Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/02532

 

 

 

 

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2022/02532

Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Г  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Э, Н  нарт холбогдох, 

 

зээлийн гэрээний үүрэгт 34 936 078,65 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* оролцож

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Хонгорзул хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч Б.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34 936 078,65 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...зээлдэгч иргэн Б.*******, Б.******* нартай ******* ******* ХХК 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 8 хувийн хүүтэй 240 сарын хугацаатай 38 500 000 төгрөгийн орон сууцны зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн гэрээний үүргээ зөрчиж байсан учир 2019 онд тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шийдвэр гаргасан. Манай зүгээс зээлийн гэрээгээ цуцлах, зээлийн гэрээний үүрэгт 41 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байсан боловч шүүгч үүнээс болоод зөрчлийн дүн буюу гэрээний дагуу төлөгдөөгүй байгаа 6 715 214 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон ба ахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн шийдвэрийг гаргасан. 2020 онд уг шийдвэр гарснаас хойш зээлдэгч нар зээлийн төлбөр огт хийгээгүй ба манай зүгээс удаа мэдэгдэж, холбогдож, шаардсан. Мөн 6.715.214 төгрөгийг хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандаж албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гарч гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлж ажиллагаа хийгдсэн боловч үр дүн гараагүй. Учир нь барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй гэж шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 6.715.214 төгрөгийг ч төлөөгүй гэсэн учир ******* ******* өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 41 651 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба үүнээс хангагдсан өмнөх шийдвэрийн дүнг хасаж 34 936 078,65 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан. Анх 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргахад л энэ талаар ярьж байсан. Зээлдэгч 2 жилийн хугацаанд 100.000 төгрөгийг төлөөд явахад зөрчлөө бүрэн арилгуулах боломжтой байсан. Мөн хариуцагч Б.******* нь 1.500.000 төгрөгийн цалингийн орлоготой ба үүнээсээ төлөөд явахад дууслаа шүү дээ гэхэд Удахгүй нөхөр төлчихнө гээд уг зээлдээ хайхрамжгүй ханддаг. Иймээс боломжит хугацаа хангалттай өгсөн ч үр дүн гарахгүй юм байна гэж үзсэн учир зээлийн гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэв

 

3. Хариуцагч Б.******* 2022 оны 6 сарын 22-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...миний бие нөхөр Б.*******гийн хамт орон сууцны 8 хувийн ипотекийн зээлд хамрагдсан боловч нөхрийн ажил зогсож ганц хүний цалингаар 5 ам бүл амьдардаг тул төлж барагдуулах боломжгүй хойшилсоор ирсэн. Мөн нөхөр ******* шинэ ажил аван ажилд гарсан болохоор төлөх боломжтой гэж үзэн хойшлуулж байсан боловч ажил нь амжилтгүй болж үлдэгдэл төлбөрөө авч чадахгүй байгаа болохоор өнөөдрийг хүртэл хойшилсон юм. Иймд бидний зүгээс бүрэн төлж барагдуулах боломжгүй байгаа тул 6 715 214 төгрөгийг 30 хоногийн дотор төлж барагдуулж зөрчлөө арилгана гэдгээ амлаж байна. Мөн энэ өдрөөс хэтэрсэн тохиолдолд барьцаа хөрөнгөө хураалгах дараагийн шат руу шилжихэд гомдолгүй болно. Нийт төлбөрт 41 651 292 төгрөгийг шууд төлөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Учир нь барьцаанд байгаа байранд бид 3 хүүхдийн хамт амьдардаг ганц хөрөнгө тул энэ байрыг хураавал манай 5 ам бүл өөр очих газар байхгүй болох юм. Иймд бидний байдлыг харгалзан үзэж ахин хугацаа сунгаж одоогийн төлөх 6 сая төгрөгийг төлж барагдуулах цаашид зээлийн хуваарийн дагуу төлж явах болно гэдгийг баталж байна... гэжээ.

 

4. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас шүүхэд ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1, 2 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-4 дүгээр тал/

Итгэмжлэл /хэргийн 5 дугаар тал/

2021.08.04-ний өдрийн 734 дугаар Эрх олгох тухай захирлын тушаал /хэргийн 6 дугаар тал/

******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 7 дугаар тал/

Тус шүүхийн 2020.03.30-ны өдрийн 937 дугаар шийдвэр, гүйцэтгэх хуудас, Шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хэргийн 8-11 дүгээр тал/

Орон сууцны зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, Ипотекийн гэрээ /хэргийн 12-19 дүгээр тал/

Б.*******гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 20 дугаар тал/

******* *******ны мэдэгдэл, уулзалтын тэмдэглэл /хэргийн 21-23 дугаар тал/

Зээлийн дансны хуулга /хэргийн 24-28 дугаар тал/

 

5. Хариуцагч Б.*******гийн шүүхэд ирүүлсэн

 2022.6.22-ны өдрийн хариу тайлбар /хэргийн 36 дугаар тал/ нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ... зээлийн гэрээний үүрэгт 41 651 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба үүнээс хангагдсан өмнөх шийдвэрийн дүнг хасаж 34 936 078,65 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасан... гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар маргаагүй ба 6 715 214 төгрөгийг 30 хоногийн дотор төлж барагдуулж зөрчлөө арилгана, 41 651 292 төгрөгийг шууд төлөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Учир нь барьцаанд байгаа байранд бид 3 хүүхдийн хамт амьдардаг ганц хөрөнгө тул энэ байрыг хураавал манай 5 ам бүл өөр очих газар байхгүй болох юм..... гэж тайлбарлажээ.

 

4. Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаар шүүхэд тайлбараа ирүүлээгүй.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Хариуцагч Б.*******, Б.******* нар 2016 оны 03 сарын 25-ны өдөр ЗГ1165104462 тоот зээлийн гэрээг нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай байгуулж, 38.500.000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар жилийн 08 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлжээ. /хэргийн 12-16 дугаар тал/

 

7. Үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2016 оны 03 сарын 25-ны өдөр БГ1165104462 тоот ипотекийн гэрээгээр хариуцагч Б.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянгол дүүрэг, 18 хороо, 4 хороолол, 44 байр 165б хаягт байрлах 18м2 талбай бүхий нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хэргийн 17-20 дугаар тал/

 

8. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэхь хэсэгт заасан *******ны зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

9. Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

 

10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч мөнгөн хөрөнгө болох 38 500 000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хариуцагч нар гэрээнд заасан хугацаанд уг мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

11. Гэрээний дагуу 38 500 000 төгрөгийг нэхэмжлэгч 2016 оны 03 сарын 29-ны өдөр 38 500 000 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн ******* *******ны 1165104462 дугаарын төгрөгийн данс руу шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн байна. /хэргийн 24 дүгээр тал/

 

12. Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2036 оны 03 сарын 26-ны өдөр дуусгавар болсон хэдий ч хариуцагч нар мөнгийг хүүгийн хамт гэрээгээр тохирсон хугацаанд хуваарийн дагуу төлөөгүй, 2022 оны 05 сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 36 115 445,86 төгрөг, хүү 5 382 287,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42 934,73 , даатгалын төлбөр 110 625,06 төгрөг нийт 41 330.474.628 төгрөг төлөгдөөгүй хуримтлагдсан байна. /хэргийн 24-28 дугаар тал/

 

13. Нэхэмжлэгч хариуцагч нарыг гэрээнд заасан хугацаанд үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, зээлийн болон барьцааны гэрээний үүргийг хариуцагч нараас шаардсан байна.

 

14. Хариуцагч зээлийн төлбөрийн хэмжээ тооцооллын талаар маргаагүй ба харин 6 715 214 төгрөгийг төлж барагдуулж зөрчлөө арилган, үлдэх зээлийг тохирсон хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлнө гэж тайлбарласныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй ба 2020 оны 12 сарын 17-ны өдрийн 09/000508 тоот мэдэгдэл баримтаар нэхэмжлэгч гэрээний үүргийн зөрчлөө 2020 оны 12 сарын 29-ний дотор арилгахыг мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоон зөрчил арилгаагүй тохиолдолд гэрээ цуцлахыг мэдэгдсэн ба энэ хугацаанд хариуцагч нар зөрчлөө арилгаагүй нэг талын санаачилгаар гэрээ цуцлагдсан гэж үзнэ.

 

15. Мөн зохигч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3, 2.6, 3.1.2, 3.1.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч хүү нэмэгдүүлсэн хүү тооцох эрхтэй байна.

 

16. Нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэхь хэсэгт заасан үндэслэлтэй тул, хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 34 936 078,65 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

17. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэхь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг худалдахыг шаардах эрх үүссэн байна.

 

18. Иймд хариуцагч нар мөнгөн төлбөр төлөх дээрх үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн гэрээний үүрэг барьцаалсан хариуцагч Б.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянгол дүүрэг, 18 хороо, 4 хороолол, 44 байр 165б хаягт байрлах 18м2 талбай бүхий нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй байна.

 

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332 631, 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 332 631, 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоов.

 

20. 2022 оны 5 сарын 04-ний өдөр нэхэмжлэгчээс А.*******д олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 5 дугаар тал/

 

21. Хариуцагч Б.*******, Б.******* нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд шүүхэд ямар нэг хүсэлт баримт ирүүлээгүй, нэхэмжлэгч тал хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэв. /хэргийн 45-46 дугаар тал/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.*******, Б.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 34 936 078,65 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянгол дүүрэг, 18 хороо, 4 хороолол, 4 байр, 165 б тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332 631, 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 332 631, 70 200 гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ