Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01781

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/01781

 

 

 

 

 

 

 

2022 09 21 210/МА2022/01781

 

Г б-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд , С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/02532 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г б-ХХК

Хариуцагч Б.Э-, Б.Н- нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 34,936,078.65 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, хариуцагч Б.Э-, түүний өмгөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Б.Н-, Б.Э- нартай Г б-ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай, 38,500,000 төгрөгийн орон сууцны зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргээ 2019 онд зөрчсөн гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр гэрээний дагуу төлөгдөөгүй 6,715,214 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн. Уг шийдвэр гарснаас хойш зээлдэгч нар зээлийн төлбөр огт хийгээгүй. Г б-ХХК өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 41,651,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба үүнээс хангагдсан өмнөх шүүхийн шийдвэрийн дүнг хасаж 34,936,078 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Бид орон сууцны 8 хувийн ипотекийн зээлд хамрагдсан боловч нөхрийн ажил зогсож зээл төлж барагдуулах боломжгүй болсон. Иймд бидний зүгээс бүрэн төлж барагдуулах боломжгүй байсан тул 6,715,214 төгрөгийг 30 хоногийн дотор төлж барагдуулж зөрчлөө арилгана гэдгээ амлаж байна. Энэ өдрөөс хэтэрсэн тохиолдолд барьцаа хөрөнгөө хураалгах дараагийн шат руу шилжихэд гомдолгүй болно. Нийт төлбөрт 41,651,292 төгрөгийг шууд төлөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Учир нь барьцаанд байгаа байранд бид 3 хүүхдийн хамт амьдардаг ганц хөрөнгө тул энэ байрыг хураавал манай гэр бүл өөр очих газар байхгүй болно. Иймд бидний байдлыг харгалзан үзэж ахин хугацаа сунгаж одоогийн төлөх 6,000,000 төгрөгийг төлж барагдуулах цаашид зээлийн хуваарийн дагуу төлж явах болно гэдгийг баталж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Н-, Б.Э- нараас зээлийн гэрээний үүрэгт 34,936,078,65 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г б-ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Н-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205015227 дугаартай, 111111 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,631, 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 332,631, 70,200 гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Г б-ХХК-аас биднийг шүүхэд өгч шүүхээс тухайн үеийн зөрчлийн 6,715,214 төгрөгийг хангаж бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 2 сая гаруй төгрөг төлсөн бөгөөд битүүмжтэй дансанд 1,730,000 төгрөг байршуулж түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага татан авч Голомт банкинд шилжүүлээгүй байдаг. Ийм байхад ямар нэгэн зээл төлөөгүй гэж гэрээг цуцлахаар шүүхэд өгсөн.

4.б. Ковид цар тахал гарч ипотекийн зээлийг төрөөс хойшлуулахаар болж 2020 оноос бид ипотекийн зээлээ хойшлуулсан байсан. Шүүх болон Г б-ХХК-аас тооцоолол гаргахдаа буруу гаргасан байх бөгөөд сард 322,000 төгрөгийг 2016 оны 03 сараас 2018 оны 03 сар хүртэл нийт 322,000*36 сар=11,592,000 төгрөг төлсөн. Үүн дээр шүүхийн шийдвэрээр дутуу зөрчил болох 6,715,214 төгрөг нийт тус банкинд 2020 оны 03 сарын байдлаар 18,307,214 төгрөгийг төлсөн байна.

4.в. Бид 38,500,000 төгрөг зээлсэн байх бөгөөд 4 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс 3,563,922 төгрөгийн төлөлт тооцогдож байгаа нь үндэслэлгүй. Бидний тооцоолсноор шүүх 2,195,000 төгрөг илүү тооцож бодсон. Даатгалын төлбөрийг бид өөрсдөө төлдөг байхад даатгалын төлбөр болох 110,625 төгрөгийг биднээс шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хангагдсан 34,936,078.65 төгрөгөөс 2,195,000 төгрөг, даатгал 110,625 төгрөгийг нийт 2,305,625 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Энэхүү хэрэг маргаан нь 2019 оны төлбөрийн зөрчлөөс шалтгаалан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Г б-ХХК-ийн зүгээс нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр тухайн үеийн зөрчил болох 6,715,000 төгрөгийг хангаж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Г б-ХХК-д дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Хариуцагч талаас 6,715,000 төгрөгийг төлсөн гэж гомдолдоо тусгасан. Төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, баримтаар нотлоогүй. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоогүй. Хариуцагч нийт 41,651,000 төгрөгийн өр төлбөртэй байсан. Үүнээс 6,715,000 төгрөг шүүхийн журмаар хангагдсан гэж үзэж, 34,936,078.65 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн зүгээс 2016 оны 3 дугаар сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл 322,000 төгрөгийг сар тутам төлсөн гэж гомдолдоо дурдсан. Дансны хуулганаас нь харахад тус хугацаанд нийт 7,492,000 төгрөг төлсөн байдаг. 2,195,000 төгрөгтэй холбоотой гомдлын агуулга нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Г б-ХХК нь хариуцагч Б.Э-, Б.Н- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 34,936,078,65 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.а. Талуудын хооронд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ЗГ1165104462 тоот Орон сууцны зээлийн гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Г б-ХХК ХХК нь 38,500,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай Б.Н-, Б.Э- нарт зээлдүүлэх, зээлдэгч нар нь  гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг хүлээж, /хх.12-16/ 

3.б. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр БГ1165104462 тоот Ипотекийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Б.Н-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэгдсэн, 222222 байрлах 18м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хэргийн 17-20 дугаар тал/

 

3.в. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

4.а. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байгааг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг зөрчсөн гэж үзнэ. Энэ алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй.

 

Учир нь Г б-ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 34,036,078 төгрөг гаргуулж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох үүргийн зөрчил хэзээ гарсан, гэрээг цуцлах хэмжээний үүргийн зөрчил ямар хэмжээтэй байгааг тайлбарлах үүрэгтэй. Г б-ХХК нь зээлдэгч 41,651,651 төгрөгийн зээлийн үүргийг гүйцэтгээгүйгээс өмнө гарсан шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн 6,715,214 төгрөгийг хасаж, үлдсэн 34,936,078 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах гэж тодорхойлсныг ойлгомжгүй гэж үзэхээр байна.

4.б. Зээлийн гэрээний маргааныг шүүх шийдвэрлэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж төлбөр барагдуулах үр дагавартай. Өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зөрчлийг шийдвэрлэж, гэрээний харилцааг үргэлжлүүлсэн тохиолдолд зээлийн гэрээний үүргийн зөрчилд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зөрчил хамаарахгүй, харин шүүхийн шийдвэрээс хойшхи хугацааны зөрчил хамаарна.

 

4.в. Тиймээс уг шүүхийн шийдвэрээс хойш зээлийн гэрээний ямар үүргийг, ямар хэмжээгээр зөрчсөн гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага болно. Үүнийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

5. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 10.8 дахь хэсэгт зааснаар төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах хүсэлт хавтаст хэрэгт баримтаар авагдаагүй боловч зээлдэгч нараас зээлийн үүргийг хойшлуулах хүсэлт гаргасан талаар маргаагүй.

 

Дээрх хүсэлтийг үндэслэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан хугацаанд үүргийн зөрчил тооцсон эсэхийг тодруулж, мэтгэлцүүлэх шаардлагатай.

 

6. Дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 04-ний өдрийн 102/ШШ2022/02532 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Э-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР