцагч талаас орон сууцны м.кв-ын үнийг гэрээ цуцлахыг мэдэгдэх хүртэлх хугацаанд нэмээгүй гэдгийг шүүх хуралдаанд оролцохдоо тайлбарласан.

Нэхэмжлэлийн шаардлагын 2-т “Т.Э 69.85 мкв талбай бүхий орон сууцыг 2,800,000 мянган төгрөгөөр авбал ав гэж 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хэлсэн"гэх тайлбарыг хэргийн нотлох баримт гэж үзвэл, хариуцагч 2021 оны 12 дугаар сард орон сууцны үнэд өөрчлөлт оруулах тухай мэдэгдээгүй 2022 оны 03 дугаар сард гэрээ цуцалсны дараа үнэ нэмэгдсэн учир нэмэгдсэн үнээр авах боломжтой гэдгийг илэрхийлсэн гэж үзнэ.

Хариуцагч барилгын орон сууцны м.кв-ын үнэд өөрчлөлт оруулснаа үгүйсгэж маргаагүй ба ийнхүү үнээ нэмж үлдэгдэл төлбөр төлөх нэмэлт хугацаа олгосон боловч нэхэмжлэгч нэмэлт хугацаанд орон сууцны үлдэгдэл төлбөр төлөөгүй буюу үүрэг гүйцэтгэгчийн буруугаас гэрээнээс татгалзсан гэх тайлбар үндэслэлгүй. 2021 оны 12 дугаар сард буюу гэрээний хугацаа дуусаагүй нэмэлт хугацаа тогтооосон байх үед орон сууцны үнэ нэмсэн зүйл байхгүй байхад нотлох баримтгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцүүлж ЗГ-21/02/09, ЗГ-21/02/10 тоот гэрээнүүдийг байгуулсан гэвч захиалагч нь захиалгын орон сууцын төлбөрийг гэрээгээр тохирсон 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэхэд төлөх үүргээ гүйцэтгээгүй тул гүйцэтгэгч нь гэрээний 3.5-д заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон боловч захиалагч нь төлбөрөө төлөөгүй, байрыг хүлээж аваагүй. Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, мөн хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах, гэрээнээс татгалзах эрхтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж дүгнээгүй мөн хууль буруу тайлбарлан хэрэглэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтүүдийг хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн гаргасан гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хариуцагчийн зүгээс гэрээний дагуу 10 хувийн торгууль тооцож авна гэх асуудал яридаг. Гэтэл тухайн гэрээ нь захиалагчийн биш гүйцэтгэгчийн буруугаас болж цуцлагдаж, гэрээ хэрэгжих боломжгүй болсон. Иймд гэрээнд зааснаар урьдчилгаа төлсөн 50,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар болон татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт эсхүл хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан

1.1. “С" ХХК-аас “А” орон сууцны хорооллын А1 блок, 13 давхарын 71,51 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулах, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ-21/02/09 дугаартай гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул “С” ХХК-аас 40,000,000 төгрөг,

 

1.2. “С” ХХК- тай 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан ЗГ-21/02/10 дугаартай гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул “С” ХХК-аас 10,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “10 хувийн торгууль суутгаж авч үлдэнэ” гэж маргажээ.

 

2.Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

2.а. Талууд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ-21/02/09 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “А” орон сууцны хотхонд А блок 13 давхарт 71,51 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг хариуцагч “С” ХХК-иас, 1 м.кв талбайн үнийг 2,200,000 төгрөгөөр тооцож нийт 157,322,000 төгрөгөөр худалдан авахаар,

 

Мөн өдрөө ЗГ-21/02/10 тоот гэрээгээр тус хотхоны 3 давхарт 69,85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг, 1 м.кв талбайн үнийг 2,200,000 төгрөгөөр тооцож нийт 153,670,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон нь гэрээнүүд, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хх 5-8/

 

2.б. Нэхэмжлэгч нь 

2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг,

2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөгөөр хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны ********** тоот дансанд нийт 40,000,000 төгрөг төлсөн. /хх9-10/

 

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны ********** тоот дансанд ЗГ-21/02/10 тоот гэрээний 1.3, 2.1-т заасны дагуу урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, Голомт банкны дансны хуулга баримтаар тогтоогдсон. /хх 9-10/

 

2.в. Нэхэмжлэгч орон сууцны үнийг бүрэн төлөөгүй үйл баримт тогтоогдсон.

 

2.г. Мөн нэхэмжлэгчийн захиалсан хоёр орон сууцны нэгийг хариуцагч бусдад худалдсан талаар талууд тайлбарлажээ.  

 

3. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

3.а. Орон сууц захиалгын гэрээ хэний буруугаас цуцлагдсан.

 

3.б. 10 хувийн торгуулийг суутган авч үлдэх үндэслэлтэй эсэхэд маргаантай байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар буруу дүгнэжээ.

 

Гэрээний зорилго, гол нөхцөл, талуудын хүсэл зориг нь гэрээний харилцааг тодорхойлох үндсэн шинж болдог. Талуудын тайлбар, гэрээний агуулгаас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Мөн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.

 

Хариуцагч нь хариу тайлбар болон давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан, гэрээнд заасны дагуу 10 хувийг суутгах үндэслэлтэй гэжээ. Талуудын байгуулсан гэрээний 3.6-д “Гүйцэтгэгч талаас тогтоосон нэмэлт хугацаанд мөн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж чадаагүй тохиолдолд гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, ... 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгуулийг захиалагчийн өмнө төлсөн төлбөрөөс суутгаж, үлдэгдэл төлбөрийг захиалагчид буцаан олгоно” гэж, 3.11-д “Захиалагч талын санаачлагаар гэрээг цуцлах тохиолдолд захиалагч талын тушаасан нийт үнийн дүнгийн 10 хувийг суутгаж ... үлдэгдэл төлбөрийг захиалагчид эргүүлэн олгох эрхтэй” гэж тус тус заасан байна.

 

Хариуцагч тайлбар болон татгалзалдаа нэхэмжлэгчийг гэрээний үүрэг зөрчсөн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн бурууг баримтаар нотлоогүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбар, гэрээг үндэслэн талуудыг гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул хариуцагчаас 50 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.   

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн “343 дугаар зүйлийн 343.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Түүнчлэн шүүх шийдвэрийн тогтоох хэсгээр шийдвэрлэх шаардлагагүй зүйлийг тогтоох хэсгийн 3-т заасан байгааг хасаж, тогтоох хэсгийн дугаарлалтад мөн өөрчлөлт оруулав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/02470 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “343 дугаар зүйлийн 343.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хасаж, 4 гэж дугаарласныг “3” гэж, 5 гэж дугаарласныг “4” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,785 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

     ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД